Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
“Өнгөрсөн дөрвөн сарын нэгээн...” гэх үү

 Өнгөрсөн оны хавар буюу тодруулбал 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нд манай улсын түүхэнд нэгэн томоохон үйл явдал тэмдэглэгдэн үлдсэн. Энэ бол Монгол, Япон Засгийн газар хоорондын олон жилийн бүтээлч хамтын ажиллагааны бодит биелэл болох орчин үеийн шинжлэх ухааны ололтод тулгуурласан иж бүрэн тоног төхөөрөмж бүхий Монгол-Япон сургалтын эмнэлгийн нээлтийг албан ёсоор хийсэн үйл явдал байсан юм. Тус эмнэлгийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Япон Улсын Гадаад хэргийн сайд ноён Коно Таро гэргийн хамт болон ажлын албаны 30 гаруй хүн мөн Японы гуч гаруй их дээд сургуулийн ерөнхийлөгч гээд нийт 100 гаруй гадны төлөөлөгчид, Монголын нийгэм, улс төрийн томоохон төлөөллүүд оролцсоноос тус эмнэлэг ямар өндөр ач холбогдолтой байсан нь бэлээхэн харагдах биз ээ. Манай монголчуудад тэмдэглэлт олон өдөр бий. Тэр дундаа жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хэн нэгнийг хуурдаг, молиго үмхүүлдэг инээдмийн баяр болгон тэмдэглэдэг. Ийм олон зүйл нуршихын учир дээр дурдсанчлан сүр дуулиантай өнгөрсөн оны инээдмийн баярын өдөр нээлтээ хийсэн Монгол Япон сургалтын эмнэлгийн үйл ажиллагаа өнөөдөр зогсоход хүрээд байгаа нь арай ард түмэндээ эрх баригчид молиго үмхүүлж “Тэр чинь өнгөрсөн дөрвөн сарын нэгэн байсан юм” хэмээн даажигнах гэж байгаа юм биш биз гэсэн бодол төрснийг нуух юун. Японы ард түмнээс монголчууд бидэнд бэлэг болгон өгсөн тус эмнэлгийн хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна. Ингээд тус эмнэлгийн эргэн тойронд ямар үйл явдал болсныг нэхэн сануулъя
Баянзүрх дүүрэгт буюу Амгалан дахь Ботаникийн хүрээлэнгийн цэцэрлэгт баригдсан тус эмнэлэг нь дотор, мэдрэл, мэс засал, хүүхэд, эмэгтэйчүүд, уламжлалт анагаах ухаан, нүд, чих, хамар хоолой, хавдар, шүд, эрүү нүүрний мэс засал, гэмтэл, спортын гэмтэл, сэргээн засах, хөнгөвчлөх зэрэг төрлөөр жилд дунджаар 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчлэх боломжтой. 4800-5200 хүнд мэс заслын тусламж үзүүлэх амбулаторийн үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн 24, оношилгооны найман кабинеттай. Нэгдсэн лаборатори нь л гэхэд хоногт дунджаар 600 хүнд шинжилгээ хийх хүчин чадалтай эмнэлэг юм. Тус эмнэлэг нь Баянзүрх дүүргийн 10, 12, 13, 26 дугаар хорооны иргэдэд эрүүл мэндийн үндсэн үйлчилгээ, улсын хэмжээнд лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг үзүүлэх бөгөөд аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдээс илгээх бичгийн дагуу илгээсэн үйлчлүүлэгчдийг хүлээж авах хүчин чадалтай. Мөн өдөрт 400 гаруй хүнд, сард 8800, жилд дунджаар 105,600 гаруй үйлчлүүлэгчдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой эмнэлэг гэдгийг юуны өмнө дуулгахад таатай байна. Харин өнөөдөр Япончуудын бэлэг болгон барьсан, монголын ард түмний удаан хүлээсэн, Монгол Улсын цорын ганц University hospital Монгол Улсын Засгийн газар үүргээ биелүүлээгүй, төсөв мөнгөний гацаанд оруулснаас үүдэлтэй үйл ажиллагаагаа зогсоох эрсдэлд ороод байна.
Хамгийн гол нь Японы тал тус эмнэлгийн зураг төслөөс нь эхлээд бүгдийг гардан хийсэн байдаг. Тус эмнэлэг бол манай улсад анх удаа эмнэлгийн зориулалтаар баригдсан сургалтын эмнэлэг юм. Аль ч улс орны Анагаахын их сургууль дэргэдээ сургалт, дадлагын эмнэлэгтэй байдаг. Энэ эмнэлэг нь тухайн улсдаа тэргүүлэгч, иргэдэд эмнэлгийн дээд зэргийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээс гадна эмч хүнийг бэлтгэх сургалт, анагаахын шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний ажлын төв-цогцолбор болж явдгаараа асар ач холбогдолтой байдаг. Монголд ийм цогцолбор эмнэлэг байгуулах гэж олон жил хүсч оролдоод чадаагүй. Ингээд нэлээд хэдэн жилийн өмнө АШУҮИС-ийн харьяа сургалтын эмнэлэгтэй болох оролдлого хийсэн ч улстөрчид, тухайн үеийн салбарын сайдын оролцоотойгоор эмнэлэг барих газрыг нь хувь компанид худалдсан гашуун боловч үнэн түүх бий. Энэ талаар Цахим эмч Б.Баярбямба өөрийн нүүр хуудсандаа ийнхүү бичсэн байсан. “Өнгөрсөн долоо хоногт анхны влогоо АШУҮИС-ийн дэргэдэх Монгол Японы Сургалтын эмнэлэгтэй танилцах аялал хийсэн билээ. Анагаахын сургуульд сурч, ажиллаж байсан байсан үе үеийн эмч, багш, төгсөгчид, оюутнууд, ард түмэн бидний мөрөөдлийг Японы ард түмэн татварын мөнгөөрөө эмнэлэг барьж өгч биелүүлсэнд талархаад баршгүй. Харин энэ мөрөөдлийг Япончууд биелүүлж өгсөн ч, Монголын төр дэх эрх мэдэлтнүүд замхруулах гээд байгаа нь харамсалтай. Эмнэлэгтэй танилцах аялал хийгээд явж байхад зүрхний цахилгаан бичлэг хийх цаас, дурангийн шинжилгээ хийхэд шаардлагатай олон төрлийн материалын төсвийг батлахгүй байгаа учир шинжилгээ хийж болохгүй байгаа талаар багш нар маань нууцхан хэлж байлаа. Иргэд ирээд энэ нөхцөл байдлыг ойлгохгүй үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байна гэж харж ойлгуулахаар цаанаасаа төсөв мөнгийг нь батлахгүй байгаа бололтой. Эцэстээ иргэд, эмч багш нарыг үл ойлголцуулах хэмжээнд хүргээд чаддаг хүмүүсээр нь удирдуулна хэмээн менежментийн хувьчлал нэрээр хувьдаа шилжүүлэх гээд байна уу даа гэсэн хардалт төрж байлаа. Ийм зүйл өмнө нь тохиолдож байсан билээ. 2003 онд оюутан болж байхад Анагаахын сургуулийнхаа хажууд эзэмшлийн газар дээр их сургуулийн эмнэлэг барьж эхэлж байсан. Эмнэлэг боссон хэдий ч солонгосчуудын Сонгдо эмнэлэг болоод хувирчхав. Төд удалгүй солонгосчуудаас одоогийн Сонгдо эмнэлгийн удирдлагууд худалдаж авсан болоод явчхав. Ингээд их сургуулийн эмнэлгийн хувь заяа одоогийн Сонгдо эмнэлэг болж хувирч байлаа. Энэ түүх давтагдах гээд байгаа бололтой.
Ийм түүх давтагдахгүй байхын тулд олон нийт бид ард түмний энэ эмнэлгээ хамгаалж үлдэх хэрэгтэй цаг үе ирээд байна” гэсэн юм. Энэ бол тус эмнэлэг дээр үүсээд байгаа нөхцөл байдлын цаад нарийн учрыг оноод таамаглачихсан эрүүл мэндийн салбарт ажилладаг эмч хүний бодит дүгнэлт.
Монгол–Японы сургалтын эмнэлгийг монголчуудад барьж өгөх гэж Япон улс ард иргэдийнхээ татвараас 210 тэрбум төгрөг гаргаад зогсохгүй эмнэлгийн ажилтнуудыг сургаж, үйлчилгээний япон стандартыг нутагшуулахын тулд сор болсон эмч, эрдэмтдийнхээ зөвлөх багийг Монголд 50 удаа илгээж сургалт явуулсан байдаг юм билээ. Гэтэл тэдний энэ нөр их хичээл зүтгэл, Монгол Улсад дээд зэргийн эмнэлэг байгуулах гэж зүтгэсэн хүсэл мөрөөдөл нь манай шунал нь үл дундрах дарга сэтэртнүүдээс болж замхрах болоод байна. Анх энэ эмнэлгийг хүлээн авсны дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гарын үсэгтэй Засгийн газрын тогтоол гарч, АШУҮИС-ийн эмнэлэгт зориулсан төсвийг жил бүрийн улсын төсөв болон эрүүл мэндийн даатгалын сангийн төсөвт суулгаж байхыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нарт үүрэг болгосон юм билээ. Гэвч энэ тогтоол хэрэгжээгүй. Япончууд эмнэлэг бариад өглөө. Мэдээж бид үйл ажиллагаагаа эхлүүлэх ёстой. Гэтэл үйл ажиллагаанд зориулсан 19 тэрбум төгрөгийг БСШУС-ын сайд асан Ц.Цогзолмаагийн танил барилгын нэг компани аваад юунд ч юм зарцуулсан гэдэг.Түүгээр ч зогсохгүй тус эмнэлгийг баригдах цагаас эхэлж дээгүүр доогуур өөрийн талын хүнээ шургуулж, үйл ажиллагааг нь доголдуулах санаархал байсныг ч үгүйсгэхгүй. Учир юу гэвэл тус эмнэлгийг анх бариулахаар 2013 оноос эхлэн бүхий л ажлыг хөөцөлдөж нугалсан АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатарыг 2016 оны сонгуулийн дараа эрх баригч МАН-ынхан ажлаас нь үндэслэлгүйгээр халж, (хоёр шатны шүүхээс түүнийг үндэслэлгүйгээр ажлаас халсан байна гэсэн шийдвэр гаргасан байдаг) Ж.Цолмон гэх эмэгтэйг тус их сургуулийн захирлаар томилсноор Монгол-Японы сургалтын эмнэлгийн үйл ажиллагааг санаатайгаар доголдуулж хувьчлах ажиллагаа эхэлсэн гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хардаж эхлээд байна. Япончууд буцаад арван сар болоогүй байхад ийнхүү манайхан эмнэлгийг булаацалдан үйл ажиллагааг нь зогсоогоод байгаагийн цаана хэн нэгэн эрх мэдэлтэн уг эмнэлгийг “Сонгдо” эмнэлгийн жишгээр хувьдаа завших гэсэн оролдлого байгааг үгүйсгэх боломжгүй юм.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин"

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com