Шинэ төрлийн коронавирус CoVid19 өдгөө таван тивд тархаж дэлхийн 64 улс оронд халдвар тархсанаас дэлхий нийт айдаст автаад байгаа билээ. Өнөөдрийн байдлаар 3000 гаруй хүний амь насыг авч одоод байгаа коронавирус дэлхийн эрүүл мэнд төдийгүй эдийн засагт хор хохирол учруулаад байна. Сар орчмын өмнөөс олон орнууд дотоодын эдийн засгаа хамгаалах төрөл бүрийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа тухай олон улсын хэвлэл мэдээллээр цацагдаж эхэлсэн. Ялангуяа 250 гаруй улс оронтой шууд худалдаа хийдэг, дэлхийн эдийн засгийн томоохон хувийг эзэлдэг БНХАУ-аас халдварын голомт илэрсэн нь дэлхий нийтийн асуудал гэдгийг харуулсан.
БНХАУ-тай хил залгаа оршдог, импортынхоо ихэнх хувийг бүрдүүлдэг манай улсын хувьд энэ нөхцөл байдал сайнаар тусахгүй нь мэдээж. Улс даяар хөл хорио тогтоосонтой холбоотойгоор нүүрсний экспорт үндсэндээ тасалдахад хүрээд байсан бол өнөөдөр дотоодын эдийн засгийг хөдөлгөгч томоохон хүч болсон жижиг дунд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид хүндхэн нөхцөлийн өмнө тулж ирээд байна.
Үүнтэй холбогдуулан жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэгчид эрх ашгаа хамгаалан нэгдэж эхэллээ. Тэдний төлөөлөл “Түрээслэгчдийн эрхийг хамгаалах зөвлөл”-ийг (ТЭХЗ) байгуулж өчигдөр хэвлэлийн бага хурал хуралдаж уриалга гаргалаа.
Тус уриалгад “Өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Монгол Улсын өдөр тутмын амь амьжиргааг залгуулдаг жижиглэн худалдаа эрхлэгчид, лангуу түрээслэгчид, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа үндсэндээ зогсоод хоёр сарын нүүрийг үзлээ.
Төр засгийн шийдвэрийг хүндэтгэн дагасан бизнес эрхлэгчдийн хувьд түрээсийн төлбөр, ажилчдаа тогтоон барих цалингийн зардал, банкны зээл зэрэг урсгал зардлууд нь гарсан хэвээр байна. Гэвч үйл ажиллагааны орлого, бараа бүтээгдэхүүний татан авалт саатсаны улмаас өр төлбөрт унаж, цаашид сэхэж сэргэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм.
Нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй бөгөөд идэвхтэй үйл ажиллагаа эрхлэгч 50 мянга гаруй жижиг, дунд ААН, мөн бүртгэлгүй хувиараа бизнес эрхлэгч, талбай түрээслэгч 60 мянга орчим иргэн, тэнд ажиллагсад, тэдний гэр бүлийнхний болон тэднээс цалин авагчдын амьжиргаа тасрахад хүрэх эгзэгтэй нөхцөл байдал өнөөдөр үүсээд байна. Энэ байдал цаашид хүндэрч, удааширвал манай улсын хувийн хэвшлийн өдөр тутмын үйл ажиллагаа саатан доголдож, дундаж давхаргын томоохон хэсэг нэрвэгдэж амьдралын баталгаагүй болох эрсдэл учирна. Тиймээс өнөөдөр ажлын байр бий болгож байгаа түрээслэгчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс шаардлага бүхий хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон холбогдох байгууллагуудад хүргүүлээд байна.
Иймд эрх ашгаа хамгаалуулж үүссэн бэрхшээл саадыг боломжит хувилбараар хамтран шийдвэрлэхийг хүссэн хувь хүн, байгууллагуудыг бидэнтэй нэгдэн хамтарч ажиллахыг уриалж байна. Бид түрээсийн төлбөрийг тэглэх шаардлагыг тавиагүй. Харин түрээсийн төлбөрийг албан ёсоор гэрээ хэлцэл, хууль журмын дагуу 50 хувь хөнгөлж, алданги тооцохгүй байхыг дэмжсэн тогтоол, шийдвэр гаргах, мөн түүнд чиглэсэн татварын болон бусад бодлогын арга хэмжээ авч өгөхийг Засгийн газар болон холбогдох шат шатны байгууллагуудаас шаардаж байна” гэсэн байна.
Засгийн газар түрээслэгчдийг биш түрээслүүлэгчдийг дэмжиж байна
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч М.Тулгат
“Коронавирусийн тархалтаас үүдэн өндөржүүлсэн бэлэн байдал удаан хугацаанд үргэлжилж Нийслэлийн Засаг даргын захирамжаар гуравдугаар сарын 30-ныг дуустал бүх төрлийн үйлчилгээг хязгаарласан. Үүнийг дагаад худалдаа эрхлэгчдийн хувьд барааны татан авалт саатаж, орлого хаагдсан маш хүнд нөхцөлд ороод байна. Иймээс өнөөдөр энэхүү хэвлэлийн хурлыг зарлахаас аргагүйд хүрлээ. Учир нь нэгд, манай тойргийн иргэд, бизнес эрхлэгчдээс санал хүсэлт ихээр ирж байна. Төлөөлөгчийн хувиар тэднийг төлөөлж, дуу хоолойг нь зохих газруудад хүргэх ёстой. Хоёрт, би АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн. АН бол халамжийн нам биш ажилч, хөдөлмөрч хүмүүсийг дэмждэг нам. Хувийн хэвшлийнхэн, өөрөө өөрийгөө аваад явахын зэрэгцээ ардаа 10-20 хүний амьдралыг авч явдаг. Ийм жижиг, дунд худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг хүнд байдалд байгаа энэ цаг үед тэднийг хамгийн түрүүнд хамгаалж дуугарах ёстой улс төрийн хүчин юм.
Харин энэ асуудалд Засгийн газар болон бусад холбогдох байгууллагууд дорвитой арга хэмжээ авахгүй байсаар өдийг хүргэлээ. Үндсэндээ нийслэлийн хэмжээнд жижиг дунд бизнесийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй бүртгэлтэй 50 мянга гаруй аж ахуй эрхлэгчид мөн бүртгэлгүй хувиараа лангуу, талбай түрээслэдэг 60 мянга орчим хүн, тэнд ажилладаг иргэд болон тэдний ар гэр гээд бодоход олон зуун мянган хүний амьдралд энэ нөхцөл байдал хүчтэй нөлөөлж байна” гэв.
Мөн “Түрээслэгчдийн эрхийг хамгаалах зөвлөл”-ийн гишүүн Супер Рубин ХХК- ийн захирал Э.Халиун “Монголын зах зээлийн 50 гаруй хувийг зөвхөн жижиг дунд бизнес эрхлэгчид бүрдүүлдэг. Коронавирусээс шалтгаалан хөл хорио тогтоосонтой холбоотойгоор жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа тэр чигтээ зогслоо. Бид эргэлтийн орлогоороо өдөр тутмын цалин, татвар, түрээсээ төлдөг хүмүүс. Хамтын ажиллагааныхаа хүрээнд түрээслэгч байгууллагууддаа хандаж “Энэ давагдашгүй хүчин зүйлийг хамтдаа давж туулъя” гэж хүсэлт тавьсан боловч түрээслүүлэгчид хүлээж аваагүй.
Харин ч “Түрээсээ өгөхгүй, чадахгүй бол гарч болно, дараагийн түрээслэх хүмүүс бэлэн байна” гэсэн тайлбарыг өгсөн. Манайд түрээслүүлэгч түрээслэгчийн хооронд ямар ч бие биеэ дэмжсэн үйл ажиллагаа алга. Гэтэл бусад улс орон тухайлбал Хятад төр засгаараа хоёрдугаар сарын 6-аас тавдугаар сарын 6 хүртэл бүх жижиг дунд бизнес эрхлэгчдээ татвар, түрээсээс нь чөлөөлөөд байна. Ингэж биднийг хөл хорионд оруулчхаад бэлэн төлбөр нэхээд сууж байхаас ичих хэрэгтэй” гэлээ.
Э.Халиун 2020 оны хоёрдугаар сарын 20-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан бичиг илгээсэн байна. Гэтэл Засгийн газар хариуд нь хөрөнгөтнүүдээ дэмжсэн тогтоол гаргасныг тэр эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Мөн “Түрээслэгчдийн эрхийг хамгаалах зөвлөл”-өөс түрээслэгчдэд доод тал нь 50 хувь хүртэл хөнгөлөлт эдлүүлэх хэмжээнд хүртэл тууштай явна гэдгээ хэллээ.
Хэвлэлийн хурлын үеэр Монголын Өмгөөлөгчдийн холбооны хуульч, өмгөөлөгч Т.Хонгор “Коронавирусийн тархалт нэмэгдэж байгаа нь дэлхийн эдийн засаг тэр дундаа манай улсын эдийн засаг, нийгмийн байдал, бизнесийн орчин иргэдийн болон түрээслэгчдийн амьдралд сөргөөр нөлөөлж байна. Уг хүнд нөхцөл байдлаас гарахын тулд Монголын Өмгөөлөгчдийн холбоо нийт хуульч, өмгөөлөгч нартаа хандан ард иргэдийн амьдралд тулгараад байгаа банкны зээл, түрээсийн төлбөр, банкны хүү зэрэг нөхцөл байдлыг анхааралдаа авч хууль эрх зүйн хүрээнд гарц гаргалгаа, боломжит шийдэл олохын тулд дүн шинжилгээ, харьцуулалт хийж үйлчлүүлэгч болон ард иргэддээ туслалцаа үзүүлэхийг уриалж байна.
Үүний дагуу миний бие болон бидний ажлыг дэмжсэн хуульч, хуулийн фермүүд маань холбогдох хууль, тогтоомж тэр дундаа Монгол Улсын үндсэн хууль, иргэний хууль, МХАҮТ болон Олон улсын конвенц зэрэг хууль тогтоомж журмуудыг судлан санал бодлоо солилцон хамтран ажиллаж эхлээд байгаа” тухайгаа хэллээ.
Монголын дотоодын эдийн засгийн эргэлтийн систем болсон жижиг дунд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, лангуу түрээслэгчид түрээсийн төлбөр, зээлийн хүү, ажилчдын цалин, татвар зэргээ сул зогссоны улмаас төлөхөд бэрхшээлтэй нөхцөл байдал үүссэнийг Засгийн газарт уламжилж шийдвэртэй нэгдсэн арга хэмжээ авахыг шаардаж байна.
Энэ хугацаанд түрээслэгчид, түрээслүүлэгчдэдээ энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж хамтдаа даван туулахыг санал болгосон ч түрээслүүлэгчдийн зүгээс нааштай хариу сонсоогүй гэдгээ хэлж байлаа.
Хөл хорио тавигдаж, өдөр тутмын амьдрал жигдрэх байх гэсэн хүлээлттэй байсан түрээслэгчдийн хувьд вирусийн тархалт нь буурахгүй байгаа байдал болон өдөр бүхэн уналттай гарч байгаа дэлхийн эдийн засгийн байдал цочирдуулж буй нь мэдээж.
Өдөр тутмын идэх хоолноос эхлээд наад захын хүний хэрэглээг нуруун дээрээ үүрч байдаг түрээслэгч нар цаашид тэсч үлдэх үгүйгээс бидний өрх гэрийн амьжиргаа тасалдах уу, үгүй юү гэдэг нь шууд хамаарна.
Ямар ч улсын эдийн засаг эрхтэн системээр яривал бие махбодын захын бүх цэгт цусыг зөөвөрлөн хүргэж тэжээдэг нарийн жижиг судасгүйгээр гүйхгүй.
Тиймээс монголчуудын өдөр тутмын амь амьжиргааг залгуулагч 50-60 мянган бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах нь зүй гэж тэд үзэж байна.
Бараа татан авалт, борлуулалт нь зогсч, ашиг орлого нь тасалдаж түрээсийн төлбөрөө төлөх чадавхгүй болж 50-60 мянган ажлын байр үгүй болох эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байхад хайнга, тоомжиргүй хандаж буй Засгийн газарт шахалт үзүүлэх нь өөрөө эрүүл үзэгдэл.
Энэ хугацаанд Дүнжингарав худалдааны төв түрээслэгчдийнхээ түрээсийг 60 хувь хүртэл хөнгөлөх шийдвэр гаргасан. Мөн түрээслүүлэгч нэг гэр бүл түрээслэгчээсээ сарын төлбөрөө авахгүй байхаар шийдсэн зэргээс өөр давагдашгүй нөхцөл байдлыг хамтран туулах ямар ч шийдэл, шийдвэр төр засаг болон түрээслүүлэгч нарын зүгээс гарсангүй.
Тиймээс хөдөлмөр, хөлс бүтээж буй хүмүүсийнхээ үгийг сонсч татвар болон бусад чиглэлээр дэмжлэг үзүүлж ажиллах нь чухал.
Засгийн газраас түрээсийн татварыг хөнгөлөх шийдвэр гаргасан. Гэхдээ хэдэн хувь, хэзээнээс хэрэгжих, хэнд зориулж гаргасан хөнгөн хуумгай шийдвэр гэдэг нь бүдэг бадаг хэвээр үлдэв. Мөн түрээсээ хөнгөлсөн үл хөдлөх хөрөнгийн эздийн түрээсийн орлогын татвараас хөнгөлнө гэсэн. Энэ шийдвэрээ бодит амьдралд хэрхэн хэрэгжүүлэх нь мөн л тодорхойгүй. Эдгээр дээд эздийн эрх ашгийг илт хамгаалсан шийдвэрийг “поп” гэхгүй өөр юуг тийнхүү нэрлэх вэ.
2020 оны улсын төсөв сонгуулийн жилд зориулсан популист, хөрөнгийн зардал ихтэй төсөв болсныг хэн хүнгүй ярьж байна. Дээрээс нь дэлхийн нийтийн асуудал болоод буй гэнэтийн энэ нөхцөл байдалд хүмүүсээ гэрт нь хорьчхоод тэжээгчдийг нь “үхвэл үх” гээд сууж байгаа нь хэр зөв бэ. Тиймээс төсөвт тодотгол хийх шаардлагатайг эдийн засагч, судлаачид хэлсээр буй.
Эцэст нь “эрүүл л үлдэж байвал бусад нь яах вэ” гэсэн хандлагаар ард иргэдийг тайвшруулж өдөр хоногийг аргацааж байгаа нь алсын хараагүй Засгийн газрын байгаа байдал. Учир нь эрүүл хүнд идэх хоол хэрэгтэй. Тэр хоолыг хийдэг хүн нь ажиллах хэрэгтэй гэдгийг энгийн логикоор ойлгомоор.
Эцэст нь өнөөдрийн энэ эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрүүдээ эргэн нэг харах шаардлагатайг түрээслэгчид Засгийн газарт сануулаад эхэллээ. Эрх үүргийн зохицуулалтаараа ядаж 50 хувийн хөнгөлөлт үзүүлээч. Татвар болон бусад бодлогоор дэмжээч гэж хүсч, уриалж байна. Тэд дуу хоолойгоо нэгтгэж, хамтран нөхцөл байдлыг эергээр давах шийдэл боломжуудаа гаргаж байна.
эх сурвалж : "Ардчилал таймс" сонин