Ардчилсан намын Санхүүгийн бодлогын зөвлөлийн дарга Д.Ганбаяртай санхүүгийн зах зээлийн тогтолцооны талаар ярилцлаа. Тэрбээр Калифорнын их сургуульд санхүүгийн эрсдэл, хөрөнгө оруулалтын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан бөгөөд АНУ-ын Merrill Lynch хөрөнгө оруулалтын банкнаас эхлэн Монголын хөрөнгийн бирж, Frontier хөрөнгө оруулалтын банк, Санхүүгийн зохицуулах хороо болон олон улсын төслүүдэд төслийн менежер, зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай.
-Монгол Улс чөлөөт зах зээлийн тогтолцоонд шилжээд 30 гаруй жил боллоо. Гэвч төдийлэн үсрэнгүй хөгжилд хүрч чадсангүй. Үүний гол шалтгааныг юу гэж харж байна вэ?
-Нийт хүн амын тав хүрэхгүй хувь нь бүх баялгийн 90 гаруй хувийг эзэмшдэг, дундаж давхарга багатай, 34 хувийн ядуурлын түвшинтэй улсад бид амьдарч байна. Үндсэндээ баялгийн тэгш хуваарилалт алдагдсан нийгэмд бид аж төрж байна. Өнгөрсөн 30 жилд чөлөөт эдийн засгийн тогтолцоо нь хүн бүрт гарааны тэгш боломж олгосон нь яах аргагүй үнэн. Гэсэн хэдий ч өмч хувьчлалыг хэн мэдээлэлд ойр байгаад нь ашигтай хэлбэрээр явуулсан үйл хэрэг байлаа.
Банк, санхүүгийн салбарт өнгөрсөн 30 жилд “Ардын банк”, “ХОТШ”-аас эхлэн “Анод”, “Зоос” гэх мэт 20 гаруй арилжааны банк дампуурсан, татан буугдсан байдаг. Хамгийн сүүлд “Капитал” банкны дампуурал байлаа. Тэрчлэн 2005 оноос хадгаламж зээлийн хоршооны дампуурал гээд яривал их олон зүйл байна. Тиймээс санхүүгийн салбарын засаглалын тогтолцооны гажуудлыг системээр нь олж харж, бий болгоод байгаа эрсдэлийг зөв удирддаг тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй байгаа юм.
-Үүнийг яаж бий болгох вэ?
-Өнөөгийн санхүүгийн зах зээл иргэд аж ахуйн нэгжийн санхүүгийн хэрэгцээг хангахад хэт өндөр өртөгтэй. Тухайлбал, зээлийн хүү, валютын ханшийн өсөлт зэргийн оновчтой зохицуулалт байдаггүй. Үүний суурь шалтгаан нь санхүүгийн зах зээлд оролцогч талуудын эрх тэгш оролцоо алдагдсан явдал. Төрийн зохицуулагч байгууллага болох Төв банк, Санхүүгийн зохицуулах хороо мөн Сангийн яам гээд санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл нь хуулиар заасан үндсэн чиг үүргээ харилцан уялдаатай ажиллаж хэрэгжүүлж чаддаггүй. Нэг талаар төсвийн бодлогоор хэт тэлж үрэлгэн зарцуулалт хийж байхад мөнгөний хатуу бодлогоор зах зээл дэх мөнгөний нийлүүлэлтийг хумих гэж үздэг. Энэ мэтчилэн санхүүгийн зах зээлийг зохицуулдаг төрийн байгууллагуудын засаглалыг сайжруулах хэрэгтэй байгаа. Төв банкны удирдлагаар дамжуулж улс төрийн шийдвэрээ хэрэгжүүлэх сонирхол ямарч улс төрийн намд байсаар байна. Уг нь бол улс төрөөс хамгийн их хараат бус байх ёстой байгууллага одоог хүртэл томилгоо, шийдвэр гаргалтаасаа эхлээд бие даасан байж чадахгүй байна. Иймд Төв банкыг хамтын удирдлага бүхий Удирдах зөвлөлтэй болгож хамтын шийдвэр гаргадаг болгох зайлшгүй шаардлагатай.
Нэгэнтээ л чөлөөт эдийн засгийн тогтолцоонд шилжчихээд дотоодын 12 арилжааны банк нь зах зээлээ бусад гадаад, дотоодын банк, санхүүгийн байгууллагуудыг оруулж шударга өрсөлдөөнийг бий болгох сонирхолгүй байдгаас өнөөг хүртэл зээлийн хүү өндөр хэвээр байна. Уг нь санхүүгийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлж арилжааны банкыг хөрөнгийн зах зээлд оролцох боломжийг олгож, ББСБ-уудын тоог өсгөж зах зээлийн өрсөлдөөнийг нэмэгдүүлсэн. Гэхдээ банкуудын хамгийн гол асуудал нь зардал өндөртэй байгаа явдал. Тэд дундын зардлаа огт хуваалцаж чаддаггүй. Тухайн үед банкууд кастодиан банк байгуулах гэхээр хамтарч дундаа нэгийг байгуулаад хувьцаа эзэмшээд явчиж чадахгүй, хадгаламжийн хүүгээ өсгөөд хадгаламж татах гэж өөр хоорондоо өрсөлдөх, харилцах дансанд хүртэл хүү төлж хэрэглэгчээ татах гэдэг. Тиймээс банк, санхүүгийн зах зээлийг тогтолцоогоор нь шинэчлэх хэрэгтэй. Үүний тулд банк, санхүүгийн байгууллагын нэгдсэн хяналтын тогтолцоог бий болгож зөв чиглүүлэх хэрэгтэй байна.
-Саяхан тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр эрх баригчид гаргалаа. Энэ талаарх таны бодол?
-ХААН банк анх тэтгэврийн зээл олгож эхэлсэн байдаг. Иргэд ямар нэг орлогоо барьцаалж зээл авах хэрэгцээ байдаг учир энэ төрлийн санхүүгийн бүтээгдэхүүнийг гаргаж ирсэн байх л даа. Гэтэл жамаараа яваа санхүүгийн зах зээлийн харилцаан дээр улстөрийн оноо авах гэж ахмадууд маань зовж зүдэрч байна гээд зээлийг нь тэглэх сенсаци үүсгэсэн. Үүнээс үүдэн санхүүгийн зах зээлд гэнэтийн шок үүсээд байгаа. Өнөөдөр Монголын бизнес, иргэд санхүүгийн зах зээлээс валютаар 100 гаруй тэрбум ам.долларын эрэлт хэрэгцээ байгаа гэж тооцоолсон. Ийм хэмжээний санхүүгийн нөөц зах зээлийн хэрэгцээг хангаж байж зээлийн хүүг гадаад орнуудын түвшинд хүртэл бууруулах боломжтой.
Монголын банк, санхүүгийн байгууллагын нийт актив 2019 оны жилийн эцсийн байдлаар ам.доллар 2750 төгрөгт хүрсэн байхад 40 гаруй их наяд төгрөг болсон байна. Энэ нь 14,5 тэрбум ам.доллар бол 2013 онд ам.доллар 1600 төгрөг байх үед 24 их наяд төгрөг байсан бол 15 тэрбум ам доллар байсан гэхэд өнгөрсөн 6 жилийн хугацаанд долларын ханшийн өсөлтөөс шалтгаалж бодит актив 500 сая ам.доллараар буурсан байгаа нь харагдаж байна. Ийм байхад Монголын санхүүгийн зах зээл яаж гадаад зах зээлтэй өрсөлдөхүйц байж гадны хөрөнгө оруулалтыг уул уурхайгаас бусад салбарт татаж чадах вэ дээ. Иймээс бизнес, эдийн засгийн хөгжлийн суурь нь санхүүгийн зах зээл болчхоод байгаа учраас энэ зах зээлийн засаглалыг сайжруулах, улс төрөөс хараат бус байхаар цэгцлэх хэрэгтэй байна.
-Валютын ханшийг яагаад барьж чадахгүй байгааг мэргэжлийн хүний гаргалгаагаар тайлбарлавал?
-Засгийн газар, нөгөө талаас мөнгөний бодлого хэрэгжүүлдэг Монголбанк, сангийн бодлого хэрэгжүүлдэг Сангийн яам, хөрөнгийн болон даатгалын зах зээлийг зохицуулдаг Санхүүгийн зохицуулах хороо гээд энэ байгууллагын уялдаа холбоог хангадаг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл өнөөдөр ажлаа хийж чадахгүй байна. Учир нь, Сангийн яам Засгийн газарт харьяалагддаг ба орон нутаг төвтэй сонгуулийн тогтолцоотой тул яахын аргагүй Сангийн яамыг царайчлах шаардлага тулгардаг байх нь. Төсвийн бодлого маш үрэлгэн байгаа учраас энэ жилийнх 2.7 их наяд төгрөгийн алдагдалтай байна. Дээрээс нь 30 орчим тэрбум ам.долларын гадаад өр төлбөртэй байгаагаас Засгийн газрын өр 7 гаран тэрбум ам.доллар байна. Ийм салаалсан зохион байгуулалттай байгаа учраас бүгд дор бүрнээ өөрсдийгөө хамгаалж нэгдсэн байдлаар хамтарч ажиллах боломжгүй суурь шалтгаан байгаа юм.
-Хамтын ажиллагааг сайжруулах ямар шийдэл байна вэ?
-2017 онд Төв банкны тухай хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж байсан. Энэ үед Төв банкыг Удирдах зөвлөлтэй болгох гэж маш их хичээсэн. Харамсалтай нь, бүтээгүй. Уг нь хамтын удирдлага бүхий чадварлаг таван хүн шийдвэр гаргавал нэг хүний толгойноос хамаагүй дээр ажиллана. Гэтэл улс төрийн томилгоогоор гарсан нэг хүн Ерөнхий сайд, УИХ-ын даргын шийдвэрийг л үг дуугай биелүүлэхээс өөр аргагүй. Жишээлбэл, Монголбанкны одоогийн удирдлага шиг тэтгэврийн зээлийг тэглэх 800 гаруй тэрбум төгрөгийг хаанаас олох вэ гэж үстэй толгойгоо зулгаагаад явна. Хэрэв таван хүний бүрэлдэхүүнтэй Удирдах зөвлөлтэй байвал улс төрийн шийдвэр гарсан ч Монголбанк хууль бус үйлдэл хийхгүй гээд гүрийгээд суучхаж болно. Ерөөс санхүүгийн орчныг улс төрөөс хараат бус байлгах цор ганц шийдэл нь энэ.
-Санхүүгийн зах зээл ба үүний засаглалыг сайжруулахын тулд юу хийх ёстой вэ?
-Дээр дурдсан төрийн байгууллагууд хамтын удирдлагын системтэй болохын зэрэгцээ ил тод нээллтэй байдлаар үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй. Би нэгэн жишээ хэлье. 2016 онд МАН-ын Засгийн газар гарчхаад “Тэтгэврийн ирээдүйн нөөц сангийн” тухай хуулийг хүчингүй болгосон. Энд төрийн бодлогын залгамж халаа огт алга байгааг онцлон анхааруулах ёстой. Өмнөх АН-ын Засгийн үед энэ хуулийг хэрэгжүүлж, ипотекийн найман хувийн хүүтэй зээл олгох гэж хамаг үйлээ үзсэн байдаг. Гэтэл МАН-ын засаг гарч ирээд 2.4 их наяд төгрөгийг сангийн төвлөрөлттэй, найман хувийн зээлийг хэрэгжүүлэх хуулийг хүчингүй болгож, энэ мөнгийг Монголбанкны балансад тусгах шийдвэр гаргасан. Хамгийн сонин нь, Монголбанкны балансаас хаана суулгасныг нь би хайгаад олоогүй. Бас нэг асуудал. “Эрдэнэс Тавантолгой” компани нэгэн Хятад компанитай олборлолт хийх уулын ажлын гэрээ байгуулсан байдаг. Ингэхдээ нэг метр кубыг нь 3.9 ам.доллар байхаар гэрээлсэн гэж сонссон. Угтаа Олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачилга байгууллагын өмнө олон улсад хүлээсэн үүргийнхээ дагуу Эрдэнэс Тавантолгой компани бүх гэрээгээ нээлттэй тус сайтад байршуулах ёстой байдаг. Гэтэл Хятад компанитай байгуулсан гэрээгээ нууцын зэрэглэлд хамруулсан байгаа нь гайхаш төрүүлж байна. Судлаад үзэхэд энэ гэрээний ард Монголын нөлөө бүхий, одоо ч эрх мэдэлтэй улстөрчид байгаа гэсэн мэдээлэл бий.
-Төв банк мөнгөний бодлогоо л хэрэгжүүлэх үүрэгтэй гэж та хэллээ. Гаднын туршлага ямар байдаг вэ?
-Монголбанк, СЗХ аль аль нь хяналт тавих дуртай атлаа үүнийгээ хэрэгжүүлж чаддаггүй. 2005 онд хадгаламж зээлийн хоршоодод Төв банк хяналт тавьдаг байлаа шүү дээ. Яах аргагүй хянаж чадахгүй нөхцөл байдалд тулааад хуучин Үнэт цаасны хороон дээр түшиглэн Санхүүгийн зохицуулах хороог байгуулсан. Гадны өндөр хөгжилтэй Төв банкууд зөвхөн мөнгөний бодлогоо л хэрэгжүүлдэг. Арилжааны банкуудаа хянаад байдаггүй. Төв банк хяналтын чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүйгээс өнгөрсөн 30 жилд 20 гаруй банкуудыг дампууруулж, татан буулгасан байна. Үүний хамгийн сүүлийн жишээ бол “Капитал” банк. Эргэлтийн хөрөнгө, зохистой харьцааны шалгуур үзүүлэлт нь 2017 оноос хангаж чадахаа болчихоод байхад ямар ч арга хэмжээ авахгүй. Тэтгэврийн чөлөөт үлдэгдлийг байршуулсан хэвээр дампуурахад нь арга хэмжээ авалгүй тавиад туучихсан.
Олон улсад буюу Япон, БНСУ-д нийтлэг санхүүгийн хяналтын бие даасан байгууллага байдаг. Ийм байгууллага л Монголд байж “Саарал жагсаалт”, “ЖДҮ” болон банк санхүүгийн байгууллагыг нэгдсэн хяналтыг хэрэгжүүлж чадна. Энэ тохиолдолд мөнгө санхүүтэй холбоотой асуудал гарсны дараа Эдийн засагтай тэмцэх газар, АТГ шиг биш урьдчилан харж санхүүгийн эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлдэг мөнгө угаахыг зогсоодог байх дотроо хэрэг хянан мөрдөх ажиллагаатай байгууллага зайлшгүй шаардлагатай байна.
-Санхүүгийн гэмт хэрэгтэй холбоотой хяналтыг Эдийн засгийн цагдаа, АТГ хийдэг шүү дээ?
-Эдгээр хүчний байгууллага бол гэмт хэрэг гарсны дараа олж илрүүлж хариуцлага тооцдог байгуулага. Зарим асуудлыг улс төрийн зорилгоор шийдэхгүй дарчихдаг бол заримыг нь сонгууль дөхөхөөр гаргаад ирдэг. Тиймээс л санхүүгийн хяналтыг хийдэг бие даасан байгууллага хэрэгтэй гэж дахин дахин хэлээд байгаа учир нь энэ. Ийм институт байхгүй бол цаашид мөнгө угаасаар, арилжааны банкууд дампуурсаар л байх болно. Дээрээс нь дампуурлын хууль гэж үнэн дампуу хууль байна. Дуртай үедээ бизнесийн байгууллагын дампуурлыг төр нь зарлаад л дампуурчихдаг. Уг нь олон улсад үе шаттай арга хэмжээ авдаг. Эхний ээлжинд дампуурах эрсдэлтэй байгаа тухайн байгууллагын гүйлгээ хийгдэхгүй, гэхдээ үйл ажиллагаагаа явуулна, харин эргэлтийн хөрөнгө гэж байхгүй гэж мэдэгддэг. Ингээд тодорхой хугацаанд хувьцаа эзэмшигчид дахин санхүүжилт авах, эсвэл хувьцаагаа арай хямд үнээр зарлах боломж өгдөг. Тухайлбал, 2003 онд АНУ-ын United airlines компанийг дампуурах үед төрөөс санхүүжилт өгч, тодорхой хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй дэмжлэг үзүүлж байсан. Энэ эрүүл, хувьцаа эзэмшигчдийг хохироохоос сэргийлсэн дампуурлын хуулийг сайжруулах хэрэгтэй байна.
-Дампуурлын хуулийг өөрчлөх гэж үзсэн үү. Бизнест улс төрийн оролцоог яаж бууруулах ёстой гэж үздэг вэ?
-Өөрчлөх гэж олон удаа оролдсон. Гэвч ултөрчид хүсдэггүй. Учир нь тэдэнд дампууруулах нь ашигтай байдаг юм шиг байна лээ. Зарим нэг хадгаламж зээлийн хоршоо, Анод, Зоос банкуудыг дампуурахад хэнд ашигтай байв, зээл авсан эрх мэдэлтнүүдэд, ингэж байж банкны барьцаанд байгаа уул уурхайн лицензийг шилжүүлж авах, авсан зээлээ цайруулах гээд үүний цаана хууль бус ажиллагаа хийгддэг. Улс төрийн өнөөгийн тогтолцоо нь бизнесийн салбарт эрх мэдлээр дамжуулж үйл ажиллагааг дарамтлах, нөлөөлөх юм болов уу даа. Монгол Улс парламентын засаглалтай л гэдэг. Угтаа бол хагас Ерөнхийлөгчийн засаглалтай улс шүү дээ. Өнгөрсөн 30 жилд ардчилал бий болгож үр дүнг нь хүртсэнгүй гэсэн популизм хийх болсон. Үүний цаана хөгжиж байгаа парламентын засаглалаа үгүй хийж Ерөнхийлөгчийн засаглалтай болох гэсэн бодлого байхыг үгүйсгэхгүй. Ер нь бол сонгодог парламент уруу шилжиж дээд, доод танхимтай болж байж л бизнест улс төрийн нөлөөллийг бууруулах л боломжтой.
-Шинэ Үндсэн хуульд гишүүдийн тоог нэмэх санаачилгыг АН-аас гаргасан. Гэсэн ч дэмжигдээгүй?
-Гишүүдийн тоог 108 болгох санал гарсан. Гэвч ийм болгохыг эрх баригчид хүсэхгүй. Тэдэнд цөөхөн байх тусмаа кноф худалдаж авахад нь ашигтай шүү дээ. Дээрээс нь сонгодог парламентын түвшинд дээд, доод танхимтай болох санаачилгыг ч дэмжигдээгүй. Өмнөх шигээ Их хурал, Бага хурал шиг болчихвол УИХ-ын гишүүдийн эрх мэдэл буурах учраас тэд үүнийг яасан ч хүлээн зөвшөөрөхгүй. Уг нь сонгодог парламенттай байж гэмээн эх орон маань хөгжинө.
-Ард иргэдийн дунд явуулсан нийгэм, эдийн засгийн судалгааны дүнг товч хэлбэл?
-Ард иргэд нийт 10 зүйлийг хүсч байна. Үүнд,
1. Байнгын ажилтай, орлоготой болох
2. Өндөр цалин хөлстэй болох
3. Цалин тэтгэврийн хүртээмжийг нэмэх
4. Өрх бүр орон сууцтай болох
5. Газартай болох
6. Түүхий эдийн үнийн уналтыг тогтвортой барих, нэмэгдүүлэх
7. Эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулах
8. Эрүүл мэндийн үзлэг оношилгооны хөнгөлөлт эдлэх
9. Гэмт хэрэггүй, аюулгүй орчинд амьдрах
10. Гэр бүлийн тайван амьдрал
Дээрх иргэдийн хүсэлт, хэрэгцээний дийлэнх нь мөнгө, санхүүгийн нөхцөл байдлаас үүсч байгаа. Иргэд, өрх бүрт бизнес, төр засагт мөнгө санхүү хэрэгтэй учраас төсөв, мөнгө, хөрөнгийн бодлогоор л зах зээлийн тогтолцоог шинэчилж улс төрөөс хараат бус байлгаж санхүүгийн зах зээлийн засаглалыг сайжруулахгүй л бол дөрвөн жилийн циклээр явсаар бодит өсөлтийг бий болгож чадахгүй болчхоод байна.
Иймд санхүүгийн зах зээл, тэтгэврийн шинэчлэл, боловсрол гээд хэд хэдэн чухал салбарт реформ хийх зайлшгүй шаардлагатай байна. Үүнийг бодлогоор, хуулийн шинэчлэл хийж хэрэгжилтийг хангуулах байдлаар л хийнэ дээ.
-Ярилцсанд баярлалаа.