Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Иргэд мэдээлэлтэй, дэгтэй шинэллээ

 Уулын цаанаас наран мандахтай зэрэгцэн гэрийн эзэгтэй галын халуун илчинд пор пор буцлах цайгаа хэдэнтэй самарч байгаад толгой дээрээ малгайгаа тавин тэнгэр бурхандаа өргөхөөр гарлаа. Орондоо үнэгчлэх бяцхан хүүхдүүд өчигдөр оройжин өмсч, тайлан толины өмнүүр эргэлдэж маргааш өглөө болох шинийн нэгний өглөө өмсөх шинэхэн дээл хувцсаа толгойн хэсэгтээ зэхсэн харагдана. Удалгүй гэрийн эзэд хүсэн хүлээсэн гоёлоо өмссөн хашаан дотор урьдчилан бэлдсэн ширмэл ширдэгний хоймор хэсэгт уугих арц хүжний дэргэд идээ цайгаа дэлгэж дөрвөн зүг найман зовхист мөргөлөө. Аав ээж гэрийн хоймороо суухад хүү, охин, хүргэн бэрээчүүд, ач зээ нь амар мэндийг нь айлтган золголоо. “Сар шинэдээ сайхан шинэлж байна уу. Тарган тавтай сайхан хаваржиж байна уу” хэмээн мэндийн сайхан үгс хэлэлцэж дууссаны дараа сая зүгийн тавгийн идээнээс хүүхэд багачуудад хишиг хүртээв. Мушгиа боовон дээр тавьсан чихэр нь атганд нь багтаж ядсан хүүхдүүд тор сав болон сандралдцгаав. Дуу шуу хэсэг намжсаны дараа “За ингээд сар шинэ дуусчихав уу” хэмээн дурамжхан асуусан хүргэн хүүгийн асуултад “Харин тийм ээ. Энэ жилийн цагаан сар ч эл хульхан болох нь дээ. Нэгэнт төр засгаас хөл хорио тогтоож, сар шинийг гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гарсан юм дагаж мөрдөхгүй гээд яах билээ” гэх өрнүүн яриа Увс аймгийн Өндөрхангай сумын нэгэн айлд шинийн нэгний өглөө өрнөсөн. Харин том ахынд очиж золгохгүй бол болохгүй байх. Нэг айлын гадаа гурваас дээш машин байвал торгоно гэсэн яриа үнэн болов уу” хэмээн дэлхийн олон улс оронд тархаад байгаа коронавирусийн талаарх яриа гэр дотор үргэлжлэв. Ээж “Энэ жил аргагүй л хөл хөдөлгөөн бага байгаа нь мэдэгдэж байна. Өмнөх жилүүдэд хойшоо Хийморийн овоо гарах хүмүүсийн машин, мотоциклийн дуу чимээ, хөл хөдөлгөөн таван цаг өнгөрөөд л тасардаггүйсэн. Энэ жил нам гүм байна” гэв. Бид аавын том ах У.Бямбаагийнд очиж золгохоор явахад сумын төвийн гудамжууд нам гүмхэн байна. Очсон айлд гэрийн эздээс өөр хүн ч алга. Золголт дууссаны дараа иргэд хөл хорио тогтоосон шийдвэрийг сайн дагаж мөрдөж байгаа талаар яриа өрнөж өмнөх жилүүдэд өдийд сумын гандан дээр зоголт хийж бараг л сумынхаа бүх хүнтэй нэг дороо золгочихдог амар байж дээ. Энэ жил ч та хэдээс өөр хүнтэй золгохгүй нь бололтой хэмээн гэрийн эзэгтэй хуучлав. Тус сумынхан жил бүрийн шинийн нэгний өглөө сумынхаа чанх хойно байрлах хийдэд очиж насныхаа эрэмбээр тойрч зогсч байгаад шинэлчихдэг уламжлалтай аж. Харин энэ жил гэр бүлийнхээ хүрээнд хамгийн өндөр настай айлдаа ийнхүү ёслоод л сар шинэ ерөнхийдөө өндөрлөж байгаа нь энэ аж.

 Сар шинэ гарахаас өмнө айл бүхэн тавгийн боов, буузаа хийж шинэ цагаа гарах бэлтгэлээ базааж хөл хөдөлгөөн ихтэй байсан тул коронавирусийн эсрэг төр засгаас авч хэрэгжүүлж байгаа ажил бодит байдал дээр алсдагдсан сумын иргэдэд хүрч чадах болов уу гэсэн багахан айдас, эргэлзээ байсныг нуух юун. Гэтэл миний төсөөлснөөс ч илүү ард иргэд төр засгийн шийдвэрийг ойлгон , дагаж мөрдөж байлаа. Бага насны хүүхдийг дагуулж гадуур гарч, айл хэсэхгүй байх талаар сэрэмжлүүлэг мэдээ хүргэсэн болохоор хүүхдүүдээ дагуулаад гадуур бөөнөөрөө яваа иргэд ч ховор байлаа. Мэр сэр ганц, хоёр хүүхэд дагуулсан иргэд гудамжаар явж харагдана. Сумын төвийн хөл хөдөлгөөн бага байгаа нь сумаас орох болон гарах хөдөлгөөнийг хаасантай ч холбоотой байх. Тус сум нийт 3200 гаруй хүн амтай бөгөөд 900 орчим өрх амьдардаг гэдгийг Засаг дарга Ц.Сундуй хэлж байсан. Тэрээр хэлэхдээ хүүхдүүдийн сургууль, цэцэрлэг амарсан болохоор хөдөө болон сумын төвд хуваагдаж байрладаг айлуудын ихэнх нь хөдөө гарч одоогоор сумын төвийн хэмжээнд 500 орчим өрх байгаа гэсэн юм.

Камерын тусламжтайгаар олон иргэд цуглуулсан айл өрхүүдийг баримтжуулна

 Ингээд тус сумын Цагдаагийн хэсгийн дарга, Дэд хурандаа Б.Галсансанжаагаас зарим зүйлийг тодруулсан. Тэрээр хэлэхдээ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Улсын онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Аймгийн засаг даргын захирамжаар аймаг, сумаас орох, гарах иргэдийн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны хоёрдугаар сарын 23-ны өглөөний 07:00 цагаас 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өглөөний 07:00 цаг хүртэл түр хугацаагаар хориглосныг гуравдугаар сарын 3-ны өглөөний 07 цаг хүртэл сунгах шийдвэр гарсан. Тиймээс сумаас орох гарах иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг үргэлжлүүлэн хязгаарлаад байна. Энэ талаарх мэдээлэл сумын иргэдэд бүгдэд нь хүрсэн байна. Тийм учраас тус шийдвэрийн талаар мэдээгүйн улмаас сумаас гарна, орно гэсэн иргэд ирээгүй. Харин сумын онцгой комиссын зөвшөөрлөөр эмнэлгийн хоёр машин яаралтай аймгийн нэгдсэн эмнэлэгт өвчтөн хүргэхээр сумаас гарсан. Эндээс иргэд төр засгаас гаргасан шийдвэрийг ухамсартайгаар хүлээн авч хэрэгжүүлж байгаа нь харагдаж байна. Цагдаагийн байгууллагын алба хаагчид айл бүрийн гадаа зогсоод хянах боломжгүй учраас иргэдийн ухамсар маш чухал. Одоогоор сумаас орох, гарах дөрвөн чиглэлд цагдаагийн байгууллага болон төрийн байгууллагуудын хамтарсан баг 24 цагаар хяналт тавин ажиллаж байгаа аж. Одоогоор тус хяналтын цэгүүдэд гарсан хэрэг зөрчил байхгүй гэдгийг хэлсэн. Тус суманд Зүүнхангай, Баруунтуруун, Цагаанхайрхан, Өндөрхангай гэсэн дөрвөн сумыг хариуцсан Цагдаагийн тасаг өнгөрсөн жилээс эхлэн ажиллаж эхэлсэн байна. Мал аж ахуй түшиглэсэн сум учраас малын хулгайн гэмт хэрэг их гардаг гэдгийг хэлж байна. Ялангуяа Завхан аймгийн Сант, Ургамал сумтай хил залгаа, мөн Увс аймгийг Улаанбаатар хоттой холбосон засмал замтай ойрхон учраас зам дагуу малын хулгай гарах болсон байна. Тиймээс хавар, намрын улиралд Малчдын бүлэг нөхөрлөл зохион байгуулж эргүүл ажиллуулж эхэлснээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэрэг зөрчлийг илрүүлэх талаар үр дүн сайтай байгаа аж. Хэдэн жилийн өмнөх үеийг бодвол хөдөө орон нутгийн ард иргэд бүгд гар утастай, гэртээ зурагттай болсон учраас мэдээлэлд ойр болж, хууль, эрхзүйн мэдлэг, мэдээлэл нь дээшилсэн гэдгийг хэлж байна. Тухайлбал, багуудаар явж мэдээлэл хийхэд малын хулгайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг нэмсэн талаарх мэдээллийг иргэд бүгдээрээ авчихсан байснаас харж болно гэдгийг тус тасгийн дарга хэлж байсан. Мөн хөдөө орон нутгийн иргэдийн итгэмтгий, сайхан зан дээр дөрөөлж залилах гэмт хэрэг үйлдэл тохиолдол мэр сэр байсан бол сүүлийн үед Цагдаагийн ерөнхий газраас явуулсан “Ятгах тусам нягтал” аяны хүрээнд иргэдийн энэ төрлийн гэмт хэргийн талаарх мэдээлэл сайжирсан байна. Мөн хөдөө орон нутагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил мөн л их гардаг байсан аж. Тиймээс эргүүл, хяналт шалгалтын ажлаа сайжруулж зөрчил гаргасан иргэдэд хуулийн дагуу хариуцлага ногдуулдаг болсноор энэ төрлийн зөрчлийн тоо буурсан гэв. Энэ нь ч бодит байдал дээр харагдаж байсан. “Уучих аа, энүүхэн хоёр гудамжны хооронд яав л гэж. Найз нь мэдэж байна” гэж ирээд л өмнө нь ивж суучхаад жолоо барьж байгаа нэгнээ архиар шахдаг үед ард хоцорч “Жолоо барьж байгаа” гэвэл “За тэгвэл ёстой болохгүй. Гараад л цагдаатай таарна” гээд ухамсартайгаар алгасаад дараагийн хүнд ёс болгон сөн түших байдал сар шинийн өдрүүдэд ажиглагдсан. Мөн хэнэггүй зангаасаа болж тээврийн хэрэгслээ журамлуулж, жолоодох эрхээ хасуулсан зарим нэг нь бусдадаа анхааруулж байсан нь бусдын алдаанаас суралцах бас нэгэн сайн жишиг болж байсан. Мөн сар шинийн өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, айл амьтан үймүүлж, агсам согтуу тавьдаг иргэд ч үгүй болсон нь иргэдийн ухамсар ямар их дээшилснийг илэрхийлж байлаа. Дашрамд дуулгахад сумын хэмжээнд зургаан камер байршуулсан бөгөөд камерын тусламжтайгаар хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх боломж бүрдсэн байна. Мөн цагаан сарын өдрүүдэд камерын тусламжтайгаар олон иргэд цуглуулсан айл өрхүүдийг баримтжуулан холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа аж. Тус камерын бичлэг 14-21 хоногийн хугацаанд хадгалагддаг байна.

 Сумын өрд иргэдийн дунд амны хаалтны хэрэглээ тийм ч их биш байгаа нь ажиглагдсан. Гэхдээ төрийн байгууллагууд “Амны хаалтаа зүүж үйлчлүүлнэ үү” гэсэн анхааруулга бичиг нааж, амны хаалтгүй иргэдэд үйлчилгээ үзүүлэхгүй байгаа учраас иргэд үйлчилгээ авахын тулд л амны хаалт зүүсэн байв.Тиймээс тус сумын Эрүүл мэндийн төвийн эмч, ажилчид үйлчлүүлж байгаа амны хаалтгүй иргэдэд өөрсдийн гараар амны хаалт оёж тараах ажлыг санаачлан хэрэгжүүлж эхэлжээ. Мөн иргэд өөрсдийн санаачилгаар амны хаалт хийж өөрсдөө хэрэглэхээс гадна 500 төгрөгөөр худалдаалж байна. Тухайлбал, хувиараа бизнес эрхлэгч н.Дуламсүрэн өдөрт 30 орчим амны хаалт оёж, дэлгүүртээ худалдаалж байгаагаа хэлсэн юм.

Хөдөө орон нутагт коронавирус байтугай юмыг эмчлэх багаж байхгүй

 Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор уламжлалт цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэх, өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх талаар суманд олон ажил зохион байгууллаа. Түүний нэг нь хөл хорио тогтоосон энэ үед коронавирусийн талаар сэрэмжлүүлэг, зөвлөгөө мэдээ мэдээллийг өгч, нэг дор олон иргэн цуглуулахгүй байх, цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх талаар анхаарч ажилласан гэдгийг тус сумын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын дарга Б.Гэрэлцэцэг хэлж байна. Тэрээр хэлэхдээ, Иргэд төр засгаас гаргасан шийдвэрийг дагаж мөрдсөн үү гэвэл мөрдсөн. Харин сайн мөрдсөн үү, муу мөрдсөн үү гэдгийг хэсэг хугацааны дараа гарах үр дүн харуулах байх. Төрийн албан хаагчид тусгай горимд шилжин ажиллаж байна. Ялангуяа Захиргааны алба хаагчид 24 цагаар жижүүрт гарч байна. Онц ноцтой зөрчил гараагүй. Гэхдээ олон жил ард түмэн цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн учраас шинийн нэгний өдөр ахан дүүс, настай айлуудад золголт болсон. Гэхдээ өмнөх жилүүдээс харьцангуй хөл хөдөлгөөн багатай, хүн амын төвлөрөл багатай байлаа. Одоогоор иргэдийг торгосон зүйл алга. Нэгдүгээрт, билиг ёсоо бодоод, хоёрдугаарт хөл хорионд байгаа иргэдийн сэтгэлзүйд дарамт болоод яах вэ гэж бодсон. Гэхдээ хэрэг зөрчил гаргавал хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авах юм. Зарим тохиолдолд хүүхдийн даахь үргээсэн, байшингийн цайллага, одонгийн найр хийхийг завдсан иргэдэд сануулах арга хэмжээ авсан. Бид цахимаар болон сумынхаа узелиэр дамжуулж сэрэмжлүүлэг мэдээ хүргэхээс гадна мессеж үйлчилгээ ашиглаж иргэдийн гар утсанд мессеж явуулж байна. Мөн гурав хоногийн өмнөөс сум дотроо хөдөлгөөнт эргүүл ажиллуулж байна. Их дээд сургуулийн оюутнууд ирчихсэн байгаа учраас анги хамт олноороо нийлчих гээд байгаа нь ачаалал өгч байна.
Цаашид хөл хорио удаан үргэлжилбэл хүндрэл үүсэх шинжтэй байна. Хөдөөнийхний төл хүлээж авах цаг ойртсон учраас хөдөө амьдардаг малтай иргэд төвөөс хүн хүч татах, төвд амьдардаг иргэд хөдөө мал нь байдаг айлдаа гарч малаа төллүүлэх хөдөлгөөн эхлэх гэж байна. Одоогоор бид хорьж байгаа боловч нэг л өдөр зад тавих магадлалтай. Тиймээс цаашид хөл хорио удаан үргэлжлэхээр бол энэ тал дээр сумын онцгой комисс хуралдаж шийдэлд хүрэх байх. Мөн хөдөөгийн зарим нэг айл өрхүүдийн машин, мотоциклийн шатахуун дуусах дөхөж байгаа учраас шатахуун залгуулах хэрэгцээ байгаа талаараа хэл дуулгасан. Хэд хоногийн өмнөөс эмнэлгийн дуудлага ихэссэн байна. Ялангуяа Цагааннуур багаас гэдэс өвдсөн гэх дуудлага их ирсэн. Хөдөөнөөс ирсэн иргэдийн ихэнх нь хоёр уушгиндаа хатгаатай, гэдэс нь гүйлгэж, өндөр халуурсан байдалтай байна. Хөдөө орон нутагт коронавирус байтугай юмыг эмчлэх багаж байхгүй. Зарим иргэд биднээс “Та нар тэр коронагаа таньж байгаа юм уу. Тэр чинь орж ирээд аль цагийн багийн эмч эмчилчихсэн” гэж шоолж байна. Энэ бол хөдөө орон нутагт нөөц хомс байгааг илтгэж байгаа. Бид цагийн шалгуурт шалгалт өгч байна. Өмнө нь гамшгаас хамгаалах сургалт олон удаа зохион байгуулж, дуут дохио дуугаргаж иргэдийг цуглуулж байсан ч тэр зүгээр л “хөөс” байсан нь харагдаж байна. Тиймээс цаашид мэргэжлийн байгууллагууд энэ асууудалд анхаарах шаардлагатай. Яагаад гэвэл гамшгаас хамгаалах төлөвлөгөө төлөвлөсөн мөртлөө нэг ч төгрөг төсөвлөдөггүй нь улсын төсвийн бодлого буруу байгаагийн нэг илрэл.

Хаан банк малчны зээл олгохоо зогсоожээ

 Мөн энэ хөл хорио удаан үргэлжилбэл хавар мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн түүхий эдийн үнэ өсөхгүй. Энэ нь эргээд малчдын амьжиргаанд нөлөөлөхөөс гадна, банкнаас авсан зээлээ төлж чадахааргүй нөхцөл үүснэ. Малчдын төлөвлөлтийн гол алдаа нь ноолуур гарахаар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлж, зээлээ дарж, эмчилгээндээ явдаг. Мөн ойр зуурын хэрэглээнийхээ бараа бүтээгдэхүүнийг дэлгүүрүүдээс ноолуур гарахаар өгнө гээд зээлж авдаг. Иймээс ноолуур үнэд хүрэхгүй бол малчдад зээл олгосон дэлгүүрүүд эргэлтийн хөрөнгөгүй болохоос гадна малчдын эдийн засаг хямарна. Ийм эрсдэл ирээдүйд нүүрлэж болзошгүй. Харин одоо нүүрлэчхээд байгаа эрсдэл бол өнгөрсөн пүрэв гарагт Хаан банк малчны зээл олгохоо зогсоож, зөвхөн хадгаламж барьцаалсан зээл олгохыг зөвшөөрсөн байна. Магадгүй цаашлаад Төрийн банк зээлээ хаачихвал нүүдлийн үеэр зээл авдаг малчид хүнд байдалд орно. Энэ бол малчдын санхүүгийн хуримтлал үүсгэдэггүйн нэг том алдаа. Гурван мянган хүнтэй гурван зуун мянган малтай манай сумынхан энэ малынхаа тодорхой хэмжээг хуримтлуулдаг бол банкны өндөр хүүтэй мөнгөөр нүүх биш хуримтлуулсан мөнгөнийхөө хүүгээр нүүх байсан гэдгийг одоо болтол малчид ойлгохгүй л байна” гэв.
Ямартай ч хувьтай хүн хулгана жилийг үзнэ гэгч эртний сайхан ерөөлөөр монголчууд бид хөл хорио тогтоосон эдгээр өдрүүдэд Хотол төгс хэмээх хулгана жилээ үгийн сайхныг хэлэлцэж, үйлийн сайныг эрхэмлэн угтан авлаа. Хэцүү өвчний үед хөл хорионд байгаа ч удалгүй аав, ээж ахан дүүстэйгээ амар мэндийн хадгаа дэлгээд уулзан учрах цаг айсуй биз ээ. Хөдөө сумын буйдхан хөдийд ч төрийн шийдвэр хэрэгжиж байгаа энэ цагт муу бүхэн холуур өнгөрөх биз ээ. Монголын минь заяа их хойно доо.

эх сурвалж :"Ардчилал таймс" сонин

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com