Сүүлийн хоногуудад дэлхий дахиныг түргэн авахуулсан шинэ коронавирус монголчуудыг түгшээсээр байна. Хэдийгээр Японоос 200 оношлогооны аппарат авчирсан ч, хариуг нь мөн л Японд уншуулна. Эрүүл мэндийн салбарт төрөөс энэ талаар ямар арга хэмжээ авч байгаа талаар АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Гадаад харилцаа, сургалтын газрын дарга Д.Эрдэнэсувдтай ярилцлаа.
-Шинэ коронавирусын тухай мэдээлэл өгөхгүй юу?
-Коронавирус дэлхийд тархсан таван том вирусийн нэг. Вирусын халдварын хувьд шинээр гарч ирсэн. Өмнө нь үүнтэй төстэй дөрвөн вирус гарч байсан. Тахал хэлбэрийн том вируст тооцогдож байна. Гарал үүсэл нь өмнөд хөршөөс гаралтай. Харин хаагуур, юугаар дамжиж байгаа нь өнөөдөр дэлхийн мэргэжлийн байгууллагуудын анхааралд байна. Ер нь хүнээс хүнд тархаж байгаа гэсэн дүгнэлтэд хүрч байгаа.
-Энэ вирус Монголд орж ирээгүй гэж итгэж болох уу?
-Болохгүй. Гэхдээ би байгаа гэж хүмүүсийг айлгахыг хүсэхгүй байна. Өнөөдөр шинжилгээний хариу сөрөг гарсан учраас байхгүй гэж хэлж байгаа юм.
-Сөрөг гэдэг нь?
-Мэргэжлийн хэллэгээр шинжилгээний хариу сөрөг гарна гэдэг нь вирусийн халдвар илрээгүй гэсэн үг. Гэхдээ халдварт өвчин илрээгүй гэдэг нь тайвшрах асуудал биш л дээ.
-Манай эрүүл мэндийн салбарын энэ вирустэй тэмцэх чадвар ямар түвшинд байгаа бол?
-Манай эрүүл мэндийн салбарын чадвар сул байгаа гэж үзэж болно. Өнөөдөр бид шинээр гарсан коронавирустай тэмцэх нь бүү хэл сүрьеэ өвчний дэгдэлтээр 2019 онд дэлхийд дээгүүрт орсон. Тэмбүү өвчнийг бид хяналтаасаа алдсан. 2014-2018 онд манай улсад нийт хот 30 шахам мянган шинэ хавдар бүртгэгдэж, 20 гаруй мянган хүн энэ өвчний улмаас нас барсан. Нийт хавдрын 37 хувь нь элэгнийх, 15 хувь нь ходоод, уушги байна. Хорт хавдрын 73 хувийг хянах, сэргийлэх боломжтой. Гэвч нийт өвчлөлийн 78 хувь нь хожуу үедээ оношлогдож байгаа. Ийм учраас 4000 орчим хүн жилдээ нас барж байна. Коронавирус бол тэмбүү, сүрьеэтэй харьцуулахад хоруу чанар, хөнөөл нь хэд дахин хүчтэй вирус. Дөнгөж саяхнаас энэ вирусийг эмчлэх эмчилгээ эхэлж байна. Эмчилгээтэй өвчнүүдээ хяналтаас алдаж байна. Гэтэл энэ эмчилгээгүй вирус манайд ороод ирвэл хамгаалахад маш том хүндрэл үүснэ.
-Яагаад?
-Нийслэлд хүн амын нягтрал маш өндөр, агаарын бохирдол, ханиад, томууны дэгдэлт өндөр байгаа нь энэ вирус тархах аюулыг нэмэгдүүлэх нөхцөл болчихсон. Хүний физиологи, байгаль орчны нөхцөл ийм байхад энэ вирусээс баталгаатай хамгаална найдахад хэцүү.
-Эрүүл мэндийн сайдын мэдэгдсэнээр биднийг хамгаалах эмч нар маань өөрсдийгөө хамгаалах хэрэгсэлгүй байгаа тухай мэдэгдсэн.
-Эрүүл мэндийн салбар маань хүчин чадал муутайгаас гадна мэдээлэл муутай байхыг үгүйсгэхгүй. Түүнээс гадна нэг сайд эсвэл нэг хэсэг эмчээс хамааралгүйгээр манай эрүүл мэндийн салбарын тогтолцоо буруу байгаа юм. Би анагаахын дээд сургуульд сурч байхдаа вирусийн талаар маш бага хичээл үзэж байсан. Нөгөө талдаа манай халдвар хамгааллын дэглэм ямар байгааг иргэд мэдэж байгаа байх. Бид ханиад, томуугаа хянаж чадахгүй байна, дэгдэлт, нас баралт өндөр байгаа. Ялангуяа нярай хүүхдүүд. Тэд эмнэлэг дотроосоо халдвар аваад байна шүү дээ. Эмнэлэг дотроо байгаа бактерийн гаралтай хөнгөн чанарын халдваруудаа дарж чадахгүй байгаа тохиолдолд эмч нар өөрийгөө хамгаалаад хүүхдүүдийг хамгаална гэдэг нь хэцүү биз дээ.
-Одоо ДЭМБ ямар арга хэмжээ авч байна?
-ДЭМБ онц байдал зарласан учраас олон шуурхай арга хэмжээ авч байна. Хятадад өвчин дэгдсэн газарт “Хар 14” гэдэг ажиллагааг зарласан.
-Тэр яадаг арга хэмжээ вэ?
-Хятад улс 14 хоногийн дотор шинэ коронавирусийг дарна гэсэн зорилт тавьсан. Үүний тулд хятадууд үйлчилгээгээ эрс сайжруулсан. Ялангуяа маш хурдан эмнэлэг барьж, эмчлүүлэгчдээ вакумжуулсан орчинд эмчилж байна. Өнөөдөр эрсдэлтэй бүсүүддээ хорио цээр тогтоогоод эмч, цагдаа нараас бусад төрийн байгууллагууд ажиллахаа зогсоосон.
-14 хоног гэдэг нь ямар учиртай юм бол?
-Дэлхийн дулаарал Хятад ч нөлөөлж байгаа. Энэ вирус дулаанд тэсвэртэй. Тийм учраас дулаарахаас өмнө энэ вирусийг дарж авах шаардлагын үүднээс ийм хугацаа товлосон. Дээр нэгэнт эмчилгээ гарсан учраас халдвар авсан иргэдийг бүрмөсөн эдгээх зорилт тавьсан байгаа юм.
-Төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг хэрхэн харж байна?
-Тодорхой хэмжээгээр арга хэмжээ авч байна л даа. Гэхдээ бид төлөвлөгөөт хагалгаануудаа хойшлуулаад байрыг нь халдвараас сэргийлэх, эмчлэх зорилгоор бэлдэх хэрэгтэй болов уу. Нийгмийн эрүүл мэндийн мэдээллийг иргэддээ өгөхийг оролдож л байна. Харамсалтай манайд нийгмийн эрүүл мэндийн тогтолцоо маш сул байгаа нь энэ өвчин тархах байдлыг дэмжих вий гэдэг дээр би санаа зовоод байгаа юм.
-Та эрсдэл өндөр байна гэж үзэж байна уу?
-Эрсдэл өндөр байгаа нь үнэн. Гэхдээ манайхан энэ халдварыг авахгүй байхын тулд гараа угаах, амны хаалт хэрэглэх зэрэг зөвлөмжүүдийг бүгд сонсч байгаа. Гэхдээ энэ бүхэн чинь халдвар гарснаас хойш тав хоногийн дараагаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ. Одоо бол шинжилгээнүүд сөрөг байгаа учраас хамгаалах арга хэмжээгээ бууруулаад байна уу, эсвэл эрүүл мэнддээ хандах хандлага төлөвшөөгүй байна уу гэсэн асуудал гарна.
-Сургуулиудыг нийтээр удаан хугацаагаар хаах нь зөв шийдвэр үү?
-Би хүний амьдралын гурван тулгуур байдаг гэж боддог. Энэ нь эрүүл мэнд, боловсрол, амьдрах орчин юм. Нэгэнт ороод ирсэн хойно тэмцэх чадвар сул тохиолдолд зайлшгүй урьдчилан сэргийлэх алхмуудыг хийх ёстой. Боловсролын салбарын нөхөн сургалтыг хийчхэж болох байх. Харин урьдчилан сэргийлэлтийг хийхээс өөр арга байхгүй л дээ.
-Зарим орнууд коронавирусийг эмчилнэ гэсэн мэдээлэл хийсэн...?
-Өвчин болон хүн бүрт таарсан эмчилгээ гэж байхгүй. Гэхдээ нийтлэг таарч байгаа эмийг л эмчилгээнд хэрэглэдэг. Коронавирусийн эмчилгээ саяхан гарсан. Бусад орнуудыг эмчилж чадна, чадахгүй гэж би хэлж чадахгүй л дээ. Харин манайд ороод ирвэл дарж чадна гэдэгт итгэхэд хэцүү. Тиймээс урьдчилсан сэргийлэх арга хэмжээг сайн авах хэрэгтэй гэж яриад байгаа юм.
-Вирусийн халдвар авсан эхний шинж тэмдэг ямар байх бол?
-Ер нь ханиадтай төстэйгээр гэхдээ өвчний онцлог өндөр халуурах. Гэхдээ халдвар илрээгүй 14 хоногт хоногт дамжих эрсдэлтэй үе бий.
-Япон оношлуур үүргээ гүйцэтгэж байгаа болов уу?
-Япончуудын баталж байгаагаар 98 хувийн баталгаатай.
-Шинжилгээний хариуг Японд уншуулж хариу гарна гэсэн?
-Энэ аппаратаар оношлоод хариу эерэг буюу вирустэй гарсан тохиолдолд Японд баталгаажуулах шинжилгээ хийнэ. Одоогоор эерэг гарсан тохиолдол гараагүй.
-Энэ аппаратад 100 хувь итгэж болох уу?
-Итгэхээс өөр арга байхгүй. Байгаа нь энэ шүү дээ. Гэхдээ бид шинэ вирус гэхээс илүү, одоо дэгдээд байгаа ханиад, томуундаа анхаарал хандуулах хэрэгтэй.
-Дэгдэлт тийм өндөр байна уу?
-2019 онд ханиад томуугаар 70 гаруй мянган иргэн өвчилсөн. Үүнээс 400 гаруй нь нас барсан. Сүүлийн таван жилд 20 шахам мянган хүн хатгаа өвчнөөр амиа алдсан. Хятадад 210 хүн коронавирусээр нас барахад онц байдал зарласан. Гэтэл манайд 2019 онд 400 гаруй хүн нас барчхаад байгаа. Коронагаас дутуугүй сэрэмжлэх ёстой асуудал үүсчхээд байгаа байхгүй юу.
-Та төр өнөөдөр юу хийх ёстой гэж үзэж байна?
-Энэ салбарт нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог хөгжүүлэх шаардлагатай байгаа юм. Нийгмийн эрүүл мэндийн тогтолцоо гэдэг нь хүнийг өвчилсөн хойно эмчлэх бус. Өвдөхөөс өмнө урьдчилсан сэргийлдэг тогтолцоог хэлж байгаа юм. Дээр хэлсэн хорт хавдар өвчин эртхэн оношлуулсан тохиолдолд төгс эмчилж болох өвчин.Сүүлийн жилүүдэд жилд 5-6 мянган хорт хавдартай иргэд нэмсэн байна. 66 хувь орон нутгаас ирж байна. Нийт хорт хавдартай иргэдийн 77 хувь нь сүүлийн шатандаа орсон байна. Хорт хавдар эхний шатандаа л бүрэн эмчлэгдэх боломжтой өвчин шүү дээ. Амь насаа алдталаа шинжилгээ хийлгэхгүй яваад байгаа юм. Урьдчилан сэргийлэх ажил хангалтгүй учраас зөвхөн хорт хавдраар олон хүн амиа алдаад байна.
-Манайд хорт хавдрыг оношлох нөхцөл бүрдсэн үү?
-Бүрдсэн. Урьдчилан сэргийлэх ч боломж бүрдсэн.
-Шинжилгээ хийлгэхэд хэр их мөнгө ордог бол?
-Урьдчилсан сэргийлэх шинжилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлдэг.
-Хорт хавдар ямар бүлгийг илүү хамарч байна.
-Насны бүлгээр ангилах хэцүү болсон. Бүх насныхныг хамарч байгаа. Залуужиж байгаа. Хүүхэд, насанд хүрэгчдийн хавдар нэмэгдээд байна. Хавдраас их тусч байгаа нь уушигны хавдар. Дараа нь ходоод, эмэгтэйчүүдийн хавдар орж байгаа. Манай улс хавдрын өвчлөлөөр дэлхийд дээгүүр ордог.
-Уушгины хавдарт юу ихээр нөлөөлдөг вэ?
-Агаарын бохирдол, тамхи, ханиад томууг дутуу эмчлүүлэх нөлөөлнө.
-Шинжилгээ өгөх боломж хэр байгаа бол?
-Зарим газар сар хүлээх тохиолдол байдаг. Үүнтэй холбогдуулаад эрүүл мэндийн салбарын төсвийг оновчтой зарцуулах хэрэгтэй байгаа юм. Эмнэлэг барихын оронд түрээсийн байр сонирхоод л баталж байгаа.
-Гадны байгууллага энэ салбарын төсвийг бага биш, зарцуулалт нь оновчгүй байна гэж байсан.
-Мэргэжлийн хүний хувьд төсөв буруу зарцуулсан учраас өнөөдөр монголчуудын эрүүл мэнд эрсдэлд орсон гэж үздэг. Төсвийн 40 хувь нь урсгал зардалд бас тийм хэмжээнийх эмчилгээнд зарцуулагдаж байгаа. Ингэхээр урьдчилан сэргийлэх зардалд бараг мөнгө байхгүй гэсэн үг. Эмнэлгийн үндсэн үйл ажиллагаа анхан шатны эмнэлгүүдээр явах ёстой. Сум, дүүргийн эмнэлэг гэх мэт. Жишээлбэл өрхийн эмнэлэг дээр вакцинжуулалт хийж байгаа. Гэтэл өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт оношлогоо сул байна. Маш олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа ч, цогц байдал алдагдаад байна.
-Жишээлбэл?
-”Элэг бүтэн монгол” хөтөлбөр хэрэгжсэн. Гэхдээ зөвхөн элэг гээд явчхаж байгаа юм. Цаана нь уушги гэх мэт бусад эрхтнүүдийн шинжилгээ хаягдана.