Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Хөл хорионд бүдэрсэн боловсролын салбар

 Коронавирусээс болоод гуравдугаар сарын 2-ныг дуустал Монголын боловсролын үйл явц тэр чигтээ зогсов. Эрүүл байхад бусад нь яах вэ болно гэж хаа сайгүй бие биеэ тайвшруулцгаан хүүхдүүдээ гэртээ хорьцгоож байна. Энэ хөл хорио хүүхдүүдэд л хохиролтой. Угийн чадавхгүй, чанаргүй сургалтын системийн дээрээс нь хичээлийн хоцрогдол мөн дэлгэцэнд донтох, хүүхдүүд аюул осолд өртөх гээд олон эрсдэлийг хүүхдүүд өөрсөд дээрээ үүрч байна. Өнөөдөр өвчнөөс хамгаалаад үлдэж чадах ч маргааш энэ хүүхдүүд амьдарна. Орчин үеийн өндөр хөгжсөн сургалтын системтэй олон орны хүүхдүүдтэй өрсөлдөж суралцаж, ажиллаж амьдрах болно. Өнөөдөр л амьд мэнд, идэх хоолтой байж байвал боллоо гэх сэтгэлгээ бол яг өнөөдрийн бидний дүр төрх. Дахиад л өнөөдрийн олонх шиг дараагийн иргэдээ бэлтгэнэ гэсэн үг. Манай нийгэм өнөөдөр харанхуй бүдүүлэг байна гэж шүүмжилдэг. Тийм байгаа нь ч үнэн. Хөгжиж боловсроогүй иргэд өөр ямар байх ч билээ. Олонх ийм байхад хөгжлийн тухай мөрөөдөөд ч хэрэггүй. Харин ямар ч ирээдүйн зорилт зорилго, бэлэн байдал, хөгжлийн төрөл бүрийн шийдэл гаргалгаагүй боловсролын системийн үнэн нүүр царай өнөөдөр улам тод илэрлээ. Гурван бяцхан охины амийг зольсон явдал бол ганц цэцэрлэгийн эрхлэгчийн асуудал биш. Энэ бол тэр чигтээ Монголын боловсролын систем гамшгийн нөхцөлд бэлэн биш гэдгээ харуулсан хэрэг. Боловсролын яам коронавирусийн үеэр муу дүн авсан тодорхой нэг жишээ. Учир нь хэзээ ч ийм гэнэтийн нөхцөл байдал үүснэ гэж удирдлагууд нь зүүдэлж ч байсангүй бололтой.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хөл хорионы үеэр 18 сувгаар хүүхдүүдэд хичээл заахаар болсон тухайгаа мэдэгдсэн. Зааж байгаа. Гэхдээ ихэнх хүүхдүүд хөдөө явсан бас гэртээ харж харгалзах хүнгүй байна. Өөрөөр хэлбэл хүүхдүүд нь гэртээ, эцэг эх нь ажилтай, багш нар нь завтай. Нэг ийм л үйл явц өрнөж байна. Нэгэнт улс орон дотроо хөл хориогүй учир ажлын уяанаасаа алдуурсан багш нар хот хооронд давхицгааж дэлгүүр хоршоо хэсч явна. Хүүхдүүдээ тараагаад харж харгалзах хүнгүй орхисон, оюутнуудаа тараагаад баар цэнгээний газрыг нь нээлттэй хэвээр үлдээсэн нь “гайхалтай” бодлого байв.
 Сургалтын онлайн систем гэгчид боловсролын салбар тэр чигтээ бэлтгэлгүй, тийм туршиц оролдлого хийж байгаагүй хэрнээ телевизүүдээр хичээл заасан нь ёстой нөгөө нүглийн нүдийг гурилаар хуурч байгаатай адил. Дэд бүтцээ тавиагүй байж хичээл заасан гэсэн үг. Боловсролын яам, салбар өөрсдөө ямар ч бэлтгэлгүй, эцэг эхчүүд, хүүхдүүд нь бүгд бэлтгэлгүй.
Түүний араас салбар яамны удирдлагууд “Манай багш нар камерын өмнө хичээл заах гэж багш болоогүй тул та бүхэн битгий шүүмжлээрэй” гэсэн хамтарсан мэдэгдэл хийв. Багш хүн хүн сургахаар бэлтгэгдсэн юм бол хаана ч хэзээ ч тэрхүү агуулгыг хүүхдэд хүргэх арга технологийг эзэмшсэн байх ёстой. Багшийн өмнө хүүхэд байна уу, дарга сайд байна уу, камер байна уу хамаагүй багш өөрийн эзэмшсэн арга технологиор заах. Үүнийг хүртэл манай боловсролын тогтолцоо бодож тооцоолж байгаагүй орхигдуулсан гэсэн үг. Тиймээс дэлгэцээр хичээл зааж байгаа багш нар эцэг эхчүүдээс мөн л муу дүн авав. Олон түмний нүднээс далд түмний түмэн мянган хүүхдэд яаж хичээл заадаг гэсэн үг вэ. Түүний дараах асуудал нь үр дүн. Энэхүү телевизээр заасан хичээлийг хэдэн хүүхэд үзэж, хичээлээ нөхсөн гэдгийг хэн хэрхэн мэдэх вэ. Хэд нь үзээгүй хичээлээсээ хоцорсон гэдгийг бас хэрхэн тооцож гаргах вэ.
Хүүхдүүдийг хөл хорионд сууж байхад тухайн хүүхдийн сургууль, багш нар, анги даасан багш юу хийсэн бэ? Сургуулийн зүгээс хүүхдүүдийн хичээл сургалтыг тасалдуулахгүй байхад тодорхой онлайн ажлуудыг ангийн хүрээнд явуулах бүрэн боломжтой. Харин энэ хугацаанд нэг ч тийм сургалт, хүмүүжлийн ажил хийсэн сургууль, багш байхгүй гэдэгт итгэлтэй байна. Ялангуяа гамшгийн нөхцөл байдал үе үе тохиолддог Японд сургуулиуд ямар арга хэмжээ авч, хүүхдүүдтэйгээ үргэлж холбоотой байж заавар зөвлөгөө өгч байдгийг олон газрын хөтөлбөр сольж шахдаг энэ салбар яагаад одоо болтол судлаагүй, сонирхоогүй байна вэ. Ашгүй дуу чимээнээс түр салж цалинтай “амарсан” баахан багш нар, гэртээ цоожлуулж гиюүрсэн хэсэг хүүхдүүд гэсэн дүр зураг л эдгээр өдрүүдэд харагдаж байна. Хөөрхий эцэг эхчүүд нь хүүхдүүдээ дэмий л “ном унш, ном унш” гэхээс цаашгүй. Эрүүл байж байвал тэгээд хэт нь нэг болох л биз гэж өөрсдийгөө хуурч өдөр хоногийг өнгөрөөж байна. Зөв л дөө, гэхдээ эрүүл хүнийг ч, өвчтэй хүнийг ч цаг хугацаа ялгадаггүй билээ. Боловсролын салбарын болхи ийм байдлын горыг дараа нь эцэг эх, хүүхэд хоёр л үүрнэ. Багш, сургууль байдагтаа үлдэж таны хүүхдийн төлөө тоож санаа зовохгүй гэдэг нь мөн л гашуун үнэн билээ.

Дараа нь юу болох вэ?

 Орчин үед босго оноо тогтоож, тэнцсэн сурагчид дотоодын их, дээд сургуульдаа топил, gmat, гэх олон улсын шалгуурыг давж байж гадаадын их сургуульд элсч суралцдаг болсон. Энэ үе шат дунд басхүү сурлага сайтай, тэргүүний сурагчид элсэн ордог сайн сургуулиудад дөрвөн аргын тоо муухан боддог оюутнууд зөндөө л сурдаг боллоо. Энэ цаанаа бидэнд юу хэлээд байна вэ гэхээр дээд боловсрол бараг л хүн болгонд нээлттэй болсонтой холбоотой. Сурах хэлбэрүүд нь үүлэн технологи, hybrid хэлбэр лүү шилжиж байна. Дээрх байдлаас ажиглахад боловсролд өөрчлөлт, хувьсал, шинэчлэлийн давлагаа гарч байна. Энэ өөрчлөлтийн давлагааны эсрэг зүгт манай боловсрол яваад байх шиг.
Боловсрол, мэдлэггүйгээр эрүүл байх, ихийг бүтээх тухай яриад ч хэрэггүй. Ер нь мэдлэгтэй хүн эрүүл байдаг нь ч өөрөө жам. Бие нь эрүүл хэрнээ тархи нь “өвчтэй” хүмүүсийн тод жишээ бол өнөөгийн бидний нийгмийн байгаа байдал шүү дээ. Өвчтэй байлаа ч үхчихгүй л бол тархи нь зөв ажиллаж байвал дараагийн арга зам олддог. Мэдлэг гэж юуг хэлэх вэ гэсэн асуултад олон суутнууд хариулж байсан ч түүн дотроос мэдлэгийг байнга тасралтгүй сайжруулах аваас үнэн гэсэн ойлголт руу ойртдог гэсэн үзэл нэлээд оновчтой нь. Сургууль бол зөвхөн мэдлэгийг бүтээх талбар биш, харин хүүхэд хүн болон төлөвших үйл явц гэж үздэг. Тиймээс сургалтын үйл явц ямар ч тохиолдолд үл тасрах зарчимтай байх нь.
Учир нь хүн төрөлхтөн тархи толгойгоороо өрсөлддөг болоод хэдэн зууныг элээж байхад манайхан “Хүн болгон математикч болох албагүй” ч гэх шиг хөгийн юм яриад, түүндээ итгээд сууж байна. Бас энэ цаг мөчид эрүүл байвал л бусад нь яах вэ гэх хандлага.

 Манайд чанаргүй боловсрол, түүнээс улбаалан бий болох массыг хамарсан тэнэгрэл юм. Чанаргүй боловсрол гэж байгаа болохоос биш яг үнэндээ “боловсрол” ч гэж нэрлэхэд хэцүүхэн зүйлийг хүүхдүүдэд олгож байна. Муухан сурагчид ирээдүйн багш нар болцгоож, бүүр ч муу сурагчдыг бэлдэнэ. Боловсролын салбарт шинэчлэл хийлгүйгээр энэ цикл таван удаа давтагдахад л Монгол хүмүүсийн оюуны чадамж ямар “тэнгэрлэг” болж хувирахыг бодохоос ч аймаар. Монголын нийгэмд арга заль, хар ухаан, сэргэлэн байдлыг бахдан биширсээр байгаа үед ард түмэн өөд нар харна гэж горьдолтгүй аж. Хүн төрөлхтнийг өдий зэрэгт авчирсан хүмүүсийн ихэнх нь өөрсдийн дур сонирхолд хэтэрхий үнэнч, “номын” хүмүүс байжээ. Хар ухаан, арга залийг дээдэлсэн газар өөр хаана байна. Алга.
Яг үнэнийг хэлэхэд манай монголчууд боловсрол гэж хэлж болохуйц зүйлийг бага ангидаа л олж аваад тэр эрчиндээ явсаар дуусгачихдаг. Үүнээс хойш бол харин уруугаа өнхөрнө. Үүний жишээ их ойрхон. Дунд сургуульдаа сүрхий мундаг сурдаг байсан хүүхдүүд одоо яаж лааз өшиглөж байгаа тухай томчуудын яриаг үе үе сонсоно. Ер нь ингэж толгойгоо өвтгөн байж тоо бодох хэрэг байгаа ч юм уу гэж бодогдоно. Багш нар нь заасан болдог, сурагчид нь сурсан болж жүжиглэдэг динамик руу аажмаар орно. Математикийн абстракт ойлголтуудыг огт бодит амьдралтай холбож тайлбарладаггүйгээс ихэнх хүүхдүүд математикийг үзэн ядах сэтгэхүйтэй болчихдог. Яг үнэндээ математик чинь байгалийн шинжлэх ухааны нэг салбар. Эргэн тойрны чинь бүхий л үзэгдлийг математикаар илэрхийлж болно!
Бие нь эрүүл байвал математик яах вэ гэж байгаа байх. Идэж уух, өмсч эдлэхэд бэлэн бие нь эрүүл хов хоосон тархитныг бий болгож байгаа бол тэр тэжээвэр амьтнаас ялгаа юун.
Юухан хээхэн хийгээд амьдарчих байх гэж найдаж байгаа бол дахин дахин ийм гурван сая хүнийг бүтээгээд л байх уу бүгдээрээ. Ингээд бичихээр эцэг эхчүүд гэнэт санаа тавьж эхэлнэ. Элдэв янзын сургалтын төв энээ тэрээд өгөөд 10 жилийн турш сурах учиртай байсан юмыг нь нэг сарын дотор сургах гэж чичирнэ. Хүүхэд нь сургалтын төвд ялтай юм шиг явж явж ЭЕШ өгнө. Аз болоход мань хүн ганцаараа муу байгаагүй, Монгол даяараа муу байсан болохоор нэг дээд сургуулийн хуваарь авчихна. Авч чадаагүй бол хувийн дээд сургуульд л орчихно шүү дээ. Ийм л юм болоод байна. Болсоор байна. Тэр сургалтын төв нь хүүхдээр мөнгө хийдэг газрууд ялгаагүй. Сургуулиуд нь хүүхэд харж өгдөг газар. Эцэг эхчүүд нь айгаад юу ч дуугарахгүй. За яах вэ хүүхдийг маань 12 жил амжилттай хараад өгсөн нь их юм даа гэх мэтээр өөрийнхөө дараагийн дүрийг бүтээж энэ нийгэмд гаргаж өгнө. Хэн нь ч хүүхдүүдийн төлөө санаа зовнихгүй. Хүүхдүүд ч өөрсдийг хэрхэн “алж” хэн болгосныг нь мэдэхгүй бас нэгэн тийм эцэг эх болно.

эх сурвалж : "Ардчилал таймс" сонин

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com