Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дарь-Эхийн шинэ буудлын автобусны зогсоол дээр 10 орчим хүн байна. Тэдний ихэнх нь амны хаалт зүүсэн байв. Харин дунд сургуулийн сурагч болотоы 14-16 насны хоёр хүү амны хаалт зүүгээгүйгээр барахгүй хэнэггүйхэн биенээ шоглон инээдэм болж зогсов. Тэдний цаахан талд бас нэгэн бүсгүй амны хаалт зүүгээгүй ч ороолтоороо амаа битүүлсэн харагдана. Өнөөх хоёр хүү хэд хэдэн удаа шүлсээ хаяв. Аз болж таяг тулсан өвөө сая нэг ам нээж “Та хоёр чинь амны хаалтаа ч зүүгээгүй, гудамж талбайд нус, шүлсээ хаяад юугаа хийгээд дэмий сэлгүүцээд байдаг хүүхдүүд вэ” хэмээн чанга дуугарахтай зэрэгцэн тэд нам болов. Бие биенээ нудрах аядаад зогсч байтал автобус ирж тэд өвөөгийн зэмлэлээс мултарч одов. Автобусны буудал руу тамхи зуусан 40 орчим насны залуу ирж явна.
Буудал дээр ирээд хэсэгтээ утаа манан уугуулсаар сүүлийн удаа сорчхоод тамхины ишээ боржуур хэсэгт шидчихээд, дээрээс нь дэвсч орхив. Үүний араас хэдэнтээ шүлсээ хаях нь тэр. Халааснаасаа амны хаалт гаргаж ирэн зүүх зуураа надтай харц тулав. Тэснэ, тэснэ гэхэд яаж тэсэх вэ гэгчээр “Та халдвар тархах эрсдэлтэй үед нийтийн эзэмшлийн гудамж, талбай автобусны буудал дээр тамхи татаж, шүлсээ хаяж болохгүй шүү дээ.Торгож байгаа шүү” гэхэд гэмшсэн аятай “За уучлаарай дүү. Ахиж ийм үйлдэл гаргахгүй ээ” гэж хэлээд холдоод зогсчихов. Хажууханд биднийг ажиглан зогссон эмэгтэй. “Зөв. Ийм бүдүүлэг юмнуудад хэлж байх хэрэгтэй” хэмээн дэмжлээ. Тэрээр “Зарим иргэд амны хаалтаа зүүгээгүй, ил задгай, нус цэрээ хаяж, маш хариуцлагагүй байна. Хүн бүр эрсдэлээс өөрийгөө хамгаалж байж бусдыг хамгаална. Гэтэл амны хаалтаа зүүхгүй хэрнээ уруулаа будчихаад, үсээ гелдчихээд яваа залуусыг ойлгохгүй юм. Өвчин зовлон арилаад сайн цаг ирсний дараа яаж ч сайхан харагдаж болно шүү дээ. Өвлийн цагт түнтийлээ дулаалчихсан, малгай ороолтоо баглачихсан хүн сайхан харагддаг шиг энэ халдварт өвчнөөс сэргийлж байгаа энэ үед амны хаалтаа зүүчихсэн байгаа иргэд хэчнээн сайхан хариуцлагатай харагдаж байна гээч” хэмээн ярилаа.
Хамгийн гол нь иргэд дэлхий нийтийг хамарсан халдварт өвчин тархаад байгаа энэ цаг үед дор бүрнээ хичээх ёстой. Гудамж талбайд шүлс, нус цэрээ хаях, ил задгай бие засах нь халдварт өвчин дэгдэх томоохон эрсдэлийг бий болгодог гэдгийг ухамсарлах ёстой. Тухайлбал хүн өдөрт 1.5 литр шүлс ялгаруулдаг бөгөөд шүлсээ хаяхад нэг саяас дээш нян байх боломжтой гэдгийг судлаачид баталсан байдаг. Тийм учраас томуу, томуу төст өвчин, сүрьеэгийн халдварт өвчин тархах гол үндэс болдгийг эмч мэргэжилтнүүд, анхааруулсаар байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сүрьеэгийн халдвартай хүн шүлсээ хаяхад хэн нэгэнд халдварлах магадлал нь 95 хувьтай байдаг гэсэн судалгаа хүртэл гаргасан байна. Мөн гадаа талбайд ил задгай хаясан нус, цэр, шүлсэнд сүрьеэгийн нян үүсгэгч хасах 40-50 хэмд жилээс дээш хугацаанд амьдрах чадвартай хэмээн үздэг. Тиймээс иргэдийн ил задай нус, цэр, шүлсээ хаясан нэг л удаагийн үйлдэл нь араасаа олон хүнийг халдварт өвчнөөр өвдөх эрсдэлийг бий болгож байна. Энэ талаар холбогдох байгууллагууд ямар арга хэмжээ авч байгааг тодруулсан юм.
Зөрчил гаргасан иргэнд хариуцлага тооцож байгаа мэт
боловч нийтийг хамгаалж байна
Энэ талаар Хотын дарга С.Амарсайхан хэлэхдээ “Манай улсад хэдийгээр шинэ коронавирус бүртгэгдээгүй боловч эрсдэлтэй орны тоонд багтаж байгаа. Та бидний үүрэг бол нийслэлчүүдийнхээ аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийг аливаа эрсдэлд оруулахаас хамгаалах явдал. Сүүлийн үед иргэд амны хаалтаа зүүх нь багассан нь анзаарагдаж байна. Тиймээс сэрэмжлүүлэг мэдээллийг бүхий л чиглэлээр иргэдэд олгох нь чухал. Нийслэл хотод Монголын хүн амын талаас илүү нь ажиллаж, амьдарч байна. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн иргэд бид ухамсартай, соёлтой, мэдээлэлтэй байх нь өөрийгөө болон гэр бүлээ элдэв эрсдэлээс хамгаалах боломжтой. Энэ хүрээнд Зөрчлийн хуульд заасан зарим зөрчилд хариуцлага тооцох ажлыг НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, НЦГ-тай хамтран хэрэгжүүлж байна. Хэн дуртай нь гудамж талбайд нус, цэрээ ил хаядаг, бие засдаг явдал нь онцгой дэглэм тогтоогоогүй үед ханиад томуу, сүрьеэ өвчний тархах эх сурвалж болдог. Үүн дээр гишгэлээд ажил, гэртээ очиж бусдад халдвар тараах үндэс болж ирсэн. Онцгой дэглэм тогтоож байгаатай холбогдуулаад иргэд нус, цэрээ хаядаг, дуртай газраа бие засдаг явдлыг таслан зогсоох, зөрчсөн тохиолдолд Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцож, торгууль оногдуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гаргасан. Тухайн зөрчил гаргасан хүмүүст хариуцлага тооцоод байгаа юм шиг боловч үнэн хэрэгтээ нийтийн эрх ашгийг хамгаалсан, тухайн хүний гэр бүл, үр хүүхэд, ойр дотны хүмүүст халдвар тархахаас сэргийлсэн үйлдэл гэж ойлгох хэрэгтэй” хэмээн учирласан.
Нийтийн эзэмшлийн гудамж талбайд бие зассан 169
тохиолдолд торгуулийн арга хэмжээ авчээ
Зөрчлийн тухай хуулийн 5.1.1 дүгээр зүйлд зааснаар олон нийтийн газар, гудамж талбайд бие зассан, нус, цэрээ хаясан, хог хаясан бол 10 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгоно хэмээн заасан. Нийслэлийн Засаг даргын А-168 тоот захирамжийн хэрэгжилтэд цагдаагийн байгууллагаас хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд тус Захирамж гарснаас хойш өнөөдрийг хүртэл 1821 зөрчил илрүүлж хариуцлага тооцсон гэдгийг Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн хэлж байна. Дээр дурдсан 1821 зөрчлийг Зөрчлийн хуулийн шинжээр нь авч үзвэл нийт гарсан зөрчлийн 85 орчим хувь нь хог хаягдлаа ил задгай хаясан. Ялангуяа тамхины ишээ гудамж талбайд хаясан зөрчлүүд байжээ. Мөн нийтийн эзэмшлийн гудамж талбайд бие зассан тохиолдол 169, нус, цэрээ хаясан 85 зөрчил бүртгэгдсэн байна. Зөрчлийг цагдаагийн байгууллага хяналтын камерын тусламжтайгаар хянахаас гадна үүрэг гүйцэтгэж байгаа бүхий л алба хаагч хяналт тавьж байгаа аж. Мөн иргэд бие биедээ харилцан хяналт тавьж, ил задгай хог, нус, цэр, шүлсээ хаяж байгаа зөрчил гаргасан иргэнийг шаардах эрхтэй гэв. Хэрэв шаардлага тавьсан иргэнийг үг хэлээр доромжлох, ёс бус харьцсан тохиолдолд цагдаагийн байгууллагад хандах эрх нь нээлттэй аж. Иргэд өөрсдийн болон бусдын эрүүл мэндийн төлөө санаа зовж хуулийн дагуу хэн хэндээ зөв боловсон шаардлага тавьснаараа дараагийн удаа хууль зөрчих иргэдийн тоо буурна гэж үзэж байгаа гэдгээ Л.Амармөрөн дарга хэлж байна. Мөн зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжийн буруутай үйлдлийг камерын хяналтаар баталгаажуулахын тулд нийтийн эзэмшлийн гудамж талбайд байрлуулсан камерын тоог нэмэх гэнэ. Одоогоор нийслэл хотын хэмжээнд 3200 гаруй хяналтын камер бүртгэлтэй байгаа бөгөөд нэмээд аж ахуйн нэгж, байгууллагуудын гадна талбайд байршуулсан камерын бичлэгээр иргэдийн зөрчлийг баримтжуулах боломж бүрдсэн. Зөрчлийн тухай хуулийн 5.1.1-д заасан зөрчилд шийтгэл ногдуулахдаа Хэв журмын алба хаагчид тухайн зөрчил гаргасан иргэнд газар дээр нь шийтгэлийн хуудас бичиж өгч байгаа бөгөөд өөрөөр хэлбэл хялбаршуулсан байдлаар торгуулийн арга хэмжээ тооцож байгаа аж. Хэрэв тухайн иргэн гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй, эсэргүүцсэн тохиолдолд цагдаагийн байгууллага дээр авчирч Зөрчлийн хэрэг үүсгэн шалгах юм байна. Нэг ёсондоо тухайн иргэнийг зөрчил гаргасныг нотлох баримтаар баталгаажуулна гэсэн үг. Зөрчил гаргасан иргэн торгуулийн мөнгөө төлөх боломжгүй бол ямар арга хэмжээ авах талаар тодруулахад “Хүн бүрийн амьдралын боломж өөр гэдгийг бид ойлгоно. Гэхдээ Монгол Улсын хууль хүн бүхэнд адил тэгш үйлчилнэ. Ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн иргэдийг торгуулийн мөнгөгүй гээд толгойг нь илээд явуулах боломжгүй” гэсэн юм. Зөрчил гаргасан иргэдэд Зөрчил шалган шийдвэрлэх хуульд заасны дагуу Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар томилсон зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд торгууль ногдуулах эрхтэй аж. Тухайлбал, хорооны цагдаа, хэсгийн байцаагч, урьдчилан сэргийлэхийн ажилтан, хөдөлгөөнт болон явган эргүүлийн алба хаагчид, нийтийн хэв журмыг хамгаалах албаны ахлах байцаагч, хэрэг бүртгэгч, мөрдөгчид гэх мэтчилэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах чиг үүрэгтэй гэмт хэрэг зөрчилтэй тэмцдэг, урьдчилан сэргийлдэг, зөрчлийг шалган шийдвэрлэдэг эрх бүхий албан тушаалтнууд хариуцлага тооцох эрхтэй гэнэ. Дашрамд дуулгахад цагдаагийн байгууллагаас өнгөрсөн жил буюу 2019 онд Зөрчлийн тухай хуулийн 5.1.1 буюу яг энэ зүйл заалтын дагуу 43 мянган зөрчилд хариуцлага тооцож, 430 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Харин дээр дурдсан 1821 гэдэг тоо бол нийслэлийн Засаг даргын захирамж ирснээс хойш хариуцлага ногдуулсан тоо аж. Он гарснаас хойш 5400 зөрчил илэрсэн байна.Тэгэхээр Зөрчлийн тухай хуульд заасан дээрх зүйл заалтын дагуу өмнө нь цагдаагийн байгууллага ажиллаж байгаагүй мэтээр ойлгож болохгүй бөгөөд өмнө нь ийм зөрчлүүд илэрч,түүнд нь хариуцлага тооцож байсан гэдгийг онцолсон юм.
НМХГ-ын байцаагчид 10 мянгаар биш 50 болон 500 мянгаар торгоно
Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтэд хэрхэн анхаарч ажиллаж байгаа талаараа НМХГ-ын Эрүүл мэнд боловсрол соёлын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш хэлэхдээ,бид олон нийтийн газар ил задгай нус, цэрээ хаях, бие засах гэх мэт зөрчлүүдээс гадна иргэн аж ахуйн нэгжүүдийг хог хаягдлаа зориулалтын цэгт биш ил задгай хаядаг асуудалд хяналт тавьдаг. Мэргэжлийн хяналтын байгууллагаас Эрүүл ахуйн тухай хуулийн 20.1.8-д Гудамж талбай болон нийтийн эзэмшлийн гудамж, талбайд нус, цэр, шүлсээ хаях, бие засахыг хориглосон заалт бий. Манай байгууллага тус заалтын хэрэгжилтэд хяналт тавин ажилладаг хэмээн ярилаа. Мөн дээр дурдсан зөрчил гаргасан иргэнийг цагдаагийн байгууллага 10 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авдаг бол тус байгууллага Зөрчлийн тухай хуулийн 6.17 заалтыг зөрчсөн тохиолдолд иргэнийг 50 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгуулиар, хуулийн этгээдийг 500 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгох арга хэмжээ авдаг байна. НМХГ-аас иргэд, аж ахуйн нэгжүүдэд торгуулийн арга хэмжээ авахаас илүү иргэд, албан байгууллагуудыг энэ зүйл заалтыг хэрэгжүүлж ажиллахыг уриалж, зөвлөхөд түлхүү анхаарч байгаа гэв. Гэхдээ удаа дараа мэргэжлийн хяналтын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй, гудамж талбайд ил задгай хог хаясан, өөрсдийн эзэмшлийн 50 метр талбайгаа цэвэрлээгүй таван аж ахуйн нэгж, зургаан иргэнийг хоёр сая 100 мянган төгрөгийн торгосон гэлээ.
Өнөөдрөөс нийслэл хотод эргүүл ажиллаж эхэллээ
Өнөөдрөөс эхлэн Нийслэлийн онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу эргүүлүүд ажиллаж эхэлнэ. Энэ талаар Нийслэлийн онцгой комиссын нарийн бичгийн дарга н.Оюунбат хэлэхдээ, Нийслэлийн нутгийн захиргааны 71 байгууллагын 6700 гаруй алба хаагчдыг коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх болон томуу, томуу төст өвчний халдвар буурахгүй байгаа учраас эдгээр эрсдэлээс ард түмнээ урьдчилан сэргийлэх чиглэлээр анхааруулга, сэрэмжлүүлэг, зөвлөмжийг өгөх зорилгоор эргүүлийн ажилтан ажиллуулах шийдвэр гарсан. Бид есөн дүүргээ бүсчлэн хувааж, зураглалаа гаргаад, байгууллагууддаа хуваарилсан. Хуваарийн дагуу байгууллагууд хариуцан ажиллах бүс газартайгаа танилцаад албан хаагчдаа томилон ажиллуулна. Ингээд өнөөдрөөс эхлээд эргүүлийн ажил албан ёсоор эхэлнэ. Мөн Засаг даргын А168 тоот захирамжийн дагуу гудамж талбай, нийтийн эзэмшлийн газар нус, цэр, шүлсээ хаяхгүй байх, ил задгай бие засахгүй, хог хаяж орчноо бохирдуулахгүй байх талаар гаргасан уриалга захирамжийн биелэлтийг хангуулахад хяналт тавих юм. Эргүүлийн ажилчид тусгайлан жигдэрсэн хувцас байхгүй. Харин гадуур хувцасныхаа ханцуй дээр улаан дэвсгэр бүхий өнгөн дээр Нийслэлийн онцгой комисс гэсэн бичиг бүхий нийслэлийн билэг тэмдэг болсон хангарьд шувууны лого, мөн эргүүл гэсэн тэмдэгтэй ханцуйвч зүүсэн байх юм. Тэд урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд зөвлөгөө өгөх болон дээр дурдсан зөрчлүүдийг гаргасан иргэнд шаардлага тавихдаа өөрсдийгөө эхлээд танилцуулна. Тэдний өгөх зөвлөгөө, шаардлагыг иргэд янз бүрээр хүлээж авах байх. Гэхдээ өөрсдийн болон бусдын эрүүл мэндийн төлөө, аюулгүй байдлын төлөө ажиллаж байгаа тэдний шаардлагыг эергээр хүлээж авна гэдэгт итгэлтэй байна. Үнэхээр шаардлагыг хүлээж авахгүй, үг хэлээр доромжлох, биед нь халдах тохиолдол гарвал цагдаагийн байгууллагад хандахаас өөр аргагүй. Хэдийгээр эргүүлд гарч байгаа иргэд зөрчил гаргасан хүнд шууд торгуулийн арга хэмжээ авах хууль зүйн орчин байхгүй боловч, зөрчлийг илрүүлээд торгуулийн арга хэмжээ ногдуулах эрх бүхий албан тушаалтанд шилжүүлэн өгөх эрхтэй. Эргүүлүүд гарч байгаа алба хаагчид ажлын өдрүүдэд буюу даваагаас баасан гарагт 10:00 цагаас 20:00 цаг хүртэл, бямба, ням буюу амралтын өдрүүдэд 11:00 цагаас 19:00 цаг хүртэл ажиллах юм” гэв.
эх сурвалж : "Ардчилал таймс" сонин