Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
П.Батхишиг: Хотын төвлөрөл бизнесээ дагаж саардаг

“Уухай” хөдөлгөөний гишүүн, менежментийн зөвлөх П.Батхишигтэй ярилцлаа.

-Таныг хот төлөвлөлт, хөгжлийн асуудлаар мэргэшсэн гэж сонслоо. Манай нийслэлд тулгамдаж буй маш олон асуудал бий. Энэ бүхэн дээр танд ямар гарц, шийдэл байгаа бол гэдэг үүднээс ярилцах хүсэлт тавьсан юм?
-Дэлхий нийт өнөөдөр маш хүчтэй хотжиж байна. Хотод яагаад хүмүүс татагддаг юм бэ гэхээр ажиллах, сурах, хөгжих, бизнес эрхлэх, бизнесээ хөгжүүлэх олон боломж энд байдаг юм. Нөгөө талаас аялал жуулчлал, эдийн засаг, нийгмийн асар том төв гэдэгтэй санал нийлэх биз. Зарим хүмүүс Улаанбаатар хот эхнээсээ 400-800 мянган хүний даацтай зохион байгуулагдсан гэх мэт судалгааны талаар ярьдаг. Би бол хотын даацыг заавал дэд бүтцээр нь хэмжих шаардлагагүй гэж хардаг. Өөрөөр хэлбэл, энэ хотод боломж л байгаа бол бүх хүн ашиглахыг хичээнэ. Бүх бизнес энд оршихыг хичээнэ шүү дээ. Тэгэхээр даацын тухай ярихаас илүү хот дээр ямар менежментийн зохион байгуулалт хийх вэ гэдэгт анхаарлаа хандуулах нь зөв болов уу.
-Жишээлбэл, ямар асуудал дээр ямар менежмент хийж шийдэх боломжтой байна вэ?
-Саяхан хотын дарга маань хийж байгаа ажлынхаа төлөвлөгөөний биелэлтийг 92 хувьтай байна гэж ярьлаа. Гэхдээ энд “Аз жаргалтай хот”, “Амьдрахад таатай хот” гэдэг хоёр концепци холигдож яригдаад байна. Тэгэхээр манай хот ямар концепцтой хот болох юм бэ гэдгээ эхлээд тодорхойлох хэрэгтэй. Ухаалаг хот юм уу, амьдрахад таатай хот юм уу, И-хот юм уу, бизнесийн төв хот юм уу гэх мэтээр ямар нэг хот болох ёстой. Өнөөдөр Улаанбаатар хот маань амьдрахад таатай хот болох гээд байгаа юм шиг байна. Ийм хот болохын тулд түүнд багтах эхний арван үзүүлэлт рүү явах ёстой болно. Миний ойлголтоор амьдрахад таатай хот гэдэг бол иргэн төвтэй, иргэнийг таатай амьдрах нөхцлийг бүрдүүлэх ёстой болно гэсэн үг. Мэдээж, нийслэл хотод маань сайн сайхан зүйлүүд бий болж байгааг үгүйсгэх аргагүй. Утаа нүдэнд үзэгдэх байдлаасаа багасч байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээнд нийслэлийн оруулах үүрэг нэмэгдэж байна. Янз бүрийн дэвшилтэт техник технологийн компаниуд үйл ажиллагаа явуулдаг боллоо. Гадны хөрөнгө оруулалтууд орж ирж байна гэх мэт. Гэлээ гэхдээ өнөөдөр нийслэл хотуудын хөгжлийг үнэлдэг хөндлөнгийн үнэлгээгээр Улаанбаатар хот маань 140 орноос 100 дугаар байранд байна. “Амьдрахад таатай хот” гэдэг концепц дотор үндсэндээ 10 үзүүлэлт бий. Тухайлбал, хотын аюулгүй байдал хэр хангагдсан бэ, боловсрол эрүүл мэндийн үйлчилгээ, эдийн засгийн хөгжил, байгаль орчин, ногоон бүсийн байдал ямар байна, тээврээ яаж шийдэж байна, хүмүүсийн чөлөөт цаг өнгөрөөх газрууд хэр хөгжиж байна, хүн амын нягтшил, дэд бүтцийн хангамж гэсэн үзүүлэлтүүдээр хэмжигдэж байгаа. Тэгэхээр энэ бүхэн дээр детальчлаад ярьвал дуусахгүй яриа болно л доо. Хэлэх гээд байгаа гол санаа маань энэ концепцдоо чиглэсэн зорилго зорилт тавьж хөгжих тухай ярьж байгаа юм.
-Хоёулаа зарим нэг асуудал дээр төвлөрч ярилцья. Тухайлбал, нийслэл хотын түгжрэлийн асуудал дээр ямар менежмент хийвэл тодорхой үр дүн хэрхэн гарах вэ?
-Бид асуудлын голыг олох хэрэгтэй. Түгжрэлийг бууруулах гээд зүүн эргэдэг болголоо, уулзвар бөглөрч байна гээд замыг нь өргөсгөлөө. Сургуулийн автобус явуулж үзлээ. Гэсэн ч асуудал шийдэгдсэнгүй. Хотод түгжрэл үүсгээд байгаа гол шалтгаан нь юу юм гэдгийг бид хичээл, сургууль амрахаар ойлгож байна. Учир нь хүүхдүүд гэрийнхээ ойролцоо, хамран сургах тойрогтоо суралцаж чадахгүй байна. Энэ асуудлыг хүчээр, захиргааны аргаар шийдэх боломжгүй. Энд цэвэр менежментийн ухаан ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл, шинэ баригдаж буй хорооллуудад хэдэн сургууль, цэцэрлэг байх вэ гэдэг асуудлыг эхнээс нь газар олгохдоо, барилга барихдаа шийдээд явах хэрэгтэй. Хот доторх бүсчлэлийн бодлого гэж бий. Баянмонгол хороолол, Дүнжингарав хорооллыг хар. Яг энэ жишгээр явсан. Тэнд хүн амьдарна гэдгийг тооцоолоогүй байна шүү дээ. Энэ мэт олон асуудал концепцдоо баригдаж, хариуцлагатай ажиллагаагүйн улмаас манай нийслэл амьдрахад таагүй хот болчихлоо.
-Нийслэлийн удирдлагууд зогсоолын асуудлыг шийдвэрлэх гээд бүсчлэл тогтоож үзсэн ч төдийлөн амжилт олсонгүй. Энэ асуудал дээр танд ямар шийдэл байна?
-Зогсоолыг нэмэх бол нэг их үр дүнтэй биш. Харин ч эсрэгээрээ амьдрахад таатай хот гэвэл хүндээ зориулсан дэд бүтцүүдээ хөгжүүлэх хэрэгтэй. Явган хүний алхдаг зам, дугуйн замыг нэмэх ёстой. Хоёрт, зогсоолын төлбөрийг өндөр болгох хэрэгтэй. Өглөө гэрээсээ машинтай гараад ажлынхаа гадна найман цаг машинаа байрлуулаад 20 мянган төгрөг төлөх үү. Эсвэл машингүй ирэх үү гэдэг сонголт дээр хүмүүсийг аваачих хэрэгтэй. Өнөөдөр зогсоолын төлбөрийн асуудал машинаас татгалзах хэмжээнд хүртэл биш байна. Гуравт нь, нийтийн тээврийг зохицуулах ёстой. Энэ мэт олон асуудал нийслэлд бий. Тэгэхээр энэ бүхнийг том зургаар нь цаашид яаж, засаж сайжруулах вэ гэдэг дээр илүү төвлөрч яримаар байна.
-Тэгэлгүй яах вэ. Үүнийг л сонсмоор байна?
-Эхний ээлжинд зорилгоор дамжуулж удирдах тухай ярих нь зүйтэй болов уу. Жишээлбэл, Сүхбаатар дүүрэг энэ жил ямар зорилт тавьж байгаа юм. Асуудал нь юундаа байна. Жилийн дараа ямар болох ёстой вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Гэтэл манайхан яадаг вэ гэхээр жилийн эцсийн тайлан ч юм уу, сонгууль болохоор хаанаас ч юм баахан үзүүлэлтүүд гаргаж ирээд ярьж эхэлдэг. Манай дүүрэг энэ жил 50 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орууллаа гэдэг. Сайн байна. Гэхдээ тухайн дүүрэг хороонд 500 хүүхэд цэцэрлэгт явах хэрэгцээтэй байхад 50 хүүхдийнхийг оруулна гэдэг өөрөө сайн үзүүлэлт мөн үү, биш үү. Энэ бол менежментийн үндсэн ойлголт дутаж буйг харуулж байгаа юм.
Хоёрт, зорилгоор дамжуулж удирдахын тулд хэрэгжүүлэх арга зам буюу стратегиудыг бид тодорхойлж өгөх ёстой. Жишээлбэл, ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ гээд бичээд байхаас илүү өнөөдөр хотын нэг иргэнд 3.6 мкв ногоон байгууламж ногдож байна. Дэлхийн хотуудад нэг хүнд 20 мкв ногоон байгууламж оногддог юм байна. Тэгэхээр энэ тоон үзүүлэлтийг дараа жил гэхэд нэг дахин нэмэгдүүлнэ гэдэг ч юм уу. Яг үүн шиг тодорхой үзүүлэлтүүдээ хот маань гаргаж тавиад тэрийгээ жил жилд нь хэмжээд явах хэрэгтэй. Үүний үр дүн нь иргэнд очиж байвал одоо хот, дүүргийнхээ хөгжлийг бодитоор хэмжиж чаддаг болно гэсэн үг. Тэгэхээр энэ механизмыг бид ажиллуулах цаг болсон.
-Ярих, хийх хоёр хол зөрүүтэй гэлцдэг. Хотын удирдлагууд ч гэсэн мэдээж, энэ талаар тодорхой хэмжээний ойлголттой байдаг болов уу. Гэхдээ яагаад ажил хэрэг болдоггүй нь сонирхолтой юм?
-Энэ бол фантаз юм уу мөрөөдөл маягаар хэлсэн зүйл биш. Хэрэгжих боломжтой зүйл л дээ. Хотын ерөнхий төлөвлөгөө гээд байдаг. Тав зургаан удаа шинэчлэгдээд явлаа. Манай нийслэлд Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Жайка олон улсын байгууллагатай хамтарсан маш олон төлөвлөгөө байдаг. Эхнээсээ 2020 оны мастер төлөвлөгөөний хугацаа дуусч байна. 20 онд хэрэгжиж дуусах төлөвлөгөөний биелэлт өнөөдөр хэдэн хувьтай байгаа, хаана байгааг нь дүгнэх ёстой байтал тэрийгээ ярилгүй 30, 40 оны төлөвлөгөөг гаргаж эхэллээ. Өөрөөр хэлбэл, төлөвлөгөөний хугацаа ойртоод ирэх тусам улам илүү урт хугацаатай төлөвлөгөө боловсруулаад байгаа юм. Тэгэхээр энэ олон төлөвлөгөөг ажил хэрэг болгоход менежмент дутагдаж байна л гэж хардаг.
Хэрэв хотыг урт хугацаанд хөгжүүлье, хотын төвлөрлийг сааруулж, дагуул хот хөгжүүлэх гэж байгаа бол эхний ээлжинд хотынхоо нутаг дэвсгэр, заагийг шинэчилж тогтоох хэрэгтэй. Миний уншиж мэдсэнээр хотын төвлөрөл бизнесээ дагаж саардаг. Тэгэхээр хотын хүнсний аюулгүй байдлыг хангах газар нь хаана байх юм, үйлдвэрийн парк нь хаанаа хөгжих юм гэх мэтээр төлөвлөх хэрэгтэй. Түүнээс биш хотын захиргааг нүүлгээд төвлөрөл арилахгүй болов уу. Ганцхан жишээ татахад, Эмээлтийг аж үйлдвэрийн парк гэж үзэж байгаа бол тэнд нь арьс шир нэхийг нь боловсруулдаг дэд бүтцийг нь тавиад, ажилладаг хүмүүсийг нь хотоос шилжүүлж, тэнд нь ажил төрөл, байр сав, сургууль цэцэрлэгийн асуудлыг нь цогцоор нь төлөвлөөд өгөх хэрэгтэй.
Үүнээс гадна, маш тодорхой зүйл бол хотод хариуцлагын тогтолцоо бүрдээгүй байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хот дээр хэн ямар хариуцлага хүлээж байсан юм. Хотын хууль дүрэм, норм стандартыг зөрчсөн асуудал хэн нэг дарга хариуцлага хүлээхийг харсан уу. Айлын бүхэл бүтэн байшинг нар хаагаад барилга барьсан байдаг. Тоглоомын талбай, ногоон байгууламж, сургууль, цэцэрлэг баригдах талбайг мөнгөтэй компаниуд авчихдаг. Яагаад үүн дээр зөвшөөрөл өгч байгаа юм, ерөнхий төлөвлөгөөг хэн хэрэгжүүлж байгаа юм, хариуцаж байгаа эрх мэдэлтэн албан тушаалтнууд үүн дээр яагаад хариуцлага хүлээдэггүй юм бэ. Тэгэхээр үүн дээр засаглалын асуудал яригдана. Эрхзүйн байдлын тухай хуулийн заалт дээр засвар хийх хэрэгтэй болно гэсэн үг.
-Үүнээс гадна, иргэдийн оролцоо бас үгүйлэгдэж байх шиг санагддаг?
-Би түрүүнд бас хэлсэн. Хотын иргэн хүн эрхээ зөрчүүлснийхээ төлөө ямар нэг хотын эрх мэдэлтэнтэй шүүхдээд ялсан тохиолдол тун цөөхөн байдаг. Хэрэлдсээр байгаад нөгөө байшин баригддаг. Хороолол босдог, хөгшидийн нарладаг талбайг барилгын компани авч л байдаг. Гэхдээ сүүлийн үед иргэд өөрөө энэ байдалд хяналт тавьж эхэлж байна. Жишээ нь, 120 мянгатын ногоон бүсийн асуудал дээр иргэд компанитай шүүхдээд авч үлдэж чадлаа. Тэгэхээр иргэдийн оролцоог хангаж өгөх нь хотын хөгжлийг хурдасгах гол түлхүүр гэж харж байна. Иргэдийн оролцоо, мэдэх эрхийг хангаад өгөх юм бол хичнээн мангар засаглал байсан ч иргэд шаардлагаа тавьж, маш том хяналтын механизм бий болгож чадна. Хуучин социализмын үед асуудлыг дарга мэдээд арга хэмжээ авдаг байсан. Одоо бол менежментийн талаасаа эсрэгээрээ иргэн мэдээд 1.5 сая иргэн хөндлөнгийн хянагч болох боломжтой юм.

эх сурвалж "Ардчилал таймс" сонин

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com