Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Болхидуу нийгмийн тэнэгдүү дүр

 Нэг. “Хүмүүнлэг” хаягтай гялгар хайрцаг

 Бидний хайрцаг бол нийгэм. Өмнө нь социализм хэмээх бүдүүн баараг хийцтэй ч бат бөх хайрцагтай байлаа. Одоо харин глобализм гэдэг том хаягтай ардчилсан хэмээх гялгар гоё, хэврэг бас хямдхан хайрцагт амьдарч байна. Өмнөх хайрцгаа зад тийрээд амьсгалах агаартай болсон ч одоо энэ хайрцагтаа бид жаахан жиндүүхэн сууцгаадаг. Даяаршлалаас эхлээд биднийг дааруулах үүгэж сийгэх юм гадны салхи олонтой. Тэр салхийг яаж ч чадахгүй болохоор дэмий л дээлээ давхарлахыг хичээж сууна.
Харин манай хайрцган доторх цөөнх хүмүүсийн ааш араншин эрс хувирч элдэв үзэгдэл ихийг үзэх болов. Урьд өмнө нь сэтгэцийн гажигтайгаас эхлээд сэтгэлгээний доройтолтой нэгнийг монголчууд ер тоож авч хэлэлцдэггүй байв. Гэхдээ ялгаварлан гадуурхаж хялайхаасаа илүү гар хөлийн үзүүрт ажил хийлгэж айлаас айл дамжуулан хоногийн хоол өгч гэдсийг нь цатгадаг байсан нь олон.

 Нутаг болгонд л нэг тийм мангардуухан “хольцтой” нөхөр байх. Зарим нь гэмгүй, зарим нь дэмий юм зохион ярьж амьтан хүн баясгадаг “алиалагч” маягийн ажилтай. Түүний чаддаг нь л ажил тэр учраас түүнийг нь нэг юм хөөргөж дэвэргэхгүй аяга цай, боов боорцогхон өгнө. Тиймэрхүү улс биеийн хүчний ажилд тун сайн байдгаас бүл муутай айл ажил төрлөө хийлгэж ахмад настнууд тун элэгтэй байдаг сан. Энэ бол харин ч нинжин сэтгэлээс үүдэлтэй хүмүүнлэг хэрэг юм шүү.
 Нуугаад яах вэ дээ жалга дов, нутаг бүрт л нэг тиймэрхүү хүн байдаг. Харин тэднийг хөөргөж дэвэргэж, хийг нь хөдөлгөж, үржүүлж өсгөдөггүй байв. Санадаг юм, манай нутагт үе тэнгийн хоёр мангардуухан эр, эм хоёр хөрш зэргэлдээ байдаг байлаа. Яагаад ч юм тэднийг өрөвдөж хүн л юм чинь хооронд нь суулгаад хүүхэд шуухадтай болговол... гэж бодно. Харин нэг удаа энэ санаагаа нэгэн настанд санаандгүй хэлтэл тас загнуулж үг хэлгүй болж билээ.
 Настны хэлснээр бол тархи толгойн сааталтай гэдэг ч бид яг ямар өвчтэйг нь шинжлэх ухаанаар бүрэн мэдэж чадах биш. Ар гэрийнхнийгээ арчилгаа маллагаанд ядаж яваа амьтныг тэгж бас зовоож болдоггүй юм. Хүн тавилангаараа төрөөд тавилангаараа л дуусдаг. Түүнийг хажуугаас нь засч залруулах, өсгөж үржүүлэх нь өөрөө нүгэл гэх утгатай юм хэлсэн сэн.
Хүний хувь тавиланд янз бүрийн алдаа эндэгдэл гарах нь бий. Гэхдээ биеийн өвчин биш тархи ухааны доголдолтой бол удамших үгүйг хэн ч хэлж мэдэхгүй аж. Өөрөөсөө гадна төрүүлсэн үр хүүхэд нь түүнээс дор зовж гүйцдэг тухай настан их л нухацтай өгүүлж билээ. Тэр үед хэтэрхий хатуу харгис сонсогдож байсан ч хүн ч гэсэн амьтан гэж үзвэл байгалийн шалгарлаараа сүрэг цэвэрлэгдэж ёстой аж. Цэвэрлэгдэнэ гэдэг нь тайван орхихыг л хэлдэг бололтой. Өнөөдөр ингэж хэлвэл “хүмүүнлэг” хэмээх хаягтай чамин хайрцганд амьдарч байгаа тул яав ч нийцэхгүй. Гэхдээ бид үнэн хэрэгтээ хүмүүнлэг нэрийн дор хэчнээн харгислал, хүчирхийлэл үйлдэж байгаа билээ дээ. Түүнтэй харьцуулахад хүмүүнлэг. Хүний эрх гэж тунхагласан бүгдийгээ зөрчиж байгаа нь өөрөө хүмүүнлэг бус явдал л даа. Өөрөөр хэлбэл хайрцагны гадна талд ямар шошго наасан нь чухал болохоос доторх нь хамаагүй байдаг ажээ.

Хоёр. Тэнэгүүдийг тайван орхи

 Манай “Монголын нийгэм” хэмээх хайрцаг гаднаа гяланцаг, дотроо паланцаг л даа. Ямар ч савыг цэвэрлэж салхи агаар оруулахгүй бол илжирдэг нь жам. Нэгэнт хүний нийгэм хойно цэвэрлэгээ хийж байна гээд сэхээтнүүдээ хэлмэгдүүлэн алж, лам нараа буудан хороож, үг сөрдгүүдийг нь шоронд хорьж, бүр болохгүй бол архинд оруулах арга одоо арай ч алга. Гэхдээ л таван хүнээ төв талбайнхаа хажууханд буудаад л алчихдаг нийгэм шүү дээ. Өөр аргууд бол байгаа. Түүнийг хүмүүс мэддэг ч хэлж бас болохгүй. Үүнийг гүнзгий яривал улс төрийн асуудал болоод явчихна. Нийгмийн үзэгдэл ярья. Манай нийгэм ерөнхийдөө болхидуу нийгэм. Өөрчлөлт шилжилт нь удаан, анги давхаргууд нь тодорхойгүй, оюун санааны хүрээ нь хаанаа байгаа нь бүдэг бүрхэг. Өөрөөр хэлбэл хэн нь ухаантай, хэн нь тэнэг гэдгийг ялгаж салгах хэмжүүр, цензур юу ч байхгүй.
 Юуг үнэн гэх, юуг худал гэхээ бүр мэдэхээ байгаад баримжаагаа алдчихсан. Сайн муу хийгээд сайхан муухайгийн тухай ойлголт нь бүр хярамцаг. Утгаа алдсан. Түрийний бөөс толгойд гараад залардаг. Тэр бөөсийг бүр тийм байсан, байх ч ёстой мэтээр хүлээн зөвшөөрөөд дасчихсан. Тиймээс л болхидуу нийгэм гэж нэрийдэж байна.
Өмнө өгүүлснээр тийм нэг тэнэгдүү дүрүүд бол өнөөдөр жинхэнэ од олны манлай. Энэ үзэгдэл хэзээ эхэлсэн юм бэ? Тэнэгүүдийн хаан тэнэгийн дүрд тоглох. Гал гаргадаг н.Өнөрмаа, Сэлэнгийн сэлмээр хүний толгойны хуйх цавчиж эмчилдэг хүү ч өнөөдрийнх шиг од болж тахин шүтэгдэж байгаагүй юм шүү. Хуучнаар айхтар сэргийлэгч н.Өнөрмаагийн булхайг илчилснээр аавын хаалга татаж чимээгүй болсон түүхтэй.
 Харин Хөвсгөлөөс бурхнаар бөөлждөг эмэгтэй тодроход л манай нийгмийн дүр төрх үнэн мөнөөрөө харагдаж эхэлсэн. Телевизийн сэтгүүлч сенсацтай мэдээ бэлтгэсэндээ эрдэж бурхнаар бөөлжсөн эмэгтэйг дуу алдан гайхширч, нутгийн удирдлагууд хадаг барин морилж. Шээсэн чулуу, бөөлжсөн бурхныг нь авахаар ээлж дугаараа булаацалдахад бэлэн хүмүүс байгааг олноороо харсан. Социализм хэмээх хайрцганд суухдаа бүгд бичиг үсэг тайлагдан боловсорсон монголчууд аль үедээ тэр соёл, боловсролоо гээчхэв?
Түүнээс хойш л Монголд ардын дундаас “од” болон гялалзах аавын хүү, ээжийн охид ээлж дараагаар төрж эхэлсэн. Сошиал медиагаас төрсөн тэрхүү одыг Монголын хэвлэл мэдээллүүд шүүрэн авч цууран мэдээлдэг нь.... Энд оноогоод биччихээр үг одоохондоо олдохгүй байгаа тул эмгэнэл, гашуудал гээд орхиё.
 Лайв хийдэг О.Осоржамаа, хэрүүл хийдэг н.Загдаа, гутал иддэг залуу, хутга эргүүлдэг, Чингис хаан гэж өөрийгөө нэрлэсэн залуу, Өүлэн эх гэж өөрийгөө өргөмжилсөн н.Өнөрчимэг түүнээс гадна дэлхийд хаад хатад, хутагт хувилгаад хэзээ дуртай цагтаа хэвлэлийн хурал зарлаж, сошиалаар лайв хийж, уйлж майлж, хэрүүл шуугиан тарьж, хэн дуртайгаа доромжилно.
Тэнэгдүү тэдгээр дүрүүдийг хэвлэл мэдээллүүд хоймроо залж ярилцлага авна. Рекламанд тоглож олныг уриална, кинонд тоглуулж од болгоно. Тэдгээр тэнэгийн хаад, хатдын хийсэн лайв, оролцсон нэвтрүүлэг нь цаг үеийн мэдээ, цас шуурганы байдал, хэрэгтэй мэдээлэл, ашигтай зөвлөгөөний үзэлтээс хол давж, хандалтаараа толгой цохино.
Хамгийн хачин нь тэдгээр үзэгчдийн тал нь гутаан доромжилж, тал нь өмөөрөн өмгөөлснөөр эцэст нь тэдэнд хандив босгож өгнө.
Ямар гээчийн нийгэм, ямар гээчийн хүн сүрэг байхаараа ийм үзэгдэлд цаг зав, нервээ зориулдаг болоод байна вэ. “Хөөрхий минь хүн л юм чинь бүх эрх тэдэнд байгаа” гэх хүмүүнлэг, эрх чөлөөт нийгмийн уриаг цуурайтуулагсад тэдний нэхсэн мөнгийг өгч, сурталчилсан барааг нь худалдан авна.
Хүн ичих, айхаа болиод ирэхээр л араатантай тун төстэй болдог юм гэсэн. Тийм оновчтой харьцуулалт биш ч тэнэгээрээ далимдуулж олныг талцуулж, төөрөгдүүлдэг башир технологи манай гоё хайрцагт байна.
 Гол нь хүнлэг энэрэнгүй байх ёстой хүмүүстээ хүнлэг энэрэнгүй ханддаггүй хэрнээ зүгээр тэр чигт нь хаячих “тэнэгүүдийг” тэнгэрт тултал нь хөөргөдөг боллоо. Хэвлэл мэдээлэлд нь стандарт, цензур гэж юм үгүй. Өөрөөр хэлбэл хүний зовлонгоор тоглож хандалтаа өсгөх нь хамгийн хүнлэг бус явдал байж ч магадгүй. Ямар нэгэн согогтой хүнийг олноороо даган хошуурч, өргөмжлөн залж, шоолон тохуурхаж байгаа нь хамгийн хүнлэг бус хэрэг ч байж болно.
 Ер нь юуг хүмүүнлэг гэх, юуг хүмүүнлэг бус гэх. Хэнийг өөгшүүлэн дэмжих, хэнийг зөнд нь орхих вэ гэдэг дээр энэ нийгэмд ямар ч шүүлтүүр, мэдрэмж алга. Тэнэгийг аль ч талаараа үзэж байгаа тэр хүн бол тэнэгийн хаанаа үзэн ядаж эсвэл даган баясч буй тэнэгээс өөр хэн ч биш.
Өнөөдөр цэцэд нь зүдрүүхэн амьдарч, солиотнууд нь шуугиан тарьж “түүх” бүтээж, ухаантны сэнтийд увайгүйчүүд заларч байгаа нь худлаа биш. Уруу нь харуулаад тавьчихсанаас толгой, хөлнийх нь байрлал солигдчихсон мэт бидний гоё хайрцаг хөөрхий...

эх сурвалж :"Ардчилал таймс сонин"

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com