Жилд 200 гаруй мянган жуулчин хүлээж авдаг Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар өнөөдөр хомхой сэтгэлт эрх баригчдын нүдэнд мөнгөний машин мэтээр харагдах болжээ. Тэд байгаль дэлхийгээ хайрлая, эко аялал жуулчлалыг хөгжүүлье, нутгийн иргэдийн амьжиргааг дэмжье гэх мэт чихэнд сонсголонтой үгсийг хэлдэг ч, нидэр дээрээ халаасаа яаж түнтийлгэх тухай боддог гэхэд хилсдэхгүй биз. Үүний тод жишээ болсон нэгэн төслийн хэрэгжилт бодит байдал дээр ямар байгаа талаар та бүхэнд баримт дэлгэх гэж байна. Энэ бол УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн санаачлагаар “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл” буюу (МОН9183) төсөл юм.
Уг төслийг Азийн хөгжлийн банк ивээн тэтгэж, 7.4 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн бөгөөд төсөл 2016-2019 онд хэрэгжиж дууссан байна. Төслийн үр дүнд Хатгал, Ханх сумын нутгийн хүн амд түшиглэсэн аялал жуулчлал хөгжиж, Хөвсгөл нуур орчмын хог хаягдлын менежмент сайжрах ёстой байж. Гэвч өнөөдөр энэ төслийн ачаар хичнээн иргэний амьжиргаа дээшилж, аялал жуулчлалыг яаж хөгжүүлсэн талаар тоймлоод хэлэх тоо баримт алга. Харин дээрх төслийн гүйцэтгэлд мониторинг хийсэн “Хөвсгөл далайн эзэд” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Баярмаа ярихдаа, “Энэхүү төслийг БОАЖЯ-ны харьяа Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар хэрэгжүүлсэн. Гэвч өнөөдөр төслийн үр дүн хангалттай хэмжээнд биш байна. Төслийн санхүүжилтийн төлөвлөлт, хуваарилалт, зориулалт, зарцуулалт нь эхнээсээ үндсэн зорилгоо биелүүлэхэд буюу нутгийн ард иргэдийн орлогыг нэмэгдүүлж, амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чиглэгдээгүй байсан. Тодруулбал, төсвийн хамгийн ихийг буюу 28 хувийг зөвлөх үйлчилгээнд зарцуулахаар төсөвлөсөн нь нутгийн иргэдэд ногдох үр ашиг, бодит хөрөнгө оруулалтыг бууруулахад хүргэжээ. Мөн түүнчлэн нийт төсвийн 20 хувь нь л орон нутгийн туршилтын сан болон бүлгүүдэд хуваарилагдсан. Нийт төсвийн 50 хувь нь буюу 3.9 тэрбум нь бичиг хэрэг, тээвэр, холбоо, зочдын томилолт, эд хогшил, ахуйн зүйлст зарцуулагджээ. Төсвийн 16 хувийг огт хуваарилаагүй буюу нөөц зардал болгож үлдээсэн нь нутгийн иргэдийн санал хүсэлтийг харгалзан үзэхгүйгээр төслийн удирдагчид дур мэдэн үр ашиггүй зарцуулах нөхцлийг бүрдүүлсэн” гэв.
“Бест авто тюнинг” ХХК 423 сая төгрөгөөр хичнээн жорлон барив?
Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт тулгамдаж буй гол асуудлын нэг нь жорлон. Тусгай хамгаалалттай бүс нутагт жорлонгийн асуудлыг цогц байдлаар шийдэж чадаагүйгээс болж нуурын ус, тайгын хөрс бохирдох зэрэг олон эрсдэл үүсч буй юм. Тэгвэл дээрх төсөл 423 сая төгрөгийг эко ариун цэврийн байгууламжид зарцуулахаар төсөвлөж, “Бест авто тюнинг” ХХК-д хариуцуулжээ. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2018 онд барьсан дөрвөн төрлийн шийдэлтэй 50 орчим жорлон тэгвэл өнөөдөр тогтмол ажиллагаагүй, байнга цоожтой, эзэнгүйдсэн, эвдэрч сүйдсэн байдалтай байна. “Бест авто тюнинг” ХХК нь 2016 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд Хөвсгөл нуурын улсын тусгай хамгаалалттай газарт өндөр өртөгтэй хоёр давхар, хоёр жуулчны бааз, 400 метр квадрат ресторан барьсан тухайгаа цахим хуудастаа мэдээлжээ. Тус компани албан ёсны танилцуулгадаа таван жорлон, шүршүүр, саун барьсан тухайгаа ч дурдсан байв. Тэгэхээр уг компани 400 гаруй сая төгрөгөөр эко жорлон барьсан эсэх нь тун эргэлзээтэй болж ирж байна.
Үүнээс гадна 2019 онд дээрх жорлонг засварлах ажилд 100 сая, сурталчлах ажилд 23 сая төгрөг, засварласан жорлонг хүлээн авахад 3.6 сая, жорлонг тогтвортой ажиллуулахад 13 сая, жорлонгийн ашиглалтыг сайжруулахад 2.1 сая төгрөгийг тус тус төсөвлөжээ. Гэсэн ч өнөөдөр нөхцөл байдал сайжирсангүй. Бахь байдгаараа байгаа нь харамсалтай.
Иргэдийн амжиргааг дээшлүүлэх зорилготой зээлийн эргэлтийн сан зорилтот бүлэгтээ хүрч чадсан уу?
Уг төслөөс тавьж байсан бас нэг зорилго бол иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, нутгийн иргэдийн оролцоонд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх байсан. Тэгвэл жилийн 2.4 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай, 15 сая төгрөгийг хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон, бага орлоготой болон орлогогүй иргэдэд зээлэх Зээлийн эргэлтийн сан /ЗЭС/-г 5 сум, 1 тосгонд байгуулан ажиллуулсан ч зээлийн зориулалт, зээлээр санхүүжүүлэх үйл ажиллагаа, зээлийн нөхцөл, зээлдэгчдэд тавигдах шаардлага, бүрдүүлэх баримт бичиг зэргийг урьдчилан хэлэлцэж зөвшилцөөгүй тул тухайн зээл нь зорилтот бүлэгтээ хүрч, тэдний орлого болон амжиргааг дээшлүүлж чадаагүй байна. Тодруулбал, гар урлалаас бусад аялал жуулчлалын чиглэлийн төслүүдэд зээл хүссэн иргэдээс газрын гэрээ, гэрчилгээ, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ, аялал жуулчлал эрхлэх зөвшөөрөл зэргийг шаардсан нь зээлд хамрагдах боломжгүй болгожээ.
Түүнчлэн зээлийн эргэлтийн сангийн үйл ажиллагаа ил тод, нээлттэй бус, хөрөнгийн зарцуулалт, ашиглалт, эргэн төлөлт, тайлагналд иргэд хяналт тавьдаггүй, иргэд зээлтэй холбоотой санал гомдлоо чөлөөтэй гаргахаас болгоомжилдог, сангийн үйл ажиллагаанд нь хөндлөнгийн хараат бус аудит хийдэггүй зэрэг дутагдлууд илэрсэн байна.
Долоон тэрбум гэдэг бага мөнгө биш. Энэ их мөнгөний бодлогогүй, үр ашиггүй зарцуулалтын ард УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар нар болон “Бест авто тюнинг” ХХК буй. Төрийн албаны ялзрал яг ийм төслийн мөнгөнөөс идсэн уусан, завшсан нөхдүүдээс гаралтай гэхэд болно. Ингэж сайхан сэтгэлээр гараа сунгасан олон улсын байгууллагын тусламжийн мөнгийг гарын салаагаар урсгаж, төслөөр халаасаа түнтийлгэдэг эрхмүүдээс хариуцлага нэхэх цаг нь болжээ.