Д.Соёмбо
Манай улс ФАТФ-ын саарал жагсаалтад орсноос хойш даруй дөрвөн сарын хугацаа өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд бид халаглан харуусч, бурууг бусдаас хайж, надаас чамаас болсон гэж улстөрийн намууд хэмлэлдэж, элдвээр сенсаацилсаар шинэ онтой золгосон. Шинэ он гармагц тэтгэврийн зээлээр буухиалж, коронавирусийн дуулианаар өртөөлж өнөөдөртэй золгоод байна. Бид ингэж дуулиан шуугианаар голоо зогоож, саарал жагсаалтаас гаралгүй удвал ямар эрсдэлтэй вэ. Юуны өмнө Монгол Улсын аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн гадаад гүйлгээ бүгд хяналтад орно, хаагдана, хязгаарлалттай болно. Картаар хийдэг гүйлгээнд ч хязгаар бий болно. Манай улсын гадаад нэр хүнд муудаж, гадаадын хөрөнгө оруулалт эрс багасч, бараг зогсоно гэх мэтээр олон улсад Монгол Улсын үнэлэмж сөрөг байдлаар очно. Манайх шиг хөгжиж байгаа орны хувьд энэ маш их эрсдэлийг дагуулах юм. Тэгэхээр саарал жагсаалтаас аль болох хурдан гарах хэрэгтэй. Үүний тулд эрх баригчид өнгөрсөн хугацаанд ямар ажил хийв ээ. ФАТФ-аас бидэнд хэд хэдэн үүрэг даалгавар өгсөн. Манай улсын хувьд хууль журам батлах, хяналт шалгалт хэрэгжүүлэх зэрэг бичиг цаасны ажил дээр нэг их асуудал үүсдэггүй бололтой. Хамгийн гол нь шууд хэрэгжилтийн үр дүн тааруу байдгаас саарал жагсаалтад орсон. Өөрөөр хэлбэл, эрх мэдэлтнүүдийн идсэн уусан, мөнгө угаасан гэмт хэрэгтэй бодитоор тэмцэж, ял хүлээлгэж, нөхөн төлүүлж, улсыг хохиролгүй болгосон тохиолдол тун ховор. Энэ талаар ШЕЗ-ийн ахлах референт Э.Ганцэцэгээс тодруулахад, “Өнгөрөгч 2019 онд мөнгө угаах гэсэн зүйл ангиар шийдвэрлэгдсэн хэрэг байхгүй байна. Харин 2018 оны тухайд хорин хүнд холбогдох таван хэргийг шүүх хянан шийдвэрлэсэн. Тэдний гурав нь хорих ял, хоёр нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн, 15 хүн нь тэнсэн харгалзах ял авсан” гэв. Авлига, албан тушаалтны гэмт хэрэгтэй ийм маягаар тэмцсээр байвал бид саарал жагсаалтаас гарах нь хэзээ бол.
Үүнээс гадна МАН мөнгө угаах гэмт хэргийн сонгодог жишээ болсон ЖДҮ-чин гишүүддээ өнөөдрийг хүртэл хариуцлага тооцоогүй байна. Тодруулбал, ЖДҮХС-аас гурван хувийн хүүтэй зээл авч, 30 хувийн хүүтэй банк бус, санхүүгийн байгууллагаар дамжуулан иргэдэд өгч, мөнгө угааж байсан нэр бүхий УИХ-ын гишүүд өнөөдөр юу ч болсон шинжгүй, дараагийн сонгуулиа бодоод явж байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн жиргэснээр, “УЕП-ын газар ийм найман тохиолдлыг олж тогтоосон” гэх мэдээлэл ч бий. Ямартаа ч, улсын бүртгэлийн ерөнхий газрын нээлттэй эх сурвалжид буй мэдээллээр, манай улсад нийт 595 ББСБ бүртгэлтэй буйгаас УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Ж.Энхбаяр, Б.Ундармаа, Я.Содбаатар, Д.Ганбат, Д.Бат-Эрдэнэ нар хувьдаа ББСБ эзэмшдэг нь тодорхой болоод байна. Энэ мэтээр ядарсан ард иргэдээ мөнгө угаах хэрэгсэл болгосон УИХ-ын гишүүд, эрх баригч МАН өөрсдийнхөө амьдрах арга хэрэгсэл болсон мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэж чадах эсэх нь эргэлзээтэй юм.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар намрын чуулганыг хаахдаа “Монгол Улс ФАТФ-ын “саарал жагсаалт”-аас богино хугацаанд гарах ёстой. Энэ бол Монгол Улс дэлхий дахинд нээлттэй байж, харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх, улс орныхоо хөгжил дэвшилд гадаадын хөрөнгө оруулалтыг ашиглах Монгол Улсын нэр хүндтэй холбоотой асуудал юм. Энэ чиглэлээр Улсын Их Хурал ихээхэн хүч чармайлт тавьж байгаа бөгөөд Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, олон улсын конвенцуудад нэгдлээ. Ингэснээр бид олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан хориг арга хэмжээний тогтоол, ФАТФ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх төрийн бодлогын нэгдмэл байдлыг хангах нэг гол нөхцөл бүрдэж байгаа юм” хэмээн мэдэгджээ.
Чухамдаа, эрхэм гишүүд, эрх баригчид маань мөнгө угаах гэмт хэрэгтэй цаасан дээр байлдаад байгаа болохоос бодит байдал дээр шууд үр дүн гаргаж хараахан чадаагүй байна. Энэ талаар Монголбанкны Хууль эрх зүйн газрын захирал Д.Аюуш мэдээлэхдээ, “2019 онд бид ФАТФ-аас үр дүнтэй байдлын хэрэгжилтийн дөрвөн асуудал дээр зургаан даалгавар авсан. Тухайлбал, нэгдүгээрт, шууд хэрэгжилт гурав буюу “Банкнаас бусад санхүүгийн салбар, нягтлан бодогч, хуульч, нотариатч, үл хөдлөх хөрөнгийн зуучлагч, алт, үнэт чулууны худалдаа эрхлэгчдийн эрсдэлийг үнэлэх, хяналт шалгалт хийх, зөрчил гаргасан этгээдэд авах арга хэмжээний үйл ажиллагаа хангалтгүй байна” гэсэн дүгнэлт өгөөд, үүн дээр хоёр даалгавар өгсөн. Энэхүү хоёр даалгаврын нэгийг нь хангалттай биелүүлсэн гэсэн үнэлгээ аваад байна. Хоёрдугаарт, шууд хэрэгжилт долоо нь мөнгө угаахтай холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагаа 2017 оноос хойш нэмэгдсэн боловч, гэмт хэргийн эрсдэлийн түвшин, шүүхээр шийдсэн хэргийн тоо хангалтгүй байна” гэж дүгнэгдсэн. Үүн дээр ямар нэгэн ахиц гараагүй байна гэсэн үнэлгээтэй байна. Шууд хэрэгжилт найм дээр нэг даалгавар авсан. Хилээр бэлэн мөнгийг мэдүүлэхгүй буюу худлаа мэдүүлж гаргахтай холбоотой зөрчилд авах арга хэмжээг сайжруулах шаардлагатай гэж үзэж байсан. Үүн дээр хангалттай биелүүлж, ахисан гэх үнэлгээ авсан. Мөн шууд хэрэгжилт 11 буюу Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй холбоотой НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой дутагдал байна. Мөн хяналт шалгалтыг сайжруулах шаардлагатай гэж үзээд, хоёр даалгавар өгсөн байдаг. Үүний нэг даалгаврыг биелүүлсэн байна гэж үзсэн. Энэ нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, уг асуудлаар урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй хийсэн байна гэж дүгнэсэн. Товчхондоо нийт зургаан даалгавраас гурвыг нь амжилттай биелүүлсэн гэсэн үр дүнтэй байна” гэжээ.
Эндээс харахад, дээр хэлсэнчлэн манай Засгийн газар мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хууль эрхзүйн орчныг сайжруулж, холбогдох байгууллагуудад заавар зөвлөгөө өгч, хяналт шалгалт хийх ажлаа урьдын адил сайн гүйцэтгэсээр байна. Асуудлын гол нь Засгийн газар, УИХ шууд хэрэгжилт буюу шүүхээр шийдүүлсэн хэргийн тоог нэмэгдүүлж чадахгүй байгаад орших юм. Манай улс мөнгө угаах гэмт хэргийн улмаас 2018 онд 663 тэрбум төгрөг, өнгөрөгч онд 11.9 их наядын хохирол амссан. Тэгэхээр энэ мэт хэргүүд дээр ямар хариу арга хэмжээ авахыг харж суух л үлдээд байна.
эх сурвалж : "Ардчилал таймс" сонин