Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Энэ жил минималист цагаан сар болох нь

-Дээл гоёл, ууц өвчүү, гарын бэлэгний эрэлт буурчээ- 

 Монгол түмэн жилийн жилд сар шинийн баяраа бусдаас дутуугүй хийх гэж өр зээл тавьж, байдгаа бардаг. Тэгвэл энэ жил коронавирусийн “ачаар” гэх үү уламжлалт баяраа гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэхээр болж байна. Цомхон гэдэг нь тавгийн идээгээ засаад, буузаа жигнээд, төрсөн тулсан үр хүүхдүүдтэйгээ золгоод өнгөрөх тухай яриа юм. Цомхон гэдэгт мөн хэдэн зуун мянгаар бэлэг сэлт, ууц өвчүү бэлдэхгүй, дээл малгай, хөөрөг гоёл тэргүүтнээр гангарч, бусдаас илүү гарах гэж хичээхгүй гэсэн үг. Иргэдийн ухамсарт аль хэдийнэ ийм ойлголт бий болчхоод байхад Улсын онцгой комиссоос Цагаан сарыг хориглох тухай шийдвэр гаргасан нь харин илүүдчих шиг болсон.
Иймээс бид иргэд сар шинийн баяртаа хэрхэн бэлдэж буй талаар дараах сурвалжилгыг бэлтгэлээ. Эхлээд III, IV хорооллын “И-март” худалдааны төвийн В1 давхарт болж буй Цагаан сарын үзэсгэлэн худалдааг зорьсон. Нээгээд удаагүй болоод ч тэр үү биднийг очиход хөл хөдөлгөөн багатай байв.

 Энд “Суман гүн” хүнсний үйлдвэр хэвийн боовны амталгаат худалдаа явуулж байлаа. Худалдагч бүсгүй 25 ширхэгтэй нэг хайрцаг хэвийн боов 167 мянган төгрөг болж байгаа талаар гуч эргэм насны залууд тайлбарлаад тун завгүй. Нилээн эргэлзсэн ч залуу худалдан авалт хийлгүй гарсан юм. Ингээд тус компанийн борлуулалтын менежер М.Мөнхзулаас хэвийн боовны борлуулалт урьд жилүүдийнхээс ямар байгаа талаар тодрууллаа. Тэрбээр “Энэ жил борлуулалт харьцангуй бага байна. Манайхаас хэвийн боов авч заншсан өндөр настнууд голдуу ирж байгаа. Гэхдээ 25 ширхэг боовтой багц ихэвчлэн сонгож байгаа. Дэлхий нийтэд аюулт өвчин дэгдэж, ийм онцгой нөхцөл үүссэн байгаатай харьцуулбал манай борлуулалт боломжийн байгаа. Энэ жил арав гаруй газар бүтээгдэхүүнээ худалдаж байгаа. Өглөөнөөс хойш таван хайрцаг боов зараад байна” гэж ярив. “Суман гүн” хүнсний үйлдвэр энэ жил цагаан өрөм, шар тостой энгийн уламжлалт хэвийн боовоо 2600 төгрөг, дан шар тостой боовоо 3000 төгрөг, шар тостой гүрмэлээ 3500 төгрөгөөр зарж байна. Харин залуу өрхүүд ихэвчлэн шар тостой гүрмэл 9 ширхэгийг сонгон авч байгаа ажээ.

 Дараа нь бид “Ардчилал таймс” сонины өнөөдрийн дугаарыг идэвхийлэн уншиж суугаа худалдагч эгч дээр очлоо. Түүнийг “Жимбий” ХХК-ний захирал Н.Оюунчимэг гэдэг. Тэрбээр арав гаруй жилийн өмнөөс найзыгаа дагаж сүлжмэл эдлэлийн үйлдвэрлэлд хөл тавьсан нэгэн. Энэ салбарт “Жимбий” ХХК шиг 200 гаруй жижиг үйлдвэр үйл ажиллагаа эрхэлдэг ч “Говь”, “Гоёо”, “Эвсэг” гэх мэт томоохон үйлдвэрүүдэд дарагдаад төдийлөн ашигтай ажилладаггүй байна. Ингээд түүнээс сар шинийн өдрүүдэд борлуулалт ямар байгаа талаар тодруулахад, “Энэ айхтар өвчнөөс болоод хүн их муу байна. Уг нь жилдээ дээл зардаг хүмүүс нилээн орлоготой, дунджаар дөрвөөс таван сая төгрөгийн худалдаа хийдэг байсан. Энэ жил бүр таг. Би гэхэд өчигдрөөс хойш наймаа хагараагүй сууж байна. Манай хүүхдүүд зэс бугуйвч хийж, хөөрхөн савлаад надаар заруулдаг юм. Ширхэг нь 2500 төгрөгийн үнэтэй. Бэлгэнд өгөхөд тун аятайхан. Энэ бугуйвч маань хүртэл нэг ширхэг ч зарагдахгүй, жаахан урамгүй л байна даа. Орлого муу болохоор ууц авахаа больдог юм уу гэж бодож байна. Бэлдсэн хэдэн буузаа жигнээд, тавгийн идээ засаад сар шинээ тэмдэглэх санаатай” гэж хууч дэлгэсэн юм.

 Энд наймаа хагалж, орлого олсон хүн тун цөөхөн бололтой. Хөөрөг зардаг Б.Баттулга гэх залуу мөн л тэдэнтэй ижил, хэн надаас юу худалдаж авах бол гэсэн байртай хийсэн зүйлгүй гиюүрч сууна. Тэрбээр “Хөөрөгний борлуулалт энэ жил муу байна. Хүмүүс цагаан сар хийхгүй юм шиг л байна. Урьд жилүүдэд өдөрт 800 мянгаас нэг сая төгрөг хүртэл орлого олдог байсан. Энэ жил өдөрт 200 мянга хийхтэй үгүйтэй байна. Тэгээд дээр нь түрээс төлнө гэхээр хэцүү. Түрээсээ урьдчилаад төлчихсөн, шархаа нөхөх эсэх нь тодорхойгүй байна” гэв. Хүмүүс ямар хөөрөг сонирхдог, хэдий үнэтэй байдаг талаар сонирхоход, “Хийц сайтай хөнгөн хөөрөг сонгодог. Гартаам, халтар мана их авна. Үнийн хувьд зах, лангууныхтай ойролцоо байдаг. Хөөрөгний даалингийн хувьд 250 мянган төгрөгийн хооронд байгаа” гэв.
Ингээд бид тавгийн идээний чимэг болсон цагаан идээний хэсэг рүү очлоо. Архангайн Их Тамираас ирсэн Ц.Батцэнгэлтэй уулзлаа. Түүнд ирсэн зорилгоо хэлж, цагаан идээний борлуулалт ямар байгаа талаар асуув. Тэрбээр, “Би жил бүр Архангай аймгаас ирж Ялалтын талбайд зогсдог. Гэтэл энэ жил өвчин гараад гадаа зогсохыг хориглосон байна. Тэгээд энд 6 мкв талбайг бэлэн 900 мянган төгрөгөөр түрээсэлчихээд, шаналж зогсоно. Эхний хоёр өдөр орлогогүй байсан. Өчигдрөөс арай дээрдэж байна. Цаашид яах нь тодорхойгүй, авчирсан хэдийгээ борлуулж чадах эсэхдээ эргэлзэж л сууна. Энэ жил түрээсээ өгөөд л таарах юм шиг байна. Өрөм, бяслаг, шар тос, сүүний ааруул, аарцны ааруул гээд бүх төрлийн бүтээгдэхүүнтэй ирсэн. Сүүн ааруулыг 25-аар зардаг байсан ч хямдруулаад 20 мянга болгочихсон байгаа. Цагаан сарыг хориглох шийдвэр гарсан болохоор монгол түмэн минь гэр гэртээ идээ цагаагаа бэлдээд, тэмдэглэх байх гэж л найдах юм. Өглөөнөөс хойш нэг килограмм сүүн ааруул зарлаа” гэсэн юм. Түүнээс нэг килограмм сүүн ааруул аваад эргэтэл “АМДЭ” хүнсний үйлдвэрийн хэвийн боовны борлуулагч надад бүтээгдэхүүний амталгаа санал болгож байна. Бодвол намайг цагаан сарын тавгийн идээгээ бэлдэж явна гэж таамагласан биз. Сар шинийн баяр ойртсон энэ өдрүүдэд эндэхийн худалдаачид ширхэг бараа ч гэсэн зарчих санаатай, горьдлогын харцаар орсон гарсан бүхнийг нэвт сонжиж сууцгаасан юм.

 Эндээс гараад “Дүүхээ” худалдааны төвийг зорилоо. Махны тасагт мөн л хөл хөдөлгөөн багатай. Дотор гэдэс, ястай мах килограммаар авах сонирхолтой хүмүүс голдуу байна. Лангуун дээр гурав гурваар нь давхарлаж тавьсан, цантсан өвчүү харагдаж байв. Килограмм нь 8500 төгрөг гэнэ. Худалдагч бүсгүй “Ууц, өвчүүний борлуулалт энэ жил их муу байна. Ууц килограмм нь 6900 төгрөгийн үнэтэй байгаа. Хорио цээрийн дэглэмээс болоод ууцны нийлүүлэлт ч их муу байна” гэлээ.
Эцэст нь хэлэхэд, коронавирус ч бай, онцгой комиссын шийдвэр ч бай монгол түмний уламжлалт баяр цагаан сарыг бүр мөсөн хориглож чадахгүй. Социализмын үед хүртэл ил далд тэмдэглэж ирсэн баяраа монголчууд энэ жил илүү шинэлэг, цомхон, энгийн, минималист байдлаар тэмдэглэж өнгөрүүлэх нь ээ.

эх сурвалж : "Ардчилал таймс" сонин

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com