Өмнөд хөршөөс үүдэлтэй шинэ төрлийн коронавирусийн тархалт хурдацтай нэмэгдэж байгаа нь дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тус тахалтай холбоотой мэдээллийг газар дээрээс нь хугацаа алдалгүй дамжуулж байна. Хубэй муж, Ухань хотын эмнэлгүүдэд өрнөж буй аймшигт мэдээ, видео бичлэгүүд ч сошиал сүлжээнд тавигдаж буй. Энэхүү вирусийн дэгдэлт АНУ-ын ерөнхийлөгчийн импичмент, ОХУ-ын солигдсон Засгийн газар, Brexit-ын эргэн тойронд өрнөж буй дэлхийн хэмжээний чухал мэдээллийн үнэ цэнийг бууруулж, олон нийтийн анхаарлаас холдуулж орхисон юм.
2003 онд тархсан SARS-ын вирусийн үед Хятадад ам.долларын тэрбумтан байсангүй. Тэр цагаас хойш Хятадын эдийн засаг бараг ес дахин өсч, экспортоороо дэлхийд тэргүүлж байна. 2003 онд урд хөршийн эдийн засаг дэлхийн эдийн засгийн дөрвөн хувийг эзэлж байсан бол өнөөдөр 16 хувьд хүрчээ. Мөн дэлхийн зэсийн хэрэглээний 16 хувийг эзэлж байсан бол өнөөдөр 50 хувьд хүрч, харин нүүрсний хэрэглээ 30 хувиас 52 хувь хүртэл нэмэгджээ. 2003 онд Хятадын Дотоодын нийт бүтээгдэхүүн 1,6 их наяд ам.доллароор хэмжигдэж байсан бол өнөөдөр 13 их наядыг давсан байна. Ийнхүү Хятадын эдийн засаг сүүлийн арваад жил эрчимтэй өсч, дэлхийн хоёр дахь эдийн засаг болсон. Дэлхийд тэргүүлэгч АНУ-ын эдийн засгийг урд хөршийнхнөөс салангид байдлаар төсөөлөхийн аргагүй. 2018 онд Хятадаас АНУ-д экспортолдог барааны үнийн дүнгийн жагсаалтыг харвал, цахилгаан тоног төхөөрөмж - 152 тэрбум доллар, аж үйлдвэрийн тоног төхөөрөмж - 117 тэрбум доллар, тавилга, ор дэрний хэрэгсэл - 35 тэрбум доллар, тоглоом, спортын тоног төхөөрөмж - 27 тэрбум доллар, хуванцар бүтээгдэхүүн - 19 тэрбум доллар... гэх мэт тэрбумаар хэмжигдэх тоо үргэлжилнэ. Мөн хоёр улсын гадаад худалдааны маргаан нь дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн эдийн засаг хоорондоо ямар нягт холбоотой болохыг харж болох юм.
Шинэ коронавирусийн халдвар АНУ-ын эдийн засагт сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээд байна. Цагаан ордны Үндэсний эдийн засгийн зөвлөлийн дарга Лоуренс Кадлоу нэгдүгээр сарын сүүлээр, “Хятадад тархсан коронавирус АНУ-ын эдийн засагт хохирол учруулахгүй” гэж мэдэгдэж байсан бол өнгөрсөн долоо хоногт Fox News агентлагт өгсөн ярилцлагадаа: “Бид эхний улиралд ДНБ-ий 0.02-0.03 хувийг алдаж магадгүй” гэжээ. Ийнхүү дээр дурдсан баримт, эдийн засгийн үзүүлэлтүүдийг шинжвээс коронавирус дэлхийн эдийн засагт нөлөөлөх хэмжээний эрсдэл болон хувирчээ.
Коронавирусийн дэгдэлтээс Макаогийн зочид буудал, казиногийн томоохон сүлжээ Las Vegas Sands-ын үйлчлүүлэгчдийн тоо 80 хувиар буурчээ. Starbucks, Хятад дахь үйлчилгээний салбарынхаа 50 орчим хувийг хаахаа мэдэгдээд байгаа. H&M компани ч мөн 45 дэлгүүрийнхээ үйл ажиллагааг түр зогсоосон. IKEA эх газрын Хятад дахь дэлгүүрүүдээ хаах шийдвэр гаргаж буй талаарх мэдээллүүд ар араасаа цуварч байна. БНСУ-ын Hyundai Cars үйлдвэрлэн гаргадаг автомашиныхаа кабелийг Хятадаас авдаг. Өмнө хөршид коронавирусийн тархалттай холбоотой кабелийн үйлдвэр хаагдсанаар Hyundai групп автомашин үйлдвэрлэлээ зогсоохоос өөр аргагүйд хүрчээ. Түүнчлэн, BMW, Volkswagen компаниуд БНХАУ-д автомашин үйлдвэрлэлээ зогсоож байна. Америкийн Apple Inc корпорац хоёрдугаар сарын 9-нд эх газрын Хятад дахь албан ёсны төлөөлөгчийн газруудынхаа “хаалгыг барив”. “Apple” компанийн iPhone-ийн борлуулалт 10 хувиар буурч байгаа нь ойролцоогоор 36-40 сая ширхэг гар утасны төхөөрөмж аж.
Хилээ хаасантай холбогдуулан Франц, Итали, Тайланд, Япон, БНСУ, Вьетнам, Сингапур дахь Хятадын жуулчдын тоо буурч, Тайландын аялал жуулчлалын салбарын орлого дор хаяж 1.6 тэрбум ам.доллар буюу 2.5 хувиар буурах аж. Хятадаас эдийн засаг, бараа бүтээгдэхүүний импортын хамааралтай улс орнууд төдийгүй тэнд үйл ажиллагаа явуулж буй гадаадын компаниудын үйл ажиллагаанд хүнд цохилтууд ирж байна. Энэ оны эхний улиралд дэлхийн тээврийн орлого таван тэрбум ам.доллароор буурах магадлалтай гэж НҮБ-ын агаарын тээврийн агентлаг мэдээлжээ. Ийнхүү дэлхийн аялал жуулчлал, жижиглэнгийн худалдаанд коронавирусийн тархалт сөрөг нөлөөллөө үзүүлж эхэллээ.
Аж үйлдвэрлэлийн зориулалттай металлын үнийн индекс унаж байгаатай холбоотойгоор Moody’s -ийн шинжээчид: “Шинээр тархаж коронавирус дэлхийн эдийн засагт эдийн засаг, санхүүгийн хямралаас ч илүүтэй хохирол авчрах болно” гэсэн дүгнэлтийг гаргав. Bloomberg-ийн хувьд “урьд өмнө хэзээ ч тохиож байгаагүй ноцтой асуудал” гэж онцолж байна. Дэлхийн зах зээл дээр нефтийн фьючерс ханш 7 хувь, төмрийн хүдэр 6.5 хувь, хар металлын ханш 6 хувиар унаж, зэсийн үнэ ч буурч эхэллээ. Дэлхийн томоохон зэс үйлдвэрлэгч Хятадын “Jiangxi Copper & Co” болон эрчим хүчний тэргүүлэгч компани болох “PetroChina & Co”-ийн хувьцааны ханш 10 хувиар унаад байна.
Урд хөрштэй хил залгаа улсууд алдагдал, эрсдэлээ тооцож эхэлжээ. ОХУ-ын Аудитын Хорооны тэргүүн Алексей Кудрин коронавирусын тархалт зөвхөн эхний улиралд ОХУ-ын ДНБ-ий 0.1-0.2 хувийн алдагдал авчрах бөгөөд энэ нь 230 тэрбум орчим рубль байна гэж мэдэгдсэн. Мөн Казахстан улс ДНБ-ний 0.3-0.6 хувиар буурах тооцоолол хийсэн бөгөөд хэрэв вирусийн тархалтыг нэн даруй зогсоож чадахгүй бол дэлхий нийтийг хамарсан эдийн засаг, санхүүгийн хямрал гарах нь тодорхой хэмээн дүгнэж байна. Харин Дэлхийн хэмжээнд тооцож үзвэл нэг улирлын алдагдал 280 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн урьдчилсан тооцоолол хийгджээ.
Коронавирусийн талаарх хамгийн өөдрөг төсөөлөл гэвэл хоёрдугаар сарын сүүлээр нөхцөл байдал намжих эсвэл гуравдугаар сарын сүүлээр, цаашлаад зургадугаар сар хүртэл хямрах тухай хувилбарууд яригдаж байна (Economist Intelligence Unit, 2020). Ямар ч тохиолдолд Хятадын эдийн засгийн өсөлт дор хаяж 0.5-1 хувиар буурч 4.9-5.4 хувьд хүрэх аж (CNBC, 2020). Мөн иргэдийн худалдан авалт буурах бөгөөд хэвийн байдалдаа очихын тулд 2021 оныг хүлээхээс өөр аргагүй. Ийнхүү Хятадын үйлдвэрүүд хаагдаж, хувьцааны зах зээл, аялал жуулчлал, үйлчилгээний салбар хүндхэн байдалтай байна. Хятадын Засгийн газраас дээрх хямралыг хэвийн болгохын тулд дөрвөн тэрбум орчим ам.доллар гаргахаа зарласан боловч энэ нь агуу том эдийн засагтай гүрний хувьд “далайд дусал” мэт мэдрэгдэхгүй гэж шинжээчид үзэж байна.
Хэрэв коронавирусийн дэгдэлт үргэлжилсээр байвал богино хугацаандаа олон улсын худалдаа, үнэ цэнийн гинжин холбоо, тээвэр, аялал жуулчлал зэрэг тодорхой салбаруудад үр нөлөө нь мэдрэгдэх бол урт хугацаанд үргэлжилбэл үйлдвэрлэл, нийлүүлэлтэд сөрөг нөлөө үзүүлэх нь дамжиггүй.
Хямралаас зайлсхийх ямар арга байна вэ?
Хятад арилжааны банкуудаараа дамжуулан эдийн засгаа мөнгөөр тордох арга хэмжээ авч эхэлж байх шиг байна. Гэвч мөнгөний бодлогыг зөөлрүүлэх арга хэмжээ авах нь дангаараа нөхцөл байдлыг засч залруулах боломжгүй юм гэж олонх эдийн засагчид үздэг. Сүүлийн үед дэлхий нийтэд эдийн засаг, санхүүгийн хямралыг мөнгөний хэт зөөлөн бодлогоор шийдвэрлэх хандлага ноёлж байгаа. Мөнгөөр дамжуулан эдийн засгийн байдал буюу эдийн засгийн өсөлт, үнэ, төлбөрийн тэнцэл, ажилгүйдэл гэх зэрэг макро эдийн засгийн орчинд нөлөөлөх Төв банкны үйл ажиллагааг мөнгөний бодлого гэнэ. Мөнгөний бодлого улс орны эдийн засгийн хөгжлийг удирдах макро эдийн засгийн бодлогын нэг хэсэг бөгөөд Засгийн газрын шууд нөлөөллөөс тусдаа байж зах зээлийн механизмд суурилан хэрэгждэг онцлогтой. Төв банк нь төрийн мөнгөний бодлогыг өөрийн мөнгөний нийлүүлэлтэд тавих хяналтын үүргээрээ дамжуулан хэрэгжүүлдэг. Эдийн засгийн уналтын үед ажилгүйдлийг бууруулж, эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх зорилгоор мөнгөний нийлүүлэлтийг өсгөх арга хэмжээ авахыг мөнгөний зөөлөн бодлого гэж нэрлэдэг. Харин заавал байлгах нөөцийг ихэсгэх, зээлийн хүүг өсгөх... зэргээр мөнгөний нийлүүлэлтийг багасгах нь мөнгөний хатуу бодлого юм.
Сүүлийн жилүүдэд мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх нь хямралыг шийдэх төгс арга биш гэдэг нь улам бүр тодорхой болж байна. Тухайлбал, өнгөрсөн жил өрнөсөн худалдааны дайны улмаас бизнесийн үйл ажиллагаа олон оронд удааширч эхэлсэн. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор олон орны Төв банк мөнгөний зөөлөн бодлого сонгосон. Гэвч эдийн засгийг дан ганц мөнгөөр тэтгэх нь төдий л үр дүнтэй байгаагүй.
“Сүүлийн арван жилд хямралтай тэмцэж буй улс орнуудын арга барилыг харахад зөвхөн мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэх замаар эдийн засгийг идэвхжүүлж, үндэсний үйлдвэрлэлийг босгох боломжгүй нь ажиглагдсан. Харин эсрэгээрээ бонд, газрын тос, металл, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг хөөрөгдөж, хувьцааны зах зээл дээр хөөсрөлтийг бий болгож байна” гэж ОУВС болон Барак Обамагийн захиргаанд эдийн засаг санхүү хариуцан ажиллаж байсан эдийн засагч Мохамед Эл-Эриан мэдэгдэж байна. Энэхүү мэдэгдэл нь 2012-2016 онуудад дэлхийн уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурч, улмаар манай улс эдийн засаг хүндрэлтэй байсан жилүүдэд тухайн үеийн эрх баригчдын авч хэрэгжүүлсэн бодлогыг дүгнэсэн мэт ойр сонсогдож байгаа юм.
Одоогоор ОУВС болон АНУ-ын Холбооны Нөөцийн сан зэрэг эдийн засаг санхүүгийн томоохон байгууллагууд коронавирусийн өвчний тархалтыг анхааралтай ажиглаж байгаа талаар мэдэгдсэн бөгөөд дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар дүгнэлт хийгээгүй, гарах үр дагаврын талаар урьдчилан таамаглал дэвшүүлээгүй байна. Хэрэв энэхүү вирусийн дэгдэлт тахлын хэмжээнд хүрвэл Хятадын эрх баригчид мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлэх нь бараг тодорхой болов уу. Энэ тохиолдолд суурь үнэ болон зах зээлийн үнэлгээ хоорондын зөрүү улам ихэсч, хөрөнгийн зах зээлийн хямрал эхэлнэ. Энэ нь газрын тос, өнгөт металл, эрдэс бүтээгдэхүүний хувьцааны үнэ ханш унах, хөгжиж буй эдийн засгийн өрийн хямрал эхлэх ноцтой эрсдэл харагдаж байна. Гэхдээ коронавирусийн дэгдэлт ямар хугацаанд үргэлжлэхээс дэлхийн эдийн засгийн цаашдын нөхцөл байдал ихээхэн шалтгаалах нь тодорхой юм.
эх сурвалж : "Ардчилал таймс" сонин