Хөвсгөлчүүд үндэсний баатар Б.Чингүнжавын нутаг, үр сад гэдгээрээ бахархан ярьдаг. Аливаа хувьсгалын үйл хэрэгт оролцож байсан түүхэн цаг үеийн тухай тэд хуучлах дуртай. 1921 оны ардын хувьсгалын үйл хэрэгт Хөвсгөлчүүд манлайлан оролцож явсан гэдэг. Түүний нэг жишээ нь 1911 оны болон 1921 оны ардын хувьсгалд манлайлан оролцож баруун хязгаарыг тохинуулах сайдаар ажиллаж, төр шашны нэрт зүтгэлтэн болохоо харуулж чадсан Жалханз хутагт Дамдинбазарыг Д.Сүхбаатар нарын санаачилгаар МАН-ын төв хорооны хуралд оруулж дэмжсэнээр Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдон 1923 оны дунд хүртэл хүчин зүтгэсэн байдаг. Хөвсгөл аймагт ардчилсан хувьсгал ялахад олон хүчин зүйл нөлөөлж. Тухайн үед нийгэмд мэдээлэл хаалттай, хүний эрх, эрх чөлөө, нийгэм улс төрд иргэдийн оролцоо сул зэрэг нь харьцангуй ертөнцийн анирыг гадарлах болсон иргэдэд бухимдал, үл итгэл бий болсон зэрэг нь нөлөөлж байсан гэдэг. Хэвлэл мэдээллээр болон гадагшаа явж ирсэн зарим нэгний яриагаар ЗХУ-д “Престройка” буюу өөрчлөн байгуулалтын сураг чих дэлсэнэ.
Хүн оюун санааны хувьд чөлөөтэй байж хэлэх үгээ хэлчихдэг, хийх гэснээ хийчихдэг байх эрх чөлөөг их хүсэмжилдэг. Хэвлэл сонинд материал өгөх, хэлхсэн хэдэн шүлгээ хэвлүүлэх зэрэгт цензурээр орж, өөрөө ч эргээд танихгүй болтол таначихсан байдаг байсан цаг үе. Эзэн Чингисээ магтан дуулах байтугай нэрийг нь дурдахад ч халтай байсан гэдэг. Р.Чойном, Л.Пүрэвдорж нарын зарим нэг задгайдуу бичигдсэн шүлгүүдийг олон нийтийн газар унших байтугай бичсэн тэмдэглэлийн дэвтрийг ч хурааж авдаг байлаа. Хэвлэлүүд гэхэд тэр үеийн цорын ганц нам МАХН-ын “Үнэн” сонин байв. 1986 онд Хөвсгөл аймгийн “Эрх чөлөө” сонинд хожмын авьяаслаг яруу найрагч, зохиолч, шог зураач Г.Нямдорж “Тусгай дэлгүүр”, “Мөрөнгийн цагаан хаалга” гэдэг хоёр шүлгээ хэвлүүлж тараах үед сонины дугаар хянах нөхөр нөгөө хоёр шүлгийг олж хараад “үзэл сурталд нийцэхгүй, дарга удирдлагуудын эрхэнд халдсан, нийгмийн эсрэг чиглэсэн гэх зүйлд буруутгагдаж 13 мянган хувь хэвлэгддэг сониныг уурын зуух руу хийж шатаан устгаж байсан түүхтэй.
Тиймээс тэр үед 1989 оны арванхоёрдугаар сарын эхээр Улаанбаатар хотод зохион байгуулагдсан залуу уран бүтээлчдийн хоёрдугаар зөвлөгөөнд хөгжмийн зохиолч Ж.Жаргалсайхан, зураач Ш.Цогхүү, зохиолч Г.Нямдорж нар оролцож нийгмийн шинэ хандлага, хүний эрх, эрх чөлөөний талаарх тэмцэл, түүний эхлэлийг тавьж байгаа залуучуудын нэлээд хэд хэдэн клуб, бүлгүүд нийслэлд үүсээд байгаа талаар мэдээлэлтэй ирж, их сонин содон сонсогдож байхтай бараг давхцан удсан ч үгүй арванхоёрдугаар сарын 10-нд Олон улсын хүний эрхийн өдрөөр Улаанбаатар хотод МоАХ анхны цуглаанаа зохион байгуулж, МАХН-ын Төв хороонд шаардлага өргөн барих бичгээ сонордуулж, тэр үеийн АИХ-д гардуулан өгсөн нь киноноос ч харж байгаагүй хачирхалтай шинэ үзэгдэл болж олны анхаарал, нийгэм тэр чигтээ нэгэн цэг дээр төвлөрсөн юм. Он солигдох мөч дөхсөн цаг дор тэсгим өвлийн хүйтэн ид тачигнасан үед хүмүүсийг нийгмийг цочирдуулсан. Энэ мэдээ Сүхбаатарын талбайгаас сүлдэт баганаар хүрээлэгдсэн эх орны өнцөг булан бүрт хаврын хуурай өвсний түймэр мэт тархаж, мэнд усаа мэдэлцсэний дараах хачир болж байлаа.
Харийн бодлого, тухайлбал Коминтерны бодлого шахалтын нөлөөгөөр хувийн аж ахуйтныг нэгдэлжүүлэн том, хамтын аж ахуйтан болгочихвол мал сүрэг өсөн үржиж, 200 саяд хүрэх боломж ойрын хугацаанд бүрдэнэ хэмээн хүчээр шахан нэгдэлжүүлж, 1959 он гэхэд зорилтот хугацаанаасаа жил гаруйн өмнө малчин өрхийн 90 гаруй хувийг нэгдэлжүүлсний хор нөлөөгөөр ганцхан жилийн дотор мал сүргийн тоо өсөх биш хорогдсон байдаг. Энэ үед үндэсний ухамсар, эх оронч үзэлтэй, тулхтай зарим удирдлагууд энэ бодлогыг эсэргүүцэн 30-аад оны зүүнтний үеийн хамтрал коммун шиг болчих вий гэж айж байсан гэдэг. 1929 онд ардын аж ахуйтныг социалист аж ахуй болгон хувиргаж хамтралжуулах аяны хүрээнд ихэнх малчин өрхийг хамарсан 752 хамтрал улсын хэмжээнд байгуулснаар мал эзнээсээ холдож малчин, махчин хоёр холилдсоноор хүчээр түрэмгийлэх буруу бодлого явагдсанаар 1930 оны мал сүрэг хоёрхон жилийн дотор 30 гаруй хувиар хорогдсон байдаг. Нэгдэлжих хөдөлгөөн ялсан нь 1921 оны ардын хувьсгалтай дуйцэхүйц түүхэн үйл явдал байлаа гэж хожим нэгдэлжих хөдөлгөөн ялсны 20 жилийн ойгоор Ю.Цэдэнбал дарга үнэлсэн байдаг нь малчин заяат Монголчуудынхаа амьжиргааны эх үндэс болсон мал сүргийг нийгэмчлэн салгах нь социалист Монголын томоохон зорилт байсан гэдгийг баталгаажуулж өгсөн байдаг. Монголын малыг малчдад үнэгүй хувьчлахад тухайн үед нэг талаас сум нэгдлийн удирдлагуудын эсэргүүцэл, нөгөө талаас орон нутаг дахь ардчилсан хүчнүүдийн зүтгэл, тэмцэл, малчдын оролцоо ихээхэн шалтгаалж байсан тул цаг хугацааны хувьд өөр өөр байсан. Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх баг гэхэд 1990 оны есдүгээр сарын 21-нд Галтын “Идэрийн ундрал” нэгдлээс мал хөрөнгө, гишүүддээ салган “Идэрийн долгион” нэгдэл байгуулж 1991.2-5-наас малаа хувьчилж, Монголдоо мал хувьчилсан хамгийн анхны хоёр нэгжийн нэг болон түүхэнд тэмдэглэгдэж байжээ. МоАХ-ны “Малыг малчдад” уриа ийнхүү хэрэгжиж, тус аймаг нэг сая 701 мянган малаа хувьчилж, 1991 оны арваннэгдүгээр сарын 23-нд Ардын аж ахуйтны аймгийн анхдугаар зөвлөгөөн хийж, МоАХ-ны аймгийн тэргүүлэгч гишүүн Г.Баярмагнайг тэргүүнээр сонгож байжээ. Энэ үеэс л Монголчууд олон мянган жил идээшин суусан нутаг ус, эрхэлж адуулж ирсэн мал сүрэг ахуй соёл, ёс заншил, сүсэглэж биширч ирсэн шашин шүтлэг зэргээсээ шахагдан хавчигдаж, хамтрал коммунд мал сүргээ хураалган, итгэл сэтгэл алдарч эхэлсэн юм. Тухайлбал Улсын VII их хурлаас баталсан “Төрөөс шашныг тусгаарлах тухай хууль” нь сүм хийд лам нарын асуудлыг шийдвэрлэх эрхийн үндсэн дээр баримт бичиг болж байлаа. Тус аймагт 1990 оны нэгдүгээр сарын эхээр л тууштай дэмжигч хүмүүс нэгдэж хамт олноороо энд тэнд бий болж нэлээд хэдэн бүлэг бий болсон байсан. Аймгийн төвд хоёрдугаар сарын 10- нд нийслэлээс МоАХ-ны төлөөлөгч н.Батцэнгэл ирж аймгийн зочид буудалд байрлан, 20 гаруй залуус цугласан. Тэд хоорондоо бие биеэ огт танихгүй. Эндээс МоАХ-ын анхдугаар их хуралд найман төлөөлөгч сонгосноос Д.Батжаргал, Д.Отгон, Б.Олзбаатар, Ч.Ёндонсамбуу, Ч.Ганхүү нар байсан. 1990 оны хоёрдугаар сарын 16-нд МоАХ-ны аймгийн салбар зөвлөлийг байгуулж, аймгийн МАХН-ын хороонд өргөн барих бичгээ ярилцан боловсруулж, маргааш нь хоёрдугаар сарын 17-нд аймгийн МАХН-ын хороонд өргөн барьж байжээ. Ингээд гуравдугаар сарын 4нд МоАХ-ны аймгийн зөвлөлийн хурал хийж, зохицуулах зөвлөлийн анхны зохицуулагчаар сурвалжлагч Ч.Пүрэвдоржийг сонгосон. Төд удалгүй гуравдугаар сарын 11-нд Даваадоржийн талбайд ХДТ-ын үүдэнд анхны цуглаанаа зохион байгуулахад МАХН-ын хорооноос видео бичлэг хийж бүхнийг баталгаажуулж байжээ.
Гуравдугаар сарын 18-нд мөн талбайнхаа зүүн жигүүрт хоёрдахь цуглаанаа хийж, нийт иргэдэд хандан уриалга гаргасан байна. Энэ үеийн бичиг баримтыг тамга тэмдэггүй гэж шалтагладаг байсан тул мужаан Д.Мөнхсүлдээр модон тамга хийлгэж, цагдаад бүртгүүлэн, албан бичигт хэрэглэж байв. 1990 оны дөрөвдүгээр сарын 27-нд улс даяар жагсаал цуглаан хийж, пикет хийхээр төлөвлөн зарласан байсан тул төв МоАХ-ноос н.Төмөр-Очир, Б.Жаргалсайхан хоёр ирж цаг үеийн зохион байгуулалтын асуудлаа ярилцсан байна. Дөрөвдүгээр сарын 26-нд аймгийн холбооны улаан буланд маргаашийн цуглааныг яаж хэрхэн зохион байгуулах, цаашдын өрнөл үйл ажиллагааны талаар ярилцаж байгаад 26-ны орой 16-17 цагийн орчим онгоцоор нисэх байсан тул Б.Жаргалсайхан буцаж, н.Төмөр-Очир үлдсэн. 1990 он дөрөвдүгээр сарын 28-нд Монголын ардчилсан хүчний түүхэнд Хөвсгөлийн өлсгөлөн хэмээн алдаршсан томоохон үйл явдал эхэлсэн билээ. Дөрөвдүгээр сарын 27 ны орой аймгийн нисэх онгоцны буудлаас барьж ирсэн МоАХ-ны гишүүдээс найман хүнийг АИХ-ын тэргүүлэгчдийн 86-р дугаар зарлигийг зөрчсөн хэргээр баривчилснаар уг үйл явдал эхэлсэн байдаг. Тэдний дөрвөн хүнийг 20-25 хоногоор, үлдсэн дөрвөн хүнийг 500 төгрөгөөр торгох шийдвэр гарсан тул маргааш өглөө нь прокурорын байранд МоАХ болон ардчиллыг дэмжигч нэлээд хүмүүс цуглан очицгоож хууль бус ажиллагааг зогсоохыг шаардах гэсэн боловч Ерөнхий прокурор н.Цоодол байсангүй, аймгийн дарга н.Заяат мөн байхгүй Ханх явсан гэсэн тул цаг алдаж үд өнгөрөөн арга буюу эсэргүүцэл лоозон бичиж цагдаагийн үүдэнд очиж хууль бус баривчилгааг болиулах, үүний тулд 86-р зарлиг, аймгийн 04 тоот захирамжийг цуцлах, аймгийн удирдлагуудыг уулзах шаардлага тавьж байжээ. Ийнхүү Хөвсгөл аймагт ардчиллын салхи сэвэлзэж, цог золбоотой, залуусын шинэчлэлийн уур амьсгал гал мэт дүрэлзэн эхлүүлсэн түүхтэй. Ардчилал бол хүний амьдралын цор ганц баталгаа юм.
Эх сурвалж: Ардчиллын замнал: алдаа- оноо, сургамж- сорилт (түүхэн товчоон) номноос