Амны хаалтаас салахгүй, аль болох гадуур гарахгүй байхыг хичээж байна
Халдварт өвчний тархалтаас үүдэн хөл хорио тогтоосон өдрүүд үргэлжилж байна. Хүн бүхэн дор бүрнээ хувийн ариун цэвэртээ анхаарч, дархлаагаа дэмжих, амны хаалт зүүснээр энэ халдварт өвчнөөс өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалах бүрэн боломжтой. Гэсэн хэдий ч ямар асуудалд гурван хоног шуураад мартагнадаг монгол хүний хэнэггүй, хойрго зангаар халдварт өвчинд хандаж байгаа хүмүүс ч цөөнгүй. Тиймээс иргэдээс коронавирусийн халдвараас өөрийгөө болон гэр бүлээ хэрхэн хамгаалж байгааг тодруулсан юм. Эхний эмэгтэйг Б.Эрдэнэцэцэг гэдэг. Тэрээр ярихдаа “Манайх 3-12 насны дөрвөн хүүхэдтэй. Хүүхдүүдээ халдвараас сэргийлэхийн тулд юуны өмнө дархлааг нь дэмжиж амт чанартай, эрүүл хоол хүнс хийж өгөхийг хичээж байна. Миний хувьд халдвар гарсантай холбоотойгоор ажлаасаа хөл хорио тавигдах хүртэл чөлөө авсан. Хэдийгээр том хүүхэд маань 12 настай боловч гурван дүүгээ харахад хэцүү учраас ажлаа тайван сууж хийхгүй байх. Тийм болохоор ажлаасаа чөлөө авахаас өөр сонголтгүй болсон. Дээрээс нь хүүхдүүдийнхээ хичээлийг зурагтаар үзүүлж, гэрийн даалгаврыг нь хийлгэх том үүрэг гүйцэтгэж байна. Хүүхдүүдтэйгээ хамт хичээлийг нь үзээд, хичээлийг нь ойлгоод гэрийн даалгавар хийхэд амар болж байна. Бидний сурагч байхаас одоогийн сургалтын арга барил, ордог хичээл нь их өөрчлөгдсөн болохоор заримдаа хүүхдүүдийнхээ хичээлийг зааж, гэрийн даалгаврыг нь хэлж өгөөд хийлгэх нь хэцүү байсан. Харин одоо өөрөө хамт үзэж байгаа болохоор ойлгоод гэрийн даалгаварт нь туслах, буруу зөв хийхэд нь хяналт тавих боломжтой болсон. Мөн гэр бүлээрээ дархлаагаа дэмжихийн тулд өдөр бүр аарц буцалгах, аньс, нэрс, чацарганы шүүс хэрэглэж байна. Харин сар шинийн тухайд албан ёсоор тэмдэглэхгүй гэсэн шийдвэр гарсан учраас өргөн дэлгэр тэмдэглэхгүй. Гэхдээ шинийн нэгний өглөө аав ээж дээрээ очиж золгоно. Харин бусад ахан дүүсийнхээ амар мэндийг утсаар мэдчихнэ гэсэн бодолтой байгаа. Харин идээ ундаагаа элбэг хангалуун байлгах бодолтой байна. Хаврын тэргүүн сарын шинийн нэгний идээ, ундаа ямар байхаас тухайн жилийн өнгө шалтгаалдаг гэж эртнээс билэгдэж ирсэн уламжлалтай учраас тэр ёсоо бодож цомхон боловч идээ ундаагаа бэлдэнэ. Ер нь хайртай хүмүүсээ эрсдэлд оруулахгүйн тулд олон айлаар орж, цагаан сараа тэмдэглэхгүй. Гэхдээ л бас хүн ороод ирвэл гээд бага сага юм бэлдсэн л дээ. Манай хамаатнууд ихэнх нь гэр гэртээ байцгааж, айл хэсэхгүй гэж урьдчилан тохирсон. Тийм болохоор энэ жил өмнөх жилүүдээс цөөн бууз хийсэн. Хөл хорио тогтоосонтой холбоотой хүнсээ нөөцөлсөн зүйл байхгүй. Хоёр долоо хоногийн өмнө цагаан сарын буузны мах, гурил авсан. Тэгэхдээ ойр зуурын хүнсний хэрэглээгээ авсан. Түүнээс биш шуудай шуудайгаар нь авч нөөцөлсөн юм байхгүй. Харин гэртээ ирсэн хүмүүст гар ариутгагчаар үйлчилж байгаа. Мөн нөхрөө ажлаас нь ирэхэд гадуур хувцасыг нь тусад нь өлгөөд гарыг нь сайн угаалгаж байгаа. Учир нь манай гэрээс нөхөр маань л ганцаараа гадуур гарч байгаа учраас халдвар авах эрсдэл илүү их. Тэгэхдээ манай нөхөр ч бас гэр бүлийнхнийгээ эрсдэлд оруулчихгүйн тулд гадуур явахдаа үргэлж амны хаалт зүүж, гараа тогтмол угааж байгаа. Манай гэр бүлийнхэн өөр өөрсдийн боломжоороо коронавирусийн халдвараас сэргийлж байна. Энэ бол иргэн бидний халдварт өвчний үед хүлээх үүрэг гэж бодож байгаа. Тиймээс хүн бүхэн өөрсдийн болон бусдын эрүүл мэндийн төлөө үүргээ ухамсарлаж наад зах нь амны хаалтаа тогтмол зүүгээрэй гэж уриалж байна” гэв
Дараагийн айл бол Б.Ганболдынх. Тэдний гэргийг Х.Улам-Өрнөх гэдэг. Тэрээр хэлэхдээ “Манайх 5-16 насны гурван хүүхэдтэй. Том нь охин. Хэдийгээр бусад дүү нараа бодвол том охины тус их ээ. Гэхдээ л хүүхэд юм болохоор болгоомж алдах үе байна. Саяхан нэг өдөр шөлтэй хоол хийх гэж байна гээд гал дээр ус буцалгаж орхиод мартчихсан байсан. Тэр үед манай хамаатны хоёр хүүхэд ирчихсэн тоглож байсан. Нөгөө сахилгагүй хэдэн дүү нар нь буцалж байгаа усны хажуугаар өнгөрөхдөө нэг нь татаж асгаж ч магадгүй шүү дээ. “Энэ ямар хоол вэ” гээд буцалж байгаа усны тагийг нь онгойлгох гэж байхад нь ашгүй би гаднаас амжиж орж ирсэн. Тэгээд ойрд энэ хэдийг харгалзах хүнтэй байлгах үүднээс гэрээс гаралгүй долоо хонож байна. Хаана хаанаа л хүүхдүүдээ харах хүнтэй үлдээж байхгүй бол хэцүү юм их дуулдана. Ажлаа болж өгвөл гэрээсээ амжуулаад, гэртээ л нэг дороо байвал их амар санагдах юм. Коронавирусийн тархалт буурахгүй байгаа энэ үед гэртээ их цэвэрлэгээ тогтмол хийж байгаа. Мөн ээжийгээ байхгүй үед хоёр цаг тутам цонхоо нээж, агаар сэлгэн, чийгтэй цэвэрлэгээ хийж байхыг хүүхдүүддээ даалгасан. Манай гэрийнхэн том багагүй сайн хэрэгжүүлж байгаа. Мөн онц шаардлагагүй бол гэрээсээ огт гарахгүй байхыг бүгдээрээ хичээж байна. Охин маань гарч утсандаа нэгж авна гэхээр нь болохгүй, гарахгүйгээр зохицуулах боломж зөндөө байхад нэгжний төлөө гараад эрсдэлд ороод яах вэ гээд Юнител апп суулгаад гарахгүйгээр гэрээсээ нэгж, утасны төлбөрийн асуудлаа шийдлээ. Заавал энэ апп суулгахгүй байсан ч банкны аппликейшн дээр ч гар утасныхаа төлбөрийг төлж, нэгж авч болдгийг мэдсэн. Мөн байрныхаа мөнгийг цахим тооцооны хэрэгсэл ашиглаад төлсөн. Өмнө нь том охиноо дүү нараа харж байгаарай гээд тусдаа ажил болгоод гардаг байсан ч одоо ухаалгаар шийддэг болсон. Мөн дархлаа дэмждэг халуун аарц, аньс, шингэн юм их ууж байгаа. Та нар ч гэсэн гэртээ уух амин дэмтэй юм бэлдчихвэл хүүхдүүд аваад уучихдаг их амар байдаг шүү. Мөн хүүхдүүдийнхээ хичээлийг үзүүлнэ, хичээлийг нь давтуулна. Онлайн хичээлийг нь алгасалгүй үзүүлэх нь чухал юм билээ. Манай дунд хүү гуравдугаар анги. Заримдаа хичээлээ бичиж гүйцэхгүй болохоор хичээлээ дахиад үзье гээд байдаг. Тэр үед ухраагаад үзүүлчхэж байгаа. Энэ үйлчилгээ харин аятайхан юм билээ. Хөл хорио тогтоосон биш сүүлийн үед гэрээсээ гарахгүй олон ажил амжуулдаг болсон. Уг нь бид техник технологийн эрин үетэйгээ хөл нийлүүлж чадвал ихэнх үйлчилгээ, бүтээгдэхүүнийг гэрээсээ гарахгүйгээр шийдэж болдог болчихжээ гээд баярлаж сууна. Хүн чинь цагаа тулахаар аминдаа их хайртай юм. Тийм болохоор дэлхийд тархсан энэ халдварт вирусийн үед цахим технологи ашиглаж гэрээсээ гарах нь багаслаа. Та нар маань ч гэсэн гэр гэрээсээ ажлаа амжуулаад, дархлаагаа дэмжээрэй. Харин цагаан сарын хувьд манайхан шинийн нэгэнд гэрээсээ гарахгүй. Шинийн гурванд ээжийнд очиж золгох хуваарьтай. Бид нэг нэг өдөр ээж дээрээ очиж өнжихөөр болсон. Олуулаа нэг дор цуглахгүй гээд. Шинийн нэгэнд том ахынх ээжийнд өнжинө. Энэ санаа анх ээжээс гарсан. Ээж цагаан сарынхаа буузыг хэдэн хүүхдүүдээ нэг нэг гэрээр нь дуудаж хийлгэсэн. Зурагтаар олон хүмүүс цуглуулж болохгүй гэж ярьсан гээд. Тэгээд таван орой хийсэн байдаг. Бид ах дүү нартайгаа утсаар холбогдож шинэлэх байх. Сар шинийн баяр болох гэж байгаа болохоор бага хэмжээний хүнсний бүтээгдэхүүн авсан. Түүнээс биш нөөцлөөд олон тоогоор авсан зүйл байхгүй. Удахгүй урин дулаан цаг ирж байна. Эрүүл байхад бусад зүйл болно доо” гэв.
эх сурвалж : "Ардчилал таймс" сонин