Д.Соёмбо
Засгийн газраас Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан. Тус хуулийн төсөлд СӨХ-г татан буулгах санал орсон билээ. Энэ талаар Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан болон УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нар эсрэг тэсрэг байр суурь илэрхийлснийг та бүхэнд хүргэж байна.
Х.Баделхан: СӨХ-г татан буулгаж, орон сууцны бодлого хэрэгжүүлэх агентлаг байгуулах ёстой
Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан ярихдаа, Орон сууцны тухай хуулийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд өргөн барьсан. Сууц өмчлөгчдийн холбоо буюу СӨХ төрийн бус байгууллага. Орон сууц ашиглалтын контортой гэрээ байгуулаад, тохижилт, харуул хамгаалалт, цэвэрлэгээний асуудлыг хариуцаад хийдэг. Иргэдийг орон сууцтай болгохын тулд төрийн байгууллагууд юуг нь хариуцах вэ гэдгийг тодорхой зааж өгсөн. Тухайлбал, Их хурал орон сууцны хөрөнгийг шийдэх, Засгийн газар орон сууцны бодлого хэрэгжүүлэх, Барилга хот байгуулалтын яам бодлогоо боловсруулаад түүнийг хэрэгжүүлэх асуудлыг хариуцна гээд үүргийг нь тодорхой болгож өгсөн. Гэхдээ, манайд орон сууцыг хариуцах агентлаг гэж байхгүй. Манай яамны хоёрхон хүн үүнийг хариуцдаг. Тиймээс тусдаа орон сууцны бодлогыг хэрэгжүүлэх тусдаа агентлаг байгуулах ёстой гэж хуулийн төсөлд тусгасан.
Мөн Орон сууцны засвар арчлалтын санг орон сууц болгон дээр байгуулахаар хуулийн төсөлд оруулсан. Судалгаа явуулахад манай улсад 1056 СӨХ байдаг юм байна. Үүнээс 20-иодхон СӨХ л ажиллаж байна. Тэд нэг талаараа бизнес хийж байгаа юм. Сүүлийн үед шинэ орон сууцны хорооллууд бариад өөрсдөө СӨХ байгуулаад дахиад ашиг олж, бизнес хийж байгаа. Мөн ШӨХТГ-т ирсэн өргөдлийн гуравны нэг нь СӨХ-той холбоотой гомдол байна. Тиймээс ШӨХТГ-аас СӨХ-ны асуудлыг эргэж харах хүсэлт тавьсан. Тиймээс энэ үндсэн дээр бид хуулийн төсөлд СӨХ-г татан буулгах санал оруулсан. Мөн СӨХ-ноос авсан хураамжийг СӨХ-ны удирдлага, хяналтгүй зарцуулж байгаа. Зардлын 30 орчим хувь нь зөвхөн удирдлагын зардалд явдаг юм билээ. СӨХ-ны Удирдах зөвлөл гэж байдаг юм байна. Тэнд хураамж төлдөг юм байна.
Өндөр зэрэглэлтэй хорооллуудын СӨХ гэж их мөнгө авдаг. Тэд нэг талаараа бизнес хийж байгаа. Орон сууц бариад л СӨХ байгуулаад иргэдээс хураамж аваад иргэдийн мөнгөөр бизнес хийж байна гэсэн үг. Дээр нь СӨХ дундын өмчлөлийн өмчийг засдаггүй. Гэхдээ СӨХ яг одоо хийж байгаа гурван төрлийн ажлаа хийнэ. Гэхдээ илүү зардлыг санд төвлөрүүлье гэж байгаа юм. Шинээр ашиглалтад орсон орон сууцанд засвар үйлчилгээ нээх их шаардлагагүй. Тиймээс зохицуулах зөвлөл СӨХ-ны хураамжийг жигд тогтоохоор оруулсан. Миний өргөн барьсан хуулийн төсөлд одоо СӨХ-нд ажиллаж байгаа бүх хүн ажиллана. Цэвэрлэгч нь цэвэрлэгээгээ, харуул нь харуулаа хийнэ. СӨХ-ны харуул хамгаалалт мэргэжлийн байгууллага болсон.
Ж.Ганбаатар: СӨХ-г татан буулгаж, Орон сууцны конторт нэгтгэх нь буруу шийдэл
СӨХ-ны одоогийн үйл ажиллагааг улам төгөлдөржүүлэх тухайн орон сууцны иргэдтэй илүү ойр ажиллах энэ талаас нь хуулийн өөрчлөлтийг хийх шаардлага бий юу гэвэл бий. Түүнээс биш СӨХ-г татан буулгаад Орон сууцны конторт нэгтгэх нь маш буруу шийдэл. СӨХ нь муу ажиллаад, орон сууны контор нь сайн ажиллана гэдэгт би хувьдаа итгэхгүй байна. Тиймээс Орон сууцны тухай хуулийн төслийг дэмжихгүй, 100 хувь эсэргүүцэж ирсэн.СӨХ-г татан буулгалаа гэхэд оронд нь үйл ажиллагаа явуулах орон сууцны контор бол маш хүнд сурталтай, олон хүнтэй байгууллага байх болно. Төлөх мөнгө, иргэдэд очих ачаалал нь улам нэмэгдэнэ гэсэн үг. Орон сууцны конторын үндсэн үүрэг нь ус, дулаан, цахилгааны асуудлыг хариуцах гэтэл дээр нь нэмээд СӨХ-ны үйл ажиллагааг давхар хариуцаад ажиллах нөөц ч байхгүй, мөн туршлага ч байхгүй. Үндсэндээ боломжгүй зүйл.
Хоёрдугаарт, бүх СӨХ-г татан буулгаснаар орон сууц дахь нийтийн өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалт, бүртгэл, засвартай холбоотой асуудал эзэнгүй болно гэсэн үг. 1990 оны үеийнх шиг хуучин системдээ очно. СӨХ байгуулагдахаас өмнө орон сууцны конторт орон сууц дахь нийтийн өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалт энэ бүхэн харьяалагддаг байх үед орон сууцуудын орц, хонгил хог новшоор дүүрчихсэн байдаг байлаа. Яах вэ одоогийн СӨХ-д бүгд сайн ажилладаг гэж хэлэхгүй ч Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойших өнгөрсөн хугацаанд үүргээ тодорхой хэмжээгээр гүйцэтгэсээр ирсэн.
Мэдээж, муу, сайн ажиллаж байгаа СӨХ-нууд бий гэдэгтэй санал нийлнэ. Тэр үйл ажиллагааг нь яаж сайжруулах вэ гэдгийг энэ хуулиар оруулж ирэх ёстой байтал “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохтой” адил хуулийн төсөл оруулж ирсэн. Угтаа иргэдээс авч байгаа сар бүрийн СӨХ-ны төлбөрийг зөв зарцуулж байгаа эсэхийг яаж хянах вэ, яаж үүнийг сайжруулах вэ гэдгийг энэ хуулиар оруулж ирэх ёстой. СӨХ-г байхгүй болгож сууц өмчлөгчид хэнд гомдол, саналаа гаргах вэ энэ бүх асуудлыг тодорхой бус эзэнгүй болгож болохгүй. Энэ хуулиас сайн, сайхан зүйл олж харахгүй байгаа учир Орон сууцны тухай хуулийг санаачлах нь байтугай огт дэмжихгүй. Намрын чуулганаар баталж амжаагүй учраас Засгийн газар өргөн барьсан хуулиа эгүүлэн татах байх гэж бодож байна. Санаачилсан газар нь хуулийн төслийг аль ч хэлэлцүүлгийн үед нь татах бүрэн боломжтой.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"