Говь-Алтай аймагт 1990 онд МоАХ байгуулахад МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан Б.Галаарид даргаар нь сонгогджээ. Сонирхолтой нь тухайн үед аймгийн даргаар хошууч генерал С.Пүрэв ажиллаж байжээ. Тухайн үед нэг ч сум байнгын цахилгаангүй, 19-23 цагт л зурагт үзэх боломжтой аймаг байсан аж. Энэ талаар МоАХ-ны анхдагчийн нэг
Д.Дүгэрсүрэнтэй ярилцлаа.
-1990 онд хаана МоАХ-ны салбар байгуулж явсан бэ?
-Би тэр үед Говь-Алтай аймгийн төвийн 1-р арван жилийн хичээлийн эрхлэгч байсан.
-Хичээлийн эрхлэгч хүн МоАХ байгуулж болдог байсан юм уу?
-Говь-Алтайн МоАХ-ны салбарыг 1989 оны арванхоёрдугаар сарын 16-нд долоон залуу нийлж байгуулсан юм. Алтайн хөгжил сонины сурвалжлагч Б.Галаарид, Б.Баярсайхан, фото зурагчин Г.Лхагваа, АУДуС-ийн хичээлийн эрхлэгч Д.Батсайхан, Аймгийн боловсролын хэлтсийн байцаагч Ч.Гантулга, 1-р сургуулийн хүмүүжлийн эрхлэгч Б.Наранцацрал үйлдвэрчний хорооны дарга Ч.Чинзориг нар байгуулсан. Хурлаар сэтгүүлч Б.Галааридыг зохицуулагчаараа сонгосон байдаг. Тэр үед аймгийн даргаар Б.Пүрэв генерал, намын даргаар Д.Даваацэрэн ажиллаж байсан. Дөнгөж байгууллагдсан МоАХ-ны салбар зөвлөлөөс аймгийн намын дарга, Захиргааны дарга нарт долоон зүйлтэй шаардлага хүргүүлсэн.
-Хэр мэдээлэлтэй байсан бэ, нийслэлд анхны цуглаан байгуулаад долоо хонож байсан?
-Тэр үед Говь-Алтай аймагт орой 19-23 цаг хүртэл л зурагт үзэх боломжтой. Нийслэлд болсон юмны тухай хальт мулт мэдээлэл авна л даа. Сэтгүүлч залуучууд байсан болохоор өөр ч шугамаар мэдээлэл авдаг байсан байх. Найз нөхдийн холбоо сүлбээ гээд олон суваг бий шүү дээ.
-Байгуулсны дараа бөөн дарамт ирнэ биз?
-Анх байгуулсныхаа дараа тодорхой хугацаанд нууцаар үйл ажиллагаа явуулж байсан. Удалгүй дараах долоон шаардлагыг аймгийн удирдлагад өгсөн юм. Үүнд Говь-Алтай аймгийн МоАХ-ны салбарыг хүлээн зөвшөөрөх, иргэдэд шашин шүтэх эрх чөлөөг эдлүүлж, сүм хийдийг сэргээх, хүний үг хэлэх, санал шүүмжлэл гаргах эрх чөлөөг эдлүүлэх, аймгийн хэмжээний хурал зөвлөгөөнд ардчилсан хүчний төлөөллийг оруулах, Алтайн хөгжил сониныг аймгийн нам захиргааны мэдлээс гаргах зэрэг шаардлага тавьсан.
-Шаардлагыг дарга нар хэрхэн хүлээж авсан бол?
-Б.Пүрэв дарга төв суурин газарт байсан, хашир, зальжин хүн учраас залуусын санал, бодлыг сонсох нь зүйтэй ухааны юм ярьж аргалаад гаргасан байгаа юм. Харин намын дарга Даваацэрэн маш их цочирдон хүлээн авч, нүүр ам нь улайн чинэрч байсан гэдэг. Залуучууд сүүлд нь настай хүнийг цочирдуулаад бие хаагий нь муутгачих вий гэж санаа зовсон тухайгаа ярьж л байсан.
-МоАХ-ны анхдугаар хуралд танайхаас хэн оролцсон бэ?
-Тэр үед Б.Галаарид маань сургууль төгсч ирээд Говь-Алтай аймагт ажиллаж байсан юм. Анх МоАХ байгуулсан долоон хүн тус бүр 100 төгрөг гаргаад Б.Галааридыг МоАХ-ны анхдугаар их хуралд төлөөлөгчөөр илгээсэн. Энэ мөнгө нь ямар ч байсан хот орчхоод ирэх зардал. Б.Галааридын эхнэр хүүхэд нь нийслэлд байсан нь чөлөө авах боломж л доо.
-Та нарыг хуралд явахыг аймгийн дарга нар мэдсэн үү?
-Тэр үед бидний дунд ямар нэгэн зөрчил үүсээгүй. Галаарид эхнэр хүүхдээ эргэх нэрээр ажлаасаа чөлөө аваад явж байгаа юм. Б.Галааридыг хот руу гаргаж өгөх гээд нисэх дээр очтол миний танил эмч Т.Баянхүү хот руу өвчтөн хүргэж өгнө гээд явж байна. Тэгээд би тэр хоёрыг “Сайн яваад ирээрэй” гээд л үдсэн. Дараа нь Ховдод ажлаар явж байгаад МоАХ-ны анхдугаар их хурлыг зурагтаар үзсэн юм. Гэтэл нөгөө хоёр маань тэр хурал дээр төлөөлөгч болоод сууж байна. Нэг нь бүр үг хэлж байна.
-Танд хуралд явах тухайгаа мэдэгдээгүй юм уу?
-Яг хуралд явах тухайгаа хоёулаа хэлээгүй.
-Та МоАХ байгуулсан тухай мэдээгүй юм уу?
-Мэднэ л дээ. Гэхдээ хуралд явсан тухайд бол мэдээлэлгүй байсан. Аймгаас явахдаа тэр хоёр бие биенээ мэдээгүй явсан. Говь-Алтай аймаг хоёр төлөөлөгчтэй гэхэд нэг нь нөгөөгөө мэдэхгүй учраас хэн юм бол гэж бодоод сууж байсан гэдэг. Гэтэл Баянхүү хурал дээр үг хэлээд нэгнээ таниж уулзалдсан байгаа юм.
-Хурлаас нэлээд мэдээлэл авсан биз?
-Авалгүй яахав. Гэхдээ нийслэлийнхэн мань хоёртой тусдаа уулзсан байгаа юм. Нэг хэсэг нь М.Баянхүүг дуудаж МоАХ-ны үйл ажиллагааны талаар зааварчилгаа өгсөн байхад нөгөө хэсэг нь Галааридад зөвлөгөө өгсөн байдаг. МоАХ-ны анхдугаар их хурлын дараа бид гуравдугаар сарын 3-нд аймгийн Ардын дуу бүжгийн Алтай чуулгад нээлттэй хурлаа хийж энэ үеэс аймагт МоАХ зохион байгуулалтад орж эхэлсэн.
-МоАХ байгуулахад ширээ сандлаас эхлээд байр сууцны асуудал гээд нэлээд бэрхшээл учирна даа?
-Тэгэлгүй яахав. Бичгийн цааснаас эхлээд л асуудал үүснэ шүү дээ. Гэхдээ бичиг номын хүмүүс байсан учраас зар, ухуулах хуудсынхаа цаасыг аргалдаг л байсан. Байрны хувьд Б.Галааридад сонины үйлдвэрээс нэг байр өгсөн. Нөгөөдөх нь хоосон хөндий байр. Түүнийг сайн ашигласан. Тэндээ л цуглаж хийх ажил, юмнуудаа төлөвлөж, боловсруулна. Тодорхой байртай болохоор дэмжигчид мэдчихээд улам хурдан өргөжиж байгаа байхгүй юу.
-Тэр үед иргэд яагаад та нарыг дэмжсэн юм бэ, одоо ардчилсан хүчнийхэн гэхээр цөөнгүй хүмүүс дургүйлхэж байна шүү дээ?
-Бүгдээрээ ардчилалыг буруутгаад байгаа гэж бодохгүй байна. Зарим ардчилагчдын үйл ажиллагааг шүүмжлэх бол байх асуудал. 1990 он хүртэл 100 хувь МАХН-ыг дэмжиж байсан. Гэхдээ анхны чөлөөт сонгуулиар ардчилсан хүчнийг хүн амын 40 гаруй хувь нь дэмжсэн шүү дээ. 2016 оны сонгуулийн саналыг харсан ч энэ орчим л дэмжлэгтэй байгаа. Парламентад л тусгалаа олоогүй байгаа юм. Тухайн үеийн бидний дэмжлэгийн хувьд бол өөр байсан. Аймгийн коммунист... нэртэй ахмад байсан юм. Тэр хүн аймгийн сонин дээр аймгийн дарга нарт ил захидал бичсэн. Түүндээ аймаг олон жил МАХН-аар удирдуулж байнга улсад түрүүлж, мөнгөн шагнал хүртэж, сайшаагдаж ирсэн. Гэтэл өнөөдөр Говь-Алтайн хөдөлмөрчдийн амьжиргаа муу байна гэж бичсэн байгаа юм. Ардчилсан хүчнийхэн ч энэ захидалд сониноор дамжуулан албан ёсны хариу өгөхийг аймгийн удирдлагаас шаардаж байсан. Маш их хэмжээний амьд мал Говь-Алтай аймгаар дамжин нийслэл рүү явдаг. Гэтэл манай аймагт кг-аар зардаг мах олддоггүй. Хэдхэн хоцрогдсон үйлдвэртэй. Хөдөлмөрчдийн цалин бага. Бусад аймгуудаасаа их хоцрогдсоныг хүмүүс мэдрээд байгаа шүү дээ. Үүнээс улбаалаад социализм гэдэг нэг л биш гэж бодож эхэлнэ биз дээ. Гэхдээ энэ бүхнээ хэлж чадахгүй л дээ. Боломж ч байхгүй. Энэ үед МоАХ гарч ирсэн. Амьдрал дордож байгааг, дарга нар муу удирдаж байгааг зоригтойгоор хэлж чадсан. Энэ л бидний дэмжлэг авах шалтгаан байсан.
-Сэхээтнүүд социализм болохгүй байгааг нэлээд эртнээс мэдсэн гэж ярих нь олширч байна?
-Үнэн. Гэхдээ түүнийгээ хэлж болохгүй. Хэлбэл Ц.Лоохууз, Б.Сурмаажав, Б.Нямбуу нарын амьдралыг туулна биз дээ. Өөрийгөө, гэр бүлээ тийм их зовлонд учруулахыг хүн хүсэх үү. Хэлмэгдсэн хүмүүсийн сүйрсэн амьдралыг хэн нэг нь, аль ч нам өнөөдөр нөхөж чадахгүй. Сэхээтнүүд хэвлэл их захиалж уншина. Д.Бямбасүрэн, К.Зардыхан нарын томчууд чинь 1980 оноос төр засгийн бодлогод шүүмжлэлтэй хандаж ирсэн шүү дээ. Тэдний бичсэн юмнуудыг байнга уншина. Тэр сэдвээр санал бодлоо солилцож, мэтгэлцэнэ. Заримдаа улайрсан маргаан болно. Гэхдээ малчид бас тийм ч их мэдээллээс хоцроогүй байсан байх.
-Яагаад холбоо харилцаа байхгүй байсан биз дээ?
-Тухайн үед малчид амьдрал муу, дарга удирдлага болохгүй байгааг родиогоор юм уу, гар утастай болж байж мэдэх шаардлагагүй л дээ. Одоо л нэг тийм сонин онигоо гарчхаад байгаа болохоос монгол өвгөдүүд цаг агаарыг цагаан хоолойноос мэддэг байгаагүй л дээ.
-Одоо гарсан онигоо нь юу вэ?
-Иргэд амьжиргааныхаа түвшинг сонгосон гишүүнээсээ мэддэг болсон гээ биз дээ. Тухайн үед олон малчид асууж байсан. Өөрчлөн байгуулалт хийгээд бидний амьдрал сайжрах уу, дарга нар яагаад өөрчлөн байгуулалт хийхэд саад болоод байна гэх мэтээр асууна. Мэдээлэлгүй хүн ийм асуулт нэг их тавиад байхгүй л дээ.
-Та нар 1990 онд Марксыг зүхнэ гэж зүүдэлж байсан уу?
-Юу гэж дээ. Ямар сайндаа Лениний таалал төгссөн өдөр малгайгаа авч байхав дээ. Гэхдээ энэ бол нэг их буруутгаад байх зүйл биш. Бид нэ л өдөр капитализмыг алгасаж, социализмд хүрнэ гэж зүтгээд чадаагүй. Анх өөрчлөн байгуулалтыг түргэтгэх л бодолтой байсан. Аажмаар, ардчилсан хувьсгалын өрнөлөөр, хил нээгдэхийн хэрээр нүд нээгдсэн. Үнэнийг хэлэхэд ардчилагчдын хувьд давааны цаана даваа л гэдэг болсон. Өнөөдөр бид 1990 өнөөгийн хүрсэн зах зээлийг мөрөөдөж байсан гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй. Харин сайхан амьдралтай орнуудын жишгийг дагах нь зөв гэж үзэж байсан гэвэл үнэнд нийцнэ. Ер нь МоАХ-ны бараг бүх салбаруудын анхны хйисэн ажлууд нь байгууллагуудын даргыг солих ажил байсан юм шүү. Миний мэдэхээр сэхээтнүүдийн дотор нэг сонин үзэл газар авч байсан юм. Нам, захиргаа гэсэн хоёр том давхардсан бүтэцтэй. Ажил хийх гэсэн нь захиргаа талаа, хөнгөн хялбар, зусар аргаар цалингаа ахиулж, хангамж эдлэх гэсэн нь нам талаа барааддаг байсан. Бүх албан тушаалууд нам захиргаа хоёрт хоёуланд нь байдаг. Гэхдээ нам илүү эрхтэй учраас захиргаагаа юм хийлгэхгүй байна гэсэн үзэлтэй сэхээтнүүд цөөнгүй байсан юм. Намд элсэх сэхээтнүүдийн тоог хязгаарладаг байсан нь ч нөлөөлсөн байх.
-Говь-Алтай аймагт 1990 онд цахилгаан эрчим хүчээр хангагдсан сум хэд байсан бэ?
-18 сумын нэг нь ч цахилгаанаар хангагдаагүй байсан. Бүгд том жижиг дизель станцтай. Тэд нь ажиллахаасаа ажиллахгүй нь их. Аймгийн төв ч ялгаагүй. Аймгийн төвөөс өөр газар зурагт байхгүй, дизель 2-3 цаг л ажилладаг байлаа.
-Хувьдаа машинтай хүн байсан уу?
-Дөрвөн машинтай хүн байсан сураг байдаг.
-Мянгат малчин байсан уу?
-Говийн бүсийн нөхцөлд нэг малчин өрх хувьдаа 75 толгой малтай байх тогтоол шийдвэртэй байсан шүү дээ.