Б.Наран
Хорио цээрийн дэглэмээс болж ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг цахим хэлбэрээр зурагтаар зааж байгаа билээ. Тэгвэл энэ долоо хоногт буюу энэ сарын 3-6-нд өнгөрсөн хоёрдугаар сарын 3-14-нд заасан хоёр долоо хоногийн теле хичээлийг давтан хүргэхээр болсон байна. Энэ хугацаанд Боловсролын хүрээлэнгээс суралцагсдад зориулсан шинэ хичээлийг боловсруулах аж. Ингээд энэ сарын 9-20 хүртэлх ажлын өдрүүдэд СӨБ, ЕБС-ийн суралцагчдад зориулсан шинэ хичээлүүдийг тогтсон цагийн хуваарийн дагуу хүргэж эхлэх юм байна. Мөн элсэгчдэд зориулсан теле хичээл, насан туршийн боловсролын үндэсний төвөөс эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан теле хичээлийг тус тус боловсруулж байгаа талаар БСШУСЯ-наас мэдээлжээ. Харин III сарын 23-27-нд өмнөх хичээлүүдээ бататгах хичээлийг сурагчид хүлээн авч үзэх боломжтой юм байна. Ингээд теле хичээлийн агуулга, хүртээмжийн талаар дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
Ө.Анударь: Хичээлээ бичихийн завдалгүй алга болчихдог
Юуны өмнө нийслэлийн 47 дугаар сургуулийн 8В ангийн сурагч Ө.Анудариас теле хичээлийн талаар сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр, “Хичээлээ бичихийн завдалгүй алга болчихдог болохоор зургийг нь дараад юм уу, бичлэг хийгээд дараа нь ухрааж үздэг. Дандаа шинэ хичээл орж байгаа учир манай ангийн зарим хүүхдүүд ойлгохгүй байна гэж групп чатад бичиж байсан. Багш тухайн хичээлтэй холбоотой нэмэлт даалгавар өгдөг. Тухай бүрт нь бид даалгавраа хийгээд групп чатдаа оруулдаг. Зарим хүүхдүүд хөдөө явсан болохоор хийж чаддаггүй юм шиг байна лээ. Миний хувьд монгол хэлний хичээлийг их ойлгомжтой зааж байх шиг санагддаг. Биеийн тамир, Эрүүл мэндийн хичээл таван минут үргэлжилдэг. Бусад хичээл 20-25 минут ордог” гэсэн юм.
Б.Гандолгор: Теле хичээлд тэмдэглэж, хөтлөх зүйл ховор байна
Харин Сүхбаатар аймгийн лаборатори нэгдүгээр сургуулийн бага ангийн багш Б.Гандолгор ярихдаа, “Миний дааж авсан хоёрдугаар анги 34 сурагчтай. Сурагчдын 60-70 хувь нь даалгавраа хийж явуулдаг. Сурагчдынхаа даалгавраа хийж явуулсан байдлыг харахад тэмдэглэж хөтөлсөн зүйл ховор байна. Ихэнхдээ теле хичээлийг тэмдэглэж амжихгүй байна гэдэг тайлбарыг өгдөг. Багш нарын хувьд хичээлүүдийг яг тухай бүрт нь үзээд явж байгаа. Анзаараад байхад хичээл нь дэндүү товч, богинохон үргэлжилж байна. Хичээлийн хөтөлбөр төлөвлөлтийг аймаг, сум, дүүргийн багш нар янз янзаар хийдэг. Түүнээс шалтгаалаад одоо зааж байгаа хичээлүүдийн зарим нь нэг, хоёрдугаар улиралд аль хэдийн үзсэн хичээлүүд байхад, зарим хичээл нь ирэх улиралд үзэхээр байх жишээтэй. Ер нь бага ангийн сурагчдад нэг багш системтэй, шат дараатай хичээлээ ордог. Гэтэл теле хичээлд тийм тодорхой схемчилсэн зүйл алга. Янз бүрийн багш, хичээлийг энд тэндээс нь зааж байна. Тийм болохоор дөрөвдүгээр сард хичээл эхлэхээр би хувьдаа теле хичээлээр заасан бүх хичээлийг давтаж эсвэл шинээр заах хэрэгтэй юм байна гэж харж байгаа.
Багш нарт нэг хичээл заах доод талын хугацаа 35 минут байдаг. Зарим үед монгол хэл эсвэл математикийн хичээлийг хоёр цаг заадаг. Долоо хоногт 5-7 цаг орох ёстой хичээлийг 1.20 цагт багтааж зааж байна. Математикийн хичээл дээр гэхэд дасгал даалгавар байхгүй. Дандаа шинэ ойлголт өгөөд орхиж байгаа харагдсан. Хүн орчин, монгол хэл, иргэний боловсрол зэрэг агуулга ойролцоо, нэг сэдэвтэй хичээлийг интеграцад оруулаад гурван талаас нь заах боломжтой. Гэхдээ теле хичээлийн 20 минутаас сурагчид авах ёстой мэдлэгээ бүрэн авч амжихгүй байна. Сургуулийн захиргааны зүгээс сурагчид хичээлээ хийж байгаа эсэхэд л хяналт тавьдаг. Түүнээс өөрөөр хяналт байхгүй. Танай ангийн 34 хүүхдээс хэд нь хичээлээ ойлгож байна гэдэгт хяналт тавих боломж алга. Багш нарын хувьд хэзээ хүртэл хорио тавина гэдгийг мэдээгүй, гэнэт амарсан учраас дасгал даалгавар хангалттай өгч амжаагүй. Үзсэн агуулгынхаа хүрээнд давтах зүйлсээ гэрээр нь өгсөн байгаа гэв.
Үүнээс гадна СӨБ-ийн багш нарын хувьд хэл яриа нь ойлгогдохгүй байх жишээтэй. Учир дутагдалтай багш нар их байна. Ахлах, дунд ангийнхан ч гэсэн хоцрогдолтой байх шиг санагдсан хэмээв.
Ингээд бид Боловсролын хүрээлэнгийн мэргэжилтнээс теле хичээлийн агуулгын талаар тодруулах гэсэн боловч “Өнөөдөр хариулах боломжгүй байна. Маргааш эрт залгаарай” гэсэн. Харин БСШУСЯ-ны хэвлэл мэдээллийн ажилтан “Хичээлийн агуулгад 90 хувь нийцэж байгаа” гэдэг хариултыг өгч байлаа.
эх сурвалж : "Ардчилал таймс" сонин