Коронавирус Ухань хотын амьтны захаас эхлэн тархсан гэгдэж байгаа өнөө үед амьтнаас хүнд халдварладаг өвчнүүдэд анхаарал хандуулж байна. ХААИС, Мал эмнэлэгийн сургуулийн Халдварт өвчин судлал, Микробиологийн тэнхмийн эрхлэгч, доктор Ц.Эрдэнэ-Очиртой энэ сэдвээр ярилцлаа.
-Мал, амьтнаас гаралтай халдварт өвчин хүнд дамжих эрсдэл хэр их байгаа вэ?
-Эхлээд нэршил болон үндсэн ойлголтуудын талаар товчхон мэдээлэл өгөх нь зүйтэй байх гэж бодож байна. Амьтан гэдэгт тэжээвэр болон зэрлэг бүхий л амьтад хамаардаг. Таван хошуу мал, гахай, шувуу, нохой, муур зэрэг нь бүгд тэжээвэр буюу гаршуулсан амьтан юм. Иймд мал, амьтан гэсэн нэршлээс аль болох татгалзаж, амьтан гэсэн нэршлийг цаашид түлхүү хэрэглэх нь хүн, амьтны харилцан хамаарал тэр дундаа халдварт өвчний талаар нэгдсэн зөв ойлголттой болоход дөхөмтэй байх болов уу.
Халдварт өвчин гэдэг нь бактер, вирус, мөөгөнцөр зэрэг эмгэг үүсгэгч бичил биетнүүд хүн, амьтны биед нэвтрэн ороод, үржиж олширч үрэвсэл үүсгэн, эрхтэн, эрхтэн системийг эмгэгшүүлж, бие махбодын хэвийн үйл ажиллагааг нь алдагдуулах цаашлаад нэгээс нөгөөд дамжин тархах тухай ойлголт юм. Амьтны халдварт өвчний үүсгэгч нь ихэвчлэн тухайн эзэн амьтандаа өвөрмөцөөр өвчин үүсгэдэг боловч зарим үүсгэгч олон төрлийн амьтан, цаашлаад хүнд өвчин үүсгэх чадвартай байдаг.
Эдгээр амьтнаас хүнд халдварладаг өвчнийг зооноз гэх бөгөөд дэлхий дээр 1500 орчим хүний халдварт өвчин одоогоор бүртгэгдээд байгаагаас 60 хувь нь зооноз буюу амьтнаас гаралтай халдварт өвчин байна. Сүүлийн жилүүдэд даяаршил, уур амьсгалын өөрчлөлт, гадаад дотоод аялал жуулчлал, амьтан болон тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүний экспорт, импорт, дотоод худалдааны өсөлт, хүн, амьтны гадаад дотоод шилжилт хөдөлгөөний эрчимжилт зэрэг олон хүчин зүйлээс хамаарч, халдварт өвчнүүд ихээр гарах болсон. Өмнө нь тэмдэглэгдээгүй өвчнүүд шинээр бүртгэгдэн хүн, амьтны эрүүл мэнд, нийгэм эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаагаас зооноз өвчний эрсдэл улам бүр нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал, жил бүр хүний 4-5 халдварт өвчин шинээр бүртгэгдэж байгаагаас 3-4 нь буюу 75-80 хувь нь амьтнаас хүнд халдварлаж байгааг судалгаагаар тогтоосон байдаг. Бас нэг анхаарах асуудал бол вирус бөгөөд нийт зооноз өвчний 60 хувь, сүүлийн 20 жилд шинээр бүртгэгдсэн зооноз өвчний 80 хувь нь вирусээр үүссэн байна. Тухайлбал, сүүлийн жилүүдэд гарсан SARS, HPAI (H5N1), (H7N9), Ebola virus, Zika virus болон MERS-CoV зэрэг үхлийн аюултай өвчнүүд нь вирусийн гаралтай зооноз өвчин байгаа нь анхаарал татах асуудал юм.
-Зооноз өвчин ямар замаар хүнд халдварлах боломжтой вэ?
-Зооноз өвчнүүд үүсгэгчийн онцлогоос хамаарч, агаар дусал буюу амьсгалын замаар, хүнс тэжээл буюу хоол боловсруулах замаар ихэвчлэн халдварладаг бөгөөд мал аж ахуй эрхлэх, хариулах маллах, унах, эдлэх зэргээр амьтантай ойртож харьцах, эсвэл тэдгээрийн тоног хэрэгсэл, хашаа хороо зэргээр халдвар дамжиж болно. Мөн ил гэмтэл, шарх бохирдох болон цус сорогч шавжаар дамжин халдварлах тохиолдол байдаг.
-Коронавирус Ухань хотын амьтны захаас эхлэлтэй, тэр тусмаа сарьсан багваахай болон могойноос дамжсан байж магадгүй гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ талаар юу хэлэх вэ?
-2019 оны сүүлчээс эхлэн шинээр тархаад байгаад COVID-2019 өвчин үүсгэгч SARS-CoV-2 вирус нь Ухань хотын амьтны зах дээрээс эхлэн тархсан гэж үзэж байгаа бөгөөд уг вирус нь удамшлын мэдээллийн хувьд сарьсан багваахайн гаралтай байх магадлалтайг сүүлийн үеийн судалгааны үр дүнгүүд илтгэж байгаа. Гэвч энэ вирусийг хэрхэн зүйлийн өвөрмөц хоригийг давж, хүнд халдварлахаас гадна хүнээс хүнд халдварлах чадвартай болсон, түүнд нөлөөлсөн хүчин зүйл болон завсрын дамжуулагч эсвэл эзэн амьтныг тодорхойлох судалгааны ажил хараахан нэгдсэн ойлголтод хүрээгүй байна. Могойгоор дамжин халдварласан байх боломжийн талаар мэдээлэл гарч байсан ч энэ нь батлагдаагүй. Харин сүүлийн үеийн генетикийн судалгааны үр дүнгээс харахад Pangolin гэдэг шоргоолж идэштэн хайрст амьтан завсрын дамжуулагч байх магадлал ихээхэн өндөр байна. Мөн энэ амьтны махыг хүнсэнд хэрэглэхээс гадна хайрс зэрэг эрхтнийг уламжлалт анагаах ухаанд түгээмэл хэрэглэдэг тул дэлхийн амьтны хууль бус худалдааны зах зээлд эрэлт өндөртэй байдаг зэрэг нь зооноз өвчний эрсдэл үүсгэх боломжтойг харуулж байна. Энд нэмж хэлэхэд, аливаа амьтны гаралтай бүтээгдэхүүн, эд эрхтнийг түүхийгээр болон хагас боловсруулан хэрэглэх нь маш эрсдэлтэй, ухаангүй алхам болохыг анхааруулъя. Ойрын жишээ гэхэд эмчилгээний зорилгоор тарваганы түүхий бөөр залгиснаас гэр бүлийн хоёр хүн тарваган тахлын халдвар авч, нас барсан харамсалтай тохиолдол манайд гарсныг санах хэрэгтэй.
-Танай судлаачид бусад амьтанд коронавирус илрүүлэх шинжилгээ хийсэн гэсэн үү. Бусад судалгааны ажлуудынхаа талаар мэдээлэл өгөөч?
-Одоогоор найман овгийн 600 орчим зүйл вирус зооноз өвчин үүсгэдэг нь тогтоогдоод байгаагаас 2000-аад оноос амьсгалын замын эрхтэн тогтолцоонд өвчлөл үүсгэж, агаар дуслын замаар дамжин тархдаг сoronavirus-ийн дэд овгийн SARS-Cov, MERS-Cov зэрэг сарьсан багваахайн гаралтай вирус нь civet гэх халуун орны жижиг махчин, нэг бөхт тэмээ зэрэг завсрын эзэн амьтнаар дамжин халдварлаж хувьсан өөрчлөгдсөн нь зүйлийн өвөрмөц хоригийг давж, хүнд халдварлахаас гадна хүнээс хүнд халдварлаж, олон улсыг хамарсан цар тахлын эрсдэл үүсгэж байсан. Уг нь хүний сoronavirus-үүд нь хамрын ханиадны үндсэн үүсгэгч бөгөөд ихэвчлэн хөнгөн хэлбэрийн өвчин үүсгэдэг боловч эдгээр SARS, MERS зэрэг зооноз сoronavirus-үүд илүү аюултай өвчин үүсгэдэг нь батлагдаад байна. Харин сoronavirus-ийн дэд овгийн бусад зүйлийн вирусууд гахай, үхэр, адуу, тэмээ, муур, нохой, хулгана, оготно, зурам, туулай, булга, суусар, шувуу болон бусад олон төрлийн зэрлэг амьтанд ихэвчлэн ямар нэг өвчний ил тэмдэггүйгээр халдвар үүсгэдэг боловч заримдаа ханиад, хатгалгаа төдийгүй гэдэс, зүрх, элэг, бөөр зэрэг эрхтэнд үрэвсэл, эмгэг бүхий өвчин үүсгэдэг байна. Манай улсын хувьд MERS CoV-ын тандах судалгааг дотоодын болон гадаадын судалгааны багуудтай хамтран хоёр бөхт тэмээнд жил бүр хийж байна. Одоогоор манай орны хоёр бөхт тэмээнд уг өвчний халдвар болон сэжигтэй тохиолдол илрээгүй байна. Мөн бид вирусийн гаралтай амьсгалын замын өөр нэг зооноз халдвар болох шувууны томуугийн судалгааг хийж байна.
-Шувууны томуу ч бас коронавирусээс дутахгүй хүмүүст заналхийлдэг. Шувууны томуугийн талаар хэр үр дүнтэй ажиллаж байгаа вэ? Хятад, солонгосчуудтай хамтарсан судалгаа хийж, шинэ лаборатори байгуулж байгаа гэсэн үү?
-Шувууны томуу нь шувууны аж ахуйд эдийн засгийн асар их хохирол учруулахаас зарим дэд хэвшлийн вирус зооноз өвчин нийтийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тухайлбал, өндөр хоруу чанартай шувууны томуугийн H5N1 дэд хэвшлээр үүссэн томуугийн халдвараар 2003-2020 онд 861 хүн өвчилж, 455 хүн нас барсан байна. Нүүдлийн шувууд тэр дундаа усны шувууд нь шувууны томуугийн байгалийн эзэн, халдварын эх уурхай төдийгүй улс болон тив хооронд тархахад үндсэн дамжуулагч хүчин зүйл учраас нүүдлийн шувуудын дунд уг вирусийн тархалт, хувьсал өөрчлөлтийг байнга тандан судлах нь болзошгүй цар тахал, халдварын эрсдэлээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой байдаг. Манай улс 2005 онд БНХАУ-ын Цинхай нууранд өндөр хоруу чанартай шувууны томуугийн H5N1 дэд хэвшлээр үүссэн өвчлөл нүүдлийн шувуудад бүртгэгдсэн анхны тохиолдлын дараа уг халдвар тархсан хоёрдогч улс бөгөөд 2006-2012 оны хооронд 10 удаагийн өвчлөл бүртгэгдсэн. Мөн Монгол Улс нь нүүдлийн шувуудын дундах шувууны томуугийн тархалтыг судлахад нэн тохиромжтой хэд хэдэн давуу талуудтай. Тухайлбал шувуудын нүүдлийн дөрвөн үндсэн замнал дайран өнгөрдөг бөгөөд эдгээр замналаар дамжин нүүдэллэдэг 400 орчим зүйлийн нүүдлийн шувуу Монгол Улсад бүртгэгдсэнээс 170 гаруй зүйлийн усны шувуу Монгол орны гол нууруудад зусч өндөглөдөг эсвэл дамжин өнгөрдөг. Түүнчлэн манай орны тэжээвэр шувуудын тоо толгой бусад орныхтой харьцуулахад харьцангуй бага учраас зөвхөн нүүдлийн шувуудын дунд эргэлдэж байгаа томууг судлах боломжтой байдаг. Бид 2005 оноос нүүдлийн шувуудын дундах шувууны томуугийн тандах судалгааг гадаад дотоодын судлаачидтай хамтран идэвхтэй зохион байгуулж байна.
Хамтарсан судалгааны хувьд манай тэнхмийн хамт олон судалгаанд суурилсан их сургууль болж хөгжих ХААИС-ийн зорилтын хүрээнд зөвхөн шувууны томуу гэлтгүй амьтны шинэ болон дахин сэргэж буй вирусийн гаралтай өвчнүүдийг илрүүлэх, оношлох, тандах судалгааг ийлдэс судлал болон молекул биологийн дэвшилтэт аргуудаар хийж гүйцэтгэх мэдлэг туршлага, лабораторийн нөхцөлийг АНУ, ХБНГУ, БНСУ, Япон, Польш зэрэг улс орнуудын судалгааны хүрээлэн, их сургуулиудын дэмжлэгээр бүрдүүлэн, зарим гадаадын хамтарсан болон дотоодын судалгааны төслүүдийг амжилттай хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал, АНУ, БНХАУ, БНСУ-ын их сургууль, судалгааны хүрээлэн, төвүүдтэй хамтарсан шувууны томуу бусад гоц халдварт болон зооноз өвчний чиглэлээр нийтдээ гурав орчим тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий судалгааны төслүүдийг 2020 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Эдгээр төслийн хүрээнд БНХАУ-ын Шень Яаны Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран Био-Аюулгүйн хоёрдугаар зэрэглэлийн шаардлага хангасан, Зооноз өвчний судалгааны хамтарсан лаборатори, БНСУ-ын Амьтан ургамлын хорио цээрийн агентлагтай хамтран Шувууны томуугийн тандах судалгааг молекул биологийн орчин үеийн оношилгооны аргаар хийх нүүдлийн лаборатори байгуулах бол АНУ-ын Коннектикутийн их сургуультай хамтран генетикийн хамгийн орчин дэвшилтэт технологи болох Next Genretion Sequencing бүхий Монголын анхны Молекул эпидемиолгийн лаборатори байгуулагдаж байна.
эх сурвалж : "Ардчилал таймс сонин"