“Эрдэмтэд, сэтгүүлчид” клубын урилгаар “Ногоон нүдэн лам”, “Жаран цагаан хонь” романы зохиогч Ц.Оюунгэрэл “Бестселлер ном бичих ноу хау” сургалт хийсэн юм. Энэ сургалтын дараа сонсогчдын асуултад хэрхэн хариулсныг хүргэж байна.
АНХНЫ НОМОО ТАНИЛЦУУЛАХ ГЭЖ 12 СЕКУНДЫН РЕКЛАМ ХИЙЖ БАЙЛАА
-Танигдаагүй зохиолч өөрийгөө яаж сурталчилах вэ. Та анх номын маркетингээ яаж хийж байв?
-Анхны номоо “Интерпресс”-т хэвлүүлсэн. Тэр үед Ц.Оюунгэрэл гэж зохиолч байгааг хүмүүс огт мэдэхгүй. Номоо бичээд зохиол хүлээж авдаг хүн рүү мэйлдээд, “Би ийм ном бичлээ, энэ ном зах зээл дээр борлогдох уу” гэж асуусан юм. Тэгэхэд Йелийн их сургуульд сурч байсан л даа. Америкаас номынхоо файлыг Интерпресс рүү илгээгээд удалгүй “Таны ном борлогдох юм байна. Таны номыг бид хэвлэнэ, маркетингийн төлөвлөгөөгөө гаргалаа. Та Америкаас ирэнгүүтээ бидний санал болгосон хүмүүстэй уулзаарай” гэсэн хариу ирсэн. Нэгдүгээр сарын 7-нд номын нээлтээ хийж, хаваржингаа сурагч, оюутнуудтай уулзалт уулзалт хийх төлөвлөгөө гаргасан байв. Сурагчид мөнгөгүй учраас тэр дороо борлогдохгүй. Гэсэн ч тэд эцэг эхдээ хэлдэг. Анхны сардаа 1000 ном борлогдсон. Тухайн үед Монголын номын зах зээлд Чингис хаан комиксын нэгдүгээр дэвтэр хамгийн их борлуулалттай байсан. 1000-аас дээш борлуулалттай ном тэр л байв. Интерпресээс олон юм сурсан. Дараагийн номоо гаргахдаа “Ногоон нүдэн лам”-ын маркетингээр ажилласан. Ногоон нүдэн ламын маркетинг яаж хийсэн гэхээр Хөвсгөл аймгийн бүх сум, багаар 45 хоног аялж, номын нээлт хийсэн. Лам нарыг авчирч ном уншуулж, хүмүүсээр хэлмэгдлийн түүхийг нь яриулаад, дуулаад, дээр нь номоо танилцуулаад, зараад Хөвсгөлийг тойрсон. 2008 онд Хөвсгөлд нэр дэвших санаатай байлаа. Тухайн үед номын нээлтийн зардал 3 сая төгрөг болсон. Дээр нь бас 12 секундын рекламыг бүх телевизээр явууллаа. Телевизүүд 12 секундээс доош реклам авдаггүй юм билээ. Оргил цагаар нь биш “нөхөөсөнд” явуулсан болохоор хямд байв. Хэд хэдэн телевизээр ийм реклам явуулахад сая төгрөг болсон. 12 секундэд юу хэлж амжсан гэхээр “Намайг Цэдэвдамбын Оюунгэрэл гэдэг. Би нөхрийнхөө хамт Ногоон нүдэн лам роман бичлээ. Та бүхэн уншаарай” гэдэг. Миний гол зорилго бол номоо зарах биш. Намайг Цэдэвдамбын Оюунгэрэл гэдэг гэж таниулах улс төрийн зорилготой байсан л даа. Тэр нь номын борлуулалтад маань ч сайнаар нөлөөлөв. Сонгуулийн үеэр хөдөөгийн айлд очиход маань горшоокон дээр сууж байсан хүүхэд “Ээжээ, Цэдэвдамбын Оюунгэрэл байна” гэж таньсан удаатай. (инээв)
Анхны гараа хүчтэй байсан учраас “Ногоон нүдэн лам” олон хувь борлогдсон. Аман цуугаар бас сайн тарсан. “Жаран цагаан хонь” дээр сурталчилгаанд мөнгө зараагүй. Интерномын хоёрдугаар давхарт нээлт хийсэн. Хоёр касс нь битүү хүнтэй. Нэг касс нь тэр үеэр эвдэрчихсэн. Нээлтийн өдрөө 1000 ном зарагдсан. Гоё ном бичихдээ үргэлжлэл байгаа юм шиг төгсгөөрэй. Жишээ нь би “Жаран цагаан хонь” романаа төгсгөхдөө “Хоёрдугаар дэвтэр төгсөв” гэсэн.
“НААДАХАА ХОГИЙН САВАНД ХАЯ” ГЭСЭН
-Жефф та хоёр барууны зах зээлийг их судалсан байх. Номоо бичихдээ барууны стандарт ашигладаг уу?
-Та нарт яриад байгаа юмаа Америкт зохиолчдын сургалтад сууж байж мэдэж авсан юм. Анх “Ногоон нүдэн лам”-аа бичихдээ1000-аад хуудас, бүтэн 60 жилийн үйл явдал биччихсэн байв. Тэр номоо Америкт зохиолчдын сургалтан дээр аваачиж үзүүлэхэд “Наадах чинь өнцөг ч алга, XXI зууны уншигч сонирхохгүй хэлээр бичсэн байна” гэсэн. Эхний хуудсыг нь уншаад л “Наадахаа хогийн саванд хая” гэж байгаа юм чинь. Тэднээр заалгаж байж ном бичих урлагийг ойлгосон. “Миний ажлын ноу хау” дээрээ “Ном зохиогч” хэсэгт тэдний өгсөн зөвлөгөөг бичсэн байгаа.
-Хүнд хэрэгтэй юм бичвэл олон хүн авдаг гэлээ. Хүнд хэрэгтэй юу хэлж чадахаа олох хэцүү юу?
-Тэрийг олохын тулд хүмүүстэй их уулзаж ярилцах хэрэгтэй. Ерөнхий сайд асан Р.Амаржаргал бид хоёрын хооронд нэг хөгжилтэй яриа болсон юм. Мань хүн “Хүүш ээ, Оюунгэрлээ чиний ном яагаад бестселлер болоод байдаг юм бэ” гэхгүй юу. Тэгэхээр нь “Би хүнд хэрэгтэй юм бичдэг” гэлээ. “Хүнд хэрэгтэй гэж яаж мэддэг юм бэ” гэж яг чам шиг асууж байна. “Би энд тэнд очиж лекц уншдаг. Лекцийн дараа хүмүүс асуулт асууна. Би түүнийг нь бичиж авдаг. Хамгийн их давтагдаж байгаа асуулт хамгийн дутагдаж байгаа мэдээлэл байдаг. “Өө ийм юмыг хүмүүс мэдэхгүй байгаа юм чинь энийг биччихье” гээд сэдвээ олчихдог гэсэн чинь мань хүн “Ямар сэргэлэн юм бэ, маркетингийн судалгаагаа уулзалтан дээр хийчихдэг юм байна шүү дээ” гэсэн. Мань эр энд тэнд очоод, макро эдийн засгийн лекц уншихад нь зарим хүн шал тэнэг юм асуудаг юм байна л даа. “Ийм юм асуугаад, тэнэг хогнууд вэ” гээд уур нь хүрээд хаяад явчихдаг гэсэн.
Уулзалтаас би их юм олж авдаг. Хүмүүсийн нүд нь “асаад”, асууж байгаа асуулт хүнд хэрэгтэй талх нь байдаг. Талх, торт, мах өгөх үү гэдгээ хүмүүстэй уулзаж байж мэддэг. Бас нэг алдартай хүн бий. Дэфакто Д.Жаргалсайхан ном гаргажээ. Олигтой борлодоггүй гэнэ. “Чи яаж ингэж борлуулаад байна аа” гэж надаас асуусан юм. Тэгэхээр нь би “Таны номыг уншихын тулд хүн гадаад хэл сурах хэрэгтэй. Эдийн засгийн боловсролтой байж таны бичсэнийг ойлгоно. Миний номыг ойлгохын тулд хүн 35 үсгээ л мэддэг байхад хангалттай” гэсэн юм.
Ямар ч боловсрол шаардахгүйгээр энгийн бичдэг гэсэн л дээ. Шинжлэх ухааны сэдвийг хэн ч ойлгохоор энгийн хэлээр бичихийн тулд “орчуулах” шаардлагатай. Миний “Гэрт болсон яриа” бол эмч хүний өвчтөндөө хэлж, ойлгуулах гэж хичээдэг зүйлсийг өгүүлсэн ном. Хэрвээ эмч үлгэр ярьдаг бол ингэж хэлнэ дээ гэж бичсэн. Энэ бүхнийг анзаарахгүйгээр уншсан хүн бол “Ц.Оюунгэрэлийн ном амархан уншигддаг” гэдэг. Яагаад гэхээр би мэддэг үгээр нь, танил жишээгээр нь бичдэг. Үнэндээ ингэж бичихийн тулд дотроо асар олон бодлого боддог юм шүү.
БИЗНЕСИЙНХЭН ЖОРЛОНГ МААНЬ БУЛААХ ҮЕД Л НОМОО БИЧНЭ ДЭЭ
-Нэг хүний амьдралаар хэдэн ном хийж болох вэ. Таны эмээгийн амьдралын нэгээхэн хэсэг гэхэд л хоёр зузаан боть болоод байгаа. Нэг улстөрч эмэгтэйн бичсэн номыг нь харахад маш зузаан боть болсон байсан. Бүх амьдралаа хүүрнэн өгүүлэх ёстой юм уу, аль хэсгийг нь аваад алийг нь хаях ёстой вэ?
-Та нар ном ямар байх ёстой вэ гэж битгий бод. Хэнд зориулж байгаа билээ, ямар зах зээлд, юу өгөх вэ л гэж бод. Тухайн хүн номын тавиурт байх цөөн хэдэн хувь хэвлэх ном хийхээр зорьсон байж болно. Би бол хүний цүнхэнд орох зорилготой байна шүү дээ. Тэгэхээр миний ном жижигхэн, хөнгөн, бага порцтой байх ёстой болно. Зорилгоо тодорхойлохдоо номын сангийн тавиур дээр очих уу, гал тогоонд очих уу, унтлагын өрөөнд очих уу, хүний цүнхэнд явах ном уу гэдгийг анхнаасаа бодох учиртай. Хүний өдөр тутмын хэрэгцээ талх, тансаг хэрэглээ торт. Зайлшгүй хэрэгцээтэй бус, тансаг хэрэглээнд зориулсан ном байж болно. Зарим хүнд борлуулалт чухал биш. Ном гаргасан гэдэг л чухал байдаг. Ийм ном зарлага л гаргадаг. Бидний өнөөдрийн сургалт орлого олох ном яаж бичих вэ гэдэгт л зориулагдсан.
-Монголд бестселлер номын зохиогчид ихэвчлэн эмэгтэйчүүд байдаг. Та бусад зохиолчидтойгоо хэр холбоотой байдаг вэ?
-Эмэгтэй зохиолч нар зах зээлээ мэдэрч байгаа юм. Хуучин системийн хамаг элитүүд нь эрэгтэй зохиолчид байсан. Эрэгтэй зохиолч нар улс мөнгийг нь төлөөд, худалдаж аваад, борлуулалтын сүлжээгээрээ зарж өгдөг схемээр зохиолоо бичиж дадсан. Эмэгтэй зохиолч нарт тийм орон зай байгаагүй. Сайн эрэгтэй зохиолчид хуучных шиг схемээр сайд, дарга таньдаг байж олон сүлжээгээр борлуулах аргад найддаг. Над шиг бор зүрхээрээ яваа хүмүүс зах зээлээ түрүүлж мэдэрсэн.
-Таны номыг зарим эрэгтэй зохиолчид шүүмжилдэг. Тийм үед хэцүү байдаг уу?
-Намайг цочроодог ганц юм мөнгө багасах. Надад бол шүүмжлэх тусам сайн. Олон хүн “Энэ одоо юу биччихсэн юм бэ” гээд шүүмжилсэн үед борлуулалт сайжирдаг.
-Улс төрд явсан түүхээ бичвэл дараагийн удаа улс төрд орох эмэгтэйчүүдэд тустай юм биш үү. Ийм ном бичих үү?
-Ном бичихэд цаг л хэрэгтэй. Надад үнэхээр ном бичиж суух цаг алга. Би яагаад “Жаран цагаан хонь” романаа бичиж чадахгүй есөн жил болсон гэхээр завгүй л явсан. Гэхдээ судалгаагаа хийгээд л байсан. Яагаад энэ номыг бичих цаг олдсон гэхээр сонгуульд ялагдсан. Миний утас тасралтгүй хангинаж байснаа сонгуулийн маргааш нэг ч хүн утасдахгүй, бүтэн жил мэйл ч ирээгүй. Ийм вакум орчинд номоо бичсэн. Одоо бол жорлон гэж гүйгээд, ном бичихэд үнэхээр төвлөрч чадахгүй байна. Бизнесийнхэн жорлонг маань “булаах” үед л би номоо бичнэ дээ. Том ном бичихэд төвлөрөл хэрэгтэй. Жижиг номыг бол УИХ-ын чуулганы ирц бүрдэхийг хүлээх хоорондоо ч биччихдэг. УИХ-ын гишүүн байхдаа “Монголоо таниулъя”, “Соёлоо таниулъя” гээд хоёр ном бичсэн. Би яг есөн цагт ирээд компьютерээ асаадаг. Манай гишүүд цувж орж ирээд л байдаг. 10 цаг гэхэд ирц бүрддэг, би ч өдөрт таван хуудас бичих нормоо биелүүлсэн байдаг.
эх сурвалж : "Ардчилал таймс" сонин