Б.Эгшиглэн
МУИС-ийн багш, эдийн засагч Б.Отгонтөгстэй ярилцлаа.
-Орлогын тэгш бус байдлын талаар та судалдаг. Тэгш бус байдал өсөөд байна. Энэ байдалд юу хамгийн их нөлөөлж байна вэ?
-Орлогын тэгш бус байдал гэдэг маань орлогын жинг коэффициентээр хэмжихэд 0,34 хувьтай байгаа. Энэ бол 100 хүний 34 нь орлогын тэгшдүү хуваарилалтаас доогуур байна. Өөрөөр хэлбэл өндөр орлоготой хамгийн бага орлоготой хүмүүсийн хоорондох орлогын ялгаа нь 34 хувьтай байна гэсэн үг.
-Баячууд нь улам баяжаад, ядуус нь улам их ядуураад байна гэж хүмүүс ярьцгаадаг. Ядуурал үнэхээр ихэсч байгаа юу. Эсвэл дундаж түвшнийхэн нэмэгдэх төлөв харагдаж байна уу?
-2012 он хүртэл байсан 35 хувийн ядуурлын түвшин буурсан. Ялангуяа 2011-2012 онд нэлээд сайн буурч ирсэн. Эдийн засгийн өсөлт гарч, гадаадын хөрөнгө оруулалтын том урсгал орж ирж, хүүхдийн мөнгө болон, залуу гэр бүлийг дэмжих хөтөлбөрүүдийн нөлөөн дор энэ 35 хувь маань бүр 29 хувь, 25 хувь, 23 хувь руу орж ирсэн. 2016, 2017, 2018 оноос эдийн засгийн өсөлт буурснаас болоод, ядуурал эргээд өсч эхэлсэн. ҮСХ-ны тооцоолсноор бол 2018 онд ядуурлын түвшин 28.7 хувь байгаа байх. Нийт өрхүүдийн 28,7 хувь нь амьжиргааны доод түвшнээс доогуур амьдарч байна гэсэн үг.
Ядуурлын түвшинг яаж тогтоох вэ гэхээр насанд хүрсэн хүний нэг өдөрт авах хүнснээс авах илчлэгээр тооцож тогтоосон байдаг. Яг тэр ядуу түвшинд нэмэгдэж орох эрсдэлтэй 17-18 хувь байна гэсэн тооцоог бас гаргасан.
Нийтдээ 40-өөд хувь нь ядуу байна гэдэг хэцүү үр дүн. Ядууралд орчихсон байгаа өрхүүдэд чиглэгдсэн хөдөлмөр эрхлэлтийн бодлого, зээлээ төлж хүчрэхгүй, ажилгүй болсон, өвчин тусаад, эмчилгээний зардлаа төлөх гэх мэт байдлаасаа болоод ядууралд орох эрсдэлтэй байгаа өрхүүддээ чиглэсэн дэмжлэгтэй бодлогуудыг хэрхэн яаж хэрэгжүүлэх нь чухал. Түүнээс биш өндөр тэтгэвэртэй, тэр хэмжээгээрээ зээл авсан хүмүүсийг илүү дэмжих үү. Эсвэл ажил хөдөлмөр хийгээд хийгээд орлого нь хангалтгүй байгаа, гурваас дөрвөн хүүхэдтэй , хүүхдүүд нь бүрэн илчлэг авч чадахгүй байгаа тэр хүмүүст хандах хэрэгтэй юм уу?
Төр биднээс цуглуулж авсан 100 төгрөгийнхөө хэдэн хувийг хүн амын хэцүү нөхцөлд байгаа хэсэг рүүгээ чиглүүлэх вэ. Хэдэн хувийг нь амьдралаа аваад явж байгаа хэсэг рүү чиглүүлэх вэ гэдэг орлогын тэгш бус байдлыг бууруулах бодлого юм л даа. Тэрийг яаж хэрэгжүүлж байгааг ажихад манайх халамжийн бодлого ихтэй учраас түүгээрээ хэрэгжүүлж байгаа юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцанд байдаг 120-иод төрлийн халамжийн бодлого байдаг. Олон хүүхэдтэй эхчүүдийн одонгийн мөнгө, тэжээгчээ алдсаны тэтгэмж гэх мэт олон хөтөлбөр хэрэгждэг. Гэхдээ тэр хөтөлбөрт өгч байгаа мөнгө нь бага байна уу. Ядуурал руу орж байгаа түвшнээс гаргаж чадаж байна уу гэсэн судалгаа хийж байгаад, 2020 онд инфляцийн түвшин 6-7 хувь болж байвал үүнийг бүрэн индексжүүлээд одонгийн мөнгийг 6 хувиар нэмэгдүүлэх гэх мэт шийдвэр гаргах гэх мэтээр сайн тооцох ёстой юм. Аливаа орлого, тэгш бус байдлыг тооцож үзэхэд хүндээ хүрсэн бодлогууд нь андашгүй байдаг л даа. Эдийн засагчид тооцоог нь хийгээд, хөдөлмөрийн эдийн засагчид, нийгмийн бодлогыг хэмждэг эдийн засагчид, эрүүл мэндийн эдийн засагчид бүрэн индексжүүлэлт хийх үү, хагас индексжүүлэлт хийх үү. Хагас индексжүүлэлт хийвэл ядуурлын түвшин хэдэн хувь буурах вэ. Бүрэн индексжүүлэлт хийгээд халамжийн мөнгөө инфляцитай нь уялдуулаад өсгөөд байвал яг хэдэн хувиар буурч байна. Эсвэл яг буурахгүй тухайн түвшин нь ядаж хадгалагдаж байна уу гэх мэтийг харах хэрэгтэй. Үнэхээр энэ чиглэлийн судалгаа хийдэг эдийн засагч нар ховор байдаг. Үүнийг Засгийн газар нь хийдэггүй. Тэтгэврийн зээлийг тэглэх гэх мэтээр том асуудал босонгуут үүнийг ярьж байна л даа. Хүүхдийн мөнгийг буцаагаад олгох, 20 мянга бус 50 мянган төгрөг олгох хэрэгтэй гээд зарлаад эхэлбэл 2008 оноос эхлээд хэрэгжүүлсэн хүүхдийн мөнгө тараасны эдийн засгийн үр нөлөө өрхийн орлого, хүүхдийн эрүүл мэндэд, ээжүүдийн ажил эрхлэлтэд нөлөөлсөн үү гэсэн судалгаа байхгүй.
-Нарийн судалгаа байхгүй байж магадгүй. Гэхдээ өнгөрсөн хугацаан дахь бэлэн мөнгө тараасан, ээжүүд, хүүхдүүдэд өгсөн мөнгө ядуурлыг бууруулахад нөлөөлсөн эсэхийг судлаачид л хэлэх байх?
-Тийм судлаачид л хэлнэ. 2008-2012 оны хүүхдийн мөнгөний нийгэм эдийн засгийн хөгжил, эх хүүхдүүдийн эрүүл мэнд, өрхийн сайн сайхан байдалд үзүүлсэн нөлөөг би судалсан юм. Тэгэхэд ядуурлын түвшинд нөлөөлсөн, тэгш байдалд нөлөө гараагүй гэсэн дүн гарсан.
-Ахмадууд тэтгэврээ ихэвчлэыыыын өөртөө зарцуулдаггүй, үр хүүхдүүдээ зарцуулдаг гэж их яригдсан. Настай ээж аавынхаа тэтгэврээс “зулгаадаггүй” болгохын тулд ажилгүй хүүхдийг нь ажилтай болгох, сургалтад хамруулах гээд гэр бүлийнхэнд нь чиглэсэн бодлого хэрэгтэй юм биш үү?
-ОХУ-д их өр тэглэсний дараа Хүүхдийн мөнгөний бодлого хэрэгжүүлж эхэлсэн л дээ. Түүнээс хойш төрөөс хэрэгжүүлж байгаа бодлогуудыг ажиглаж байхад залууст чиглэсэн бодлого Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан л байгаа. Орлого бизнес, ажил эрхлэлтийг дэмжсэн ийм л хөтөлбөр бий. Монголд ажилгүйдлийн түвшин бага байгаа. Яагаад гэвэл бүртгүүлсэн ажилгүйчүүдээр тооцдог учраас. Ажил хайж бүртгүүлээгүй залуу хүмүүсийг тооцсон түүвэр судалгаа гаргахад залуучуудын дундах ажилгүйдэл 45 хувь гэсэн дүн гарсан. Ажилгүй орлогогүй байгаа хүмүүс л ихэвчлэн ээж, эмээгийнхээ тэтгэврийн зээлийг авч байгаа шүү дээ. Залууст чиглэсэн нарийн сайн бодлого байвал тэтгэврийн зээлийн асуудал шийдэгдэнэ.
-Тэтгэврийн зээлийг тэглэсэн сөрөг үр дагавар ямар хугацааны дараа мэдрэгдэх вэ, инфляци хэр их өсөх бол ?
-Инфляцийн түвшинг нэлээд олон загвар гаргаж тооцдог л доо. Хүүхдийн мөнгөний бодлого, 1,5 сая төгрөг тараасан зэргээс харж байхад бэлэн мөнгө өгч байгаа нь нийт эдийн засагт зургаан сарын дараа нөлөөлж эхэлдэг. Зарим улс төрч инфляци нэг хувиар нэмэгдэнэ гэж ярьсан. Яаж нэг хувийг гаргасныг мэдэхгүй байна. Сонгуулийн өмнө бэлэн мөнгө тараасны дараа урьд нь 100 төгрөгөөр юм худалдаж авдаг байсан бол 2020 оны долдугаар сарын 1-нээс эхлээд л 90 төгрөгт юм худалдаж авна л гэсэн үг. Гэхдээ манайх улирлын хэлбэлзэлтэй байдаг. Цагаан сарын өмнө дотоодын өргөн хэрэглээний барааны үнэ өсдөг. Тогтсон хэлбэлзэлтэй байдаг. Энэ бас нөлөөлж магадгүй.
-Бондын асуудал яаж шийдэгдэх нь тодорхойгүй байгаа. Мөнгө хэвлээд энэ асуудлыг шийдчихвэл яах вэ?
-Хамгийн түрүүнд инфляци өснө. Бэлэн мөнгө зах зээлд нийлүүлэхэд төгрөгийн ханш унана. Зөвхөн Төв банкны захирал мэдэгдэл хийхэд л 30 төгрөгөөр унаж байдаг, эмзэг. Төгрөгийн ханш дахиж өсөхгүй байгаа. Хэзээ өсөх вэ гэхээр эрдэс баялгийн экспортын дэлхийн зах зээлийн үнэ бидний хүлээж байснаас 30-40 хувь өссөн тохиолдолд л манай төгрөгийн ханш чангарах боломжтой болно.
-Урьд нь бодлогын хүүнээсээ доогуур хувиар бонд гаргасан тохиолдол байдаг уу?
-Хөгжлийн банкны гаргаж байсан бондууд бас байна л даа.
Төв банк хараат бус байх ёстой. Төв банкны хууль хэрэгжихгүй байгаа учраас 2020 оны төв банкнаас баримтлах мөнгөний бодлогод ороогүй санхүүжилт хийгдэж байна л даа. ОУВС-ийн Монгол банк, Засгийн газрын хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрт сөргөөр нөлөөлнө гэсэн үг. Хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж эхлэхдээ бид тодорхой үүрэг даалгавар авсан. Нэг үүрэг нь Монгол банк буюу төв банк дахиж төсвийн зарцуулалт шиг үйл ажиллагаа хийхгүй гэж амласан байгаа. Энэ амлалт үүргээсээ татгалзаж байна гэсэн үг. Манай Монгол банк улс төрөөс хараат байгааг харуулж байна. Төв банк нь улс төрөөс хараат байвал Монгол банканд итгэх итгэл иргэд, бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгж, арилжааны банкнуудын дунд буурдаг. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарангуут төв банкны УИХ-аар батлуулсан Мөнгөний бодлого өөрчлөгддөг байж таарахгүй. Тэгэхээр Монгол банк юу ч хийж болох юм байна гэсэн болгоомжлол бий болж байна.