Увс аймгийн Өндөрхангай сумын өндөр настан Р.Шогоотой уулзаж ярилцлаа.
-Сар шинэдээ сайхан шинэлсэн үү. Тарган тавтай сайхан хаваржиж байна уу?
-Сайхаан. Сайхан шинэлсэн үү, хүү минь. Тарган тавтай хаваржиж байна уу?
-Таныг сумынхаа өндөр настан, донор, олон хүүхэд төрүүлсэн эмэгтэй гэдгийг дуулаад ирлээ. Та хэзээ донор болсон талаар яриагаа эхэлье...?
-За баярлалаа. Эмээ нь 1960 онд 26 настай байхдаа донор болсон.Тухайн үед н.Гэлэгбаатар цусны станцын даргаар ажиллаж байхдаа надад донор болох санал тавьсан. Тэр хүн надад “Донор хүн энх цагийн баатрууд байдаг юм. Хамгийн гол нь чиний өгсөн цусны ачаар өвдөж зовсон, эсвэл гэнэтийн осолд орсон, төрөхийн хүндрэл болсон хүмүүс амьдрах боломж өгдөг” гэж хэлсэн нь донор болоход их нөлөөлсөн дөө. Тэгээд шинжилгээ өгөөд цусаа хандивладаг болсон. Нэг удаадаа 300-400 грамм цус өгдөг байлаа. 2002 он хүртэл донор байсан. Энэ хугацаанд 48 литр, 500 грамм цус 100 гаруй хүнд бэлэглэсэн байна.
-Донор хүн эрүүл мэндийн сахилга бат сайтай байх ёстой болдог уу?
-Цус бол хүний амьдралын эх булаг. Тийм учраас цусаа цэвэрхэн байлгахын тулд их анхаардаг. Нэгэнт өөрийнхөө болон өрөөлийн эрүүл мэнд, амь насыг хариуцаж байгаа болохоор хариуцлагатай байх ёстой гэж боддог. Донор хүн цусаа өгөхөөсөө өмнө сайн унтаж амрах, хувийн ариун цэврийг сайн сахиж, өөх тостой хоол, айраг, архи дарс хэрэглэхийг хориглодог. Заримдаа сайхан өөхтэй хоол идмээр байдаг ч тэсээд л өнгөрдөг дөө. Гэхдээ донор гэдэг эрхэм сайхан алдрыг нутаг орныхноосоо хүртэж яваадаа баярлаж, бахархаж явдаг. Өнгөрсөн жил Улаанзагалмайн нийгэмлэгээс “Хүндэт донор” медалиар шагнуулсан.
-Олон жил цусаа хандивлахаар биед ямар нэгэн өөрчлөлт гарах уу?
-Зарим хүмүүс олон жил цусаа өгөхөөр биед муу, өөрөө цус багадалттай болдог гэх мэт буруу ойлголттой явдаг юм шиг байна лээ. Эмээгийнх нь хувьд цусаа өгөхөөр бие хөнгөрөөд харин ч сайхан болдог гэж бодно. Донор байхаа больсноос хойш заримдаа хөлийнхөө шаантны хэсгээс хааяа цус авхуулдаг. Тэгэхээр бас хөнгөрөөд их сайхан болдог.
-Таныг олон хүүхэд төрүүлж сайхан өсгөж хүмүүжүүлсэн гэж сонссон?
-Эмээ нь 14 хүүхэд төрүүлж өсгөсөн хүн. Арван хүү, дөрвөн охинтой. Анхны хүүхдээ 18, 19 настай байхдаа л төрүүлж байлаа. Тэгээд хоёр, хоёр насны зөрүүтэй 14 хүүхэд төрүүлж өсгөсөн. Одоо бүгдээрээ айл өрх болсон. Ач, зээгийн тоо 30 хол давсан байна. Өнөөдөр миний ингээд сууж байгаа нь олон хүүхэд төрүүлсний, олон жил донор байсны л ач тус гэж боддог. Удахгүй дөрөв дэх үеийн ач зээгээ үзэх нь. Хүүхдүүд маань жил бүр л Цагаан сараар ирээд бужигналдаад л...Сайхан шүү дээ хүү минь. Дээр үед байсан шигээ гэр дүүрч бужигналдаад ямар сайхан гээч. Тэгээд энэ хэдийг явчихаар гэр эл хуль оргиод эвгүй байдаг. Заримдаа хамт хот явдаг ч байж уу гэж бодогдоод. Ээж аавыгаа дагадаг хүүхэд шиг л болчих юм. (Инээв) Одоо жаахан хөл өвдөхөөс өөр өвчин хууч алга даа. Одоо би 84 насыг зооглож байна.
-Хоёр жилийн зайтай 14 хүүхэд төрүүлж өсгөсөн гэхээр эх хүний хувьд их хөдөлмөр шүү дээ...?
-Хэлээд яах вэ. (Инээв) Нэг удаа ихэр хүү төрүүлсэн. Тухайн үеийн нийгэм, хүний мөс чанар сайхан байжээ. Аав ээж, ах, дүү, хань ижил, ажлын хамт олон, нутгийн ард түмний тусламжтайгаар хүүхдүүдээ эрүүл энх өсгөж хүмүүжүүлсэн дээ. Би хүүхдүүдээ их сайн хүүхдүүд гэж боддог. Арван эрэгтэй хүүхэд өсгөнө гэдэг амар биш шүү дээ. Бүгдэд нь нэг өдөр ижил дээл, гутал авч өгдөг. Дараа юм авч өгтөл гутал хувцсаа гамтай өмсөнө. Харин одоо Өмнөговьд жолоочоор ажилладаг нэг хүү минь бий. Түүний хувцас л яагаа ч үгүй л урагдчихдаг. Гуталны хоншоор нь цоороод, дээлийнх нь ханцуй нь салбараад хамгийн сахилгагүй хүүхэд. Тэгэхдээ хүүхэд цохиж зодож элдэв ааш араншин гаргадаггүй. Зүгээр л хашаа хороо дамжсан, хоорондоо ноцолдоод хувцсандаа хямгагүй ханддаг хүү. Хувцсаа хамгийн нямбай өмсдөг нь манай дөрөв дэх хүү л дээ. Түүний хувцас шинээрээ шахуу л багадаад дүү нарт нь очдог байв. Харин олон жаахан хүүхдүүд ижил дээлтэй байхаар чиний юм, миний юм гээд булаалдаад байдаг юм билээ. Тэгээд сүүлд дээлийнх нь бүсэнд тэмдэг хийж өгч маргалдахыг нь болиулсан.
-Олон хүүхэдтэй айлын хүүхдүүдийн түрүүлж боссон нь арай гайгүй хувцсыг нь өмсөөд бурхныхаа хоолыг идчихдэг түүх олон байдаг. Танайд ийм зүйл олон тохиолдох уу?
-Тэр үед одоогийнх шиг ганц хоёрхон хүүхэдтэй айл ховор байлаа шүү дээ. Доод тал нь гурав, дөрвөн хүүхэдтэй. Тэгэхээр түрүүлж боссон нь овсгоотой загнахыг алийг тэр гэх вэ. Манай хүүхдүүд их төлөв. Том эгч нь дүү нараа сайн хүмүүжүүлсэн. Дүү нар нь эгчийнхээ үгнээс гарахгүй. Тухайн үед би тогооч хийдэг байлаа. Өглөө унтаж байхад нь гараад орой хоолоо хийгээд идсэний дараа ирэхэд бүгдээрээ ширээн дээрээ суучихсан хичээлээ хийж байдаг. Харин өнөөх хувцсаа тэсгээдэггүй нөхөр чинь үзэг балаараа хажуудахаа чичилсэн л суудаг дүрсгүй хүүхэд байсан. (Инээв) Тэр олон хүүхэд дотор нэг дүрсгүй байхаас ч яах вэ. Гэхдээ аав ээжийгээ байхгүй хойгуур гадуур дотуур гүйгээд, хичээлээ үзэхгүй муу сурахыг хэн байг гэх вэ. Хаа очиж манай хүүхдүүдэд тийм зан байдаггүй байсан болохоор би их азтай ээж шүү.
-Танайд гурил тэсдэггүй л байсан байх даа?
-Ёстой ёстой. Тэр үед одоогийнх шиг 50 килограммын шуудай гурил гэж байгаагүй. Харин 70 килограммын гурил гэж байлаа. Нэг шуудай гурил, нэг шуудай ногоогоор хорин хэд л хонодог байсан. Тэгээд болгоод л байсан даа.
-Орчин үед арван хэдэн хүүхэдтэй айл ховор болж. Залуус цөөхөн хүүхэдтэй байхыг эрмэлздэг болсон. Хүүхэд хүмүүжүүлэх тал дээр та юу хэлэх вэ?
-Нийгмээ дагаад тэгдэг юм уу одоогийн хүүхдүүд цөөхөн хүүхэдтэй болох юм. Дээрээс нь ганц хоёр хүүхдээ арай л дураар нь бөөцийлж өсгөж байна. Тэгэхээр хүүхдүүд нь биеэ дааж чадахгүй муу талтай. Ийм хүүхдүүд элдэв янзын чамин хоол хийгээгүй бол идэхгүй. Өөрсдийн сэтгэлд таарснаа идэх гэдэг, харсан болгоноо авах гэж зүтгэдэг, аав ээж, ахмад настай хүнээс айж ичихээ ч мэдэхгүй юм. Нэг ёсондоо хүмүүжилгүй л харагдаад байна. Одоо 2-3 настай хүүхдүүд памперс гээч юмнаас салахгүй юм. Дээр үед ямар тийм юм байсан биш багаас нь тосоод ой хүрэхээсээ өмнө өөрсдөө бие засчихдаг байсан. Тэр үед яслид хүүхдүүдээ өгдөг байлаа. Солионы дөрөв, таван өмд юм уу метрийн марель өгдөг байсан. За тэгээд олуулаа байх сайхан шүү дээ. Залуус миний бодлоор доод тал нь дөрвөн хүүхэдтэй баймаар байна.
-Марелийг памперсны оронд хэрэглэдэг байсан уу?
-Тийм. Манайхаас хоёр, гурван хүүхэд яслид явдаг байсан болохоор өнөөх марельнаас толгойгоор нь авчхаад хүүхдүүддээ өдөр өдрийнхөөр нь тасалж өгөөд явуулдаг байсан. Цэцэрлэгийн хүүхнүүд “Ямар элбэг юмтай хүн бэ” гэдэг байсан. Би чинь улсаас хүүхдийн мөнгө гэж их мөнгө авч байлаа шүү дээ. Хамгийн их мөнгийг нь авдаг байсан. Сард нэг хүүхдэд 70 төгрөг өгдөг байсан учраас нийт 1000 гаруй төгрөг авчихна. Төрөөс хүүхдүүддээ зориулж гээд ийм их мөнгө өгч байхад тэдэндээ зориулалгүй яах вэ гээд хүүхүүдээ аль болох дутаахгүй өсгөхийг хичээсэн. Тиймээс төр засагт буруу муу юм хийдэггүй хүн болгож хүмүүжүүлэхийг хичээсэн. Тухайлбал, толгой марель чинь цөөхөн л төгрөгийн үнэтэй байсан. Манай аав хүүхдүүдийг хангалуун өсгөж бай. Сэтгэл нь дүүрэн өсдөг юм гэж захидаг байсан. Нэг килограмм нь найман төгрөгийн үнэтэй чихэрнээс хайрцгаар нь аваад тавьчихаар хэсэг идэж байгаад сүүлдээ идэхээ больчихдог юм билээ. Нээрээ л хүүхдийн сэтгэлийг дүүрэн өсгөх нь шуналын сэтгэлийг л дарж, байгаадаа хангалуун болгодог юм билээ.
-Хүүхдүүдээ хооронд нь хольж солих тохиолдол гарах уу?
-Нөгөө хоёр ихэр хүүгээ л хооронд нь их андуурна. Нэгэнд нь чихэр өгчхөөд нөгөөд нь өгөхөөр хадгалж байтал эхлээд авчихсан нэг нь заль гаргаад дахиад орж ирээд авах гээд олон тохиолдоно оо. Нөгөө чихэр аваагүй нь авах гэхээр “Чи хэчнээн авдаг юм” гээд загнана. Манай хажуу айлын самган нэг удаа Ховд аймаг явж ирээд чихэр, печень хүүхдүүдэд тараахаар ихрийн өрөөсөн арай сэргэлэн нь цамцаа сольж ороод хоёр дараалаад авчхаж. Аваагүй нь орохоор чихэр өгөөгүй болохоор өнөөх нь уйлаад сууж байсан. Энэ мэт хөгжилтэй явдал олон тохиолдоно. Хүүхдүүдээ буруу, муу юм битгий хийгээрэй. Авч байгаа юмандаа сэтгэл хангалуун байж, хөдөлмөрт шимтэж, үнэнч шударгаар хөдөлмөрлөж байхад болно доо л гэж сургадаг.
-Та гэрийнхээ хүнтэй яаж танилцаж байсан бэ. Заримдаа аав, ээж нь зааж өгөөд л хоорондоо суучихсан түүх байдаг?
-Манай хүн Худалдааны техникум төгссөн юм билээ. Тэгээд манай хажуу айлын хүүтэй найз. Тэднийд хаяа ирдэг байсан. Нэг тийм өндөр шар залуу морьтой ирдэг юм байна. Энэ ямар хүн юм бол доо гээд л хардаг байлаа. Нэг өдөр “Хөөе, хөөе” гээд дуудахад ирснээ “Хоёулаа танилцъя” гээд гар барьж байна. Би ичээд дуугарсангүй. Гэр лүүгээ орчихсон чинь аавынд ороод ирсэн. Би цай хийж өгчихөөд гараад явчихмаар байсан ч ичээд хөдөлж болдоггүй. Тэгтэл ашгүй ээж “Үхэр тугал юу болж байна” гэхээр нь л гараад явчихсан. Тэгээд үхрийн зэлэн дээр байж байтал нөгөө хүн чинь ирж байна. Наашаа яах гэж ирээ юм бол “Аав, ээж, амьтан хүн харчихвий гээд их сандарсан. Ирээд юм асуувал юу гэж хариулна аа гээд их юм бодсон.(Инээв) Тэгсэн ойртож ирээд хэсэг тугал, үхэр харж байгаад явчихсан. Тэгтэл маргааш нь манай гэрийн хүний найз Загдаа буюу манай хажуу айлын хүү “Чи одоо манай найзтай л амьдар. Та хоёр яг таарна. Чамаас тав ах юм. Айлын ганц хүү. Хүмүүжил боловсрол сайтай” гэж хэлсэн. Би дуугүй л байж байлаа. Тэгсэн хоёр хоногийн дараа нөгөө хүн чинь дахиад ирж байна аа. Шууд аавын гадаа буулаа. Аав ээж, хоол цай болоод л сүйд.
Түүнийг ороод ирэхээр сууж байвал босч чаддаггүй, ичээд хөшчихдөг байсан. Ингээд найз нь биднийг холбож өгөөд танилцаж, найзалж байгаад тэр жилийнхээ намар нь суусан даа. Бид хоёр суусны дараа манай хүн намын сургууль төгссөн. Эрдэм боловсролтой, төлөв даруу сайхан ханийн буянд жаргаж явсан даа хүү минь.
эх сурвалж : "Ардчилал таймс сонин