Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Ардчилал таймс” сонинд зочилж, Монголын сэтгүүлчдийн ёс зүйн зарчмыг гардууллаа. Тэрбээр сэтгүүлчдийн дагаж мөрдөх учиртай ёс зүйн зарчмын талаар болон Хэвлэл, мэдээллийн зөвлөлийнхөө тухай танилцуулсан юм. Уншигчид маань сэтгүүлчид хэрхэн ажиллах ёстойг мэддэг бол бидэнд шаардлага тавих боломжтой болно. Сэтгүүлчдийг “шүүдэг” энэ байгууллагын тухай дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе.
Сэтгүүлчид мэдээллийг хувийн зорилгод ашиглах ёсгүй
-Монголын Хэвлэл, мэдээллийн зөвлөл байгуулагдаад таван жил болж байна. Энэ байгууллага уншигч, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалдаг. Бид сэтгүүлчийнхээ нэр хүнд, итгэл үнэмшлийг хамгаалдаг. Ёс зүйг нь мөрдүүлсэнээрээ хамгаалж байгаа гэж үздэг. Энэ байгууллагад хэвлэл мэдээллийн байгууллагын эзэд, эрхлэгч нарын төлөөлөл, сэтгүүлчдийн болон уншигчдын төлөөлөл багтдаг. 2014 оноос салбарынхан хөл хөдөлгөөнд орж, ер нь ийм байгууллага бий болгохгүй бол болохгүй нь. Сэтгүүлч шүүх, цагдаа руу явдаг биш. Өөрсдөө асуудлаа дотроо ярьдаг бол зүгээр гэж үзсэн юм. Ёс зүйн код бол манай мэргэжлийн хэм хэмжээ барих ёстой мөрдлөг байгаасай. Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс баталсан Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим 10 ерөнхий заалттай, энэ нь 24 задардаг.
Үнэнийг мэдээлэх, мэдээллээ нягтлах, мэдээллийг шударга бус аргаар олж авахгүй, хэнийг ч ялгаварлан гадуурхалтын золиос болгохгүй, аливаа мэдээллийг зохисгүй, дуулиантай хэлбэрээр түгээхээс татгалзана. Мэдээллийг мушгин гуйвуулах, бусдыг гүтгэх доромжлох, мэргэжлийн давуу байдлаа урвуулан мэдээллийг хувийн зорилгод ашиглахгүй. Хувийн нууцад хүндэтгэлтэй хандана. Бусдын уй гашуу зовлон шаналалд хүндэтгэлтэй хандана, мэдээллийн эх сурвалжаа чандлан нууцална. Төлбөрт нийтлэл, нэвтрүүлгийг тусгай тэмдэг, тэмдэглэгээгээр ялгана гэх мэтээр та бүхний мэддэг бүх зарчмууд орсон байгаа.
2020 он сонгуулийн жил учраас сонгуультай холбоотойгоор нэг заалт нэмсэн. “Хэвлэл мэдээлэл нь сонгуулийн санал хураалтаас өмнө буруутгагдсан этгээдийг тайлбар хийх боломжгүй хугацаанд нэр дэвшигчийн талаар мэдээлэл түгээхээс зайлсхийнэ” гэсэн зарчим нэмэгдсэн.
www.mediacouncil.mn вэб, Фэйсбүүкт Хэвлэл мэдээллийн зөвлөл пэйжийг та бүхэн дагаж бидэнтэй хамтарч ажиллаарай.
Нууц эх сурвалжаа нуух уу, илчлэх үү?
“Мэдээллийн нууц эх сурвалжаа чандлан хамгаална” гэж Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчимд заасан. Харин асуудалтай нийтлэл, мэдээллийн мөрөөр ирсэн цагдаа эх сурвалжаа хэлэхийг шаарддаг. Энэ асуудлыг яаж зохицуулах вэ хэмээн лавласан юм. Г.Гүнжидмаа:
-Хуулиар хараахан хамгаалж чадаагүй байгаа нэг заалт нууц эх сурвалжаа хамгаалах. Одоо зөвхөн Олон нийтийн радио телевизийн сэтгүүлч нар тийм эрхтэй. Бусад нь ийм эрхгүй байгаа. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль хэлэлцэгдэж байгаа. Тэнд нууц эх сурвалжийг хамгаалах заалт орсон. Энэ заалт батлагдвал хуулиар хамгаалагдана. Онцгой тохиолдолд тухайлбал Үндэсний аюулгүй байдал, гамшиг гэх мэт нөхцөлд шүүхийн шийдвэрээр нууц эх сурвалжийг илчилж болох. Бид хуулинд байхгүй ч ёс зүйн зарчимдаа оруулсан. Шүүхэд очоод, “Сэтгүүлчийн ёс зүйн кодыг мөрдөж ажилладаг. Бидний ёс зүйн кодод нууц эх сурвалжаа илчлэхгүй гэдэг зарчимтай” гэвэл маргах бас нэг үндэслэл болно.
Олон нийтийн радио телевиз тусдаа хуультай. Хуулинд нь “эх сурвалжаа нууцлана” гэж заасан.
“Ёс зүйн алдаа гаргасан байна шүү, засаарай” гэдэг
Бид хувь сэтгүүлчийн талаар гомдол авдаггүй. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар редакци хариуцлага хүлээнэ гэж заасан. Ирсэн гомдлын статистик энэ байна. “ТББ-ын хуулиар байгуулагдаагүй юм чинь хэн та нарыг хүлээн зөвшөөрдөг юм” гэж шүүх, хуулийнхны зүгээс хэлдэг юм. Гэхдээ бид “Хэвлэл мэдээллийн салбар онцлогтой. Олон улсад бид өөрийн зохицуулалтаараа явдаг” гэдгийг олон удаа тайлбарлаж байна. Эрх зүйт төр оршиж байгаа аль ч улсад хуулийн зохицуулалт, өөрийн зохицуулалт зэрэгцэн оршдог. Ёс зүйн асуудал өөрийн зохицуулалтын байгууллагаараа л явна. Өөрийн зохицуулалтын байгууллага нь хэн нэгнийг торгохгүй, шийтгэхгүй, ажлаас халах үндэслэл болохгүй. “Ёс зүйн алдаа гаргасан байна шүү. Засаарай” л гэж хэлдэг. Энэ бол маш том суралцах үйл явц. Янз бүрийн туршлагатай сэтгүүлчид бий. Залуу хүмүүс мэдэхгүйгээсээ алддаг. Энэ болгон Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээх болсон. Баримтыг нягтлаагүй, мэдээгүйгээсээ болоод тухайн хүн 2 сая төгрөгөөр торгуулах болдог. Бид бас цагдаагийнхан руу нөлөөллийн ажил хийсэн. Бид өөрсдийгөө зохицуулаад ингэж ажиллаж байна. Иргэд бидэнд хандаж гомдол ирүүлж байна. 2019 онд 106 гомдол ирээд байна. Салбар дундаасаа байгуулагдсан 30 хүнтэй ёс зүйн хоёр хороо ажиллаж, шийдвэр гаргаж байна. Бид мэргэжлийн нэр хүнд, уншигчийн эрх ашгийг хамгаалахын төлөө энэ ажлуудыг хийж байна гэдгийг тайлбарладаг. Ирсэн гомдлыг харвал 83,5 хувь нь сонин, сайтад хаяглагдсан. “Ардчилал таймс” сонины асуудлаар бидэнд гомдол ирээгүй байна. Редакцийн мэргэжлийн ажиллагаа эндээс харагддаг. 80 орчим хувь нь сайтуудын талаарх гомдол байдаг. Эхний хоёр жил “Шүүхийн хажуугаар та нар бас хэн бэ” гэдэг байсан. Одоо бол сайтууд маш сайн “хүмүүжиж” байгаа. Бүгд хариу тайлбар өгдөг болсон. Гомдол ирэхээр бид тухайн редакци руу захиа бичдэг. “Танай дээр гомдол ирлээ, энэ дээр тайлбар аа өгөөч” гэхээр зарим нь “Бид алдаа гаргасан байна, эднийхээс хуулаад тавьчихсан шүү дээ” гэх мэтээр хариу өгдөг. Нэг гомдол гаргагч 20 сайтад гомдол гаргасан удаа бий. Тэднийх нь 10 нь бие биенээсээ хуулаад тавьчихсан. “Танайх ёс зүйн алдаа гаргажээ” гэж мэдээж бид сануулдаг. “Ёс зүйн зарчмаа зөрчсөн болохоор уучлал гуй, залруулга гарга” гэдэг. Залруулга гаргадаг. Зарим нь бусад сайт дээр гарчихсан мэдээллийг эх сурвалж гэж үзэх алдаа байдаг. Эх сурвалж гэдэг сэтгүүлчийн эрж хайж олсон аман болон бичгийн эх үүсвэр юм. Тухайн хэвлэл мэдээллийн байгууллага нийтэлсэн мэдээллийг худал үнэнийг нь баталж чадахгүй мөртлөө эх сурвалж гэж итгээд хуулж байна гэдэг мэрэгжлийн бус байна гэсэн үг.
Сэтгүүлчдийн гаргадаг ёс зүйн түгээмэл алдаа 21 хувь нь мэдээллийг нягталж шалгаагүй, мөн 21 хувь нь эх сурвалж тодорхойгүй, 15 хувь нь таамаг, цуу яриаг нийтэлсэн, 14 хувь нь буруутгагдсан этгээдэд тайлбар хийх боломж олгоогүй байсан.
Сэтгүүлчдийг хэн шүүдэг вэ?
Хэвлэл мэдээллийн зөвлөл сэтгүүлчдэд мэргэжлийн бус байна, ёс зүйн зарчмаа зөрчсөн байна, стандартаа мөрдөөгүй байна гэж сануулга өгдөг. Гэтэл хэвлэл мэдээллийн зөвлөлд хэр хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс байдаг вэ?
-2015 онд байгуулагдахдаа Хэвлэл мэдээллийн зөвлөлд ажиллах сонирхолтой хүмүүс бүртгүүлээрэй гээд онлайн бүртгэл хийсэн. Энэ бол цалингүй, сайн дурын ажил шүү дээ. Сонин дээр гэхэд л эрхлэн гаргагчдын салбар хуралдаан, сэтгүүлчдийн салбар хуралдаан хийгээд тэр дундаасаа энэ хүмүүсээ сонгосон. 45 хүнээс 15 нь Удирдах зөвлөлд, 15 нь сонин, сэтгүүл, сайтын ёс зүй. 15 нь радио, телевизийн ёс зүйн хороонд орсон. Шинэ байгууллага учраас туршлага, мэдрэмж их шаардсан. Дойче Велле академиас сургалт авсан. Энэ 45 хүнийг таван жилд 12 удаагийн сургалтанд хамруулсан. Дандаа кэйс дээр ажилладаг. Хэвлэл мэдээллийн зөвлөл манайд л таван жилийн түүхтэйгээс биш бусад улсад 50-60 жилийн түүхтэй. 20-30 мянган хэрэг дээр ажилласан туршлагатай хүмүүс туршлагажуулах сургалт хийсэн.
Мэдээллийг шударга бус аргаар олж авахгүй
Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчимтай уншигчид танилцсанаар ямар зөрчил дээр гомдол гаргах боломжтой байна. Ямар хил хязгаараар сэтгүүлчийн ажил хязгаарлагддаг вэ гэдгийг ойлгож авна. Яриаг нь бичиж авч байгаа бол ярилцагчдаа мэдэгд, зургийг нь авах гэж байгаа бол тэрийгээ хэл. Онцгой нөхцөлд нууц аргаар авсаныг зөвтгөх тохиолдол гардаг. Мэдээлэл олдохгүй, дарагдчихсан үед камераар нууцаар ороод авсаныг буруутгах аргагүй. Нууцаар авсаныг зөвтгөх тохиолдол нь олон нийтийн эрх ашиг хөндсөн сэдэв мөн байсан уу, өөр аргаар олж авах нөхцөлгүй болсоноос үүдээд ийм аргаар авав уу гэдгийг харгалзаж үздэг. Редакциуд бидэнтэй хамтарч ажиллах нь чухал. Бид редакциудыг буруутгаж яллах, нэр хүндэд нь халдах гээд байгаа юм биш. Мэргэжлийн нэр хүндийн төлөө хамтарч ажиллая. Үнэхээр алдаа гаргасан бол суралц, дахиад битгий алдаа гарга. Алдсан бол уучлал гуйх эр зоригтой бай. Залруулга гаргадаг соёлтой бай гэдэг. Энэ соёл манайд төлөвшиж байна.