Их эмч, анагаах ухааны доктор, Ж.Амарсанаатай Ухань хот руу эмч нарын баг ахлаж явах уриалгатай нь холбоотой асуудлаар уулзаж ярилцлаа.
-Та коронавирусийн голомттой Хэбэй мужийн Ухань хот руу явахаар уриалга гаргаад 120 эмчийн хамт явахаар саналаа өгсөн гэж мэдэгдэж байсан. Энэ асуудал яагаад чимээгүй болов...?
-Бид ямар ч байсан БНХАУ дахь Элчин сайдын яаманд болон Монгол дахь Хятадын Элчин сайдын яаманд, Гадаад харилцааны яаманд, Улсын онцгой комисст хандсан. Эдгээр газрууд албан ёсоор эцсийн хариу өгөөгүй байна. ГХЯ саяхнаас биднээс Ухань хот руу явахаар саналаа өгсөн эмч нарынхаа жагсаалтыг гаргаж өг гэсэн. Би эмч нарынхаа бүх мэдээллийг өгсөн. Энэ дагуу ГХЯ цааш нь уламжлаад хариуг нь хэлэх байх гэж найдаж хүлээж байна.
-Танай эмч нарын баг явах асуудал яг хаанаа гацчихаад байгаа юм бэ?
-ГХЯ одоо судалж байгаа. Хариугаа авах гээд Хятадын талтай холбогдож байгаа гэж би хувьдаа ойлгож хүлээж байгаа.
-Японы эмч нар Ухань хотод аль хэдийн очоод ажиллаж байгаа шүү дээ. Энэ тийм их цаг орох хэцүү асуудал мөн юм уу?
-Хөл хориотой байгаа учраас асуудал бас амар биш байгаа байх. Манайхаас өөр бусад улс орнуудаас ч гэсэн эмч нараа явуулахаар хөөцөлдөж байгаа юм байна. Одоогийн байдлаар Японы эмч нар л очоод байгаа юм байна. Мөн ДЭМБ нэг баг гаргахаар ажиллаж байгаа юм байна лээ. Хэрэв тэр багт манайхаас орж чадвал бас нэг боломж юм.
-ДЭМБ-ын багт манай улсаас багтахын тулд ямар нэгэн байдлаар хандсан уу?
-Яг тэр шугамаар нь хөөцөлдөөгүй байна. ГХЯ-ныхаа хариуг авч байж дараагийн арга замаа хайх хэрэгтэй гэж бодож байна.
-Ингээд асуудал нь шийдэгдэхгүй байхаар эмч нараас чинь явахаа болилоо гэсэн хүмүүс байгаа юу?
-Үгүй. Миний хувьд энэ эмч нараараа үнэхээр бахархаж байна. Тахлын голомт руу явахаар зориглоод 120 гаруй эмч хүсэлтээ өгсөн. Өнөөдөр бүгд хүлээлтийн байдалтай байж байна. Тэднээс 20-оод нь эмч нь гарын үсгээ зурсан байгаа. Хөл хорио зарлагдсан учраас мөн сошиалаар хүмүүс элдэв янзаар хэлээд байгаа учраас яг ил гарч явна гэдгээ хэлэхгүй ч эмч нар бий.
-Өнөөдрийн байдлаар манай улсад энэ вирусийн халдвар авсан хүн байхгүй байна. Тиймээс хүмүүс маск зүүх нь багасах ч юм уу жаахан назгайрах тийшээ болчихлоо. Энэ талаар та юу гэж бодож байна?
-Манайд тохиолдол илрээгүй гээд тайвширч ерөөсөө болохгүй. Энэ вирусийн талаар дахиад шинэ мэдээлэл гарлаа. Энэ нь эрдэмтдийн таамаглаж байснаас халдварлах чадвар илүү өндөр гэсэн дүгнэлт гарсан байна.
-Та энэ мэдээллээ хаанаас авдаг вэ?
-Олон улсын эрүүл мэндийн байгууллагуудын хэвлэлд гаргасан мэдээллээс авсан. Энэ талаар дэлхий дахин анхаарлаа хандуулж судалгаа шинжилгээ явуулж байна шүү дээ.
-Халдварлах чадвар өндөр гэдгээ дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?
-Өмнө нь бол халдвар авсан хүн нэг удаа 3-4 хүнд халдварлуулах чадвартай гэж үзэж байлаа. Харин энэ мэдээллээр түүнээс олон хүнд халдварлах магадлалтай гэсэн дүгнэлт гарсан байна. Мөн сүүлийн судалгаагаар агаар дусал, амьсгалын замаас гадна хоол боловсруулах замаар халдварлах боломжтой гэж үзсэн байна. Хоолны газруудаар халдвар дамжих боломжтой гэж ойлгож болно.
-Таныг өвчнөөр далимдуулж “попорлоо”, сурталчилгаа хийлээ, Ухань хот Ж.Амарсанаагаар дутахгүй гэсэн үг хэл их гарлаа. Та үүнд хариулт өгөөч?
-Ер нь Ухань хот руу явах шийдвэр бол тангараг өргөсөн эмч хүний шийдвэр. Хөрш улс оронд нь гамшиг тохиолдож байхад зүгээр хараад сууж байдаг хүмүүс бол эмч нар биш. Олон улсын эрүүл мэндийн олон хууль тогтоомжид эмч хүний хүлээсэн үүрэг хариуцлагын тухай байдаг. Түүгээр бол эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ямар нэгэн гамшгийн үед эвлэлдэн нэгдэж сайн дураараа ажиллах тухай байдаг.
Бүхэл бүтэн улс орон байна даа уг нь багаараа явбал дээр. Одоо хил хаасан, Засгийн газрын зөвшөөрөлгүй учраас болохгүй байна.
-Та тайлбараа хэлсэнгүй...?
-Яг одоо би танай сонинд тайлбараа хийж байна. Нэгдүгээрт, би Л.Оюун-Эрдэнийн тэр үгсийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын албан ёсны байр суурь гэж үзэхгүй байна. Албан ёсны байр сууриа бичгээр надад өгөх байх гэж найдаж байна. Энд нэг зүйлийг хэлэхэд манай улстөрчид дэндүү увайгүй байна. Өмнөд хөршөөс зээл тусламж гуйх болохоороо урт цуваа үүсгээд л явдаг биз дээ. Тэгсэн хэрнээ гамшиг зовлон тохиолдоход нь эмч нарынхаа багийг дэмжээд, улс орныхоо байр суурийг олигтойхон шиг илэрхийлээд явж яагаад чадахгүй юм. Эмч нарынхаа зардал мөнгийг шийдээд ГХЯ-аараа дамжуулаад шуурхай арга хэмжээ авч болно шүү дээ. Жишээ нь 30 оюутнаа авах гээд хов хоосон онгоц тийшээ нисгэчихээд ирлээ. Гэтэл бид түүнээс өмнө хүсэлтээ өгчихсөн байсан. Шуурхай арга хэмжээ авсан бол боломж байлаа. Үүнд их гайхаж байна.
Хөрш айлд нь түймэр гарлаа гээд хүн гэрээ орхиод зугтаадаггүй биз дээ. Түймрийг нь унтраалцаж байж гэрээ авардаг.
-Танай салбарын яам танай багийг дэмжихгүй байна уу?
-Би төрийн нарийн бичгийн даргатай нь уулзсан. Сайдтай нь уулзаагүй, утсаар залгахад авахгүй байна лээ. Одоохондоо шууд холбогдох арга алга. Уулзах хүсэлт өгсөн. Мөн би оношлуур хандивлаж гардуулсан, тэгэхэд ч уулзаагүй.
- Ямар оношлуур?
-ЭМЯ-нд коронавирусийн оношлуур 50 хүнийхийг гардуулж өгсөн.
-Та эдгээр оношлуураа хаанаас, хэрхэн авсан юм бэ?
-Хятадын компанитай холбогдоод нэг хүнийх нь 10 долларын оношлуур байна гэхээр нь захиалж авчруулсан. Эхний ээлжинд 50 хүний оношлуур захиалсан. Гэхдээ хил гааль дээр их уддаг юм байна. Авчраад өөрсдөө туршиж үзсэнийхээ дараа өгсөн.
-Төрийн бүхий л удирдлага МАН-д байгаа нь үнэн. Таныг болон танай багийнхныг явуулахгүй, хүсэлтийг тань шийдэж өгөхгүй байгаа нь цаанаа улс төрийн шалтгаантай гэж та үзэж байна уу?
-Холбоотой гэж үзэж байна. Магадгүй АН-тай хамаатай хүн биш байсан бол Засгийн газар болон яамдын түвшиндээ шуурхай шийдээд өгөх байх. Энэ асуудлыг зориудаар УИХ дээр ярьж улстөржүүлж байгаа нь үүний илэрхийлэл гэж үзэж байна. Үнэнийг хэлэхэд Хятадад манайхаас эмч нарын баг очлоо гэхэд энэ АН-ын угшилтай хүнээр ахлуулан эмч нар ирлээ гэж хэлэхгүй шүү дээ. Монгол Улсын эмч нарын баг гэдэг ганц нэр л гарна. Ийм том асуудал дээр жижигхэн байр суурь гаргаж байгаа нь харамсалтай байна.
-Таныг энэ санаачлагыг гаргаснаас хойш хэчнээн хугацаа өнгөрөв?
-Зөндөө хугацаа өнгөрчихлөө. Өмнөх сарын 28,29-нөөс хойш яригдаж байгаа асуудал шүү дээ.
-Дараагийн нэг асуудал нь уушгины хатгалгаар Монголд жилд 400 гаруй хүүхэд эндэж байхад дотоодын эмнэлгүүд дээрээ очиж ажиллаач гэсэн шүүмж их байна. Та энэ тал дээр байр сууриа хэлнэ үү?
-Ер нь манай улсын хувьд эмч нар үнэхээр илүүдэлтэй байгаа. Эмч нарынхаа тоог хүн амын тоотой нь харьцуулахад олон улсад маш олон эмчтэй улс шүү дээ.
-Тийм гэж үү?
-Манайд ажилгүй маш олон эмч байгаа. Ажилгүй эмч нараа Засгийн газраас түр хугацааны хөтөлбөр боловсруулдаг ч юм уу ийм ачаалалтай үеэрээ ажиллуулаад цалинг нь шийдээд явж болно шүү дээ. ЭМЯ-нд ийм боломж хангалттай байгаа. Даанч хийхгүй байна.
Хатгалгааны хувьд нас баралт өндөртэй байгаа нь үнэн. Эрүүл мэндийн бодлого, зохицуулалт дутагдаад байгаа болохоос эмч дутагдаад нас баралт өндөр байгаа юм биш. Хориодхон эмч урагшаа явлаа гэхэд хатгаатай хүүхдүүдийг эмчлэхгүй орхиод явчихаж байгаа асуудал ч биш. Тийшээ яваад ажиллаад ирвэл манай улсад хэмжиж баршгүй туршлага, хөрөнгө оруулалт болох юм. Дайсныг орж ирэхийг нь монголчууд хүлээж суудаг хүмүүс биш.
-Монгол тийм олон эмчтэй юм бол яагаад хүүхдээ үзүүлчих эмч олдоггүй юм бэ?
-Менежмэнтээ зөв хийх асуудал. Энэ олон ерөнхий эмч нараа хүүхдийн эмч болгох цалин мөнгийг нь нэмэх, шийдэх, дахин сургах гээд олон ажлууд байна шүү дээ. Хүүхдийн эмчээр дахин бэлтгэх гээд бодлого, зохицуулалт буруу бас дутуу байгаагийн илрэл.
-Уушгины хатгалгаагаар хүүхдүүд энддэгийн шалтгааныг та мэргэжлийн хүнээс зүгээс хэрхэн тайлбарлах бол?
- Маш олон шалтгаантай. Эдгээр шалтгаануудаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар муу байгаа нь нөлөөлж байна. Ялангуяа, хүүхдийн хатгалгааны нэлээд хувь нь ядууралтай шууд холбоотой. Хүүхэд хоол тэжээлийн дутагдалтай учраас дархлаа сул байна гэсэн үг. Эмнэлэгт хэвтээд гарсан ч гэртээ гараад дахиад хатгаа аваад ирдэг. Зарим өрхүүд дэндээ ядуу байгаа учраас юун чанартай хоол хүнс манатай байгаа шүү дээ. Энэ дотор агаарын чанар мөн том нөлөөг үзүүлж байна.
-Өнөөдөр эрүүл мэндийн салбарыг сэтгүүлч хүн толгойлж байгааг та юу гэж харж байна вэ?
-Ер нь бол буруу юм билээ. Олон улс орноос харж байхад технограт буюу доод зохион байгуулалт нь маш хүчтэй, гол эрх мэдэл нь төрийн нарийн бичиг дээрээ байдаг, гол шийдвэрүүдийг мэргэжлийн хүмүүс нь гаргадаг ийм улс оронд мэргэжлийн бус сайд буюу улс төрийн албан тушаалаар тавьж болдог.
Харин манайх шиг эрүүл мэндийн сайд нь маш их эрх мэдэлтэй, бүх юманд оролцох боломжтой ийм засаглалтай оронд бол мэргэжлийн биш хүн сайд байх нь буруу. Жинхэнэ мэргэжлийн хүмүүсийн өмнөөс мэргэжлийн бус хүн эрсдэлтэй шийдвэрүүдийг гаргаж байна гэсэн үг.
-Та манай улсын эрүүл мэндийн салбарын хамгийн нэгдүгээр шийдэх ёстой асуудал гэвэл юуг нэрлэх вэ?
-Хамгийн нэгдүгээр асуудал бол нас баралт. Хүн амын нас баралтыг үе шатаар зогсоох ёстой. Зүрх судасны өвчин нас баралтын нэгдүгээр шалтгаан. Хоёрдугаарт хорт хавдар ордог гээд олон асуудлууд бидэнд байна.
эх сурвалж : "Ардчилал таймс" сонин