Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл хүүхэд-эрүүл шүд” хөтөлбөрийн хүрээнд нэг хүүхдэд ногдох эмчилгээний зардлын хэмжээ хоёр дахин буурсан тухай мэдээллийн мөрөөр бид өдрийн сурвалжилга бэлтгэлээ. Анхдагч эх сурвалжийн мэдээлснээр “Дээрх хөтөлбөрийн хүрээнд хоёроос 12 насны хүүхэд нэг удаа 60 мянган төгрөгийн тусламж авах боломжтой. Гэтэл “Эрүүл хүүхэд-эрүүл шүд” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй хувийн эмнэлгүүд өнгөрсөн жил цаг байхгүй гэх шалтгаанаар хүүхдийг хүлээж авахгүй тохиолдол олон гарч байсан. Үүнээс гадна 60 мянган төгрөг бол нэг сүүн шүдний цоорлыг эмчлэх хэмжээний төлбөр. Энэ ч утгаар нь хувийн эмнэлгүүд хүүхдийн шүдэнд хөнгөн зэргийн эмчилгээ, чанаргүй үйлчилгээ үзүүлдэг байсан нь үнэн. Гэтэл хамгийн ноцтой нь энэ жил нэг хүүхдэд ногдох 60 мянган төгрөг 36 мянга болсон гэж сонслоо. Хэрэв энэ үнэн бол Засгийн газрын хэрэгжүүлж буй “Эрүүл хүүхэд-эрүүл шүд” хөтөлбөр жилийн ойндоо хүрэлгүй замхарч байна гэсэн үг” хэмээв.
Салбар яамнаас 2020 онд “Эрүүл хүүхэд-эрүүл шүд” хөтөлбөрт 10 тэрбум төгрөг төсөвлөх санал гаргасан ч төсвийн байнгын хорооны хурал дээр унасан. Улмаар өнгөрсөн оны адил 5.3 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Тэгвэл дээрх төсвөөр урьдын адил эмчилгээ, үйлчилгээ үзүүлэхэд ямар асуудал тулгарч буй талаар Эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламжийн газрын хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ө.Энхмаагаас тодруулсан юм.
Ө.Энхмаа: Нэг хүүхдэд урьдын адил 60 мянган төгрөгийн үйлчилгээ үзүүлнэ
-Яамнаас хэрэгжүүлж буй “Эрүүл хүүхэд-Эрүүл шүд” хөтөлбөрийн санхүүжилт өнгөрсөн жилийнхтэй ижил байгаа юм байна. Гэтэл зарим эмнэлгүүд нэг хүүхдэд ногдох эмчилгээний зардлын хэмжээг 36 мянга болсон гэх яриа гаргах боллоо. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Тийм зүйл байхгүй. Өнгөрсөн жилийн тухайд хоёроос зургаан насны хүүхдүүдийг голлон үзэж байсан ч 7-12 насны хүүхэд яалт ч үгүй шүд нь өвдөөд ирвэл хүлээж авч үзэх чиглэлийг яамнаас өгсөн. Тийм болохоор дээрх эмнэлгүүд ирсэн хүүхэд бүрийг үзэж, эмчилж байсан. Харин энэ жилийн тухайд эмнэлгүүдэд тодорхой хэмжээний төсвийн хязгаарлагдмал нөөц байгаа учраас түүнд тохируулаад хүүхдийн тоог зааж өгөх хэрэгтэй юм байна гэдэг байдлаар хандаж байгаа. Үүнээс болоод нэг хүүхдэд ногдох мөнгөний хэмжээ багасах нь гэсэн хандлага бий болсон байж магадгүй.
-Хувийн эмнэлэгт шүдээ эмчлүүлнэ гэдэг маш өндөр өртөгтэй байдаг. Яагаад анхнаасаа нэг хүүхдэд 60 мянган төгрөг гэж тооцоолсон бэ. Энэ мөнгө нэг хүүхдийн шүдийг бүрэн эрүүлжүүлэхэд хангалттай юу?
-Бид улс дааж чадах хэмжээг эхлээд тооцож үзсэн. Дараа нь хувийн хэвшлийн эмнэлгүүдийн үнэ тариф зэргийг харгалзаж үзээд 60 мянган төгрөг гэдэг дээр тогтсон байгаа. Бид гэрээ байгуулсан эмнэлгүүддээ нэг хүүхдийн аманд хэдэн шүд өвчтэй байна, түүнийг бүгдийг эмчлэн эрүүлжүүлэхэд 60 мянган төгрөг зарцуулах ёстой гэдэг шаардлага тавьсан. Үүнийг зөвшөөрсөн эмнэлэгтэй хамтран ажиллаж байгаа.
-Өнгөрсөн жил хэдэн эмнэлэгтэй гэрээ хийж ажилласан бэ?
-Нийт 165 эмнэлэг тэнцсэн. Гэхдээ зарим эмнэлгүүд хэрэгжилтийн явцад өөрсдийн хүсэлтээр гэрээгээ цуцалсан. Шаардлага хангахгүй байгаа эмнэлгүүдэд үүрэг даалгавар өгсөн. Ерөнхийдөө энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх, гэрээ байгуулах, санхүүжилт олгох, хяналт тавих үйл ажиллагааг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар хариуцаж бүх эрхийг хэрэгжүүлж байгаа.
-Тэгвэл хэчнээн хүүхдийн шүдийг эрүүлжүүлсэн бэ?
-Өнгөрсөн жилийн тухайд хотын хүүхдүүд илүүтэй дээрх эмчилгээнд хамрагдсан. Нийтдээ 95500 гаруй хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлээд байна. Харин энэ жилийн тухайд сум дундын эмнэлэг, аймаг орон нутгийн эмнэлгүүдтэй хамтран ажиллах чиглэл өгөөд байгаа.
М.Тунгалаг: 60 мянган төгрөг гэдэг бол хамгийн доод хэмжээ
Эндээс гараад бид Баянгол дүүргийн 13 дугаар хороонд байрлах “Энх инээмсэглэл” эмнэлгийг зорилоо. Эднийх ажлын өдрүүдэд өглөө 09:00 цагаас 15:00 цаг хүртэл бага насны хүүхдэд хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлдэг юм байна. Үдийн хойно 14:40 цагийн үед тус эмнэлгээр ороход хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Дотно ярилцаж буй ээж охин хоёрыг онцлон очиж ямар эмчилгээ авахаар ирсэн талаар нь сонирхов. Тэд Сонгинохайрхан дүүргийн оршин суугчид бөгөөд энэ эмнэлгийг нийгмийн даатгалын хөнгөлөлтөөр хүүхдийн шүд эмчилдэг гэж сонсоод иржээ. Удалгүй хөөрхөн бор хүү яралзтал инээсээр ээждээ ирж үнсүүлэв. Есөн настай хүү “Энэ эмнэлэгт дандаа ирж баймаар байна” гэсэн. Харин ээж нь “Би урьд нь олон хувийн эмнэлгээр үйлчлүүлж байсан. Эднийх тун дажгүй юм. Хүүхдийн төрсний гэрчилгээ үзээд, хурууны хээгээр бүртгэл хийж байна лээ” гэж хуучлав.
Ингээд бид тус эмнэлгийн захирал М.Тунгалагтай уулзаж “Эрүүл хүүхэд-эрүүл шүд” хөтөлбөрийн талаар тодрууллаа. Тэрбээр, “Өөрсдийнхөө мөнгөөр урьдчилаад үзлэг эмчилгээ хийдэг болохоор жаахан асуудалтай байдаг. Өнөө өглөө би банк орж дансаа шалгасан боловч өнгөрөгч нэг сарын санхүүжилт орж ирээгүй байна. Бид хувиасаа мөнгө гаргаж эмч нараа цалинжуулдаг. Манай эмнэлгийн хувьд аль болох хүүхдийн бүх шүдийг эрүүлжүүлэхийг боддог. Гэтэл санхүүжилт нь орж ирдэггүй. Тэгэхээр нэлээдгүй эрсдэл үүрч явна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар гэрээг сунгахдаа маш олон шалгуураар дүгнэсэн. НӨАТ-ын баримт өгч байгаа эсэх, эрүүл ахуйн халдвар хамгааллын шаардлага хангаж байна уу гэх мэтээр олон зүйлийг харгалзаж үнэлсэн. Манайх нэлээн дээгүүр дүгнэгдсэн. Үргэлжлүүлээд үзэж болно гэсэн. Бид өөрсдөөсөө мөнгө өгч байна гээд шантарсан эмнэлэг зөндөө байгаа болов уу. Манай эмнэлэг өнгөрсөн жил сард дунджаар 70-80 хүүхэд, дээд тал нь 120 хүүхэд үзэж байсан. Яамнаас нэг эмнэлэгт ногдох хүүхдийн тоо заасан талаар надад мэдээлэл алга. Бид нэг хүүхдэд 60 мянган төгрөг гэж тооцоод үйлчилгээ үзүүлж байгаа. Ерөнхийдөө 60 мянган төгрөгөөр харьяа дүүрэг харгалзахгүй, нэг хүүхдийн шүд эрүүлжүүлнэ гэдэг бол бараг буяны ажил гэсэн үг. Нэг сүүн шүд л эмчлэх мөнгө шүү дээ. Нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийг эрүүлжүүлэх зорилгоор чадах чинээгээрээ ажиллаж байгаа. Тийм болохоор 60 мянган төгрөгийг арай буулгахгүй байх гэж бодож байна. Хамгийн минимум хэмжээ шүү дээ” гэсэн юм.
эх сурвалж : "Ардчилал таймс" сонин