Халдварт өвчнөөс урьчилан сэргийлэхийн тулд улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосон энэ цаг үед манай улс төдийгүй дэлхийн хэмжээнд амны хаалт шиг эрэлт ихтэй бараа байхгүй нь. Энгийн үед 150 төгрөгийн үнэтэй байсан нэг удаагийн амны хаалт өнөөдөр 500-800 төгрөгийн үнэд хүрч, 1500 төгрөөр борлуулдаг утааны шүүлтүүртэй маск 3500-8000 төгрөгт хүрээд буй. Зарим газруудад ийм үнэтэй худалдаалж байгаа. Үндсэн үнээсээ 2-3 дахин өндөр үнэтэй амны хаалтыг иргэд эрүүл мэндээ хамгаалахын тулд авахаас өөр сонголтгүй байна. Манай улсад амны хаалт үйлдвэрлэдэг жижиг дунд үйлдвэрүүд ганц нэгээр тоологдож, тэдний үйлдвэрлэсэн амны хаалт хаана ч хүрэлцэхгүй дуусч буй. Эмийн сангууд арга ядахдаа “Амны хаалт дууссан” гэх бичиг наахад хүрсэн. Энэ цаг үед зарим үйлдвэрлэл эрхлэгчид нийгмийн хариуцлагаа ухамсарлан үндсэн үйлдвэрлэлээ зогсоож, ард иргэдийнхээ хэрэгцээнд зориулан амны хаалт үйлдвэрлэж эхлээд байна. Тэдний нэг бол Monline компанийн хамт олон. Тус компани найман жилийн өмнөөс спорт болон чөлөөт хувцас үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 21 аймаг гурван хотод салбар сүлжээтэй компани юм. Коронавирусийн халдвар өргөн тархаж байгаа энэ үед дотоодын амны хаалтны хэрэгцээ хангах боломжгүй хүндхэн нөхцөлд тус компанийн хамт олон үндсэн үйлдвэрлэлээ зогсоож, амны хаалт үйлдвэрлэж эхэлсэн байна.
Тус компанийн үйлдвэрийн хэсэгт ороход оёдлын машины тачигнах чимээнд 10 гаруй эмэгтэйчүүд амны хаалт оёод толгой өндийх завгүй ажиллаж байна. Тэд өөр өөрийн хариуцсан ажлаа нямбайлан гүйцэтгэж харагдана. Тэдний үйлдвэрлэж байгаа амны хаалт ердийнхөөс өнгөлөг загварлаг харагдав. Энд тэнд өнгө өнгийн даавуунуудыг нааш цааш эргүүлж тойруулаад мөдхөн амны хаалт эцсийн бүтээгдэхүүн болж иргэдийн гарт хүрэхэд болон боллоо. Үйлдвэрээс гарсан амны хаалт дотроо халаастай бөгөөд тус хэсэгт иргэд өөрсдийн ажил мэргэжлээс шалтгаалаад даавуун шүүлтүүр, нэг удаагийн сальфетик хийж хэрэглэж болох аж. Мөн ямар нэгэн шүүлтүүр хийхгүйгээр ч зүүх боломжтой хэмээн оёдолчин бүсгүй ярив. Тус үйлдвэр өдөрт 1000 ширхэг амны хаалт үйлдвэрлэж байгаа бол хөдөө орон нутагт байрлах салбар үйлдвэрүүд нь өдөрт доод тал нь 400-800 ширхгийг үйлдвэрлэж байгаа гэнэ. Гэсэн ч иргэдийн дунд амны хаалтны хэрэгцээ их байгаа гэдгийг тус үйлдвэрийн ажилчид хэлж байв. Тэд өнөөдрийн байдлаар 20 гаруй мянган амны хаалтны захиалгатай байгаа гэнэ. Тус захиалгаа Сар шинийн баярыг өмнөх өдрүүдэд бэлэн болгон хүлээлгэж өгөхийн тулд 22:00 цаг хүртэл ажиллаж байгаа аж. Хамгийн гол нь энэ их ачааллыг үүрснийхээ төлөө тэд ямар ч ашиг хараагүй гэдгийг тус үйлдвэрийн захирал А.Чимэд-Очир хэлж байсан. Ингээд түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Анх амны хаалт үйлдвэрлэх бодол хэзээ төрсөн бэ. Бас ямар нэгэн ашиг харахгүйгээр үйлдвэрлэх нь танд ямар хэрэгтэй гэж?
-Дэлхийн олон улс оронд тархаад байгаа халдварт өвчний үед хүн бүхэн өөр өөрийн хариуцлагыг ухамсарлахаас гадна бусдын эрүүл мэнд, сайн сайхны төлөө цохилох зүрхтэй байж, эрүүл нийгмийг бүрдүүлнэ гэж бодсоны үндсэн дээр 20 гаруй хоногийн өмнө амны хаалт үйлдвэрлэхээр шийдсэн. Миний эрүүл мэнд надаас бас бусдаас хамаарна. Бусдын эрүүл мэнд надаас хамаарах энэ үед үйлдвэрлэл эрхлэгч бид ашиг хонжоо харалгүйгээр хамтдаа зүтгэж байж энэ хүнд хэцүү цаг үеийг туулах юм. Тиймээс нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, өөрсдийн хувь нэмрээ оруулахын тулд нийт ажилчдадаа уриалж, бүх сүлжээ салбараараа амны хаалт үйлдвэрлэж эхлээд байна. Манай компани амны хаалт үйлдвэрлэхдээ ямар ч ашиг хонжоо хараагүй. Зөвхөн амны хаалт үйлдвэрлэх материалын үнэ, ажлын хөлсөө шингээж нэг ширхгийг нь одоогоор 1000 төгрөгөөр худалдаж байна. Өмнө нь найман жилийн турш бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ ашигласан давууны өөдсөөр амны хаалт үйлдвэрлэж 600 төгрөгөөр борлуулсан. Мөн ЭМЯ-нд амны хаалт хандивласан. Ингээд удалгүй материал маань дуусчихсан. Тиймээс шинэ материал авч амны хаалт үйлдвэрлэж байгаа болохоор үйлдвэрлэх зардлаа тооцоод 1000 төгрөгөөс доош үнээр худалдах боломжгүй байна. Өнөөдөр монголчууд бид хүнд хэцүү энэ үед ашиг хонжоо хайгаад явж хэрхэвч болохгүй. Энэ бол амиа бодсон хулчгар хүний зан. Ер нь бидэнд маш их боломж байгаа. Гол нь айж сандраад байлгүй, ашиг хонжоо хараад ч байлгүй, хүн бүр эх оронч сэтгэлгээгээр ухаантай байвал болох юм шүү дээ. Монгол Улс дэлхийн газрын зураг дээр коронавирус илрээгүй орон хэмээн хөх өнгөөр тэмдэглэгдэж, халдвартай хэмээн улаан өнгөөр тэмдэглэгдсэн улсаас ялгарч байгааг харах болгонд маш их баярлаж, бид илүү их хичээх ёстой гэдгийг ойлгож байна.
Тэрээр бидэнд хүн бүрийг хамгаалах амны хаалт хийх хүсэл их байвч хүчин чадал маань хаанаа ч хүрэхгүй байна. Тиймээс иргэд та бүхэн амны хаалт олдохгүй байна гэж гомдоллохын оронд өөр өөрсдийн боломжоор гарын доорх материалаа ашиглаад амны хаалт хийх бүрэн боломж байгаа. Мөн хувиараа болон компани болж оёдол эрхэлдэг олон хүн бий. Нийгмийнхээ хариуцлагын хүрээнд өөрсдийнхөө хувь нэмрийг оруулах үүднээс нийт оёдолчдоо ард түмнийхээ сайн сайхны төлөө нэгдэхийг уриалж байна. Сар шинийн баяр тэмдэглэхийг хориглосонтой холбоотой дээл хувцасны захиалга багассан байгаа. Тиймээс манай жишгээр илүүдэл өөдөс даавуугаараа маск хийж ашиг үл харан ажилчдынхаа цалинг шингээгээд зарвал хамтдаа энэ давааг давах боломж дүүрэн байгаа гэдгийг хэлж байсан.
Үнэндээ энэ мэтчилэн нийгэмд гэрэл гэгээ түгээсэн санал санаачилга олон өрнөснийг энд дурдах нь зүйтэй болов уу. Тухайлбал, нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмч сувилагчид өөрсдийн санаачилгаар нэгдэн амны хаалт оёж эхэлсэн нь олонд сайн жижиг түгээсэн. Дараагийн үлгэр жишээ байгууллагаар “Уран” брэндийг нэрлэх нь зүйн хэрэг. Тус байгууллага коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор шаардлага хангасан бэлдэц материалаар амны хаалтыг үйлдвэрлэж, иргэдэд хүргэж байна. Мөн онцгой нөхцөлд 24 цагаар ажиллаж байгаа яаралтай тусламж үйлчилгээ үзүүлдэг төвүүдийн албан хаагчдад угааж, ариутган хэрэглэж болох амны хаалт, гар ариутгагч нэг удаагийн хэрэгслийг нийгмийн хариуцлагын хүрээнд олгосон юм. Түүгээр ч зогсохгүй олон хүн нэг дор цугларах, хэт ачаалал үүсгэх, халдвар тархах, амны хаалтны үнийг нэмж зарахаас сэргийлэн, захиалгыг утсаар болон онлайнаар авч нэг ширхэг байсан ч үнэгүй хүргэж үйлчилж буйгаа тус үйлдвэрийнхэн хэлж байна. Хөдөө орон нутгийн хэрэглэгчдэд унаанд өгч явуулж байгаагаа дуулгалаа. Сонирхуулахад, тус үйлдвэрээс маск авсан үйлчлүүлэгчдэд тухайн тоогоор нь гар ариутгах сальфеткийг дагалдуулан өгч байгаа аж. Энэ ч мөн сайшаан урамшуулах сайн жишээ.
“Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэдэг дээ. Бид улс эх орон, ард түмнийхээ өмнө тулгамдаад байгаа хүнд хэцүү үед ашиг хонжоо хайх биш хэнд ямар боломж байна түүгээрээ бие биенээ дэмжих ёстой. Дахин нэг жишээг дурдахгүй өнгөрч болохгүй нь. Монголын эмэгтэйчүүдийн холбооноос шинэ коронавирус одоогоор манай улсад бүртгэгдээгүй ч халдвар тархах өндөр эрсдэлтэй орны тоонд багтаж буй. Иймд урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд эхний ээлжинд 10 мянган амны хаалт оёж, аюул бүхний өмнө цаг нар, нойр, хоолоо умартан зүтгэдэг эмч, эмнэлгийн ажилчид, цагдаа, онцгой байдлын алба, асрамжийн газар, сэтгүүлчдэд үнэ төлбөргүй тараахаар ажиллаж байгаа гэдгээ дуулгасан. Тус амны хаалтыг элдэв харшил өгөхгүй, цэвэр даавуун материалаар буюу хүүхдийн өлгийний даавуугаар хийсэн байна. Тиймээс амьсгалахад хүндрэл учруулахгүй, олон удаа угааж, индүүдэн хэрэглэх боломжтой гэдгээрээ давуу талтай гэдгийг онцолсон. Энэ мэтчилэн олон сайн жишээ, сайхан сэтгэлийг энд дурдаж болох. Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид, иргэн, аж ахуйн нэгжүүд амны хаалтны хэрэгцээг чадах чинээгээрээ хангахыг чармайн ажиллаж байгааг магтан дуулахаас аргагүй. Энэ их сэтгэлийн хариуд хүн бүр амны хаалтаа зүүхэд л болох юм шүү.
эх сурвалж : "Ардчилал таймс" сонин