Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын хөдөлгөгч хүч нь нийслэлчүүд байсан. Тэр тусмаа томоохон улсын үйлдвэрийн газруудын залуус зоригтой боссон гэдэг. Тийм байгууллагын нэг нь Улаанбаатар төмөр зам. Тус байгууллагад ажилладаг С.Наранбаатар тухайн үед МоАХ-г толгойлж, Орос дарга нартай үзэж тарж байсан байх юм. Сонирхолтой нь, “Хонх”-ны Цогтсайхан МоАХ-ны салбар байгуулахдаа “Энхбаатар” нэрээр байгууллагуудаар явдаг байсан гэнэ. Мөн С.Зориг малыш Ц.Энхтүвшин хоёр эр эмийн лекц унших нэрээр төмөр замын залуусыг босгосон аж. Энэ талаар Улаанбаатар төмөр замын МоАХ-ны салбар зөвлөлийн анхны зохицуулагч С.Наранбаатартай ярилцлаа.
-МоАХ байгуулагдсан тухай хаанаас мэдсэн, яагаад гишүүнээр элссэн тухайгаа ярихгүй юү?
-1989 онд Төмөр замын зүтгүүрийн депод ажиллаж байсан юм. Засварчин учраас ээлжээр гарна. Тэр үед бид ажил дээрээ явган аяллын “Мөнгөн шүүдэр” клуб байгуулчихсан, жаахан спортлог залуус байсан. Мэдээж тухайн үед болж байсан өөрчлөн байгуулалтыг аяллынхаа үеэр шүүн ярилцана. Би маш их сонирхоно. Депогийнхон залуучууд олонтой. Юм юмыг л сонирхоно, ярина. Би залуучууд дотроо арай илүү сонирхож, ярьж, мэдээлэл олдог байсан юм шиг байгаа юм.
-Яагаад?
-Энд, тэнд ямар нэгэн бүлгэмүүд байгуулагдаж байгаа тухай сонсогдож байсан ч хаана гэдгийг нь бид мэдэхгүй байсан юм. Гэтэл 1989 оны арваннэгдүгээр сарын 20-ны орчим ажил дээрээ оройн ээлжинд гарах гээд очсон чинь манай хамт ажилладаг найз Ганбаатар маань “Энхбаатар гэдэг хүн өнөөдөр ирсэн. Залуучуудын чөлөөт бүлгэм байгуулах гэж байгаа юм байна. Өнөө орой байж байгаарай. Чамтай тэр хүнийг уулзуулна гэж тохирсон шүү” гэсэн.
-Та яаж тэр чухал хүнтэй уулзалдахаар сонгогдов?
-Тэр үедээ тэр тухай бодох сөхөө байсангүй. Гол нь шинэ бүлгэм юм уу хүчний хүн ирсэн гэдэг нь л чухал байсан. Хожим нь сонсоход манайхан намайг өөрчлөлтийг илүү их сонирхдог болохоор тавьсан байсан. Би юм юманд нэлээд идэвхтэй гүйдэг байсан. Тэгээд л нөгөөдүүл маань намайг заачихсан гэсэн. Орой ээлжийнхэн 21.00 цагт хоолонд ордог юм. Тэгтэл “Хүн уулзъя” гэсэн зар ирлээ. Депогийн хоолны газрын үүдэнд очтол өөрийгөө Энхбаатар гэж танилцуулсан залуу зогсч байна. Би “Хаанаас явж байна” гэж асуувал “Би сэтгүүлч хүн байгаа юм. Бид нэг залуучуудын клуб байгуулж байгаа юм” гэж байна. Миний хайгаад сонирхоод байсан юм болохоор би ч дуртай уулзсан. Тэр залуу “Залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөх, өөрчлөн байгууллалтын талаар ярилцах хэрэгтэй байна” гэсэн юм.
-Яагаад танайхантай холбогдсон юм бол?
-Хожим мэдэхнээ зөвхөн манайхаар яваагүй юм билээ. Олон байгууллагаар явсан байсан. Тэгээд манай дээр ирэхээр манайхан намайг зааж өгсөн. Тэд төмөр замын 51 дүгээр байрны IV орцонд улс төрийн клуб байгуулж байгаа. “Танай байгууллага олон залуучуудтай юм чинь тэнд очоорой” гэдэг байхгүй юу. Тэр байр нь циркийн хажуудах талийгч С.Зоригийн байрны хойд талын таван давхар саарал байшин юм.
-Та нарт ямар санал тавьсан бэ?
-Залуучуудаа цуглуулаад бидэнтэй нэгдэх хэрэгтэй гэсэн. Би хариуд нь “Би бүх залуучуудыг цуглуулж чадахгүй байх. Гэхдээ найз нартаа хэлнэ” гээд л үлдсэн. Би дараагийн долоо хоногт өдрөөр ажиллах байсан болохоор оройн цагаар зааж өгсөн байранд нь очихоор тохиролцоод салсан. Дараагийн долоо хоногийн нэгэн орой бид дөрвүүлээ тэр байранд очсон. Гурван залуу юм яриад сууж байна.
-Айлд очиж байгаа юм уу?
-Үгүй ээ. Подваль байсан. Дөнгөж тохижуулж эхэлж байгаа бололтой, тохь муутай ундуй сундуй газар байсан.
-Энхбаатар нь байсан уу?
-Байсан. Тэр Энхбаатар гэдэг нь манай “Хонх”-ны С.Цогтсайхан байсан байгаа юм.
-Тэгээд яагаад Энхбаатар нэрээр явсан юм бол?
-Хожим танил болсныхоо дараа миний нэрийг Наранбаатар гэдэг байсан болохоор Энхбаатар гэсэн нь танилцахад дөхөм, бас тэд гадуур хүн элсүүлэх гэж явахдаа өөр нэртэй яваад хэрэв бодлого хүлээн зөвшөөрөөд ирж нэгдвэл нэрээ хэлдэг байсан юм билээ.
-Та нар сонирхож байсан зүйлээ тэндээс олсон уу?
-Хангалттай олсон. Анхны уулзалтаасаа хойш бид салаагүй хамтдаа зүтгэсэн. Дотоодод болох үйл явдлаас гадна дэлхий дахинд болох үйл явдлыг ярьж өгсөн. Цаашдаа өөрчлөн байгуулалт яаж өрнөх, залуучууд яаж оролцох тухай хангалттай мэдээлэл өгсөн. Эндээс бидний нүд нээгдэж, тэмцэл эхэлсэн гэж болно. Өнөөдөр ч бид МоАХ-ны гишүүн хэвээрээ. Харамсалтай нь, Цогоо маань бидний дунд алга. Гэхдээ л Монголын ард түмэн, ардчилалд нэрээ мөнхөлж чадсан. Анх бид дөрвүүлээ очсон. Удалгүй арваар нэмэгдсэн. Тэгсэн чинь нэг өдөр Цогоо маань ирээд “Нараа танай нийт залуучуудад МУИС-ийн манай багш залуугаар лекц уншуулья. Чи зохион байгуулж чадах уу” гэхээр нь “Чадна” гэчихлээ.
-Дарга нар зөвшөөрөх үү?
-Тэр үед манай мастер байсан хүн Үйлдвэрчний хорооны дарга болсон байсан. Мастер бид нар найз. Би зохион байгуулахыг зөвшөөрнө гэж итгээд дарга хүн шиг амлачихсан. Тэр үед бямба гарагт ажилладаг байсан. Анхны цуглаан болохын өмнөх өдөр 1989 оны арванхоёрдугаар сарын 9-нд нийт залуучуудад лекц уншуулахаар болсон. Жамсран дарга “Ямар сэдвээр лекц унших вэ” гэж асууж байна. “Эр, эмийн ёсны чиглэлээр” гээд авчихлаа. Тэгээд “Намын дарга Нямсамбуугаас асуу” гэнэ. Намын даргаас зөвшөөрөл авах хэрэгтэй болж байгаа юм.
-Яагаад заавал “Эр, эмийн ёс”-ны сэдвийг сонгосон юм бэ?
-Манай Цогоогийн санаа. Залуучууд маш их сонирхоно биз дээ. Хэрэв дарга нар зөвшөөрөхгүй бол залуучууд дургүйцнэ гэж тооцсон нь зөв болсон байхгүй юу.
-Тэгээд Улаанбаатар төмөр замын намын дарга уу?
-Биш ээ. Манай Зүтгүүрийн депогийн намын дарга. Салбар бүр намын даргатай шүү дээ. Манай төмөр зам чинь хагас цэрэгжилтийн зохион байгуулалттай ч, маш идэвхтэй залуус байдаг юм. Намын дарга зөвшөөрчихлөө.
-“Эр, эмийн ёсны лекц”-ийг уу?
-Тийм. Залуучууд бидэнд ийм лекц хэрэгтэй гэдгээ хэлсэн байхгүй юу. Би зөвшөөрлөө авсан цагаан цаас олоод, 13.00 цагаас “Эр, эмийн ёс”-ны талаар лекцтэй гээд зар тавьчихлаа. Залуучууд хоолноосоо гарангуутаа маш идэвхтэй цугласан.
-Цагаан цаас олддоггүй байсан юм уу?
-Энгийн байгууллагад олдохгүй шүү дээ. Нийтэд зарахгүй. Гэхдээ манайх оростой хамтарсан гээд бас тансаг талдаа орно шүү дээ.
-Хурал юу болов?
-Хурал эхэллээ. Намын хорооны дарга, депогийн дарга хоёр орж ирээд суучихлаа. Гэтэл лекц унших хүмүүс ирлээ гэнэ. Гараад очтол С.Зориг, малыш Ц.Энхтүвшин хоёр ирсэн байна.
-Та нар тэр үедээ хэн байсныг таньж байсан уу?
-Танихгүй л дээ. Хоёр багш байна гэж бодож байсан. Би анх удаа хараад танилцаж байгаа нь тэр. Нөгөө хоёр чинь оронгуутаа Монголд үүсч байгаа ардчилсан хөдөлгөөний тухай яриад эхэллээ.
-“Эр эмээ” мурчихаж байгаа юм уу?
-Тэгсэн. МоАХ яриад унасан.
-Дарга нар, цугласан залуус юу болсон бэ?
-Дарга нар сүйдтэй юм болоогүй. Харин залуус хоёр тал болоод үзэж тарна биз дээ. Зориг, Малыш хоёр ээлжээр нь бөмбөгдөөд байдаг. Танхимд гурвалжин дөрвөлжин маргаан. Гэтэл манай төмөр замын дарга чинь Долгий гэдэг орос хүн байсан. Төмөр замын удирдлагыг бүрэн бүрэлдэхүүнээр нь дагуулаад ороод ирж байгаа юм. Бөөнөөрөө орж ирээд залуусыг айлгах гэж оролдоно биз дээ. Тэр үед оросууд илүү их эрх мэдэлтэй байсан.
-Тэгээд тараагаад хаячихсан уу?
-Үгүй. Үзсээр байгаад тэр хурал дээрээ МоАХ-ны салбар байгуулж, ялалт байгуулж байгаа залуусыг яаж ч чадаагүй. Маргааш нь МоАХ-г дэлхийд зарласан алдарт цуглаан болж байгаа юм чинь.