Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
ЭДИЙН ЗАСГАА СҮЙРҮҮЛЭХ ГАЖ ДОН

Хэдхэн сарын дараа УИХ-ын ээлжит сонгууль болно. УИХ-ын гишүүний сэнтийд заларчих санаатай нөхдийн завгүй хоногууд ийн эхэлж байна. Тэд сонгуулийн санхүүжилтээ босгохоос эхлүүлээд нэр хүндээ өсгөчих бүхий л боломжийг ашиглахыг эрмэлзэж байх шиг. Тухайлбал, эрх баригчдын хувьд улс орны эдийн засгийг сүйрүүлээд ч хамаагүй навсайтал унасан рейтингээ өсгөх зорилго тавьсан нь гаргаж буй “мунхаг” шийдвэрүүдээс нь маш тодорхой харагдана. Төрийн албыг 60 тэрбумын схемд оруулж ах дүү, амраг төрлөө төрийн албаар дүүргэсэн, концесс, тендерийн булхай луйвраар халаасаа түнтийлгэсэн, жижиг дунд бизнес эрхлэгчдэд очих ёстой сан болон бусад тусгай сангуудыг хуу цөлмөсөн “но”-той олон гишүүд “хар толгойг” нь дахин нэг удаа сонгочихвол галав юүлсэн ч яах вt гэсэн аятай аяглах аж. Тэдний эдийн засгаа сүйдлэх, тооцоо судалгаагүй шийдвэрүүдийн нэг нь “тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль” мөнөөсөө мөн.

 Бяцхан түүх сөхье. 2012 оны сонгуулийн өмнө тухайн үеийн эрх баригч МАХН (өнөөгийн МАН) улсынхаа эдийн засгийг хэрхэн самарч байсан тухай хэдэн тоо, баримт тоочвол: Уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсан оргил үе 2011 он. Австрали тивд олон хоног усархаг бороо орсны улмаас үер бууж нүүрсний ихэнх уурхайнууд нь хаагджээ. Индонезод уурхайчдын бослого самуун дэгдэж нүүрсний олон уурхай түр зогсолт хийв. Ингээд Хятадад нүүрс нийлүүлэгч хоёр том эх үүсвэр түр зогсолт хийв. Нүүрсний эрэлт нэмэгдэж, нийлүүлэлт багасав. Мэдээж манай нүүрсний үнэ өсч, борлуулалт нэмэгдлээ. Манай улс 2009 онд нүүрсний борлуулалтаас 306 сая ам.доллар олж байсан бол, 2011 онд хоёр тэрбум 273 сая ам.долларын борлуулалт хийж, даруй 7.5 дахин нэмэгдсэн аж. Энэ нь эдийн засаг 17 хувь өсөх гол шалтгаан болсон. Хэнбугай ч төвөггүй ойлгочих эдийн засгийн огцом өсөлтийг манай улс төрчид өөртөө, намдаа наах гэж чармайх нь өдгөө хэрсүүжсэн сонгогчдынхоо доог тохуу болохоос цаашгүй биз ээ.
 Харин “гэнэт олсон олз”-оо улс орны хөгжил, иргэдийнхээ амьдралд зарцуулж чадав уу? Огт үгүй. 2012 оны сонгууль угтуулж, сангийн нийт орлого 910 тэрбум төгрөг байхад нэг их наяд 950 тэрбум төгрөгийг зарлагадаж, нэг их наяд төгрөгийн алдагдал бий болголоо. Уг алдагдлыг Засгийн газрын үнэт цаас гаргах, Хятадын төрийн өмчит Чалко компанид ирээдүйд зарах нүүрсний орлогыг урьдчилж авах, Оюу толгойн хөрөнгө оруулагчдаас зээл авах, Евро бонд босгох зэргээр “бөөн өр” тавьж орхив. Тухайн үеийн Засгийн газар 2010-2012 оны хооронд нэг их наяд 950 тэрбум төгрөгийг бэлнээр тараажээ. Үүнд: иргэн бүрт сар болгон 21.000 төгрөг, оюутан бүр сар болгон 70.000 төгрөг, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд нэг удаа 1.000.000 төгрөг, шинээр гэр бүл болсон иргэдэд 500.000 төгрөг... гэх мэтээр хайр найргүй цацсан байдаг. Бүр ямаанд мөнгө өгсөн шүү дээ. Эдийн засгийн үйл ажиллагаа түүхий эдийн үнээс шалтгаалан тодорхой цаг хугацаанд нэг идэвхжиж, нэг буурч байдаг бөгөөд үүнийг эдийн засгийн мөчлөг буюу хэлбэлзэл гэнэ. Харамсалтай нь эдийн засагт түүхий эдийн мөчлөг дагасан таатай он жилүүдэд хуримтлал бий болгохын оронд төсвийн зарлагыг эрс нэмэгдүүлэх замаар төрийн үйл ажиллагаа болон халамжийн зардлыг огцом нэмэгдүүлж, өнөөгийн төрийн данхар бүтцийг бий болгов. Мөн хэрэглээний импортыг өөгшүүлэх бодлого нь инфляцыг 14 хувь хүртэл хөөрөгдөв. Ийнхүү эдийн засгийн нэн таатай үед хэр хэмжээнээсээ хэтэрсэн их мөнгө тарааж “өнөөгийн их өр”-ийн үндэс суурийг баттай тавьж өгсөн. Иргэдэд тараасан асар их хэмжээний мөнгө тэдний амьдралыг огт өөд нь татсангүй.
 2012 оноос уул уурхайн бүтээгдэхүүний хөөсөрсөн үнэ хагарч манай эдийн засагт хүндхэн үе эхэлсэн байдаг. Ардчилсан нам эдийн засгийн хямралыг ард иргэддээ үүрүүлэхгүй байх зорилгоор асар их хэмжээний бүтээн байгуулалтыг өрнүүлэв. Энэ нь иргэдээ ажилтай, орлоготой байлгах, аж ахуй нэгжүүдээ бүтээн байгуулалтад оролцуулж хямралыг хохирол багатай даван туулах бодлого байсан юм. Бүтээн байгуулалтыг санхүүжилтгүй хийхгүй нь ойлгомжтой. Гэвч Ардчилсан намыг их хэмжээний бондын өр тавьсан гэж эрх баригчид ихээхэн баалж ирлээ. Яг үнэндээ МАН-ынхан өөрийн засаглаж байсан 2008-2012 онуудад бондын нийт хэмжээтэй тэнцэхүйц хэмжээний бэлэн мөнгийг тарааж, халаас хоосон, өртэй засгийг АН-д хүлээлгэн өгсөн байдаг.
 Өнөөгийн МАН-ын хэрэгжүүлж буй бодлого, тэдний 2008-2012 онуудад хэрэгжүүлж ирсэн үйл ажиллагаатай нь усны дусал мэт ижилхэн байна. Эдийн засгийн өсөлт сүүлийн гурван жилд ойролцоогоор зургаан хувийн өсөлттэй байна. Энэ нь тэдний үйл ажиллагаатай огт хамаагүй. Өмнөд хөршийн эдийн засаг сэргэж, гадаад зах зээлийн эрэлт нэмэгдсэнээр манай уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсч гадаад худалдааны статистик үзүүлэлтүүд эерэг үзүүлэлттэй байгаа. Нөгөө талаар, ОУВС-ын хөтөлбөрт хамрагдаж, гадаадын санхүүгийн байгууллага, донор орнуудаас их хэмжээний хөнгөлттэй зээл орж ирсэн нь эдийн засаг өсөх бодит шалтгаан болсон. Гэвч эдийн засгийн өсөлт иргэдийн босгоор мөн л давсангүй. 2016 оны зургадугаар сараас хойш төгрөгийн ам.доллартой харьцах ханш 40 хувиар суларсан, шатахууны үнэ хэд хэдэн удаа өссөнөөр, хэрэглээний сагсан дахь гол нэрийн барааны үнэ дагаад нэмэгджээ. Энэ нь бага дунд орлоготой иргэдийн амьдралд туйлын хүндээр тусч байна.
Энэ жил зөвхөн уул уурхайн орлогоос гурван их наяд 194.5 тэрбум төгрөг төсөвт орох тооцоотой байгаа. Энэ их хөрөнгийн дийлэнхийг тэтгэмж болон халамжид зориулах бөгөөд зөвхөн халамжийн сангаас 756.6 тэрбум төгрөг зарцуулна. “Цалинтай ээж”, “халамжийн тэтгэвэр”, “асаргааны тэтгэмж”, “хүнс тэжээлийн тусламж, дэмжлэг”, “амьжиргааг дэмжих тусламж”, “насны хишиг”... гэх мэтээр халамжийн бодлого нь үргэлжилнэ. Мөн төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцын түвшинтэй уялдуулж нэмэхэд 327.9 тэрбум, төрийн албан хаагч тэтгэвэрт гарахад 36 сар хүртэлх цалинтай тэнцэх тэтгэмжид 127.7 тэрбум, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллаж буй зарим албан хаагчдад олгох тэтгэмжийн зардалд 39.6 тэрбум, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэлд 142.7 тэрбум, тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжид 141.1 тэрбум төгрөг... гэх мэтээр татвар төлөгчдийн төсөвт төвлөрүүлсэн мөнгийг хайр найргүй тараана.
Төсвийн хөрөнгө оруулалтад нэг их наяд 982 тэрбум, гадаадын донор улс, олон улсын байгууллагын хөнгөлттэй зээлээр нэг их наяд 296 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Гэвч иргэнээ хөдөлмөрлөх боломжоор ханган, бизнес эрхлэх, өөрийгөө болон гэр бүлээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэх нөхцөлөөр хангах чиглэлд нэг ч төгрөг тавигдсангүй. Харин хөрөнгө оруулалтын асар их хэмжээний энэ хөрөнгийг сонгогчдоо татах зорилгоор хөдөө орон нутагт тооцоо, судалгаагүйгээр элдэв янзын байшин барилга барих юм гэнэ. Тендерт нь мэдээж гишүүдийн дэмжигч бизнесменүүд ялдаг нь нууц биш. Ийнхүү “нэг сумаар, хоёр туулай буудчихдаг” боломж байдаг учраас гишүүний суудлын төлөө үхэн хатан тэмцэж, түүндээ асар их хөрөнгө мөнгө цацдаг байх нь.
Шинэ оны өмнөхөн “Итгэлийн зээл” гэх хуулийн төслийг хэсэг гишүүд барьж гүйлдсэн. Ард түмний амьдралаас тасарсан тэрхүү хуулиар эхний жилд 200-300 тэрбум төгрөгийг зарцуулах тооцоолол хийснээ зарлаж байсан. Гэвч 2020 оны төсөвт ийм хэмжээний санхүүжилт тавигдсангүй. Овоо доо хэмээн бодтол, бас л үгүй байж. Бүтэн гурван жил хагас нойрмоглож суусан эрх баригчид гэнэт тогонд цохиулсан аятай хөдөлж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийг хэлэлцэж яах ийхийн завдалгүй баталж орхив. Ингэснээр зургаан сая хүртэлх тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа чөлөөлж, тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийн ваучер өгөх шийдвэр албажсан юм.

“Бушуу туулай борвиндоо баастай”

 Салхитын мөнгө, алтны ордын орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргаж, уг асуудлыг шийдвэрлэхээр хуулийн төслийг боловсруулсан гэж танилцуулж байсан. Гэвч үүнийг ажил хэрэг болгоход хамгийн багадаа хагас жилийн хугацаа шаардагдана. Арилжааны банкууд хадгаламж эзэмшигчдийн мөнгийг тэтгэврийн зээлд зарцуулах боломжгүй. Төсөвт ийм хэмжээний мөнгө байхгүй. Харин Засгийн Газраас Үнэт цаас гаргаж санхүүжүүлэх гарц байж болох юм. Төв банкны тухай шинэчлэн найруулсан хуулиар Төв банкнаас Үнэт цаас гаргаж төсвийн зориулттай үйл ажиллагааг санхүүжүүлэхийг хориглосон байх учиртай. 2019 оны арванхоёрдугаар дугаар сарын 31-ний байдлаар Нийгмийн даатгалын сангаас 422.9 мянган иргэн тэтгэвэр авч байна. Үүний 54.5 хувь буюу 228.6 мянга нь 757.6 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа юм. Ийм хэмжээний мөнгийг Засгийн газар яаж ийгээд олох арга, сүв хайж эхэлжээ. Банк, санхүүгийн салбараа унагаах бодлого ийнхүү хэрэгжиж эхлэв бололтой. Гэхдээ банкны салбарынхныг элдэв үнэт цаасаар хуурах шиг осолтой “тоглоом” байж болохгүй. Учир нь таван сарын дараа байгуулагдах шинэ Засгийн газарт өнөөгийн эрх баригчдын гаргасан элдэв ваучер, үнэт цаасыг санхүүжүүлэх хөрөнгө мөнгө огт байхгүй.
 Ирэх дөрвөн жилд Засгийн газар, гадаад бондын 2.9 тэрбум ам.доллар, Монголбанкны своп, төрийн болон төрийн бус компаниудын 11 орчим тэрбум ам.долларын гадаад өрийг төлөх ёстой. Үүнийг Монголын эдийн засаг дийлэхгүй. Ерөнхийдөө зэс нүүрсний уналтын мөчлөг ч эхэлсэн. Гэтэл нэмээд 750 тэрбум төгрөгийн өр үлдээх нь. Өнөөгийн парламент, Засгийн газар эдийн засгаа нугаслах, элгээр нь хэвтүүлэх байж болох бүх арга чаргыг мэргэжлийн өндөр түвшинд хангалттай хийж чадлаа. Ирэх жилээс Монгол Улсын гурван сая иргэдийн амьдрал хүндэрч, энэ улс орны хөгжлийн тухай ярих нь хий хоосон мөрөөдөл мэт болох эрсдэл бодитоор бий болчхоод байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com