Ардчилсан намын гишүүн М.Зундуйдаваатай ярилцлаа. Тэрбээр ардчиллыг тууштай дэмжигч бөгөөд энэ системийг хамгаалж, хойч үедээ залгамжлуулахын төлөө үгээ хэлсээр яваа нэгэн. “Ардчилалыг манцуйтай хүүхэд мэт бөөцийлөх хэрэгтэй” гэж тэрбээр ярьсан юм. Юуны учир ийн хэлэх болсныг та бүхэн ярилцлагаас нь уншаарай.
-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулж болох уу?
-Намайг Мижгээгийн Зундуйдаваа гэдэг. Би 1960 онд Баянхонгор аймагт төрсөн хүн. Хуучнаар хэлбэл малчин ардын хүү. Аав ээжээсээ 11-үүлээ. Долоон хүү, дөрвөн охинтой айлын дунд хүү. Дунд сургуулиа дүүргэж, цэргийн алба хаагаад Баянхонгор аймгийнхаа захиргаанд хорооны даргын ажил алба эрхэлж байгаад Ардчилсан хувьсгалтай золгосон. Ардчилсан холбооны анхны гишүүдийн нэг. Тэр цагаас хойш 30 жил өнгөрчээ. Зургаан хүүхэдтэй. Ардчилсан хувьсгалыг дэмжсэнийхээ төлөө ажилгүй болж эхнэр хүүхдээ дагуулж Улаанбаатар хотод орж ирээд сургуулийн жижүүр ч хийлээ, гуанз ч ажиллууллаа, тамхи ч ширхэглэж, талх ч зарлаа. Зургаан хүүхдээ тэжээхийн тулд юм юм л хийж явлаа. Ингэж яваад 1996 онд Адъяагийн Ганбаатарын шадар туслахаар ажиллаж, Сонгинохайрхан дүүргийн 1-7 дугаар хороог хамарсан сонгуулийн сурталчилгаанд ажилласан. Орбитод 09.00 цагт хоёр шуудай материалтай очоод 22.00 цагт Ханын материал хүртэл тараагаад харьдаг байлаа. Хүүхдүүд гэртээ хоёр талхтай л үлдэнэ. Хөдөөнөөс ороод ирчихсэн цэцэрлэг ч байхгүй. Томд нь багыг нь даатгаад орхиж байгаа юм. Ингэж л сонгуулийн ажилд хүчин зүтгэж байж ялсан. Дараа нь 1997 онд орон нутгийн сонгуульд амьдарч байгаа хорооныхоо Засаг даргаар өрсөлдөж ялаад, хорооны засаг дарга болж 2000 он хүртэл ажилласан. СХД-ийн тавдугаар хороо дүүргийнхээ 21 хорооноос үзүүлэлтээрээ 19 дүгээрт явж байсан бол ажил авснаасаа хойш энэ хороог Нийслэл, дүүргийн тэргүүний хороо болгож сайжруулсан. 2000 онд хорооны даргын сонгуульд гурван удаа ялсан ч томилогдоогүй. Гурван удаа буцаасан. Тухайн үедээ Дүүргийн засаг дарга байсан н.Найдан гуай тасаг цагдаатай ирж байж гурав дахь сонгуулиа явуулахад нь 87 хувиар ялаад ч намайг энэ албанд батлаагүй ээ. Тэр үед МАН үнэмлэхүй олонх болчихсон байсан. “Ганц хорооны засаг даргаар Ардчилсан нам яах вэ дээ. Би чамайг баталж өгөхгүй ээ” гээд батлаагүй юм даа. Тэгж ажилгүй болсон доо. 2009 онд Зам тээвэр барилга хот байгуулалтын яаманд ажилд ороод Драгон дээр ажиллаж байгаад 2012 онд Дүүргийн иргэдийн хурлын сонгуульд өрсөлдөөд тухайн амьдарч байсан хороондоо 450 хүнээр ялж, дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч болсон. Уг нь сонгуулийн ирц бүрдсэн, хүчин төгөлдөр байсан ч ирц хүрээгүй гэсэн үндэслэлээр дахин сонгууль хийж Ардын нам мөнгө тараагаад би долоон хүний саналаар ялагдсан. Ингээд Иргэдийн төлөөлөгч болж чадаагүй. 2012 оноос Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын ажлын албаны даргаар ажиллаж байгаад 2017 оноос Ардчилсан намын төв хэрэг эрхлэх газарт улс төрийн ажилтан хийж байна.
-Сайн ажилласан ч сонгуулийн булхай луйвраар ажлаа алдчихдаг нь харамсалтай. Гэхдээ ардчиллын төлөө гэх үзэл санаа нь хэзээд хэвээрээ явжээ дээ.
-Ардчилсан холбоо руу орох хэд хэдэн шалтгаан надад байсан. Манай аав хүүхэд байхдаа лам байсан хүн. 1937 оны хэлмэгдүүлэлтээр аав минь Хүрээнд шавилж суусан юм билээ. Хоёр төрсөн ах нь лам байгаад баригдаж буудуулахад эмээ минь аавыг хөдөө гаргаж хар болгожээ. Дараа нь таван жилийн цэргийн албанд дайчлагдаж 1939 оны байлдаанд оролцоод цэргээс халагдсан түүхтэй. Дараа нь нутагтаа амьдарч байгаад 1951 онд “ам цуурсан” хэргээр баригдаж долоон жилийн ял авсан. “Улаан орос Чойбалсан хоёроос болоод малын хөлийн татвар нэмэгдэж байна. Үр хүүхдүүдийг минь малгүй болгох нь” гэж ярьсныг нь нутгийнх нь таван хүн нийлж матсан юм билээ. Ял эдэлж байхдаа дайчлагдан Мах комбинатыг барилцсан гэдэг. Аав минь эхнээсээ л ийм ардчилсан үзэлтэй хүн байжээ. Биднийг бага залуу байхад аав минь хэлмэгдэж явснаа хэлдэггүй байсан бол 1998 онд цагаатгал яригдаад эхлэхэд бүгдийг хэлсэн. Хүүхэд байхад ч гэсэн биднийг шударга байж бусдад тустай яв гэдэг хүн байсан. Тэр зарчмаараа 1990 онд манай аав Ардчилсан холбооны анхны гишүүн болсон. 2002 онд аав минь 99 насандаа өөд болсон. Хоёр ах нь эм барьдаг маарамба байсан юм билээ. Хүүхэд байхдаа эм танг нь нүдэж өгдөг байснаа өөрийнхөө урт насалсантай холбон ярьдаг байсан даа.
Ийм итгэл үнэмшил манай гэр бүлд байсан учраас Ардчилсан холбоо руу орох шалтгаан болсон байх гэж боддог. Би чинь тэр үед Баянхонгор аймгийн захиргаанд хорооны дарга байсан шүү дээ. Тэр үед бас нэг эгдүүцэл төрүүлсэн үйл явдал болсон. Ардчилсан хувьсгал гарах гээд Улаанбаатар хотод төв талбайд суулт болж байхад биднийг аймгийн захиргаан дээр шөнийн 03.00 цагт дуудаад айлуудаар явж тэдгээр жагсагчдыг “40 мянгатын хулигаан байсан, шоронд орж байсан бүтэхгүй этгээдүүд” гэж ухуулж сурталчил гэсэн. Би эхний гурван айлд ороод л дургүй хүрсэн. Эхний хоёр айлаар ороход л “Шөнө унтаж байхад орж ирлээ”, “үнэн худал нь мэдэгдэхгүй юм барьж орж ирэх юм” гэж цааргалж байсан. Хамт явж байсан Аюулаас хамгаалахын төлөөлөгч н.Даваанямдаа “Би айлаар хэсэхээ болилоо, тэгээд ч энэ залуус үнэхээр ингэж явсан эсэхийг би мэдэхгүй. Харанхуй шөнө ийм юм барьж явах төвөгтэй юм” гээд салсан. Өглөө намайг ажлаа хаяж явсан гэдэг алтан хошуу хэдийнэ хүрсэн байсан болохоор н.Ирина даргад их загнуулсан. Ажлаас хална гэхэд нь би ч “Ажлаа авбал ав. Айлууд ч дургүйцсэн. Үнэн худал нь мэдэгдэхгүй зүйл ярихыг хүсэхгүй байна” гэж хэлсэн л дээ. Ингээд Ардчилсан холбоонд элсэхээр сэтгэл шулуудсан. Тухайн үед манай долдугаар хорооны дарга н.Очирбат, нэгдүгээр хорооны дарга Д.Ганбаатар бид гурав холбоонд элсч, аймагт анхны цуглаан хийхээр ирсэн н.Жияандорж гуай, н.Найдан ахад байр бэлдэж, зохион байгуулалцсан. Ардчилсан холбоонд элссэнээсээ болж нэг сарын дараа гурвуулаа ажилгүй болсон доо.
-Ааваас нь гадна бусад гэр бүлийн гишүүд чинь таныг дэмждэг байсан уу?
-Итгэл үнэмшил минь улам батжиж Улаанбаатар хотод ирж, хурал цуглаандаа оролцдог болсон. Тэр үед Цэргийн дарга ахындаа байрлана. Ах минь цэргийн хүн болохоор ил гарч хэлж чадахгүй ч ардчиллыг их дэмждэг байсан. “Чи зөв юм хийж байна аа. Хүмүүс гадаад, дотоодгүй явдаг эрх чөлөөтэй байх хэрэгтэй” гэж ярьдаг байсан. Ардчилсан холбоонд орсон цагаасаа хойш үзэл бодлоосоо ухарсангүй ээ, би.
-Ардчилал Монголд тохирсонгүй, “хатуу гар” хэрэгтэй гэх хүмүүс ч байдаг. Тэд өөрт байгаа зүйлийнхээ үнэ цэнийг мэдэхгүй л байгаа хэрэг. Та тэдэнд ямар тайлбар хэлэх вэ?
-Ардчилсан хувьсгал гарснаараа монгол орныг муухай болгочихсон юм шиг зүйлийг зарим хүн ярьж л байна. Сүүлийн хоёр жил ийм яриа бүр гаарлаа. Гэтэл социализмын үед малчин хүн төрсөн эхнэртээ шөлний хонь гаргах эрхгүй л байлаа шүү дээ. Бригадын дарга юм уу, малын эмч дээр очиж эргүү хонь цохуулж авдаг л үед бид амьдарч байсан. Ардчилсан хувьсгалыг дэмжиж, энэ холбоонд орохоосоо өмнө л хүн гэдэг амьтан эрх чөлөөтэй, өмч хөрөнгөтэй байвал болдог юм байна гэдгийг ухамсарлачихсан байсан гэж болно доо. Сургуулийн хүүхэд байхад ээж минь 10 дэвтэр, харандаа авч өгөөд “Энэ чиний өмч. Өөр хэн ч үүнээс чинь авахгүй” гэж хэлдэг байсан. Өөрийн өмчөө хүн хайрлана, гамнана. Энэ жижигхэн хэрнээ зөв хандлага л намайг ардчиллыг дэмжихэд бэлтгэчихсэн байж л дээ.
Ардчилал бий болсноороо Монголыг муухай болгоогүй. Үүнийг би санаатай ухуулга гэж бодож байна. Ардчилал эмх замбараатай, хуулийн дор явах ёстой. Магадгүй дарангуйлагч нийгмийг хүсэгчид үүнийг ярьж байгаа. Ардчилал гэдэг бол ард түмний өмч. Ард түмэн л дэмжиж байж 1990 онд ялалт байгуулсан. Зөвхөн тэр 13 залуу тэмцээгүй юм. Ард түмэн тэднийг цөн түрэх мэт л дэмжсэн.
Харамсалтай нь ингэж дэмжчихээд 1992 ондоо Ардын их хурлын депутатуудын сонгууль явахад МАХН буюу коммунистууддаа саналаа өгчихсөн. Тэр намаас сонгогдсон депутат нар Үндсэн хуульд өөрчлөлт хийх, Монгол орны нийгэм эдийн засгийг өөрчлөх талаар дорвитой ажил хийгээгүй. Коммунист үзэл баримтлалаа л үлдээсэн. Тухайн үед бид Улсын бага хурал, Ардын депутатуудын хурлын хэлэлцүүлгийг байнга хардаг байсан.
Үндсэн хууль бол бололцооны хэмжээнд батлагдсан. Үүнд С.Зориг, Ардчилсан хүчний залуус, Б.Чимид багш, К.Зардыхан гуай, П.Нэргүй доктор маш их зөв талаас нь ярьж хувь нэмрээ оруулсан. Анхны ардчилсан үндсэн хууль батлагдаж, энэ хуулийн дагуу Улсын их хурлын сонгууль явлаа. Бас л ялгаагүй Монголын ард түмэн коммунистууддаа санал өгсөн. Гаргаж ирсэн залуустаа итгэлээ өгч чадаагүй. Одоогийн Ардын нам буюу тухайн үеийн МАХН ялж 1992 онд Д.Бямбасүрэнгийн Засгийн газар бий болсон. Өмч хувьчлалыг МАХН-ын Засгийн газар явуулсан. Өмч хувьчлалыг ахалж удирдсан хүн нь Шадар сайд Да.Ганболд боловч, үндсэн концепцыг МАХН гаргасан. Тэгээд одоо эд нар ярихдаа Өмч хувьчлал буруу явагдсанаас болж үйлдвэр аж ахуй нэгж байхгүй болсон гэдэг. Түүнээс болж Монгол Улс ядарч байгаа гэж ард түмний тархийг угааж байна. Энэ бол нэг системээс нөгөөд ороод социалист эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэн өөрчлөлт. Нөгөө нэг сануулах ёстой зүйл бол алт дилерийн хэрэг. Ардчилсан хүчний залуус л Монголын алтаар тоглоод дууссан гэх юм ярьдаг ч П.Жасрай гуайн засгийн газрынхан өөрсдөө хойшоо аваачаад зарчихсан юм билээ. Энэ тухай Д.Бямбасүрэн гуай их тодорхой ярьдаг.
-Ингэж яваад 1996 онд Ардчилсан хүчин Засгийн эрх авсан тийм үү?
-1996 онд Ардчилсан хүчин. Ардчилсан холбоо эвсэл Засгийн эрхийг авсан ч шийдвэр гаргах боломж хомс, хүнд байсан. Ардын нам 25 суудалтай. Бие даагч гишүүн нь О.Дашбалбар. Тэр хүний суудал монголын хувь тавиланг эргүүлэх эгзэгтэй. Ардчилсан холбоо эвсэл тухайн үед гэхдээ том реформ хийсэн. М.Энхсайхан Ерөнхий сайд байхдаа үнэ чөлөөлсөн. Гэтэл тэр үед Н.Багабанди Ерөнхийлөгч Засгийн газрыг дөрвөн удаа унагаж, дөрвөн ерөнхий сайд солиулсан. Ардын нам О.Дашбалбартай хамтраад Төрийн хямрал бий болгосон. Тэр үед залуучуудын зоригтой хийсэн алхмыг дэмжээд хийлгэсэн бол Монгол Улс босоод ирэх байлаа. Сөрөг хүчин болсон МАХН тийм зүйл бодох сөхөөгүй дараагийн сонгуульд өөрийнхөө намыг хэрхэн ялуулах пи-ар л хийсэн. Дөрвөн их хурлын гишүүнийг шоронд явуулсан. Талийгаач С.Зоригийн амь насыг хөнөөсөн.
Тэдний санаа биелж Ардчилсан холбоо эвслийн нэр хүнд унаж 2000 оны сонгуульд Монгол ардын нам үнэмлэхүй олонх болж 72 суудал авсан. Энэ бол парламентын засаглалтай оронд баймгүй эмгэнэлт ялалт. Ийм сонголт Монголын ард түмэнд л гай болсон. Коммунистууд дахиад засгийн эрхэнд гарсан. 2004 онд ч мөн ялгаагүй коммунистууд Засгийн эрхийг барьсан. Хэдийгээр 1990 онд Ардчилсан хувьсгал ялсан ч түүнээс хойш коммунистууд л эрхийг гартаа атгаж байсан.
2012 онд Н.Алтанхуягийн Засгийн газар маш их юм хийсэн. Ардчилсан нам тэр үед либерал үзэл, эдийн засаг гэж юу байдгийг харуулж, улс эх орныг хэрхэн авч явах ёстойг харуулж чадсан. Гэтэл Монгол ардын нам ялагдсаныхаа маргаашаас л Ардчилсан хүчин, Ардчилсан намыг харлуулах ажил хийсээр байгаад 2016 онд ялсан. Ялалт гэхээсээ илүү луйвар гэж хэлж болно. Нийт иргэдийн 40 хувийн саналыг авсан хэрнээ 65 суудал авсан.
Тэд монгол орныг сүйрүүлж байна. Хүчингийн хэрэг хийлээ, хүн аллаа, 60 тэрбумын луйвар нь илэрлээ, ЖДҮ-ийг дэмжих санг цөлмөлөө. Ажил эрхлэх сангийн мөнгийг луйвардлаа. Өөрсдөө энэ булхай луйврыг хийж байгаа хэрнээ түүнээсээ ичихгүй, хариуцлага үүрэхгүй Ардчилсан үзэл баримтлалыг харлуулж байна.
Ц.Элбэгдорж бол байгуулдаг гавьяагаа байгуулсан хүн. Тэгэхэд түүн рүү ингэж дайрч байгаагаараа Ардчилсан үзлийг үнэгүйдүүлэх гэсэн л санаа. Энэ хүн үнэхээр гэмт хэрэг үйлдсэн бол бүрэн эрх нь тэдэнд байхад яагаад хуулийн дагуу шийтгэхгүй байгаа юм. Харин олон нийтийн дунд хий төөрөгдөл үүсгэж, муулахаас хэтрэхгүй байна шүү дээ. Э.Бат-Үүлийг би жинхэнэ баатар гэж боддог. Тэр хүн үнэт зүйл, зарчмаасаа одоо ч няцаагүй, яс махаа үгүй болтол тууштай явах хүн. Зохион байгуулалттайгаар Ардчилсан хүчний лидерүүдийг харлуулж байна. Гэмт хэргийг хүртэл их бага гэж ялгадаггүй. Тэгэхэд гол стратегийн орд Эрдэнэтийн 51 хувийг барьцаанд тавьчхаад байхад хариуцлага тооцоогүй хэрнээ 49 хувийг эх орондоо авчирсан хүмүүсийг намнах гээд байгаа нь утгагүй. Ардын намын хүний хийсэн юм гэмт хэрэг биш Ардчилсан намынх болохоор гэмт хэрэг гэж харагдуулах гэж байна.
ЖДҮ-ийг дэмжих сангаас эрх мэдлээ хэтрүүлсэн зээл авсан Засгийн газрын гишүүддээ арга хэмжээ авдаггүй У.Хүрэлсүх сайд “ЖДҮ бол жижиг хулгай” гэж хэлсэн. Ерөнхий сайдаасаа эхлээд нам нь, хуулийн байгууллага нь ч нотлоод 60 тэрбумын хэргээ хүлээгээд хоёр залууг яллачихлаа. Ийм юм хийсэн нам татан буугдах ёстой шүү дээ. Тэгэхэд ийм юм хийснийхээ төлөө Монголын ард түмнээс уучлалт ч гуйхгүй байна шүү дээ.
-Ардчилал гэдэг аль нэгэн намын өмч биш хүн бүхэнд хамаатай эрх чөлөө. Гэхдээ Ардчиллын ойг ч тэр Засгийн газар анхаараагүй. Ялгасан л хэрэг байх даа?
-Монголын ард түмэн ардчилалдаа хайртай. Хоногийн хоолоо яая гэж яваа учраас ардчиллыг хамгаалахаа умартаад байгаа болов уу. Ардчилал гэдэг бол алаг үзэхгүй байх зарчим. 30 жилийн өмнө бий болгосон энэ үнэ цэнийг Засгийн газар ойшоосонгүй. Адилхан л хандах ёстой. Зөвхөн 1921 оны хувьсгалыг л тодотгох ёстой мэт байдаг. Гэтэл үнэндээ 1921 оны хувьсгалыг далимдуулан коминтерн эрх мэдлээ тогтоож, энэ хувьсгалыг хийсэн хүмүүсийг нь байхгүй болгосон. Түүнээс өмнө 1911 онд Монголын сэхээтнүүд эрх чөлөөгөө олж, Манжийн дарлалаас салсан байсан. Социализмыг гоё байсан шиг л ярих юм. Үнэндээ сэхээтнүүдээ хэлмэгдүүлж, үг хэлэх эрх чөлөөгөө хянуулж байснаа мартах гэж үү.
-Бий болгосон ардчиллаа хамгаалах үүрэг ард түмэнд ч бий гэж та хэлэхийг хүсч байна уу?
-Тийм ээ. Ардчиллыг манцуйтай хүүхэд мэт бөөцийлөх хэрэгтэй. Залуус нь оролцоотой байх ёстой. Тэгж байж л ардчиллыг хамгаална. Энэ нийгмийг шударга байлгая гэвэл сонгуульдаа идэвхтэй оролц, хэрсүү бай. Нийгмийг бузарлагчидтай битгий эвлэр. Танил тал хайж, авлига бүү өгч, ав. Тийм зүйлтэй алхам тутамдаа тэмц. Ардчилсан нийгмийн хүчинд л бид энэ хоёр том гүрний дунд гуравдагч хөршүүдтэй болж оршин тогтнож байгаа шүү.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"