2020 оны гуравдугаар 3 дугаар сарын 10-ны үүрээр буюу шөнө 2:00 цаг орчимд Франц улсын иргэн коронавирус туссан нь шинжилгээгээр нотлогдсон нь Монгол улсад бүртгэгдсэн анхны тохиолдол боллоо. Тэгвэл вирус гарсантай холбогдуулж Монгол Улсын эдийн засагт яаж нөлөөлөх, хүнсний бүтээгдэхүүн цаашлаад түлш, бензин тосны үнэ өсөх эсэх мөн дэлхийн эдийн засагт ямар нөлөө үзүүлж байгаа талаар энэ дугаартаа хуваалцъя.
Дэлхийн эдийн засгийн өсөлт огцом саарах таамаглал байна. Олон Улсын Валютын Сан (ОУВС)-с дэлхийн эдийн засгийг 2020 онд 3.3 хувь өснө гэж таамаглаж байсан ч, хоёрдугаар сарын 23-нд энэхүү таамаглалаа 0.6 нэгж хувиар бууруулж байгааг мэдэгдэв. Үүнийг шалтгааныг ОУВС тайлбарлахдаа COVID-19 буюу коронавирусийн халдварын эдийн засаг дахь дам нөлөө болон АНУ-ын худалдааны бодлоготой холбов. Тиймээс ч энэхүү вирусын эдийн засагт учруулах хор хохирлыг бууруулахын тулд улс орнууд юу юунаас илүү хоорондоо хамтарч ажиллах чухал цаг үе ирээд буйг мэргэжилтнүүд сануулсаар л байна. Хөнөөлт вирусээс гадна энэ бүх бүрхэг дүр зургийн гол шалтгаануудын нэг нь халдварын анхны тохиолдол илэрсэн Хятад улс бөгөөд Хятадын эдийн засаг билээ.
Яагаад ингэж өндөр хувиар эдийн засгийн өсөлт саарах болов? Нэгдүгээрт, хамгийн ихээр өртөж буй БНХАУ-ын эдийн засаг нь 2003 онд дэлхийн эдийн засагт ердөө дөрөв хувь эзэлдэг байсан бол энэ тоо өсч, 2019 оны байдлаар 17 хувьд хүрчээ. Тиймээс ч, Хятадын эдийн засгийн өсөлтийн хэмжээ буурах шууд дэлхийн эдийн засагт нөлөөлж байгаа. Аалзны торны нэг утас хөдлөхөд тэр тор тэр чигээрээ хөдлөхтэй адил зүйл юм. Түүнчлэн, Хятад улс нь дэлхийн аж үйлдвэржилтийн түүхий эдийн нийлүүлэлтийн “тор”-ны тэг дунд оршиж байдаг учир Хятадад анх коронавирус гарсны улмаас хөл хорио тогтож, үйлдвэрүүд хаалгаа барьж эхэлсэн нь Хятад улсаас түүхий эдээ авдаг Япон, Америк, Солонгос, Герман зэрэг улсад нөлөөлсөн болно.
Одоо яах вэ? Халдварын эдийн засагт учруулах энэ бүх дам нөлөө засгийн газруудыг яаралтай арга хэмжээ авахгүй бол эдийн засгаа улам дордуулах нөхцөл байдалд оруулж байна. Улс орнууд эрүүл мэндийн салбартаа хөрөнгө оруулах, халдвараас болж хамгийн ихээр хохирч буй бизнесүүдээ дэмжих зэрэг бүхий л арга хэмжээг авахы ОУВС-аас санал болгож байна. Холбооны Нөөцийн Сан гэхэд гуравдугаар сарын 3-нд бодлогын хүүгээ 0.5 хувиар бууруулж, БНХАУ-н Төв Банк хүүгээ 0.1 хувиар бууруулж, зээл авсан бизнесүүдийн зээлийг чанаргүй зээлд багтаахгүй байхыг зөвлөж буй. Мөн дэлхий даяар түүхэндээ байгаагүйгээр зээлийн хүү доогуур, өрийн хэмжээ дээгүүр байгаа энэ цагт эдийн засгийн хямралын эсрэг бодлого боловсруулагчдын бодлогын сонголт тийм ч их биш. Мөн бодлогын хүүгээ бууруулж, төсвөөс мөнгө зарцуулах нь санхүүгийн зах зээлийг цаашид хямрахаас сэргийлэх ч бодит эдийн засгийн өсөлтгүйгээр хийсэн үйлдэл инфляцийг нэмэх аюултай билээ.
Бензин тос яах бол? Даарин дээр давс гэгчээр Саудын Араб газрын тосны үнийн дайн зарлав. Энэ нь Монгол шиг бүх бензин тосоо импортоор авдаг улсад бол ашигтай. Газрын тосны эрэлт буурч байгаа үед газрын тосны үнэ 1991 оноос хойш буурч байгаагүй хэмжээгээр уналаа. Ердөө гурван сарын өмнө 59 ам.доллар, сарын өмнө 50.2 ам.доллар, долоо хоногийн өмнө 46.6 ам.доллар байсан газрын тосны үнэ гуравдугаар сарын 10-ны байдлаар 30.9 ам.доллар болж унаад байна. Тиймээс бензиний үнэ өсөхгүй, харин ч Засгийн газар ямар нэг асуудал үүсгэж, зах зээлд оролцохгүй бол буурах болно.
Махны үнэ өсөх үү? Махны үнэ буурдаггүй юм гэхэд ирэх гурван сарын хугацаанд айхтар өсөхгүй гэж таамаглаж байна. Учир нь жилийн жилд өсдөг махны үнэ нэгдүгээр болон хоёрдугаар сард байдаг. Харин махны үнэ тавдугаар сараас эхлээд буудаг. Монгол Улс нийтдээ 10 гаруй мянган тонн мах нөөцөлсөн, энэхүү нөөцийн мах 2020 оны гуравдугаар сарын 10-с эхлээд 279 цэгээр дамжин зарагдаж эхэлж байна. Ийнхүү нөөцийн мах зарах үед махны үнэ тогтворждог билээ.
Бусад хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх үү? Цагаан будаа, элсэн чихэр зэрэг өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг ирэх хоёроос гурван сар хэрэглэх хэмжээний нөөц байна. Импортод ямар нэг саад гарахгүй бол үнэ өснө гэсэн хүлээлт алга. Зарим нэг бололцоотой хүмүүс өрх гэрийн хэрэглээндээ нөөцлөх зорилгоор авсан ч гэсэн ирэх сарын хугацаанд үнэ өсөхгүй. Тэгэхээр байгууллага эсвэл ченж их хэмжээгээр зах зээлд нөлөөлөхүүйц хэмжээгээр дарахгүй л байвал өргөн хэрэглээний хүнсний барааны үнэ тогтвортой байхаар байна.
Макро түвшинд Засгийн газар ямар бодлого барих ёстой вэ? Коронавирусийн халдвараас сэргийлэх болон тархалтыг тогтоон барих эрүүл мэндийн ажлын хажуугаар уг вирусийн эдийн засагт учруулах хор хохирлыг бууруулах зайлшгүй шаардлагатай юм. Вирусийн нөлөө нийлүүлэлтийн талд томоохон сөрөг нөлөө учруулдаг учраас бодлого боловсруулагчдын хийх алхам хязгаартай ч бодит алхмуудыг даруй хийх хэрэгцээ шаардлага бүрэн үүсээд байна. Жишээлбэл, 2020 оны Монгол Улсын төсвийг хоёр их наяд гаруй төгрөгийн алдагдалтай баталсныг хүн бүр мэдэж байгаа. Энэ бол Улаанбаатар хотын төсвийг хоёр нугалснаас өндөр үнийн дүн. Гэтэл энэ бүгдийг 2019 оны 10 сар гэхэд тооцсон гэхээр коронавирусийг огт авч үзээгүй гэсэн үг юм. Тиймээс гэнэтийн эдийн засгийн шокийг хамтдаа даван туулахын тулд төсвөө тодотгож зардал талыг илүү оновчтой ажлуудад хуваарилах зайлшгүй шаардлага үүсээд байна. Харин ОУВС-аас өгч буй зөвлөмжийг харахад, эрүүл мэндийн салбартаа хөрөнгө оруулахыг дэмжиж байна.
Бизнес эрхлэгчид, ажил олгогчидоо дэмжицгээе. Түүнчлэн коронавирусийн халдварын эсрэг авч буй арга хэмжээнээс хамгийн ихээр хохирч буй бизнесүүдэд татварын буцаан олголтыг хийх боломжийг эрэлхийлэх, зээлийн төлөлтийг хийж чадахгүйд хүрвэл зээлийн чанарыг нь өөрчлөх нөхцөлийг түр хугацаагаар өөрчилж, хойшлуулах гэх мэт бодит туслах боломжууд бий. Засгийн газар коронавирусыг оруулж ирэхгүй тал дээр хариуцлага алдсан. Одоо энэ эрүүл мэндийн асуудлыг эдийн засгийн асуудал болгож дахин хариуцлага алдах эрхгүй. Та бид энэхүү урд тулгараад буй сорилтыг хэр хохирол багатай туулах нь Засгийн газрын хурдан шаламгай, ухаалаг шийдвэрээс шууд хамаарах билээ. Энэ хүнд үед улс төрөөс зайлсхийж, харин ухаалаг зөв шийдвэр гаргаж чадах эсэхийг цаг хугацаа л харуулах үлдлээ.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"