Хүний бүхий л үг, үйлдэл, илэрхийлэл тархиных нь удирдлагатайгаар явагддаг. Үүнийг бид ухамсар буюу оюун сэтгэхүй гэдэг. Хүний зүүн тархи, баруун тархи өөр өөр үүрэгтэйг хүн бүхэн мэддэг ч тухайн мөчид алийг нь ажиллуулж байгаагаа хянадаггүй. Тухайлбал тархины зүүн хэсэг логик сэтгэлгээ, цэгцтэй сэтгэх, задлан шинжлэл хийх, дүгнэлт гаргах, харьцуулах, шүүмжлэх зэрэг үүрэгтэй. Харин баруун тархины үүрэг нь харааны орон зай, өнгө, сэтгэлийн хөдөлгөөн, уран сэтгэмж, дүрслэх зэрэг чадварыг хариуцна.
Эндээс харахад монголчууд бидний аль тархи илүү ажиллаж байна вэ? Асуудал шийдэхэд зүүн тархи логик дүгнэлт хийж шийдвэр гаргах бол баруун тархи харагдах гадаад үзэмжээр буюу эхний өнгөц сэтгэгдлээр шийдвэр гаргадаг гэсэн үг.
Гурван сая монголчууд бичиг үсгийн боловсролоороо дэлхийд дээгүүрт бичигддэг. Харин мэдээлэл хүлээн авах, боловсруулах, боловсруулсан мэдээлэлдээ анализ хийж, зөв шийдвэр гаргах чадвараараа тун ч дулимаг.
Олон нийтийн сүлжээнд хов жив, цуурхал, худлаа мэдээллийг дуу дуугаа авалцан шэйрлэж хэн нэгэн буруутныг хайж, тэрхүү буруутнаар эхэнд өртсөн нэгнийг цоллож бас ялладаг. Энэ бол зүүн тархиа ажиллуулахгүй байна гэсэн үг. Энэ тархины ажиллагаа доройтвол санах ой, ойлгох, сэтгэн бодох чадвар муудна. Энэ бол тэнэгрэлийн шинж гэж судлаачид тэмдэглэжээ. Тэнэгрэл нь оюун ухаан, ойлгож ухаарах, шалтгааныг олох, дүгнэх, мэдрэх чадварын дутагдал аж.
Оюуны дархлаа нимгэрэх, сэтгэлгээний доройтол болох, оюун ухааны ажиллагаа буурах, аливааг хэлбэр талаас даган дуурайх ихсэх нь нийгэм нийтээрээ бодит мэдээллийг шүүх тунгаах чадваргүй болж буй шинж. Учир нь бодит мэдээлэл уншихад хялбар биш (эдгээр хүмүүсийн хувьд) тунгаан бодох чадварыг хүнээс шаардсан хэлбэр, хэллэгтэй байдаг. Оюуны өлсгөлөн, сэтгэлгээний доройтол, тэнэгрэл нь ходоодны өлсгөлөн, ахуйн ядуурлаас нийгэмд хор нөлөө ихтэй.
Хүний ходоод өлсч цангасан бол муу ч хамаагүй ямар нэгэн хоол унд идэхэд өл дарагдана. Харин оюун сэтгэхүйн тэнэгрэл буюу тархины өлсгөлөнгөөс хүн өөрөө зорилго, зорилттойгоор гарахгүй бол хогийн муу мэдээлэл чихэх тусам улам тэнэгрэнэ. Тархи улам өлсгөлөнд автдаг. Учир нь тархины тэжээл буюу мэдээлэл чанартай буюу хэрэгтэй байх нь хүний аливаа үйлдэлд зөв шийдвэр гаргахад нэмэртэй. Гэхдээ энд цэвэр хүний өөрийн сэтгэлгээний чадвар шаардагдана. Үнэн бодит, хэрэгтэй мэдээллийг хэрэглэж чадахгүй бол хүнд тэр мэдээлэл огт хэрэггүй. Мэдээллийг хүн амьтай болгодог. Муу мэдээлэл авсаар байгаад тархи түүндээ дасч сэтгэл хөдлөлөө илүү ажиллуулахыг хүсдэг болдог. Өөрөөр хэлбэл цуурхал тараах, хов жив ярих, түүнийгээ бусдад дамжуулах дон. Архи уугаад тавирдаг, тамхи татаад тайвширдаг шиг цуурхал, хачин сонин, үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллээр тархиа дүүргээд түүнийгээ сонин сайхан зүйл болгож хуваалцах хүсэл гэж тайлбарлавал илүү оновчтой. Оюуны өлсгөлөн, сэтгэлгээний доройтолд орсон хүн үүнийгээ мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй. Мэдсэн ч хүлээн зөвшөөрөх чадваргүй байдаг. Зөвхөн харагдаж буй үзэгдэлд итгэх нь хүний анхдагч танин мэдэхүй буюу бүрэн байгалийн эрхшээлд амьдарч байсан цаг үетэй холбоотой. Цахилгаан цахих, бороо орох, хуй салхи дэгдэхэд цаад учрыг нь танин мэдэж чадахгүй тул ямар нэгэн эзэн буюу бурхан буй гэж мухраар итгэдэг байсан үе. Үүнийг хэдхэн жилийн өмнө Хөвсгөлд бурхнаар бөөлждөг бүсгүй тодорсонтой холбон тайлбарлаж болно. Телевизийн сэтгүүлч эмэгтэй энэ бол гайхамшигтай явдал хэмээн гэрээс нь дамжуулж нутгийнхан нь алмайран гайхаж, бишрэн мөргөх нь холгүй байсан нь үнэн. Олон нийтийн сүлжээгээр түүнийг рид хувилгаан мэтээр хүлээн авч бишрэн дагахад бэлэн олон хүн байсныг бид өнөөдөр мартаагүй билээ.
Түүний дотор тун цөөхөн хүн, эмэгтэй хүний умайн хэсэгт есөн кг чулуу бий болж урган төлжиж мөн гадагш гарах ямар ч боломжгүй талаар хэлж ярьсан нь цөөхөн байсан шүү дээ.
Өнөөдөр харин энэ байдлаасаа дээрдэж ухаарч, сэхээрч чадсан уу? Хэт шашинлаг, мухар сүсгийн шинжтэй сэтгэлзүйн хэв шинжид автаж олон нийтийн сүлжээ түүгээр амьсгалж байна уу? Тийм гэвэл худлаа, болохгүй.
Өгөөш залгигчид
Шүүлтүүргүй мэдээллийг залгиж хооллогсод эгнээгээ тэлж нийгмийн эрүүл саруул оюун ухааныг хуйхлан түлж байна. Дасгал хийж зөв хооллоод жингээ хаях биш “эрүүлээр тураах бүтээгдэхүүн”-ий сурталчилгаанд итгэгчдийн эгнээ улам бүр тэлж байгаагаас үүнийг харж болно. Энэ бол хүн өөрийнхөө биеийн тухай өчүүхэн ч ойлголтгүй, тэр тухай мэдлэг мэдээллийг авдаггүй, авахыг ч хүсдэггүй, аваад ч ойлгодоггүй хүн сүрэг бэлчиж яваагийн тод жишээ.
Өнөөдөр монголчууд мэдээллийн хомсдолтой гэж үзэцгээдэг. Харин ч хэт их мэдээлэлд живснээс болж хөл толгойгоо алдаж буй үйл явц харагдаж байна. Ар араасаа цувран бөөнөөр ирэх их мэдээлэл хүнд тунгаах, гаргалгаа хийх боломж өгөхгүй тул харагдах, шууд тусах анхдагч байдалд төвлөрч, баруун тархи голдуу ачаална. Хөнгөн мэдээллийг унших, үзэх явцад тархины ачаалал зүүнээс баруун руу шилждэг. “Байнга дасгал хийсээр баруун тархи гаргууд сайн “дадлагажиж”, дараагийн цувраа мэдээллийг ч баруунаар боловсруулна. Байнгын дасгал сургуулилтаар бол анхдагч сэтгэгдэл буюу гадна үзэмжид хэт анхаарна, гоёыг дагаж хошуурна, зоволгүй боловсруулагдах мэдээллийг чухалчилна, хөнгөн зугаатай мэдээлэл амархан тархаж нийтийг инээлгэнэ, уншсан харсандаа тэрхэн зуур баясч инээнэ, сүүлдээ инээдэмтэй, хошин марзан талыг шүүн хайж амархан инээх, хялбархан маазрахын араас хөөцөлдөнө” хэмээн нийгмийн судлаач тэмдэглэжээ.
Монголд ийм л юм болж байна.
Хамгийн ойрын жишээ бол “коронавирусэнд хатуу архи сайн гэнэ ээ” гэх цуурхал. Гэтэл мэргэжилтнүүд нөгөө талд дархлаагаа сайн хамгаалахыг зөвлөж байв. Анагаах ухаан талаасаа өндөр градустай архи хүний биеийн дархлааг муутгадаг гэдгийг мэдэхгүй үй түмэн хүн байгаа нь харагдав. Бас нөгөө талаасаа учиргүй их идэж уугаад унтаад байвал дархлаа сайжирна гэж далийсан хэсэг хүн ч байв.
Гэтэл хүний нойр, хоолны зөв зохистой байдал, хөдөлгөөн, сэтгэл санааны тайван байдал нь хүний дархлааны системийг тэнцвэртэй байлгадаг гэдгийг ойлгож ухаарч байгаа хүн үгүй.
Тиймээс хөл хорио тогтоонгуут хүнсний сүлжээ томоохон дэлгүүрүүдийн лангууг хоосолсон нь тэр. Тархины өлсгөлөнгөө дарахын тулд ходоодоо дүүргэхийг хүссэн нь ухамсартаа биш сэтгэл санааны байдалдаа захирагдаж шийдвэр гаргаж, үйлдэл хийж байгаа хэрэг. Өнөөдөр олон нийтийн ийм оюун санааны дархлаагүй байдал, сэтгэл санааны байдлаараа шийдвэр гаргадаг дээр зар сурталчилгаанууд “тоглолт” хийж байна. Зар сурталчилгааны тухай хуулийн 7.2.3-д “Хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсвэл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан бол зүй бус зар сурталчилгаанд тооцох”, 7.4.6-д “хүнлэг ёс, ёс суртахуун, Монгол хүний эрхэмлэн дээдэлдэг зан заншлын ёс горимыг зөрчсөн бол ёс суртахуунд үл нийцсэнд тооцно” гэсэн байдаг. Энэ хууль огт үйлчилдэггүй орон.
Мөн бөөнөөр нь хүмүүсийг вакумжуулж тархийг нь угаах арга нэвтэрсээр байна. Энэ арга улам нарийсч хэлбэр дүрсээ өөрчилсөөр байгааг хэлэх хэрэгтэй. Бөөнөөр нь лекцэнд суулгаж, сүмд залбируулах, түрийвчээр нь мөнгө даллуулах зэрэг арга үүнд багтана. Шашны гүн ухааныг итгэл бишрэл, мухар сүсэгтэй холин дундад зууны танин мэдэхүйн сэтгэхүйгээр л хорвоог барж яваа улсууд шүү дээ, бид.
Олон нийтийн сүлжээн дэх дуулиан шуугианыг мэдээлэл хэмээн итгэж “залгиж”, тэр тухай шүүн хэлэлцэж, талцаж хэрэлдэх нь мэдээлэл авах, хэрэглэх үндсэн хэлбэр нь. Уншдаг нь сошиал, ярьдаг нь хов, үздэг нь солонгос олон ангит кино, сонсдог нь зохиолын дуу. Нийт массын хүсэл сонирхлын хүрээ ерөнхийдөө иймэрхүү. Цаг зуурын хөнгөхөн уран зохиол ч зүүн тархийг гундаадаг. Тархиндаа бөөн хогон мэдээлэл чихэх нь зүүн тархийг улам өлсгөнө. Өлсөх тусмаа хог чихнэ.
Хүний боловсролд төрсөн цагаас нь эхлэн хүмүүжсэн орчин, хүмүүжүүлэгчийн нөлөө чухал үүрэгтэй. Багаасаа баруун тархиа хөгжүүлсээр, баруун тархитнуудын дунд холхиж, үздэгийг нь үзэж, уншдагийг нь уншсаар баруун тархитан болох амархан. Улмаар нийгмийн сэтгэцийг баруун тархитнууд бүрдүүлдэг гэнэ. Хүн унших, үзэхээс гадна бодох, судлах, түүнээсээ оюун дүгнэлт хийх, суралцах, өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай. Эс бөгөөс байгалийн амьтан шинж рүүгээ улам ойртоно. Хүн амын боловсролын түвшин, нийгмийн сэтгэлгээ, тухайн нийгмийн оюун санааны хөгжил, улсын эдийн засгийн хөгжил харилцан хамааралтай.
Эцэст нь бид хүн байх уу, амьтны сүрэг болох уу гэдэг нь авч буй мэдээллийн шүүлтүүрээс шууд хамаарна.
эх сурвалж : "Ардчилал таймс" сонин