Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Дарханыхаа замаар дэржигнүүлж л явна

АН-ын ҮБХ-ны гишүүн

О.Нямдаваа

 Дархан, Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл, Төв аймгийн иргэдийн хувьд Улаанбаатараас Дархан хоорондын авто зам чухал үүрэгтэй бөгөөд бүс нутгийн ложистикийн гол сүлжээг үүсгэдгээрээ ач холбогдолтой. Олон улсын АН-3 зэрэглэлийн замын хувьд хойшоо ОХУ руу гарах гол зам болдог. Анх 1939 онд ЗХУ-ын тусламжтайгаар Улаанбаатараас Оросын хил рүү сайжруулсан шороон зам барьж эхэлсэн нь энэ замын үндэс болсон бөгөөд 1990 оны дундуур бүрэн хатуу хучилттай болсон гэх мэдээлэл бий.
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замаар өдөрт дунджаар 5800 тээврийн хэрэгсэл зорчдог. Харин амралт зугаалгын оргил үед 12000 гаруй тээврийн хэрэгсэл зорчин өнгөрдөг. Цагаан сараар түгжрэл үүсдэг хамгийн их ачаалалтай зам юм.

 2019 оны хавраас Дарханы замыг хот хоорондын анхны дөрвөн эгнээтэй зам болгоно, одоо ашиглаж байгаа авто замын далангийн өргөн 9-10 метр, хучилтын өргөн 6-7 метр байгаа авто замыг дөрвөн эгнээ болгох өргөтгөл шинэчлэлтийн хүрээнд далангийн өргөн 11 метр, хучилтын өргөн есөн метр болж өөрчлөгдөнө.
Хэйлонжиан Жиньеи Рөүд энд Бридж, Чайна Cтэйт Шинжиан Констракшн Инженеринг (групп), Гуйжоу Хайвэй Инженеринг Групп, Чайна Cтэйт Шинжиан Констракшн Инженеринг (групп), Чайна Жео-Инженеринг Корпорац зэрэг БНХАУ-ын томоохон компаниуд ажлыг тав хуваан авч богино хугацаанд авто замыг барьж байгуулна.
2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс зам хааж ажил эхэлнэ, 2019 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр шинэ замыг ашиглалтад оруулна гэсэн сайхан мэдээллүүд тасралтгүй хөвөрч зорчигч тээвэрчдийг баярлуулсан нь хэвлэлийн хуудаснаа түүх болон шарлан үлджээ.

 Харин шинэ зам барьж байгуулах хугацаанд түр шороон замаар зорчих болно гэсэн мэдээлэл нь хатуу хучилттай замаар зорчоод сурчихсан иргэдэд жаахан тиймхэн сонсогдож байв. Учир нь ашиглаж байгаа хоёр эгнээ бүхий зам Баруун-Хараа, Баянчандмань, Цайдамын хөндий орчимд эвдрэлтэй ч замын бусад хэсэгт аюул багатай зорчиж болдог байлаа. Байнга зорчдог автобус, такси, иргэдийн хувьд замын нүх эвдрэлийг андахгүй цээжилж тогтоочихсон байдаг тул хурдаа тохируулаад явчихдаг. Тиймээс шинэ замаа барьж ашиглалтад оруулчхаад дараа нь хуучин замаа шинэчилж болохгүй байсан юм байх даа гэсэн санал, гомдол тухайн үед хүчтэй сонсогдож байв. Эсрэгээрээ, арваннэгдүгээр сард шинэ зам ашиглалтад орчих тул хэдхэн сар тэсэцгээе гэх өөдрөг нэгэн ч байлаа.
2019 оны зургадугаар сарын 17-ны өглөө Улаанбаатарыг зорин явах замд Цайдамын хөндий, Баруунхараа, Баянчандмань, Улаанбаатарын шинэ пост дээр дөрвөн газар тус бүр машин техник ярайж, асар майхан босгон тайз засч шинэ замын нээлтийн тууз хайчлах ёслолын ажиллагаанд бэлтгэсэн нь үнэхээр бахархам сүртэй байж билээ.
Манайд Дархандаа суурин амьдардаг ч Улаанбаатарт ажилладаг иргэд олон байдаг. Даваа гаргийн өглөө 6:00 цагт хот руу гараад давхихад 10:00 цагт ажил дээрээ оччихдог. Баасан гаргийн өдрийн орой буцаж гарч давхиад, орой 22:00 цагт гэртээ цайгаа уугаад тухлан сууж байдаг хүмүүсийн хувьд найдвартай замтай болох нь үнэхээр баярт мэдээ байсан.
Тиймээс ч Дархан, Сэлэнгэ, Эрдэнэт, Булган Хөвсгөлчүүд маань зунжин, намаржин тэсвэрлэсэн ч, дөрвөн тэрбум төгрөг зарцуулан тавьсан түр зам нь бороо, салхи, машины дугуйн нөлөөгөөр сар хүрэхгүй хугацаанд эвдэрч, энхэл донхол болсноор гурван цагаас илүүгүй туулдаг байсан замаа аюул эрсдэл, шороо тоосон дунд дэржигнүүлэн донслон шавар шавхайнд шарван барин 6-8 цаг туулдаг болсон нь энэ замыг ашиглагчдын бухимдлыг төрүүлж эхэлсэн.

 Ядаж байхад өнгөрсөн зун бороо хур элбэг байснаас томоохон ачааны машинууд даваа гүвээ рүү өгсч чадахгүй хий эргээд зогсчихно, түүнийг нь трактораар татаж гаргадаг бизнес хүртэл бий болсон байлаа. Албаны хүмүүс ч ажил саатаж байгаагаа 20 гаруй хоног үргэлжилсэн борооноос боллоо хэмээн тайлбарлана.
Европын хотууд хоорондоо хурдны замаар холбогдсон байдаг нь оршин суугчид хөрш зэргэлдээ хотуудад ажил хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлж байдаг. Энэ нь ч хотууд биенээ ажиллах хүчний нөөцөөр харилцан хангах, солилцох, шилжилт хөдөлгөөнийг зохицуулах боломж олгодог. Хөгжил дэмжсэн ийм сайхан боломж иргэдэд маань бүрдлээ гэсэн баяр хөөр удалгүй бухимдлаар солигдсон нь энэ байлаа.

 Замын ажил эхэлснээс хойш энд тэндгүй эвдэрч зогссон машин техник элбэг тохиолдож, “Дарханы замаар яваагүй PRIUS машин зарна” гэсэн зар сошиалд тавигдсан нь хүмүүсийн амны зугаа болж байлаа. 2019 онд Улаанбаатар-Дарханы зам дээр 265 осол гарч 25 иргэн амь насаа алдаж, 79 иргэн гэмтэж бэртсэн гэсэн эмгэнэлтэй тоо баримт байна. Гэхдээ илжиг модон хударгандаа хурдан дасна гэдэг шиг бид ч энэ замдаа дасах нь бололтой.

 Энэ бүхнийг түр хойш орхиод 2019 оны аравдугаар сард ажлын шаардлагаар гадаадын иргэнтэй хамт Дархан руу зорчсон тухайгаа өгүүлье. Замд гарсан эхний үед зочинд маань шороон зам сонирхолтой байсан ч удалгүй залхаж, ядарч байгаа нь ажиглагдлаа. Гэхдээ л зочин маань надаас олон зүйлийг сонирхон асууж би чадах ядахаараа тайлбарлаж явав. Хотоос гараад удаагүй байтал замын баруун талд Нарны цахилгаан станцын хавтангууд (панел) цайтлаа цагаан тоосонд дарагдсан байгааг харсан зочин маань гайхан толгой сэгсэрч, энэ нарны цахилгаан станц ажиллах боломжгүй болжээ. Хохирлыг нь замын компани хариуцаж барагдуулах уу гэж надаас асуув. Би энэ талаар мэдээлэл байхгүй, хохирлыг барагдуулах байх гэж санаа зовнингүй хэлэв. Баруунхараа өнгөрөөд хэсэг газар хуулаагүй байгаа засмал замаар түр явах үед зочин маань яагаад засмал зам байгаад байхад, түүнийг хаагаад шороон замаар явуулаад байгаа юм бэ гэж асуулаа. Би шинэ зам баригдтал түр явуулж байгаа юм гэж тайлбарлаж хэлсэн ч тэрбээр толгой сэгсрэн ингэж болохгүй, шинэ зам барьж дуустал иргэд хатуу хучилттай замаар зорчих ёстой. Зам барихтай холбоотойгоор иргэдэд хүндрэл учруулах нь буруу гэж дахин толгой сэгсрэн ярьж байв. Баянголын гүүрээр дөнгөж гараад цааш километр орчим явтал замын дэргэд шинэ замын далан барихад ашиглах шороо ухан авч гүнзгий том нүх үүсгэн ажиллаж байгаа экскаваторыг хараад, “Танай зам барьж байгаа компаниуд яагаад дуртай газраас шороо ухаж аваад байгаа юм бэ? Үүнийг зөвшөөрдөг үү. Даваа гүвээг доош намсган ухаж, тэндээс гарах шороог яагаад замын ажилд ашиглахгүй байна?” хэмээн надаас асуулаа. Дархан-Улаанбаатарын чиглэлийн шинэ замыг барихдаа бүх даваа гүвээг 4-10 метрээр доош намсгаж байгаа гэж тайлбарлалаа. Гэтэл зочин маань хангалтгүй байна, хэрэв даваа гүвээгээ дахиад 50-100 метр намсгасан бол тэндээс маш их шороо гарах бөгөөд түүнийгээ замын ажилд хэрэглэснээр алс холоос зөөх шороо хэмнэгдэж замын ажлын зардал буурна. Мөн ирээдүйд энэ замаар зорчих машинуудын шатахуун хэмнэгдэх болно. Олон жилийн турш хэчнээн машин энэ замаар явах вэ гээд төсөөлөөд бод гэж надад хэлэв. Яагаад манай замын инженерүүд ийм зүйлийг тооцдоггүй юм бол? Нээрээ л даваанууд дээр ачааны том машинууд эвдэрч зогссон байдаг. Цас орж шуурахад Дархан-Улаанбаатарын хоорондох даваанууд хаагддаг, үүнийг шийдэх гарц нь зочны маань хэлсэн санаа биш байгаа даа гэсэн бодол төрж байлаа. Зочин маань буцахдаа вагоноор явж болох уу гэж асуусан нь манай зам түүнийг үнэхээр хашрааж хураасан нь илт. Цайдамын хөндий рүү ороод ирэх үед зочин тариаланчдын энэ их хөдөлмөрийг яаж ингэж сүйтгэж чадав аа хэмээн дахин харамсан толгой сэгсэрч байлаа. Тариаланчид тарьсан ургамлаа хамгаалах зорилгоор замын дагуу чулуу эгнүүлэн тавьж, нэг метр орчим өндөртэй гэрэл цацруулагчтай нарийхан модон шонгууд зоож машинуудыг талбайгаараа явахгүй байхыг анхааруулсан ч машинууд дуртай газраараа давхилдаж байгааг харсан зочин маань үнэхээр алмайрсан байдалтай байгааг хараад би дотроо их л ичиж билээ. Тэрээр Улаанбаатар-Дарханы чиглэлийн замын дагуу шинэ зам барих ажилтай холбоотойгоор газрын хөрсийг маш их гэмтээжээ. Үүнийг нөхөн сэргээх үү гэж надаас асуулаа. Би ч сүүлдээ асуултаас бултаж нөхөн сэргээх ёстой гээд хэлчихлээ. Нөхөн сэргээдэг эсэхийг үнэндээ мэдэхгүй л дээ. Мэдэхгүй байж худлаа хэлсэндээ бантах шиг. Жолоочдоо түр замаас гарч болохгүй гэж захихад тэр маань түр замаар явбал Дархан мөд орохгүй хэмээн амандаа бувтнах нь сонсогдов.
Ийнхүү долоон цаг үргэлжилсэн хөгтэй хөгжилтэй аялал дуусч арайхийн Дархан хүрсэн ч түүний хэлсэн ярьсан бүхэн орой руу орж яагаад бид ийм байдаг юм бэ гэх гунигт бодол толгойд хөвөрч байв.
2013 онд төслийн ажлаар Герман явж билээ. Берлинд миний буусан зочид буудлын ойролцоо гудамжинд ус хангамжийн хуучин шугамыг солихын тулд цоо шинэ түр шугам барьж байлаа. Шугам сольтол хэрэглэгчдийг усаар таслахгүй гэж тэр шүү дээ. Хэрэглэгч бол “Хаан” гэдгийг ингэж л харуулах мэт. Гэтэл манайд бол хорооллоор нь тасалж байгаад засвар шинэчлэлийн ажлаа хийх нь энүүхэнд. Замаар зорчиж байгаа иргэд ч замын хэрэглэгч, тиймээс аюулгүй замаар ая тухтай зорчих ёстой гэдгийг хэзээ бид ойлгох вэ?
20 тонн гахайн мах ачиж ОХУ-аас Улаанбаатар руу явж байгаа машин Тахилтын даваа өөд гарч чадахгүй шаварт хий эргэж хэд хоног саатаад байгаатай Зариг.мн сайтынхан тааралдаж ярилцлага авсан байсан. Орос жолооч нүүрээ даран толгой сэгсэрч ингэж иргэд зорчигчдыг хүндрүүлж зам барих ч гэж дээ гэж харамсан хэлж байгааг олон хүн үзсэн.
Ерөнхий сайд Эрдэнэт рүү вагоноор явахад Дарханы замаараа яваад ямар болсныг харчихгүй дээ гэж гомдоллох иргэд ч олон таарсан.
Иргэдээ зунжин, намаржин тамлан зовоочхоод албаны хүмүүс нь бид арваннэгдүгээр сарын 1-нд хөдөлгөөнөө нээнэ гэснээс зам нээнэ гээгүй хэмээн мэдэгдэл хийх нь даажигнаад байгаа ч юм шиг. Гэрээний хугацаа 2020 оны зургадугаарыы сард дуусна, бид 2020 оны гуравдугаар сарын 1-ээс ажлаа эхлээд гэрээний хугацаандаа багтааж замаа дуусгана гэсэн шинэ амлалт авсан нь ч бүтэхгүй болоод явчихлаа. Улстөрчдийн шахалтаар замын компаниуд өдөр шөнөгүй ажиллаж шинэ замаа барьж дуусгаад сонгуулийн өмнө сүр дуулиантайгаар туузаа хайчлах байх гэсэн иргэдийн хүлээлт талаар болох шинжтэй.

 Дэлхий дахиныг түгшээсэн Коронавирусийн дэгдэлтийн улмаас хилийн хорио тогтоож, замын гүйцэтгэгч компаниуд БНХАУ-аас хэзээ Монголд орж ирж ажлаа эхлүүлэх нь тодорхойгүй болчихлоо.
Өнгөрсөн нэгдүгээр сард ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан замын ажлын талаар хэлэхдээ “Азийн хөгжлийн банктай байгуулсан гэрээний хугацааны хоёрдахь шат нь зургадугаар сард дуусна. Энэ хугацаанд буюу хоёрдахь шатныхаа ажлын хүрээнд бид Дарханы замыг гэрээт хугацаанд нь ашиглалтад оруулахын төлөө ажиллана гэсэн боловч төслийг үр дүнтэй, гэрээт хугацаанд нь хэрэгжүүлж дуусгахад захиалагч Зам, тээврийн хөгжлийн яам, санхүүжүүлэгч Азийн хөгжлийн банк, төслийн зөвлөх Энэтхэгийн ICT компани, Дарханы замын төслийн нэгж, хяналтын инженерүүд, гүйцэтгэгч компаниудын ажлын уялдаа холбоог сайжруулан, нэг баг болж нягт хамтран ажиллана гэсэн дайвар мэдэгдэл нь яасан оройтсон ухаарал вэ? Өмнө нь ингэж ажиллаж болоогүй юм уу гэх голонгүй бодлыг өөрийн эрхгүй төрүүлэв. ЗТХЯ-ны Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ 2019 оны арванхоёрдугаар сарын 30-нд албан өрөөндөө Дарханы замын гүйцэтгэгч компанийн хятадуудаас 20,000 юанийн хахууль аваад сууж байхдаа АТГ-ын ажилтнуудад баригдсан мэдээг сонссон иргэд авлигад өртсөн Дарханы зам чанаргүй болох нь тодорхой болчихлоо хэмээн халаглаж байна.
Монголд анх удаа хот хоорондын дөрвөн эгнээ сайхан зам барих гэж байхад шүүмжлэх шаардлага байна уу гэх бодол төрж байсан ч, ажлыг зөв оновчтой төлөвлөж, зохион байгуулах чадваргүй, мэдлэг туршлагагүй нөхдөд ийм чухал ажлыг ахин бүү даатгаасай, ард иргэдийг дахин бүү хохироогоосой гэсэн сэтгэл үүнийг бичихийг шаардаж байлаа.

 Дарханы чиглэлийн 204.6 км авто замыг шинэчлэх ажил үнэхээр дуулиан шуугиантай байна. Өнөөдөр ч бид үгээ бартлаа өнөөх замаараа л давхиж явна.
Хаана төрийн байгууллагын үйл ажиллагаа унаж доголдоно, тэнд төрийн бус байгууллагын үйл ажиллагаа цэцэглэн босдог гэдэг үгийг батлах мэт иргэд, төрийн бус байгууллагууд нэгдэн тэмцэж эхэллээ. Сошиалд “Дарханы зам засвар олон нийтийн хяналт”, “Selenge Darkhan Traffic” группууд бий болж Дарханы замын талаар санал сэтгэгдлээ хуваалцдаг болсноос гадна иргэн А.Цэрэнбат нар Дарханы замын улмаас иргэд 500 мянгаас 40 сая төгрөгийн хохирол амссаар байна. Зам тээврийн яам буруу менежменттэй ажилласныг шүүхээр тогтоолгохоор гурван өмгөөлөгч энэ асуудалд анхаарал хандуулан ажиллаж байна. Дарханы замд явахдаа хохирсон иргэд нэгдэж, нөхөн төлбөр гаргуулахаар тэмцэх хэрэгтэй гэдгийг уриалсан юм.
Үнэхээр Засгийн газар, ЗТХЯ-ны хариуцлагагүй байдлаас улбаатайгаар иргэд эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсоор байхад тэдний эрх ашгийг нь хамгаалах төрийн байгууллага, уучлал эрэх нэг ч албан тушаалтан байхгүй байгаа нь харамсалтай.
Зам замын дундаас гэртээ харих зам хамгийн сайхан гэдэг. Иргэд аюул эрсдэлгүй замаар, ая тухтай зорчиж гэртээ харихыг хүсч байна.

эх сурвалж : "Ардчилал таймс" сонин

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com