Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Б.Одсүрэн: нэг малчин өрх 700-800 толгой, чанартай малтай байвал зүгээр

 Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн малчин Б.Одсүрэнтэй ярилцсанаа хүргэе. Тус малчных Намаржааны улаан чулуу хэмээх байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар хаваржиж байна.

-Сар шинэдээ сайхан шинэлэв үү. Тарган тавтай хаваржиж байна уу?
-Сар шинэдээ сайхан шинэллээ. Тарган сайхан хаваржиж байна. Энэ жил манай нутагт өнтэй сайхан өвөл боллоо. Цаг агаарын байдал таатай, цас зуд багатай, алсаасаа дулаахан сайхан өвөлжлөө. Мал төллөх дөхсөн болохоор саяхан хаваржаандаа буулаа. Энд бууснаас хойш гурван хонь хургаллаа.
-Та хэдэн төрөлд малаа өсгөж байна. Тоо толгой нь арвижиж байна уу?
-Хонь, ямаа, адуу, үхэр гэсэн дөрвөн төрөлд малаа өсгөж байна. Одоогоор 650 гаруй малтай байна. Энэ хавар цаг гайгүй, жилбэ сайтай төрчихвөл овоо төл авчих болов уу гэсэн горьдлоготой байна.
- Хэдэн настайдаа өрх тусгаарлаж малчин болж байв?
-Миний аав насаараа малын эмчээр ажиллсан н.Баярлах гэж хүн байлаа. Багаасаа л аав ээжийнхээ хажууд малын захад өссөн болохоор ухаан орсон цагаасаа малчин хүний аж амьдралтай танилцаж, малчны хотонд өссөн. Харин 1990 оноос өрх тусгаарласнаас хойш өнөөдрийг хүртэл 30 гаруй жил бие даан мал маллаж байна.

 Мал маллана гэдэг тийм ч амархан хөдөлмөр биш. Малчин хүн гэдэг байгалийн эрхээр амьдардаг. Цаг сайхан улирал тэнүүн үед мал, малчин хоёр жаргалтай. Харин зуд турхан болох, цас, бороо нүүр нүдгүй шуурах үед хэн хэн л байгалийн шалгуурыг давахын төлөө тэмцэнэ шүү дээ. Малчин хүний аж амьдралын гол эх үүсвэр нь хэдэн мал нь учраас хэрэглээнээсээ гадна тоо толгойг нь жаахан ахиулчих юм сан гэж хичээнэ. Ганц хоёр жил тоо толгой нь өсч байтал зуд болохоор л эргээд цөөрчихдөг. Харин сүүлийн хэдэн жил зуд турхан гайгүй, хангай дэлхий маань харж үзэж байна.
-Малын түүхий эдийн үнэ ханш танай нутагт ямар байна?
-Малчдын амьжиргааны гол эх үүсвэр бол малын түүхий эд. Зурагт радиогоор харахаар төв суурин газар махны үнэ өсөөд, иргэд худалдаж авч дийлэхээргүй байна л гэх юм. Гэтэл Улаанбаатар хотоос 1200 орчим километр, аймгийн төвөөсөө 300 орчим километр газар алслагдсан манай сумын жирийн нэгэн малчин өрхийн хотонд малын үнэ, түүхий эдийн үнэ боломжийн л байна. Биднээс аваад цааш дамлаад зарахаар малын түүхий эдийн үнэ өсөөд байх юм. Тиймээс энэ олон шат дамжлагыг багасгаж малчны хотонд байгаа үнээр хэрэглэгчийн гар дээр хүргэх тал дээр төрийн зохицуулалт хэрэгтэй санагддаг.
-Ноолуурын үнэ сүүлийн жилүүдэд өссөн. Малчдын амьдралд хэр нөлөөлөв?
-Ноолуурын үнэ махны үнээс илүү малчдын амьжиргаанд нөлөөлдөг. Сүүлийн жилүүдэд ноолуурын үнэ өссөн нь малчдын нуруун дээрх өрийн дарамтыг багасгасан болов уу. Гэхдээ нэг хэцүү зүйл нь ноолуурын ханшийн савлагаа. Өнгөрсөн жил нэг килограмм ноолуурыг 100 гаруй мянган төгрөгөөр худалдсан. Түүний өмнөх жил 70-80 мянган төгрөгийн хооронд хэлбэлзсэн. Энэ жил хэдэн төгрөг хүрэхийг мэдэхгүй байна. Бүх малчин өрх хүн бүл цөөтэй, дээрээс нь тэнгэрийн байдлыг хардаг. Гэтэл өнөөдөр 100 мянган төгрөгийн ханштай байсан ноолуур маргааш нь 70,80 мянган төгрөг болчихдог. Уг нь ямар ч үед тогтвортой нэгэн хэвийн үнэ ханштай байдаг бол малчдын эдийн засаг дагаад тогтвортой баймаар байна. Миний бодлоор нэгэнт манай улс дэлхийн ноолуурын зах зээлийн 70 орчим хувийг бүрдүүлж байгаа учраас ноолуурт тухайн жилийн эдийн засгийн байдлаас шалтгаалж тодорхой үнэ тогтоож, түүнээс доош орохгүй байх тал дээр төрөөс зохицуулалт хийвэл болохгүй зүйл байхгүй л юм шиг санагддаг даа.
-Ноолуурын мөнгөнөөсөө хуримтлал үүсгэж чадаж байна уу?
-Ноолуурын мөнгөнөөсөө илүү гаргаж хуримтлал үүсгэж чадаагүй л байна. Жилдээ нэг хоёр удаа л малчдад бэлэн мөнгөний орлого ордог нь хаврын цагт ноолуур, өвлийн идэшний үеэр малаа махалж зарах л байдаг. Тиймээс хавар орж ирж байгаа ноолуурынхаа мөнгөөр тухайн жилийнхээ нүүдэл суудал хийх зардал, нааш цааш явах машин, мотоциклийн бензин шатахуун, өвөл, хавар хэрэглэх өвс тэжээл гэх мэт зардалдаа хүрэхтэй үгүйтэй л байна. Манайх хоёр оюутантай. Тэдний сургалтын төлбөрийг хийх юм, заримдаа малдаа болон өөрсдөдөө эм тариа авах, хүн болсон хойно идэж уух, өмсч зүүх гээд л өнөө хэдэн төгрөг чинь хүрэхээсээ хүрэхгүй нь их болчих юм. Бүр арга ядахдаа банк руу орно шүү дээ. Ялангуяа өвөл, хаврын цагт мөнгө хүрэлцэхгүй хэдэн малаа барьцаалаад банкнаас зээл авах юм. Үнэхээр хуримтлал үүсгэх хэмжээнд орлого олдог, зарлага нь орлогоосоо бага байдаг малчид байгаа л байх. Манай гэрийн хувьд арай л тийм хэмжээнд очоогүй байна.
-Сүү цагаан идээгээ борлуулж орлого олох боломж хэр байна?
-Манай нутгийнхны хувьд зуны цагт сумын төвөөсөө 80 гаруй километр газар нүүдэг онцлогтой. Ирж очих зам нь бартаатай. Тиймээс өдөр бүр сүү цагаан идээгээ борлуулах гээд сумын төв рүүгээ ирж, очих боломж хомс. Тиймээс манайхан сүү цагаан идээгээ өрхийн хэрэглээндээ л ашиглаж байна.
-Танай нутгийн бэлчээрийн даац хэр байна. Цаашид малынхаа тоо толгойг өсгөх бодолтой байна уу?
-Сүүлийн жилүүдэд бэлчээр нэлээд талхлагдаж байна. Гэхдээ жил жилийнхээ өнгөнөөс их шалтгаална. Бороо хур элбэгтэй жил бол бэлчээрийн ургамлын гарц сайн байдаг бол гантай жил хэцүүхэн л байдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд сумын хэмжээнд малын тоо өссөнтэй ч холбоотой. Малын тоо толгойг олон болгоно гэхээс илүү үйлдвэрийн чиглэлийг барих талаар бодож байна. Тооноос илүү чанарт анхаарч эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх талаар манай улс анхаарч байгаа талаар малчдын зөвлөгөөнөөр ярьж байна лээ. Тэр нь ч зөв. Гэхдээ хэт цөөн тооны малтай байх нь эргээд эрсдэлээ даахгүй байх магадлалтай. Тэгэхээр дунджаар 700-800 тооны малтай байвал зүгээр байх.


-Малчин хүний жаргал, зовлон их л байх даа?
-Байлгүй яах вэ. Заримдаа радио телевизээр сонсч байхад Улаанбаатар хотынхныг “Зүгээр байж байхаар хөдөө очиж мал малла” гэсэн ухааны юм сонсогдоод байх юм. Малыг захын хүн маллаад малчин болчихдог ч юм биш л дээ. Маллах малынхаа арчилгаа тордлого, зан ааш, онцлог чанар, цаг агаарын байдлыг урьдчилан тооцоолох, эрсдэлийг даван туулах чадвар гэх мэт олон ур ухаан, чадвар малчин хүнд л байдаг даа. Цасан шуурганд малаа уруудуулахгүй гэсэндээ өвлийн хүйтэнд малаа манаад нойр хоолгүй хоёр, гурав хонох бие болоод сэтгэлийн тэнхээ малчдад л бий. Гэтэл гэнэт өнөөдөр Улаанбаатараас ирээд маргааш нь хэдэн мал маллаад малчин болчихдог амар ажил бол биш шүү дээ. Төв суурин газрынхан хүйтэн бороо, цасан шуурганаар нэг байшингаас нөгөө байшингийн хооронд гар хөлөө хайруулчихгүйхэн шиг очихыг бодож байхад малчид хэдэн малынхаа төлөө хүйтэнд хөрч, халуунд халж яваа хүмүүс. 2008-2009 он шилжих өвөл манай нутагт зуд болсон. Манайх 400 орчим малтай байсан. Хоёр өдөр, шөнө шуураад тэр шуурганд мал маань ихэвчилсэн дээ. 30 гаруй хонь, 13 ямаатай л үлдсэн. Бүр өөрөө ч амь насаа алдах дөхөж байлаа. Тэр цаг үеэ эргээд бодоход хэцүү л санагддаг. Өвлийн хүйтэн, хаврын хавсаргатай хэцүү цагт хүүхдээсээ ялгаагүй бөөцийлж энэ гараараа мал болгож авсан хурга, ишиг маань сүүлээ дийлэхгүй шахуу болчхоод хотондоо тоглоод явж байхыг харахад их л сайхан байдаг даа. Малын буян их хойно. Зовохоосоо жаргах нь илүү шүү дээ.
-Сүүлийн жилүүдэд малчид малаа даатгуулдаг болсон нь бас нэг дэвшил юм даа?
-Тийм шүү. Манай сум аймгийн хэмжээнд даатгалд өндөр хамрагддаг сумын тоонд орсон байна лээ. Малчид малаа даатгуулаад, даатгалын сангаас зарим жил даатгалын нөхөн төлбөр авч байна. Сумын хэмжээнд эрсдэлийг тооцон тогтоосон босго онооны үнэлгээг давсан тохиолдол даатгуулсан компаниас буцаан олголт орж ирдэг. Тиймээс даатгалын ач тусыг малчид сайн ойлгож байна. Бүх малаа даатгаж болж байна. Эсвэл зөвхөн хонь, ямаа, үхэр, адуу гэх мэтээр сонгож даатгуулах боломж ч бүрдсэн байна.
-Сүүлийн жилүүдэд мал дагах залуус цөөрч байна гэх юм. Танай нутагт тийм зүйл ажиглагдана уу?
-Тийм тал байна. Удам дагасан уламжилсан мал аж ахуйгаас нүүдлийн чиглэлээ аваад явах хүнгүй боллоо гээд зарим хөгшчүүд дуугарч л байх юм. Гэхдээ эцэг өвгөдөөс уламжилж ирсэн малчин заяа тасрах болоогүй ээ. Одоо үед нийгмээ дагаад төв суурин газар амьдарч байгаа залуус байна. Гэхдээ малаа арай ч мартчихаагүй. Зарим айлууд хүүдүүдийнхээ малд нүдтэйг нь удам залгасан малчин, заримыг нь мэдлэг мэргэжилтэй хүн болгоно гээд эртнээс төлөвлөсөн. Манайх хүү, охин хоёртой. Хүүгээ ХААИС-ийн зоо техникийн мэргэжлээр сургаад энэ хавар төгсгөх гэж байна. Тэгэхээр ажил мэргэжил нь мал аж ахуйтай холбоотой болохоор удам дамжсан малчин айл болох байх. Охин маань цэцэрлэгийн багшаар сурдаг.
-Мал маллахад хариулга чухал байх. Малчид өөр өөрийн туршлагаасаа хамаараад харилцан адилгүй малаа хариулдаг юм шиг санагдсан. Та туршлагаасаа хуваалцана уу?
-Малд өвлийн цагт дулаан хэвтэр, идэш хоёр их чухал. Миний хувьд өвлийн цагт өвс сайтай газар хариулж, бууриа ойрхон сэлгэхийг боддог. Буурь бууц, хашаа хороо дулаан байх шаардлагатай. Өвлийн малд “дунд идэш дулаан хэвтэр” гэх үг бий. Өөрөөр хэлбэл дулаан хоносон мал хүйтэн шуурга салхинд ямар ч байсан өөрийн идшээ олоод идчихдэг. Шөнө даарсан бээрсэн мал хотноосоо гарч идшээ олж идэх хэцүү. Зуны цагт өвс ногоо сайн гарсан газар сонгож тийшээ нүүдлэх нь чухал. Манайх жилдээ арав гаруй удаа нүүдэг. Тав хоноод ч нүүх үе байна. Арав хоноод нүүх үе ч бий. Хамгийн удлаа гэхэд л нэг газраа сар болно.
-Одоо мал төллөх үеэр малчдын ажил барагдахгүй их болдог байх?
-Тийм л дээ. Хамгийн хариуцлагатай үе шүү дээ. Мал төллөх үеэр малчид өглөөнөөс орой болтол малынхаа захад байна. Хоногтоо л гэртээ орно. Шөнө орой ч гэсэн үргэлж хот руугаа чих тавьж хонь, ямаа майлах шиг болохоор малаа эргэж тойрч төл бүрийг бойжуулахыг л боддог. Мал төллөлт сайн муу байх нь онд орсон байдлаасаа л болдог гэж боддог. Мал гайгүй онд орсон үед эх мал болоод төл маланд арчилгаа тордолгоо бага ордог. Аяндаа жилбэ сүү сайтай байхаар төлөө өөрсдөө цатгачихдаг. Жаахан зутруу орсон үед ажиллагаа их шүү дээ. Тиймээс малчид хаврын нөөц өвс, тэжээлээ сайн бэлддэг. Энэ жил өнтэй өвөл болсон учраас бэлдсэн өвс тэжээлээ хэрэглээгүй л байна.
-Малчин хүний аж амьдралыг нутаг орны, айл саахалтынхны дэм тусгүйгээр төсөөлөх боломжгүй мэт санагддаг шүү?
-Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг гэдэг дээ. Энэ үг малчин хүний амьдралаас улбаатай байх. Малчид бид хэн хэнийхээ дэм тусаар л болдог шүү дээ. Бүгд л хүн бүл цөөтэй учраас нэг нь ийш тийш явахад нөгөө нь малыг харах, айл саахалтаараа хамтарч өвс тэжээлээ бэлдэх, ноос ноолуураа самнах гэх мэт манай нутгийнхан бие биенийхээ дэм тусаар амьдардаг хүмүүс. Ээлж дараагаараа нүүнэ. Нүүж байгаа айлаа ачаалалцах, хоол цай хийж өгөх гээд л нэг ёсондоо хамтын хөдөлмөр эрхэлж байна. Нэгнийхээ малыг өөрийн малнаас ялгаагүй тэмдгийг нь хараад мэднэ. Энд тэнд явж байвал тууж авчраад өгчихнө. Бүр болохгүй бол хэл дуулгана. Энэ бол эртнээс уламжилж ирсэн монгол хүний сайхан сэтгэлийн хэлхээ. Энэ уламжлалыг манай нутгийнхан алдалгүй уламжилж ирсэн. Цаашид ч түгээн дэлгэрүүлэх байх...

эх сурвалж :"Ардчилал таймс сонин"

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com