Бид хаанаас эхлэх ёстой вэ? Зохицуулалт, механик нь өөр өөр аргаар хэрэгждэг олон төрлийн крипто валют бий. Тийм учир нэгдсэн нэг дүрэм журам гаргах амаргүй. Жишээ нь биткойн нь proof of work буюу хийсэн ажлын баталгаа гэдэг нэртэй механизмыг ашигладаг. Энэ нь хэн нэгнийг блокчэйнд тодорхой хэмжээнд блок нэмэх боломжийг олгодог механизм бөгөөд энд оролцох эрх олгох болон зөвшөөрөл өгөх ямар нэг үндсэн зохицуулагч гэж байхгүй. Энэ механизмын тусламжтай блок үүсгэгчдийн хооронд блок үүсгэхэд шударга өрсөлдөөн бий болдог. Ийнхүү блок үүсгэх өрсөлдөөн нь цахилгаан их зарцуулдаг учраас хүмүүс биткойныг эрчим хүч гарзаддаг гэж ярьдаг. Гэхдээ бүх крипто валют бас бүх блокчэйний технологи ийм байдлаар ажилладаггүй. Тиймээс криптовалютууд болон блокчэйнүүд бүгдээрээ эрчим хүч их зарцуулдаг гэж ойлгох нь буруу юм. Эхлээд бид биткойн хэрхэн ажилладгийг дараа нь биткойн болон бусад крипто валютын хоорондын ялгааг тодорхойлох болно.
Хүмүүс биткойныг тоон валют, виртуал валют, крипто валют гэж янз бүрээр тодорхойлдог боловч үүнийг цахим хөрөнгө гэдгээр тодорхойлох нь зөв юм. Учир нь биткойныг ойлгохыг хичээх үед валют гэдэг үг хүмүүсийн анхаарлыг гол асуудлаас холдуулна. Валют гэдэг үг нь хүмүүсийн тархинд уламжлалт валютын талаарх ойлголтыг төрүүлдэг бөгөөд энэ нь биткойнтой холбоогүй. Биткойныг мөн тоон токен гэж тодорхойлдог. Энэ нь зарим талаар зөв боловч токен нь илүү тодорхой өөр зүйлийг хэлдэг гэдгийг бид дараа үзэх болно. Тиймээс хоёрдмол утгатай тул токен гэдэг үгнээс зайлсхийх нь зөв.
БИТКОЙН ГЭЖ ЮУ ВЭ?
Биткойн гэдэг нь тоон хөрөнгө буюу койныг хэлэх бөгөөд эзэмшил нь цахим бүртгэлд бүртгэгдэж байдаг. Дэлхий даяар 10.000 компьютер нэгэн зэрэг энэхүү цахим бүртгэлийг байнга шинэчилж байдаг бөгөөд энэ цахим бүртгэл бол блокчэйн юм. Блокчэйний хэрхэн ажилладгийг тодорхойлдог дүрмүүдийн жагсаалт протоколын дагуу эдгээр койнуудыг нэг хүнээс нөгөөд шилжүүлэх гүйлгээг хийж баталгаажуулж байдаг. Өөрөөр хэлбэл блокчэйнийг бүртгэл хөтлөлтөөр байнга шинэчилж байдаг.
Протоколыг апп нэртэй программ хангамжаар ажиллуулдаг бөгөөд оролцогчид өөрсдийн компьютероосоо хэрэгжүүлдэг. Аппыг ажиллуулж байгаа төхөөрөмжийг сүлжээний “зангилаа” гэж нэрлэдэг. Зангилаа тус бүр нь шинээр гарч ирсэн хүлээгдэж байгаа бүх гүйлгээг баталдаг бөгөөд баталгаажсан гүйлгээний блокоор бүртгэлийг шинэчилдэг. Зангилааны мэргэжилтэнг олборлогч гэж нэрлэх бөгөөд гүйлгээнүүдийг нэг багц болгон багцалж, сүлжээгээр блокуудыг бусад зангилаануудад тараадаг. Биткойныг хэн ч гэсэн худалдан авч, эзэмшиж, бусад хүмүүст шилжүүлж болно. Биткойны гүйлгээ бүрийг бүртгэж байдаг бөгөөд биткойны блокчэйн дээр энгийн текст байдлаар оруулдаг. Хэвлэл мэдээллийн нийтлэлийг үгүйсгэж хэлэхэд биткойны блокчэйнийг кодолдоггүй. Загварын хувьд, бүх гүйлгээний мэдээллийг хүн бүр харах боломжтой. Мөн хүссэн хэн ч биткойныг бий болгох боломжтой. Энэ нь олборлолт гэж нэрлэгдэх блок үүсгэлтийн үйл явцын нэг хэсэг юм. Үүнийг дараа тайлбарлая.
БИТКОЙНЫ ЗОРИЛГО ЮУ ВЭ?
Биткойны зорилгын тухай 2008 оны 10 дугаар сард нууц нэрээр нийтлэгдсэн Сатоши Накамотогийн номоос биткойн яагаад оршин тогтнодог болон ямар учраас байх ёстойг уншиж ойлгож болно. Үндсэн зааврыг бүтнээр нь унших хэрэгтэй. Энэ бол ердөө есөн хуудас ном тул интернэтээс олж унших боломжтой.
Ямар нэг санхүүгийн байгууллагаар дамжуулахгүйгээр нэгээс нөгөөд интернэтээр төлбөр тооцоо шууд төлж болох цахим мөнгөний нэг хэлбэр болно. Тоон гарын үсгээр шийдэх ёстой асуудлыг шийдэж байгаа хэдий ч, давхар зарцуулалтаас урьдчилан сэргийлэхийн тулд итгэмжит гуравдагч тал шаардлагатай бол гол ач холбогдол нь алдагдаж байгаа юм. Бид нэгээс нөгөөд илгээж болдог сүлжээг ашиглан давхар зарцуулалтын асуудлыг шийдэх арга зам санал болгож байгаа. Хамгийн урт чэйн хэлхээ нь гүйлгээний дарааллын гэрч болдог бөгөөд төв боловсруулах нэгжийн хүчнээс үүссэн гэсэн баталгаа болдог. Зурвасыг хамгийн сайн хүчин чармайлтаар дамжуулдаг бөгөөд зангилаанууд нь сүлжээнээс гарч бас буцаж нэгдэж болдог.
Эхний өгүүлбэрт л гол санааг хэлж байна. Биткойны зорилгыг тодорхойлж, биткойны үнэ цэн ямар байх, олон нийтийн хэрэгцээг хэрхэн хангадгийг харуулж байна. Түүхэнд анх удаа ямар нэг тодорхой гуравдагч тал ашиглахгүйгээр мөн юмсыг биет байдлаар шилжүүлэхгүйгээр А-гаас В хүртэл үнэ цэнийг шилжүүлж болох системтэй болсон нь энэ юм. Энэ бол төлбөр тооцооны хувьсалд маш их чухал хөгжлийн үе шат болсон. Биткойныг энэ талаас нь харахад надад үнэхээр гайхалтай санагддаг.
Крипто валютын салбарын тоймч Тим Свансоны хэлснээр “Биткойн бол хяналт шалгалт шаардлагагүй тоон мөнгө байхаар анх бүтээгдсэн” гэжээ.
Биткойн блокчэйн дээр үүсгэгддэг, блокчэйн нь биткойны суурь технологи гэж бид байнга сонсдог боловч биткойны үндсэн үндсэн заавар дээр блокчэйний талаар огт дурдаагүй байдаг. Блокчэйн үүсгэх нь анх биткойны зорилго байгаагүй бөгөөд энэ бол биткойны асуудлыг шийдэх зорилгоор сүүлд үүссэн загвар юм.
БИТКОЙН ХЭРХЭН
АЖИЛЛАДАГ ВЭ?
Биткойны блокчэйнийг сүлжээ үүсгэн хоорондоо холбогддог компьютерийн программ хангамжаар удирддаг. Үүнд тохиромжтой олон тооны програм хангамж байдаг хэдий ч, хамгийн түгээмэл хэрэглэгддэг программ хангамжийг “Bitcoin core” буюу биткойны цөм гэж нэрлэдэг. Энэхүү программ хангамжийн эх кодыг GitHub дээр нийтэлдэг. Мөн программ хангамжид нь сүлжээг оршин тогтноход шаардлагатай үйл ажиллагааны багцууд байдаг. Энэ программ хангамж дараах үүргийг гүйцэтгэх чадвартай.
•Биткойны сүлжээн дэх бусад оролцогчидтой холбогдох
•Бусад оролцогчдоос блокчэйнийг татаж авах
•Блокчэйнийг хадгалах
•Шинэ гүйлгээг харах
•Тэдгээр гүйлгээг баталгаажуулах
•Тэдгээр гүйлгээг хадгалах
•Хүчин төгөлдөр гүйлгээг бусад зангилаанууд руу дамжуулах
•Шинэ блокийг харах
•Тэдгээр блокийг баталгаажуулах
•Блокийг блокчэйний нэг хэсэг болгон хадгалах
•Хүчинтэй блокийг дамжуулах
•Шинэ блокийг үүсгэх
•Шинэ блокийг олборлох
•Хаягийг удирдах
•Гүйлгээг бий болгож илгээх
Харин бодит байдал дээр тухайн программ хангамжийг зөвхөн бүртгэл хөтлөх үйл ажиллагаанд хэрэглэдэг гэдгийг ойлгоорой. Биткойн хэрхэн ажилладаг гэдгийг ойлгохын тулд зорилгыг байнга санах нь чухал. Ямар нэг санхүүгийн байгууллагаар дамжихгүйгээр нэгээс нөгөөд төлбөр тооцоог шууд дамжуулах боломжийг олгодог, хяналт шалгалт шаардлагагүй цахим төлбөрийн систем гэдгийг дахин хэлье. Ийм системд бүртгэлийг хянаж удирдаж байдаг төвийн зохион байгуулагч гэж байдаггүй. Зохион байгуулагч гэж биткойны зайлсхийдэг санхүүгийн байгууллагыг хэлж байгаа юм. Энэ тохиолдолд тухайн системийг хэн нэгэн ажиллуулах шаардлагатай болно. Талууд бие биеэ таних хэрэгтэй болох үед тэд хувийн нууцаа алдаж, хөндлөнгөөс оролцох, албадлага, дарамт шахалтад орох эрсдэлтэй. Энэ эрсдэл нь системийн удирдагч болон хэрэглэгч аль алинд тулгарах магадлалтай байдаг. Тиймээс шийдэл нь эдгээр хязгаарлалтаас гарах хэрэгтэй болно.
Сатоши хэрхэн шийдлийг гаргасан бэ? Төвлөрсөн сонгодог загвараас эхэлж дараа нь үүнийг задалж харъя. Энэ үед бид биткойны загварыг алхам алхмаар бий болгож чадна.
Биткойны түүхээс
Биткойны түүхийг судалж үзэхэд олон янзын үйл явдлаар дүүрэн баялаг байдаг. “Биткойны протоколыг хэзээ ч хэн ч хакердаж байгаагүй” гэж биткойны дэмжигч хэлж байхыг та сонсч магадгүй. Дор bitcoin.org болон bitcoin wiki зэрэг вэб хуудсаас авсан түүхээс сонгож орууллаа.
2007 он
Сатоши Накамото хэмээх нууц нэрээр Биткойн дээр ажиллаж эхэлжээ.
2008 оны 08 сарын 18
Bitcoin.org хэмээх вэб хуудсыг анх үйлчлүүлэгчдийн нэрийн өмнөөс домэйн нэрийг бүртгэдэг зуучлагч хуудас болох anonymousspeech.com хэмээх вэб дээр байрлуулсан байна. Энэ зуучлагч вэбсайтад бүртгүүлэхэд нэрээ нууцалж үлдэж болдог байв. Ингэснээр биткойнд оролцох хүмүүсийн хувьд нууцлал хэр чухал байсныг харж болно.
2008 оны 10 сарын 31
Сатоши Накомото Биткойны үндсэн зааврыг нууц нэрээр бичиж metzdowd.com вэбсайтны и-мэйлийн жагсаалт дээр гаргажээ. Энэ нь шифр панк хүмүүст маш ихээр таалагдсан байна. Википедиад шифр панкийн тухайд ингэж бичжээ.
Шифр панк гэдэг бол нийгмийн болон улс төрийн өөрчлөлт хийхийн тулд маш хүчтэй криптографи болон сайжруулсан нууцлалын технологийг өргөнөөр ашигладаг активистууд юм. Албан бус бүлгүүд криптографыг идэвхтэй ашиглах замаар нууцлал хангахыг зорьсон. Шифр панкууд нь 1980-аад оны сүүлээс хойш идэвхтэй хөдөлгөөн өрнүүлэх болжээ. Энэхүү богино хэмжээний үндсэн заавар нь биткойны дэмжигчдийн хувьд бол библитэй адил юм.
2009 оны 1 сарын 3
Хамгийн анхны блокийг олдворлосон. Үүний дараа 50 блок үүсч блокчэйнд бүртгэгдсэн. Олборлолтын урамшуулал агуулдаг гүйлгээ болох койны гүйлгээ дараах текст агуулж байсан байна. ‘The Times 03/Jan/2009 Chancellor on brink of second bailout for banks’
Текст нь Их Британийн “The Times” сонины дээрх гарчигтай холбоотой байжээ. Энэ нь тухайн өдрөөс өмнө блокийг мэдэгдэхүйц их хэмжээгээр олборлож болохгүй байсны нотолгоо гэж үздэг бөгөөд гарчгийг нь ингэж бичсэн нь далд утгатай байж болох юм.
Банк дампуурахад, тэдний алдагдлыг нийтийн болгодог. Биткойн гарч ирэхэд банк хэрэггүй болно.
2009 оны 1 сарын 9
Сатоши биткойны программ хангамжийн нэгдүгээр хувилбарыг эх кодын хамт гаргасан болно. Ингэснээр хүмүүс программыг татан авч ажиллуулах боломжтой болж, бүртгэл хөтлөгч болон олборлогч нар бий болсон. Энэ үеэс татаж авч хэрэглэхийг хүссэн хүн бүрт биткойн хүртээмжтэй болсон. Харин биткойныг хөгжүүлэгчид кодыг шалгаж тэд хүсвэл илүү хөгжүүлэх боломж бүрдсэн гэх мэт энэхүү түүх өнөөдрийг хүртэл үргэлжилнэ.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"