З.Гэрэл
Монголбанкнаас долоон жил дараалан хийсэн ЖДҮ-ийн санхүүжилтийн судалгааны талаар тус банкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очиртой ярилцлаа.
-ЖДҮ-ийн санхүүжилтийн байдлын судалгааг долоон жил дараалан хийсэн ч үр дүн нь бараг ижил байсан. Бас хэлэлцүүлгийн үеэр ч эдийн засагчид, судлаачид өөрсдийнхтэй нь их ойролцоо байгааг хэлж байсан л даа. Монголбанкнаас хийсэн судалгаа ер нь хэр зэрэг эргэлтэд орсон гэж харж байна вэ?
-Энэ судалгааг долоон жил дараалан хийсэн ба хамгийн сүүлд 2018 онд хийсэн. Сүүлийн гурван жилийн судалгааг би хариуцсан. Ингэхэд нийтлэг үр дүн гарч байсан. Тухайлбал, санхүүгийн хүндрэлийн талаар хугацаа богино, зээлийн хүү өндөр, барьцаа хөрөнгө шаарддаг зэрэг нь нийтлэг байсан. Гэтэл эсрэгээрээ санхүүгийн хувьд ямар байгууллагууд дэвждэгийг асуухад нэн түрүүнд банкууд орж ирдэг, дараа нь сангууд тодорхой хэмжээгээр, мөн ТББ-ууд сургалт зохион байгуулах зэргээр дэмждэг гэж хариулсан. Харин бизнесийн хүндрэлийн хувьд төрийн хүнд суртал, шат дамжлага, авлигыг нэрлэдэг.
Албан бус хэлцэл буюу нэг асуудлыг шийдэхэд дагалдан гарч буй маш олон зардлуудын нийлбэрийг бид санхүүгийн талаас нь хэмжих гэж оролдсон. Чанарын хувьд бас арай өөр дүр зураг бууна байх. Ийм хүндрэлийн ихэнх нь төрийн байгууллагын хүнд суртал, авлига, алдсан цаг хугацаатай холбоотой зардлуудыг тооцоход санхүүгийн зардлаасаа ч өндөр байгааг зарим судалгаа харуулдаг. Өөрөөр хэлбэл, энэ асуудлууд тодорхой түвшинд өөрчлөлтгүй буюу шийдэгдэхгүй байгаа нь судалгаагаар гарч ирсэн. Тэр утгаараа ЖДҮ-ийн талаар төрийн явуулж буй бодлого, арга хэмжээнд энэ судалгааг төдий л ашиглагдаагүй байж магадгүй юм.
-Та бүхэн судалгааны үр дүнг таниулж сурталчлах ямар ажил хийсэн бэ?
-Монголбанкны хувьд хийсэн судалгаагаа сурталчлах, бодлого боловсруулагчид, эдийн засагчид, шийдвэр гаргагч, судлаачдад хуваалцсан уу гэвэл тийм. Бид товхимол байдлаар бүгдэд нь тараах, хэлэлцүүлэгт оролцогч талуудыг оролцуулах, ЖДҮ-ийн санхүүжилт болон холбогдох асуудлуудыг шийдвэрлэхэд Монголбанкны зүгээс тухайн байгууллагуудад судалгааны үр дүнгээсээ танилцуулдаг. УИХ болон Засгийн газрын түвшинд судалгааны хэлбэрээр санал авах,бусад хэлбэрээр хүргүүлж ажилласан.
Ялангуяа, өнгөрсөн жил ЖДҮХС-ийн дуулианы үеэр манай судалгааны үр дүнгүүдээс тодруулбал, ЖДҮ эрхлэгчдийн зээлийн дундаж эрэлт ямар байдгийг УИХ-ын гишүүд болон уг асуудалтай холбоотой талууд нэлээд эшилж байсан. Бидний судалгаагаар ЖДҮ эрхлэгчдийн 80 орчим хувь нь 50 хүртэлх сая төгрөгийн л санхүүжилт хүсдэг.
Мөн судалгаагаар илэрсэн барьцаа хөрөнгөтэй холбоотой асуудлуудыг шийдэх нэг гарц нь батлан даалтын сан бөгөөд энэ нь тодорхой хэмжээгээр биеллээ олсон болов уу. Тухайлбал, ач холбогдолтой ЖДҮ гэж салбарын яам үзвэл үйлдвэрлэгчээс барьцаа хөрөнгө шаардахгүйгээр, өмнөөс нь зээлийг нь батлан даадаг. 2019 оноос Зээлийн батлан даалтын санд Азийн хөгжлийн банкны 60 сая ам.доллар буюу одоогийн ханшаар 160 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт орж ирж байгаа юм. Нийт зээлийн 50 хувиар батлан даалт хийдэг гэж тооцвол 300 гаруй тэрбум төгрөгийн ЖДҮ-ийн зээлд хүрнэ гэсэн үг. Ингэснээр ЖДҮ-ийн барьцаа хөрөнгийг шийдэж, зээлийн хүүг бууруулах шийдэл болж байна. Тиймээс Азийн хөгжлийн банк дэмжиж, Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагаа өргөжиж байна гэдэг ЖДҮ-ийн санхүүгийн хүндрэлийг шийдэх том гарц болж байна.
-Судалгааг хоёр жилд нэг хийхээр болсон гэж сонссон. Дараагийн үр дүнгийн хүлээлт ямар байгаа вэ?
-Найм дахь судалгааг 2020 онд хийнэ. 2019 онд өнжсөн шалтгаан бол гурван жил дараалан ижил үр дүн гарсантай холбоотой. ЖДҮ-ийн шинэ хууль хэрэгжиж, ЖДҮХС-ийн зээл олголтын журам шинэлчлэгдсэнтэй холбоотойгоор 2020 оны судалгаа нэлээд онцлог болох болов уу гэсэн хүлээлт байна. 2018 оны үр дүнтэй харьцуулахад төрийн бодлого, хуулийн өөрчлөлтүүд, дагалдах арга хэмжээнүүд бодит талбарт хэрхэн бууж байгаад үнэлэлт хийх боломжтой хөндлөнгийн судалгаа болж чадна гэж харж байна.
-Нөгөөтээгүүр судалгааны явцад та бүхэн ЖДҮ эрхлэгчдийн санхүүдээ хандах хандлагын талаар юу анзаарсан бэ. Бага хүүтэй зээлээ зориулалтын бусаар зарцуулах, ББСБ-аас зөрүүг нь авч бизнесийн үйл ажиллагаандаа ашиглах гэх мэтээр үйлдвэрлэгчид өөрсдийгөө эрсдэлд оруулсан түүх бас нэлээд бий. Үүнийг бас бодлогын түвшинд анхаарах ёстой юу?
-Санал нэг байна. Монголбанкнаас сүүлийн үед хоёр асуудлыг маш эрчимтэй ярьж байгаа. Эхнийх нь Монгол Улсад бүх түвшинд засаглалыг сайжруулах шаардлага байна. Тодорхой хэлбэл, ЖДҮХС-аас гарч буй зээл зориулалтын дагуу зарцуулагдаж байгаа эсэх нь тухайн оролцогч талуудын засаглалаас шууд хамаарч байгаа. Дотоод хяналт, бусдын өмнө хүлээж буй үүрэг амлалтаа биелүүлдэг үү гэх мэт зээлдэгч талаасаа ч засаглалаас шалтгаалах зүйл бий.
Бидний хөндөж буй хоёр дахь асуудал бол Монголд санхүүгийн боловсрол, мэдлэг хэр зэрэг байна, өөрийн санхүүгийн хэрэгцээг зөв тодорхойлж байгаа юу гэдэгт анхаарч байна.
Зээл авч байгаа нэг тал байхад олгож байгаа тал бас бий. Зээл олгогч болох банкууд, батлан даалтын болон бусад сан, ББСБ-ууд гаргаж байгаа бүтээгдэхүүн нь тухайн зээлдэгчийн санхүүгийн чадавх, бизнесийн онцлог уялдуулж, ойлгуулж, нөхцөлийг нь тайлбарлаж байна уу гэдэг нь чухал. Нэг талаас зээл олгож байгаа тал хариуцлагатай байж, зээл авч байгаа нь мөн санхүүгийн мэдлэгтэй, хариуцлагатай байх талаар Монголбанк нэлээд хөндөж байгаа. Өрхийн гэлтгүй жижиг, дунд бизнес ч гэсэн зээлийн дарамтад орж байна гэдэг нь нөхцөл байдлаа зөв үнэлээд зээл авч байна уу гэдэгтэй холбоотой бөгөөд үүнийг бодлогын түвшинд анхаарахаас аргагүй болсон. Тиймээс Монголбанк УИХ-ын гишүүдтэй хамтран Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хуулийг чуулганд өргөн барьж байгаа. Уг хуульд санхүүгийн зах зээлд оролцогчдын эрхийг хэрхэн хамгаалах, зээл олгогчид бүтээгдэхүүний онцлогоо хэрэглэгчийн санхүүгийн чадавхтай нийцүүлэхийн тулд ямар үүрэг хүлээх, гэрээнд гарын үсэг зурахаас өмнө гэрээний нөхцөл, заалтуудыг зээлдүүлэгч тал бүрэн тайлбарласан эсэх, хоёр тал бүрэн харилцан ойлголцож байж гарын үсэг зурах зэргийг нарийн зохицуулна. Тухайлбал, хүү тооцох олон арга байдаг бөгөөд тэр нь зээлдэгчийн бизнесийн онцлогтой нийцэж байгаа юу, хэр зэрэг ойлгож байгааг тайлбарлан тусгаж байгаа. Мөн мөнгө хүүлэлттэй холбоотой асуудлыг ч нарийн тодорхойлж, зохицуулж байгаа.
-Олон нийтийн санхүүгийн мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд Монголбанк маш идэвхтэй ажилладаг. ЖДҮ-ийн салбарт чиглэсэн хөтөлбөр бий юү?
-Хуулиас гадна олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхээр ЕБС, оюутан залуучууд, насан туршийн боловролын төвийнхөнтэй хамтран ажилладаг бөгөөд эл үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөрөө Германы талтай хамтран ирэх онд жижиг, дунд бизнес эрхлэгчдэд чиглүүлэхээр төлөвлөсөн.
Мөн мэдээлэл болгож өгөхөд, Азийн хөгжлийн банкнаас санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хуулийн хэрэгжилт, дагалдах үйл ажиллагаатай холбоотойгоор томоохон далайцтай ажил эхлүүлэхээр санхүүжилтээ шийдээд, тохироод явж байна.
Мэдээж энэ бүхнийг одоохондоо төгс гэж хэлэхгүй ч ямар ч байсан нөхцөл байдлыг эрс сайжруулах реформын шинжтэй үйл ажиллагаанууд юм.
-Ер нь санхүүгийн зөв төлөвлөлт, удирдлагагүйгээс болоод ямар хэмжээний эрсдэлд орж байгааг илтгэх ямар нэг тооцоо байдаг уу?
-Тоон утгаар илэрхийлсэн судалгаа одоогоор байхгүй. Гэхдээ амьдрал дээр маш олон бодит жишээ бий. Зээл авахдаа зээл бүтлээ, мөнгөтэй болох нь гээд баярладаг. Гэтэл зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хүүгийн хэмжээ, бусад тодорхой нөхцөл миний бизнесийн онцлогтой бүрэн нийцээгүй байна гэдэг кейс олон бий.
-ЖДҮХС-аас олгосон зээлийн эргэн төлөлт маш хангалтгүй, чанаргүй зээлийн эзлэх хувь ч өндөр байдаг. Яг танай банкнаас гаргадаг статистик дээр ЖДҮ-ийн чанаргүй зээл хэдэн хувьтай байдаг вэ?
-Статистикаар ЖДҮ-ийн чанаргүй зээлийн хувь нэлээд өндөр байдаг. Өрхийн зээлээс ипотекийн чанаргүй зээл хамгийн бага буюу хоёр орчим хувьтай байдаг. Гэтэл ЖДҮ-ийн чанаргүй зээл хоёр оронтой тоонд хүрдэг. Энэ нь банкны ирээдүйд эрсдэх магадлалыг харуулдаг учраас эрсдэлийн үнэлгээ талаасаа банкууд энэ салбарт зээл гаргах сонирхолгүй байна. Гаргасан ч өндөр хүүтэй байгаа юм. Тиймээс ЖДҮХС-ийн зээл эрэлт ихтэй байна. ЖДҮ өөрөө ажлын байр олноор “үйлдвэрлэж”, орлогын дахин хуваарилалтыг бий болгодог, хөдөлмөр шингээлт хамгийн өндөртэй чухал салбар тул төрийн бодлого явах ёстой. Гэтэл санхүүгийн талаасаа эрсдэл өндөртэй байгаа учраас банкуудын сонирхол татах салбар биш байна. Өөрөөр хэлбэл, орхигдсон зах зээл дээр л төр бодлогоо хэрэгжүүлж, Азийн хөгжлийн банк Зээлийн батлан даалтын сантай хамтран дэмжлэг үзүүлж, төсвийн тодорхой хувийг энэ салбарт хуваарилж байгаа. Энэ утгаараа төрийн бодлогын онцгой чухал ач холбогдолтой обьект. Гол нь хэрэгжилт, засаглал, итгэлцэл үүсэх, үр дүнг нь баталгаажуулах процессыг л төр өөрөө хийх ёстой. Гэвч төрийн хамгийн муу ажилладаг, эрсдэлтэй салбар. Нэгэнт алдсан, түүнийгээ ойлгосон бол одоо дахиж алдах эрх байхгүй.
эх сурвалж :"Ардчилал таймс" сонин