Улс төрч юу хүсдэг вэ?
Сонгуулийн жил. Монголчууд дөрвөн жилдээ нэг удаа дээр дороо орж бужигналддаг нь сонгууль болох жил. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд ийнхүү дөрвөн жилдээ нэг бужигналдсаны үр дүн юу байв? Тодорхой юм бараг үгүй дээ. Манай улс ийм ийм үзүүлэлтээр хөгжсөн, төдөн зам тавьсан, байшин барьсан гэх байх. Гэхдээ тэр сонгуультай ямар ч хамаагүй. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хэн байснаас үл шалтгаалаад удаан ч байсан хамаагүй улс орон болсон юм хойно амьдрал голдирлоороо л урсч байгаа нь тэр.
Сонгуулийн пи ар-ын том сурталчилгааны нэг хэлбэр нь энэ л дээ. Ерөнхий сайд, яамны сайд, агентлагийн дарга бүгд хийх үүрэгтэй, хийсэн ажлаараа далимдуулан өөрсдийгөө сурталчилдаг нь хамгийн цэвэрхэн хал балгүй тэгсэн хэрнээ хуулийн дагуу хамгийн гол нь үнэгүй сурталчилгааны ажил нь болдог. Хотын дарга зам дээр очиж тууз хайчилдаг нь үеэ өнгөрөөсөн ичмээр хэрэг. Замыг хотын дарга бариагүй, чанарыг нь ч хариуцахгүй. Татвар төлөгчдийн мөнгийг хуваарилж гарын үсэг зурж зөвшөөрөл өгсөн төдий хүн. Дарга сайд нарыг тууз хайчилж, нээлт хийхээр сонгосон мэт заримдаа санагдах нь бий. Олон нийтийн төлөөлөгч, олон нийтийн төлөөх ажлаа гавьяа байгуулсан мэт харуулж “Цагийн хүрд”-ээр цацахыг цагаан пи ар гэнэ ээ. Тиймээс гадаад, дотоод томилолт, нээлт хаалтандаа “өөрийн төв хэвлэлүүдээ” дагуулан морилж сүрийг үзүүлнэ.
Цаана нь дарга нарын далд хүсэл нь ил байдаг. Үүнийг хэвлэлүүд мэддэгээс олон нийт мэддэггүй. Их ажил хийсэн харагдах, дахин сонгогдох. Дарга нарын мөнхийн хүсэл дахин дахин сонгогдох. Тиймээс л Ц.Нямдорж 28 жил парламентад суусан гээд тоох ч үгүй хүн загнаад сууж байгаа.
Авьяас тэтгэвэрт гардаггүй гэж уран бүтээлчдийн хэлсэн үг байдаг. Харин улстөрчөө тэтгэвэрт гаргаж байхгүй бол бүх булхай но хийх арга тактикаа гартаа авчихсан, шинэ бүхнийг хяргаж загнаж, халгаахгүй өөрийн орон зайгаа хэзээ ч тавьж өгөхгүйгээр суудалдаа шигддэг жишиг тогтдог бололтой.
Мөнгө төгрөгтэй холбоотой олон ажил мэргэжлийн хүмүүсийг сэлгэн ажиллуулж нэг газар нь хэт удаан байлгахаас цэрвэдэг юм билээ, томоохон компаниуд. Харин манай улс төрд эсрэгээрээ.
Дахин дахин л сонгогдох далд хүслийг нь биелүүлж өгдөг сонгогчид байна гэсэн үг. Уйддаггүй, залхдаггүй ийм сонгогчид гэж хэн юм бэ? Нөгөө л намын талцлыг чанд баримтлагчид, жалга довны үзлийг үхэн хатан дэмжигчид шүү дээ. Ялангуяа, жалга довны үзлийг хөөргөгчид нутгийнхаа тэнэг ч хамаагүй хэн нэгнийг Их хурлын танхимаас харж байх сонирхолтой.
Өөрийгөө дэлхийн хүн гэдгээ сонгогчид ухаараагүй цагт Монгол дэлхийн Монгол болж хэзээ ч чадахгүй. УИХ-ын гишүүн С.Жавхланг худгийн эмээ өвөө нар сонгосон гэдэг шог яриа байдаг. Үнэн юм чинь яах вэ дээ. Өмнөх сонгуулиар үхэр тэргээр явж гэр хорооллын худгууд дээр очиж эмээ өвөө нарыг уяраасан пи ар нь амжилт олсны тодхон жишээ.
Тэгэхээр сонгогчийн сонголтын зорилго, дэвшигчийн зорилго хоёр тэс өөр зүгт байдаг гэдэг нь харагдана. Өөрөөр хэлбэл, сонгогч ямар нэгэн шинэ сайн зүйлийг хийх хэн нэгнийг биш сурталчилгааны нэгхэн агшинд л саналаа өгдөг.
Бүр аргагүйдээ хүрэхээр “За яах вэ манай нутгийнх юм”, “Ямар нь ч хамаагүй намдаа л өгье” ингээд л болоо. Нэр дэвшигчид тавьж буй шалгуур нь ердөө л энэ. Бүр “Таньдаггүй бурхнаас таньдаг чөтгөр дээр” гэх инээдтэй үг хүртэл гаргасан.
Энэ жилийн сонгууль ч бас иймэрхүү л сонголтууд дээр явагдана. Үүнд судалгаа, рейтинг, прогноз гэх мэт сүрхий шинжлэх ухаан шаардлагагүй. Өмнөх 30 жилээ эргээд хар л даа. Юу өөрчлөгдсөн юм бэ? “Төрд гарсан луйварчин” гэж цоллодог хэдэн хүнийхээ тоог л нэмсэн байх. Өөрөөр Монголын улс төр төлөвшиж, цэвэршиж, цэгцэрч, ёс горимондоо орсон юм байна уу?
Бид 30 жил сонголт хийхдээ олон дарга нарыг бэлтгэж дараа дахин дарга байх замналыг нь дурайлгаж өгсөн болохоос нэг ч жинхэнэ улс төрийн нам, нэг ч жинхэнэ улстөрчийг бий болгож чадаагүй.
Сонгогч юу хүсдэг
юм бэ?
Парламентын суудлын олонхыг хуваадаг хоёр нам юугаараа ялгаатай вэ гээд жирийн нэг гишүүнээс нь, энгийн нэг сонгогчоос асууя. Мэдэхгүй. Зүүн, баруунаа ч ялгахгүй намын томоохон албан тушаалтнууд олон бий. Эрхбиш намын үзэл баримтлалдаа нэг тиймэрхүү юм байдаг. Гэхдээ сонгогчдод хэлдэг зүйлс нь ердөө л амлалт.
Сонголт амлалтан дээр явагдаж, сонгогчид амлалтыг нь хардаг. Сонгогчид улс орны өнөөгийн байдал тулгамдсан асуудлууд, ирээдүйд яах нь огт хамаагүй. Харин түүнд хувийн мөнгө нь өсөх үү, буурах уу гэдэг л сонин. Ийм учраас ажил хэрэг биш амлалт чухал. Улстөрчид нь яг түүнд тааруулж амлана. Маш гоёор дүрсжүүлж, зурагжуулж, хэвлэж төрөл бүрээр нь үзүүлнэ. Түүнийг нь намын пи ар гэдэг.
Хувийн амьдрал нь сайн байхыг хүсдэг нь сонгогчийн буруу биш. Хүн бүхэн мөнгө л хүсдэг цаг үе. Тиймээс судалгааны дүн хэрвээ нэр дэвшигч мөнгө тараавал сонгогчдын 10 гаруй хувь нь л мөнгийг нь аваад сонгох, 70 хувь нь мөнгийг авах боловч өөрийн үзэмжээр сонгоно гэж гарчээ.
Хачин аа. Хэнхэг санаанаас бодох юм бол алс ирээдүйдээ өөрийг нь, гэр бүлийг нь мөнгөтэй байлгах уу, үгүй юу гэдэг шийдлийг гаргах нэр дэвшигчид сонгогч нь өөрөө ингэж ханддаг. Эхнээс л энэ хүний хууль бус арга замыг өөгшүүлж байна гэсэн үг.
Уг нь үзэл санаа, улс төр цэврээрээ явдаг бол сонгогч нэр дэвшигчээс мөрөөдлөө бүтээлгэхийг хүсэх ёстой. Тэр нь хувь хүний гэхээсээ илүү нийтийнх байх. Тухайлбал, ажил эрхэлдэг хүмүүс нэмэлт орлого боломжийг, ажилгүйчүүд ажилтай байхыг, хотын оршин суугчид ая тухтай цэвэр хотод амьдрахыг, залуус итгэж болох ирээдүйг гэх мэт.
Харин манай сонгогчид нэр дэвшигчтэй нүүр тулж уулзахыг, танил болохыг чухалчилдаг. Тэгээд зээл өгөхийг, ажилд оруулж өгөхийг, албан тушаал дэвшүүлж өгөхийг, эмчилгээний зардал хандивлахыг гэх мэт үй түмэн хувийн асуудлаар, хувийн гуйлтаар дардаг.
Нэгэн нэр дэвшигч орон нутгаар сурталчилгаагаа хийгээд явж байхад нь нутагтаа нэр хүндтэй настан буурал нэр нөлөөгөө ашиглан дэвшигчтэй уулзаж дугтуйтай захиаг хэрэг болгон гардуулж билээ. Тэр захиаг нээж үзвэл “Ахынх нь хөл гар муудаад байгаа тул хониндоо мотоциклиор явмаар байна. Мотоцикль авч өгөөч” гэсэн утгатай. Тэднийх олон хүүхэдтэй хангалуун амьдралтай гэр бүл бөгөөд өвгөн ах автомашин сайн барьж чаддаггүй хэрэг л дээ. Энэ бол нэг л жишээ.
Бүх сонгогчийг тухайн тойрогт нэр дэвшиж буй таван намын өөр өөр хүмүүстэй биечлэн уулзуулбал яг адилхан ийм хувийн захиаг гарт нь атгуулна гэдэгт эргэлзэх юм алга. Сонгогчийн хүсэл ердөө л энэ. Харин дэвшигчийн хүслийг дээр өгүүлсэн.
Монголын улс төрийн бүрэн зураглал бараг энэ. Энэ хоёр хүний хувийн хүсэл дээр л Монголын улс төр оршиж бас өрнөж байдаг. Сонгуулийн жилийн бүх үйл явц энэ хоёрхон хүсэл дээр л тоглолт хийдэг. Нэг тойрогтоо 30 жил эргэсний нууц нь ч байж мэдэх юм.
Сонгогчийг гурав хуваагаад харж болно. Настай, дунд, залуу үеийнхэн. Настайчууд бол үхэн үхтэлээ үнэнч гэдэг үндсэн зарчимтай. Үлдэх үр хүүхдийн ирээдүй гэх мэт тэдэнд ер хамаагүй. Ер нь улс төрөөс өдөр тутмын амьдрал хамаараад байгааг ойлгодоггүй, ойлгохыг ч хүсдэг биз.
Ямар нэг хүнийг, намыг тахин шүтэх үүднээс сонгодог. Дунд үеийнхэн гаднаа шүүмжилдэг дотроо аль нэг талыг баримтлагч. Цагаа тулахаар жалга дов, нутаг ус, нам, найз нөхөд, садан төрөл гэх мэт үнэт зүйлсээр сонголтоо хийчихдэг. Гарч ирэнгүүтээ бидэнд өөрчлөлт, шударга ёс ус агаар шиг хэрэгтэй байна гэх мэтээр ярьдаг. Тун удалгүй “Хөгшин нь чамайгаа дэмжсэн шүү” гээд мессеж нисгэж чадах хүмүүс. Энэ нь цаанаа “намайг бодоорой” гэсэн захиас.
Залуу үеийнхэн гэж бүгдийг эсэргүүцдэг гаднаа түүнийгээ гаргадаггүй голж шилэгсэд. “Юу ч өөрчлөгдөхгүй, бидэнд ер нь юу ч үлдээгээгүй” гэх гүн ухаантнууд. Томчуудын энэ заваан улс төр бидэнд ер хамаагүй гэх хэрнээ гоё амьдрахыг мөрөөдөгсөд. Тэр гоё амьдрал нь гадаадад байгаа гэдэгт гүн бат итгэгсэд.
Сонгогчийн сэтгэлзүйн ажиглалт судалгаанд хийсэн энэхүү хандлагаас харахад, 2020 оны сонгуулиар нэг их өөрчлөлт гарахгүй нь. “Хайр мөнх харин хүн нь солигддог” гэдэг шиг л юм болж магад. Хэдэн суудлын зөрүү үүсч бидний хардаг царайнууд бага зэрэг өөрчлөгдөнө. Өөр юу ч өөрчлөгдөхгүй байх магадлалтай. Түүний л төлөө бид талцан хэрэлдэнэ сонгууль дуусан дуустал.
Сонгогчийн боловсрол, соёл, хүсэл, хандлага, хүлээлт өөрчлөгдөөгүй. Дэвшигчийн бүх юм бас өөрчлөгдөхгүй. Хэвлэлээс харах царайнууд солигдоно биз. Өөр юу өөрчлөгдөх юм бэ? Юу ч өөрчлөгдөөгүй байхад юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ.
эх сурвалж : "Ардчилал таймс сонин"