“Шилэн нам” авлигын эсрэг түншлэлийг санаачлагч Ч.Сосормаатай сонгуулийн зардлын өсөлтийн талаар ярилцаж, тоо бодлоо.
-УИХ-ын сонгуулийн тойрогт нэг нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг Үндэсний Аудитын газраас зарласан. Чингэлтэй дүүрэгт гэхэд л нэг нэр дэвшигч 586 сая төгрөг зарцуулах тооцоо гарчээ. Үүнийг өндөр байна гэж нэг хэсэг нь шүүмжилж байхад зарим нь бодит байдал дээр хэдэн тэрбумын зардал гаргадаг гэцгээж байна. Монголчууд бусад оронтой харьцуулахад сонгуульд зарцуулдаг зардлын хэмжээгээр хэр дээгүүр жагсах бол?
-Энгийн тооцоо хийгээд үзье л дээ. Монгол эмэгтэйчүүдийн сарын дундаж орлого 910.1 мянган төгрөг, харин эрчүүдийнх 1152.5 мянга юм байна. Тэгэхээр монголчуудын сарын дундаж орлого нэг сая төгрөг гэж үзэж болох нь. Баянзүрх дүүрэгт 718.9 сая, Баянгол дүүрэгт 775.5 сая зэргээр тогтоосноос харахад сарын дундаж орлого нь нэг сая орчим төгрөг байдаг иргэдийн 60 жилийн цалингийн хэмжээтэй тэнцэх мөнгө болж байна. Тэгэхээр та 60 жилийн цалингаараа сонгуулийн сурталчилгаа хийх үү? Сонгуулийн хандив, сурталчилгааны цөөхөн (17-20) хоногт энэ их мөнгийг цуглуулж чадах уу?
Дараагийн асуудал нэг нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 5,9 тэрбум төгрөгөөр тогтоосон нь 2016 онд тогтоож байсан 3.4 тэрбумаас 73.5 хувиар өссөн байна. Тэгэхээр дөрвөн жил тутам нам, эвслийн сонгуулийн зардлыг 70 хувиар өсгөөд байх уу?
-Сонгуулийн зардлыг тооцож гаргахдаа юуг үндэслэх ёстой вэ, хүмүүсийн амьжиргааны түвшин сонгуулийн зардал яагаад урвуу хамааралтай байна вэ?
-Чухам наад асуудлын учрыг хамтдаа хайх хэрэгтэй болов уу. Улсын Их Хурлын Сонгуулийн тухай шинэ хуульд “Зардлын дээд хэмжээг тогтоохдоо нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, өрхийн болон сонгогчийн тоо, энэ хуульд заасан бусад шаардлагыг харгалзан эрх бүхий байгууллага тогтооно” гэж заасан байдаг. Гэхдээ яаж тооцох аргачлал батлагдаагүй.
Дахиад энгийн тооцоо хийгээд үзье! Монголбанкнаас баримталж буй эдийн засгийн инфляцын зорилтот түвшин найман хувь. Монгол Улсын инфляц 2016 онд 1.3 хувь, 2017 онд 6.4 хувь, 2018 онд 8.1 хувь, 2019 онд 5.2 хувьтай байсан. Гэхдээ найман хувиар аваад үзэхэд дөрвөн жилийн инфляцын өсөлт 32 хувь болно биз дээ. Өөрөөр хэлбэл, сонгуулийн зардлын дээд хэмжээг дөрвөн жилийн дараа 30 хувиар нэмсэн гэж ойлгож болно. Гэтэл 73.5 хувиар өссөн шалтгаан юу вэ? Тэр тусмаа 2020 оны сонгууль мажоритор тогтолцоогоор хэрэгжинэ. Намуудаас нэрсийн жагсаалтаар нэр дэвшигчид байхгүй байтал намын зардлын дээд хэмжээ суга өссөн нь бас л хачирхалтай.
Олон улсын туршлага ихэвчлэн хэрэглээний үнийн индекс, инфляцын түвшинд уялдуулан тооцох аргачлал хэрэглэдэг. Тухайлбал: Канадад 73.5 цент, Испанид 0.24 евро, Литвад 0.58 еврогоор сонгогч бүрээр үржүүлэн сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоодог. Өмнөд Солонгост Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын дээд хэмжээг хүн амын тоог 0.90 ам.доллароор үржүүлдэг. Хүн бүрт ойлгомжтой төдийгүй хэн ч тооцоод гаргаад ирж чадахаар байгаа биз дээ. Дээр нь манайх шиг улс газар нутгийнхаа алслагдмал байршил зэрэг онцлогийг тусгаж болно.
Олон улсад сонгуулийн зардлыг бууруулах бодлого хэрэгжүүлж байхад манайд эсрэгээр нэмээд байгаа шалтгааныг бид ойлгохгүй байна. Тиймээс ямар үндэслэлээр ямар аргачлал, итгэлцүүр хэрэглэн ийнхүү нэмсэн тухай тайлбар авах хүсэлтийг Шилэн нам авлигын эсрэг түншлэлээс Ерөнхий аудитор Б.Занданбатад хүргүүлсэн байгаа.
-Сонгуулийн зардлын хөөсрөлтийг буулгах ёстой гэдэг ч ингэж чадахгүй байгаагийн шалтгаан юу вэ?
-Сонгуулийн зардлын дээд хэмжээ бол мөнгөний босго. Мөнгөний босго өндөр байх тусам дундаж орлоготой иргэдэд нэр дэвших боломж хаагдана. Тэр дундаа оюуны ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүст. Түүнчлэн эмэгтэйчүүд, залуучуудад боломж багасна. Энэ босго өндөр тавигдах нь төрийн эрхэнд олон жил байсан том намууд, улс төр, бизнесийн бүлэглэлд бол ашигтай. Тийм учраас л буулгах сонирхолгүй байгаа болов уу! Нэр дэвшигчид заавал дээд босгод хүргэж зарцуулах албагүй гэж хэлдэг л дээ. Гэхдээ ихэнх нь тултал зарцуулдаг гэдгийг өмнөх сонгуулиудын зардлын тайлангаас харж болно.
Сонгуулийн зардлыг бууруулах төрийн ямар бодлого байдгийг Сонгуулийн тухай хууль, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр гээд олон баримт бичгүүдээс хайгаад олохгүй байна. Тиймээс Шилэн нам авлигын эсрэг түншлэлээс сонгуульд нэр дэвшихээр зэхэж буй улс төрийн намуудад хандаж Сонгуулийн зардлыг бууруулах, улс төрийн санхүүжилтийн шинэчлэлийг цогцоор хэрэгжүүлэх зорилтыг мөрийн хөтөлбөртөө тусгахыг уриалах санал гаргаад байна.
-Мөнгөний сонгууль боллоо гэж ярьдаг. Мөнгийг хянах боломж байгаа юу?
-Сонгууль мөнгөний уралдаан болсныг хүн бүхэн мэднэ. Сонгуулиар бэлэн мөнгө тэр тусмаа авлигын бохир мөнгө хэдэн тэрбумаар эргэлдэж байдаг. Гэхдээ хэн ч хянаж чадахгүй нь ойлгомжтой. Учир нь төрийн хяналтын байгууллагууд улс төрөөс хараат байгаа учраас тэр.
Монгол Улс Транспэрэнси Интернейншл олон улсын байгууллагаас жил бүр гаргадаг Авлигын төсөөллийн индексээр 108 орноос хойноосоо 80-90 заримдаа 103-т жагсдаг гэдгийг онцолж сануулъя. Энэ байрандаа сүүлийн долоон жил тогтмол байна. Өөрөөр хэлбэл авлига биежин систем болоод тогтсоныг харуулж байна. Авлига төрийн байгууллагууд, улс төрийн намуудад хамгийн их байгааг иргэдээс авсан судалгааны дүн ч илтгэдэг.
Монгол хагас ардчилалтай орны тоонд ордог. Хагас дутуу ардчилалтай орны аюул бол тэнд популизм цэцэглэдэг. Төр өмнөөс чинь бүгдийг хийнэ хэмээн амлана. Амлалт нэмэгдэх тусам танд байгаа эрх, эрх чөлөөг булааж авна. Сонгуульд санал өгөх эрхээ ч хэдхэн төгрөгөөр худалдчихна.
Төрд байгаа авлигыг буруулах гол нөхцөл бол сонгуулийн зардлыг бууруулах явдал. Ингэснээр хөрөнгөлөг бүлэглэлүүдийн нөлөөнөөс төрийн албыг ч чөлөөлж чадна. Хэвлэл мэдээллээр харж суухад иргэд улс төрд шударга хүмүүс тэр дундаа залуучуудыг олноор ороосой гэж хүсдэг. Гэтэл сонгуулийн өнөөгийн схемээр шинэ баячуудын хүүхдүүд, эсвэл улс төр-бизнесийн бүлэглэлийн гар хөл болсон залуучууд л орох болов уу.
-Намууд сонгуулиар хандив авдаг. Гэтэл та бүхэн компанийн хандиваас татгалзах хэрэгтэй гэдэг?
-Дэлхийн 180 орны улс төрийн санхүүжилтийн өгөгдлийн сангаас харахад 50 улсад улс төрийн намыг хувийн компаниас хандив авахыг хорьдог. Байгалийн баялаг ихтэй Бразил, Чили, Перу зэрэг улсууд сүүлийн хэдэн жил хорьчихлоо. Манай улс ядаж эхний ээлжид төртэй гэрээлэн ажилладаг хувийн компаниас хандив авахыг хоригломоор байна. Түүнчлэн хандив өгсөн компаниудыг сонгуулийн дараа тодорхой хугацаанд төрийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдах, гүйцэтгэх тендерт оролцох эрхийг хязгаарлах хэрэгтэй.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"