Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ардчилсан хувьсгалын өмнө ба одоо

Багануур дүүрэг. 1-р хороо. Ю.Цэвэгжав

 Одоогийн нийгэмд байгаа муу муухай бүхнийг ардчилал үүсч хөгжсөн 30 жилийн үйл явц, ардчилсан хүчний удирдагчидтай холбон тайлбарлаж, үүнээс өмнөх 70 гаруй жил диваажинд амьдарч байсан мэт ойлголт нийгэмд түгээх хандлага улам бүр ихэссээр байх шиг. Манай ихэнх ахмадаас гадна хийж бүтээх, танин мэдэх, төлөвших, аж амьдралаа цогцлоох, нийгмийг чиглүүлэх ид үедээ яваа 40-өөд насныхан болон тэдгээрээс доош насны залуус ийм ойлголттой хэсэг бүлгийн багагүй хувийг эзэлж байна. Ардчилал бидэнд юу өгөв гэхээс өмнө яагаад ийм ойлголт түгээмэл болж байгааг эхлээд бодоцгооё.

 1990-ээд оноос өмнө буюу социалист нийгэмд аж төрж байхад ажилгүйдэл байсангүй. Бүх ажил улсынх байлаа. Ажилгүй хүнийг нийгмээрээ үзэн ядаж, улсын ажлыг хийхээс өөр гарцгүй байв. Баян ядуугийн ялгаа байсангүй. Хөрөнгөжихийг нам засгийн бодлогоор хориглож цөмөөрөө жигдхэн түвшинд амиа зогооно. Аз тохиосон цөөхөн хэсэг нь улсын орон сууцанд амьдардаг. Хувийн хөдөлмөр, хувийн өмчийн тухай ойлголт байсангүй. Бүх өмч улсынх. Үндэсний гэгдэх гутал, оёдол, нэхмэл, хүнс, савхи, нэхий эдлэлийн гэх мэт цөөхөн хөнгөн үйлдвэртэй байсныг одоо бүх зүйлээ өөрөө үйлдвэрлэдэг байлаа гэж мэдэн будилж сурталчлах. Үнэн чанартаа бол дотоодын үйлдвэрийн нэгэн загварын хувцсыг өмсдөг хүн хэд байлаа? Савхин хүрэм, нэхий дээл нь бидэнд олддог байл уу? Хүнс хэдэн нэр төрөл байлаа? Нийгмийн тустай хөдөлмөрөөс зайлсхийж дамын наймаагаар амьдардаг шулаачид гэж муу хэлэгдсэн Дэнжийн мянгын захаас хувцас, ахуйн хэрэгцээгээ хангадаг байгаагүй гэж үү? Мах, сүүнд өнжин дугаарлаж, хөдөө хотын ах дүү, аав ээжтэйгээ утсаар ярих гэж ямархуу бэрхшээл тулгардаг байлаа? Өнгөрсөн зууны техник технологи, хоцрогдсон тоног төхөөрөмжтэй барилга, уул уурхай, аймгийн төвүүдийг ихэнхдээ гэрэлтүүлж дийлдэггүй дизель үүсгүүртэй эрчим хүчний станцууд, шилжилтийн үед үнэн төрхөө таниулж сүйрлийн ирмэгт хүрсэн дэд бүтцийн салбаруудтай байсныг ахмадууд мартсан уу? Багануур-Улаанбаатарын хооронд нүүрсний машинд гуйлгаар сууж 4-5 цаг тонгочуулж хүрдэг, эсвэл төмөр замаар шөнөжин тачигнуулж очдог байсан маань саяхан шүү дээ. Тэгвэл эдийн засаг, аж үйлдвэрийн салбарууд яагаад уначихгүй яваад байв? Амьжиргаагаа авч явах төдий цалин хөлсийг минь бидэнд таслахгүй өгч чадаад байв? Учир нь бүх үйлдвэр завод улсын татаасаар амьдардаг байж. Энэ татаас нь одоогийн Ардын намынхны баяр бахдалтайгаар зарлан тунхаглаж, баярын нулимсаа барьж дийлэхгүй Орос ахад хоёрхон хувийг нь төлж цайруулсан нөгөө алдарт их өр шүү дээ. Бид энэ тухай хуучин нийгэмд амьдарч байхдаа юу ч мэддэггүй, бидэнд хэн ч хэлдэггүй байсан. Харин социализм ялан мандаж ЗХУ тэргүүтэй социалист лагерийн орнуудтай Монгол мөр зэрэгцэн хөгжиж, яруу алдарт МАХН энэ бүхнийг манлайлан жолоодож байгаа тухай бүх сонин хэвлэл, урлаг уран сайхан, кино, хоёрхон сувагтай телевизээр өдөр шөнө, өглөө үдэшгүй сурталчилдаг байгаагүй гэж үү? Телевизээр агуу Зөвлөлт орон, түүнийг удирдан чиглүүлэгч ЗХУКН-ыг магтан дуулсан Москвагийн нэвтрүүлгээс өөр мэдээлэлгүй, дэлхий ертөнцөөс тусгаарлагдсан харанхуй ард түмэн байснаа бид мартжээ.
Ингээд бодохоор залуу үедээ өнгөрсөн нийгмийн үнэнийг ойлгуулах, түүхэн сургамжийг таниулах, ардчилсан нийгмийн ололттой талыг танин мэдэж, залуу хойч үеийнхэнтэй дуу хоолойгоо нийлүүлэх тал дээр ахмад бидэнд томоохон дутагдал оршиж байгаа бус уу? Одоогийн 40-өөд насныхан ардчилал үүсч байх тэр үед 10 гаруйхан настай байж гээд бод доо. Одоо ач зээтэй болчихсон, дунд насныхны бүхэл бүтэн үе маань ахмадуудын магтаад байгаа тэр нийгэмд хүүхэд насаа л өнгөрөөсөн, тэр нийгэмд амьдрал үзээгүй болохоор магтаж байгаагаар чинь л хүлээж авч ойлгоно шүү дээ. Тэр ойлгосон хэмжээгээрээ ардчилсан нийгэмд дургүйцэх болно.
Ардчилал бидэнд юу өгөв ?
Бидэнд хүний эрх, эрх чөлөөг өгчээ. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх нээлттэй боллоо. Ингэснээр бид төр засагт юу дуртайгаа хэлж шаардаж, тэр ч байтугай төрийн томчуудыг хочилж доромжилж, хулгайч дээрэмчин, авлигачаар нь дуудаж байна. Урьдын цагт Улс төрийн товчооны гишүүд, аймаг сумын дарга нар, байгууллагын намын дарга нарыг ингэвэл юу болох вэ та минь ээ.
Бид эрх чөлөөтэй болсноор өөрийн чадах мэдэх ажил хөдөлмөрөө сонгон эрхэлж хувийн өмчтэй болжээ. Өмчтэй хүн амьдралтай. Социализмын үед малын тоо толгойг 25 саяд хүргэнэ гэж хэдэн удаагийн таван жилийн төлөвлөгөөнд тусгав? Төлөвлөгөө нэг ч удаа биелээгүй. Харин ардчилсан нийгмийн 27 жилд малын тоо жил тутам өсч өнгөрсөн онд 60 гаруй саяд хүрлээ.

 Бид эрх чөлөөтэй болсноор гадаад оронд зорчиж байна. Өөрөөр хэлбэл үзэн ядаад, тэмцэлдээд байсан хөрөнгөтөн орнуудынхаа хотын гудамжаар хээв нэг алхаж, юм үзэн нүд тайлж, наймаа худалдаа хийж, амарч байх жишээтэй. Гадаад оронд очсон хүн хөгжлийг авч ирнэ. Хөгжлийг авч ирсэн хүн Монгол орноо хөгжүүлнэ. Хуучин нийгмийн үед гадаадад аялах нь байтугай амьдран сууж байгаа орон нутгаасаа өөр газар шилжин суурьших эрхгүй, орон нутгаас түр явах бол зам явах хэмээх нам засгийн зөвшөөрөл авч очсон газартаа бүртгүүлдэг, хэн хаашаа явахыг нам засаг хатуу хянадаг байв.
Бидний зарим нь ядуу зүдүү, хэцүү амьдарч байгаа нь үнэн. Гэхдээ хүн өөрийн чадлаар амьдрах хуультай нь гашуун үнэн. Ард түмэн ядуурч байна, улс орон өрөнд баригдлаа гэж эх оронч дүр эсгэн орилолдох нь төр засгаар амьдралаа даалгаж хөгжлийг хойш татан, өнгөрсөн нийгмийг мөрөөдөж байгаа ядуу сэтгэлгээ. Амьдралаа өөрийнхөө чадлаар авч яваа, татвараа төрд төлсөн хүн л жинхэнэ эх оронч шүү дээ. Төр засаг энэ эх оронч хүний өгсөн татвараар нийгмийн халамж хүртэх ёстой хүмүүсийг тэтгэж, нийтийн дэд бүтэц байгуулж, батлан хамгаалах, эрүүл мэнд, боловсролыг хөгжүүлэх бодлого боловсруулж батлах, түүнээ хэрэгжүүлэх л үүрэгтэй болохоос биш, биднийг алт мөнгө, байр орон, хоол хүнсээр хангаж, аж амьдралыг маань даах үүрэггүй шүү дээ. Хэрэв төр тийм үүрэг хүлээвэл ардчилсан хувьсгалаар нуран унасан социалист нийгмээс ялгаа юун. Татвараар бүрдсэн төсвийг хуваарилж зарцуулах, нийгмийн амьдралыг зохицуулдаг хууль журмыг батлах, хөгжлийн бодлогыг тодорхойлох хүмүүсийг бид өөрсдөө сонгож бүрэн эрхийг нь өгдөг. Хэрэв эдгээр хүмүүс хариуцсан ажлаа муу хийвэл дараагийн сонгуулиар өөр хүмүүсийг сонгоно. Сонгосон төр засаг маань сайн ч бай, муу ч бай бидний л сонголт, бидний л хариуцлага. Ийм нийгмийн тогтолцоог ардчилал бидэнд өгчээ.
Цааш нь дурдаад байвал нэг хуудсанд бичээд багтахгүй өөр олон ололттой зүйлүүдийг ардчилал бидэнд өгсөн, бас өөр олон муу зүйл бий. Бид тэдгээр муу зүйлийг засч залруулж ардчиллыг хөгжүүлэх, хамгаалах үүрэгтэй.

 Эцэст нь дүгнэхэд ардчиллын он жилүүдэд гарсан өөрчлөлтийг өнгөрсөн нийгмийн амьдралтай харьцуулбал Монгол орон хөгжлийн асар их амжилтуудыг олжээ. Заримдаа зөрчигдөж байгаа ч хүний эрхийг дээдэлдэг орон болжээ. Хувийн өмч нийгмийг урагшлуулан хөгжүүлэх хөшүүрэг болж хуулиар хамгаалагджээ. Иргэд нь эрх чөлөөтэй болжээ. Дэлхий биднийг мэддэг болжээ. Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зовох замыг бид сонгож, сонгосон замдаа бартаа саадыг өөрсдөө бий болгож, түүнийгээ бас хэнээс ч асуухгүйгээр өөрсдөө даван туулж, хөгжлийн замаар алдаа оноотой урагшилсаар яваа. Энэ бүгд бидний нүдэн дээр харагдаж байхад өнгөрсөн нийгэмд нэг их баян цатгалан байсан юм шиг ард түмэн ядуурлаа зүдэрлээ, эх орон баларлаа сүйрлээ, урьдын цаг сайхан байж гэж улиглах нь залуу хойч үеийнхнээ ардчиллын эсрэг буруу зөрүү ойлголтоор хордуулж, эмх замбараагүй байдал, үймээн самуунд дуудаж байгаа хэрэг бус уу?
1990 оны ардчилсан хувьсгал Монгол оронд 70 гаруй жил ноёрхсон нэг намын хэмжээгүй эрх мэдэл, коммунист дэглэмийг халж, хүний эрх, эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, олон ургальч үзэл, чөлөөт зах зээлийг тунхагласнаас бус үлгэрийн орон байгуулж, диваажинд амьдруулахыг амлаагүй билээ.
Ардчилал бидэнд өөрийгөө нээх, өөрийн дураар амьдрах боломжийг өгснөөс бус хэн нэгнээр тэжээлгэх, баян чинээлэг амьдралыг төр засгаас шаардах, хариуцлагаа бусдаар үүрүүлэх сэтгэлгээг өгөөгүй билээ.
 Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

эх сурвалж : "Ардчилал таймс" сонин

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com