Дуурь бүжгийн эрдмийн театраар ороод гарлаа. Үүдэнд халуун хэмжиж, нэр бүртгэж, утасны дугаар тэмдэглээд улавч өмсүүлж нэвтрүүлж байна лээ.(2020.03.09) Хэцүү цаг хэдий ч уран бүтээлчид ажилдаа ирж, бэлтгэлээ хийж байсан. Тэд хоёрдугаар сард бүтэн амарч, зун амрахгүй байхаар болжээ. Харин гуравдугаар сарын 4-нд ажилдаа орж, бэлтгэлээ эхлүүлсэн ч өчигдрөөс албан ёсоор гуравдугаар сарын 17 хүртэл хорио тогтоож, бэлтгэлээ цуцаллаа.
Намайг очиход тэнд ч хоолойн дасгал хийсэн дуу эгшиглэж, энд ч олон хүн зөрлөө. Гэхдээ бүгд масктай. Бүр бүжгийн зааланд бэлтгэл хийж байгаа бүжигчид хүртэл масктайгаа байсан. Нэгдүгээр давхрын зарын самбарт дуудлага бичээстэй, хуваарийн дагуу бэлтгэлээ хийж байгаа аж.
Нэг эх сурвалжтай мэдээлэлд юун тухай өгүүлэв
Өнгөрсөн баасан гарагт “Засгийн газрын мэдээ” сонинд тус театрын уран сайхны удирдагчаар хэсэг хугацаанд ажиллаж байсан Б.Түвшинбатаас тодруулга авч ДБЭТ-ын бүжигчид бэлтгэлээ хийхгүй, ажлаа бусниулж байгаа мэтээр нийтэлсэн байлаа. Сийрүүлбэл “Улсын дуурь бүжгийн эрдмийн театр (УДБЭТ) бол 57 жилийн түүхтэй урлагаар дамжуулан гоо зүйн боловсрол олгох, соёл түгээх үүрэг бүхий сонгодог урлагийн нүүр царай болсон томоохон байгууллага. Уран бүтээлчид нь дэлхийд өндрөөр үнэлэгддэг тус театр нэгэн үе Азидаа хамгийн шилдэг нь хэмээгдэж байв. Гэвч өдгөө тус байгууллагын үйл ажиллагаа засвар үйлчилгээ хийх шаардлагатай театрын барилга шигээ ялзарч, шинэчлэл хийх шаардлагатай болжээ. П.И.Чайковскийн “Хунт нуур”, Л.Делибийн “Коппелия”, Ж.Чулууны “Уран хас”, А.Аданы “Жизель”, Ж.Мэнд-Амарын “Үйлийн гурван толгой” гэх зэрэг тоотой хэдхэн балетыг ээлжлэн тавьж, хаа нэг шинэ уран бүтээл толилуулаад замхарч одно. “Хунт нуур” “Жизель”-тэй эн тэнцэх хэмжээний балет 2010 оноос хойш тоглоогүй. Үндэсний балетын хувьд “Тэнгэрийн ташуур”¬аас өөр дорвитой бүтээл алга. Аль 1975 онд тавьснаас хойш өөрчлөгдөөгүйн дээр дэглэлтэд хоёрхон удаа л шинэчлэл хийжээ. Түүгээр зогсохгүй урын сангийн шинэчлэл хийхгүй байгаа нь ашиг сонирхлын асар том зөрчилтэй холбоотой аж. Өнгөрсөн онд тус театрын уран сайхны удирдагч Б.Түвшинбат театрт шилэн дансны хууль хэрэгждэггүй, албан тушаалаа урвуулан ашигладаг, сонгон шалгаруулалт, тендер зарладаггүй гэх зэрэг олон зөрчлийг нийтэд ил болгож байв. Тухайн үед БСШУСЯ-ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар “Г.Ганбаатар 2011-2018 оны хооронд өөрийнхөө хувийн болон үүсгэн байгуулсан компанийн дансаар 200 гаруй сая төгрөгийн төлбөртэй үйлчилгээ авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн” гэж мэдэгдэж байв. Энэ нь албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргийн шинжгүй боловч тендер шалгаруулалт явуулалгүйгээр театрын ерөнхий зураачийн компанид давуу тал үүсгэсэн гэдгийг ч БСШУСЯ-аас тогтоосон байдаг. Энэ талаар Б.Түвшинбат “Театрт Шилэн дансны тухай хууль хэрэгждэггүй. Олон жил бугшсан алдаа дутагдал, ёс зүйгүй явдал байна. Монгол Улсын хөдөлмөрийн хууль болон театрын дотоод журмын дагуу Шилэн дансны тухай хуулийг театрын уран бүтээлчид, ажилчид заавал мэдэх ёстой. Гэтэл уран бүтээлийн зардал гэж сар бүр 20 сая төгрөг олгодог ч ямар замаар хэн, хэзээ захиран зарцуулж байгааг нээлттэй ил тод мэдээлдэггүй. Мөн уран бүтээлчид ажлын цагаараа театрын байранд халтуурын ажлаа хийдэг. Үүний улмаас шинэ балет тоглохгүй байна. Бүжигчид хувийн компанийнхаа ажлыг хийж, шинэ бүжиг сурахаас татгалзах, тоглолтын үеэр хөдөлгөөнүүдийг хялбарчлах зэрэг асуудал байнга гардаг. Учир нь театрын балетын гоцлол бүжигчид Nomadic Ballet Production гэх хувийн продакшнтай бөгөөд түүгээрээ дамжуулан “халтуур” буюу төлбөртэй тоглолт хийдэг. Тэдэнд зүй ёсны шаардлага тавьсан ажилчдыг шахаж, ажлаас нь халах, өргөдлийг нь өгүүлэхээр хавчсан явдал ч бий” хэмээн ярилаа гэж бичжээ.
Байр суурь
Энэ талаар тодруулахаар тус театрын захирал Ц.Түвшинтөгстэй холбогдоход “Театр хуваарьт тоглолтоо тасалдуулдаггүй, мөн цаашдаа хийх ажлаа ч төлөвлөгөө хуваарийн дагуу хийж байгаа, гээд ажлаас халагдсан хүн юу яриад явааг ойлгохгүй байна” гэсэн юм. Энэ жил ой нь тохиож буй учраас орон нутгийн үзэгчдэд “Учиртай гурван толгой” дууриа үзүүлэх, Хархорумд тоглох, уран бүтээлчдээ сургах гэхчлэн олон ажил төлөвлөсөн түүнд хоёр дахь удаагаа ажлаас халагдсан хүнд тайлбар өгөөд суух зав байхгүй байсан биз ээ.
Дээрх мэдэгдлийг хийгээд буй Б.Түвшинбатын хувьд Киевт Балетын бүжгийн академи төгсч, АНУ-ын Нью Жерси балет компанид тэргүүн гоцлооч, балетын багш, менежер, уран бүтээл хариуцсан захирлаар ажиллаж байсан бөгөөд 2013 онд эх орондоо эргэн иржээ. Тэрбээр 2016 онд “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа “Зөгийн үүр” хөтөлбөрийн дуудлагаар эх орондоо ирсэн ч гурван жил ажилгүй явна гэж ярьж байсан байна. Тэгвэл тэрбээр хоёр жил орчим ДБЭТ-т уран сайхны удирдагчаар ажиллажээ. Өмнө нь уран бүтээлчидтэйгээ зүй бус харилцаж, уран сайхны зөвлөл болон захиргаанаас арга хэмжээ авч ажлаас чөлөөлсөн ч эргээд зөрчлөө арилгасан гээд ажилдаа орсон билээ. Харамсалтай нь дараа нь санхүүжилт нь шийдэгдээгүй, уран сайхны зөвлөлөөс батлаагүй бүжгэн жүжгийг сургуулилахыг бүжигчдээс шаардан зүй бус харилцаж, энэ нь гаарсаар дахиад ажлаасаа чөлөөлөгдсөн гэнэ. Тэрбээр “Засгийн газрын мэдээ” сонинд өгсөн тодруулгаа өөрийнхөө “фэйсбүүк” хуудаст байрлуулж, олон нийтэд түгээсэн бол түүний постонд ДБЭТ-ын бүжигчид ч хариу бичсэн байлаа. Тодруулбал балетын гоцлооч Б.Саруул “Балетын урлаг гэдэг бол залуу насны урлаг юм. УДБЭТ-т өөрийн залуу нас, хүч хөдөлмөрөө зориулж буй уран бүтээлчид, Гоцлол бүжигчдийн хөдөлмөрийг нотлох нотолгоогүй үндэслэлгүй үгүйсгэж байгааг эсэргүүцэж байна. Хөдөлмөрийн хуульд заасан ажлын цаг, УДБЭТ-ын гаргасан дуудлагын дагуу ажиллаж, илүү цагаар өөрийн хувийн бэлтгэлээ хийж буй уран бүтээлчдийн нэр хүнд ажил хөдөлмөрт халдахгүй байхыг хүсье.
Nomadic Ballet Production нь УДБЭТ-ын хуваарьт ажил төлөвлөгөөт тоглолтод нэг ч удаа саад хүндрэл учруулж байгаагүй болно !!!” гэсэн байлаа. Мөн бүжигчин М.Нямтайван “Та бүхэн ямар нэгэн баримт, нотолгоогүй мэдээлэлд ямар ч шүүлтүүргүй хандаж Монгол Улсын сонгодог урлагийн театр, театрын албан хаагчдыг буруутган доромжилж байна. Маш олон хүний хүч хөдөлмөр, хичээл зүтгэлээр уран бүтээл бий болдог. Хэн нэгний буруу, ташаа ойлголт театрын маань ажлыг харлуулах гэсэн оролдлогод автахгүй байхыг та бүхнээс хүсье. Сонгодог урлагийг дэлхийн хэмжээнд авч явж буй маш олон залуус театрт минь бий. Энэ мэт мэт мэдээллээр бидний нэр хүндэд халдаж байгаад үнэхээр их харамсч байна” гэсэн байв. Түүнчлэн энэ театрт маш олон жил ажиллаж байгаа туршлагатай бүжигчдийн нэг С.Ганбат “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг манай ардын сайхан үг бий шүү гэсэн байлаа. Түүний бичвэрийг хэд хэдэн бүжигчин дэмжсэн байлаа.
Бодит байдлыг тодруулбал...
Тэгвэл зөвхөн олон нийтийн сүлжээ болон өөрийнхөө мэддэгт найдаад энэ асуудлыг чимээгүй өнгөрүүлбэл олон нийтэд илүү их төөрөгдөл бий болох учраас газар дээр нь очиж тодруулга авлаа. Энэ удаа бид тус театрын Ерөнхий балетмейстр А.Өлзий-Оршихтой уулзсан юм.
Тэрбээр “Уран сайхны удирдагчаар Б.Түвшинбат хоёр жил гаруйн өмнөөс ажилласан. Балетчин хүн. Гадаадад олон жил ажиллаж байгаад эх орондоо ирсэн. Балетчин байсан хүн уран сайхны удирдагчаар ирэхэд нь бид таатай хүлээн авсан. Өмнө нь бүжиглэж байх үедээ ДБЭТ-т ирж тайлан тоглолтоо хийж байсан, ах хүн учраас бид хүндэтгэлтэй ханддаг байсан. Удирдлагын түвшинд ажиллахдаа ч хандлага нь зөв байх болов уу гэж бодтол эсрэгээрээ эхнээсээ дээрэнгүй, өөрийгөө дөвийлгөсөн хүн байж таарсан. Өнөөгийн Монголд ажиллаж байгаа бүжигчид ямар нөхцөлд байгаа, ямар цалин авдгийг мэдэхгүй өөрийнхөө байр сууринаас хараад байлаа. Үл ойлголцол гарсан шалтгаан нь “Номадик балет” продакшны үйл ажиллагаа, гол зорилгыг мэдэхгүй байж, өөрийнхөө үзэл бодлоор ташаа мэдээлэл түгээдэг. Бид гоцлоочдоороо нийлж энэ продакшныг байгуулсан. ДБЭТ-ын хуваарьт тоглолт болон бэлтгэлд харшлуулахгүйгээр, монголд контемпорари урлагийг сурталчлахаар энэ продакшныг байгуулсан. Гурван жилийн турш олон тоглолт хийсэн ч овойсон орлого олоогүй. Ашгийн бус байгууллага. Манайд сайн хөгжихгүй байгаа контемпораригаа хөгжүүлье, олон улсын уралдааны нэг ангилалд контемпорари байдаг. Бид энэ тал дээр дутуу оноо авдаг болохоор үүнийгээ хөгжүүлэх гэж байгуулсан. Үүнийг буруу ойлгоод ДБЭТ-ын байрыг үнэгүй ашиглаад, мөнгө олоод, байгууллага дотор байгууллага байгууллаа гээд байгаа юм. Гэтэл тийм биш бид ДБЭТ-таа тоглолт хийхдээ түрээсээ төлдөг. Ажилдаа саад учруулахгүй өөрсдийгөө хөгжүүлэх гэж яваа. Ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ, хууль журам зөрчөөгүй. Зураг авалт хийхэд ашиглалтын зардлаа төлж, зөвшөөрлөө авдаг.
Балетчид 20 жил л бүжиглэдэг. Зөвхөн сонгодгоор бүжиглэхээс гадна нэмээд сонирхлоороо энэ багахан хугацаандаа өөрийгөө хөгжүүлэх гэсэн урам зоригийг мохоож байгаад харамсч байна. Театрын удирдлага, уран сайхны зөвлөлөөс биднийг эсэргүүцдэггүй. Өөрсдийгөө хөгжүүлж байгааг дэмждэг. Илүү цагаар ажиллаж байгаад бэртэл авуузай гэж анхаарал тавьдаг. Манай бүжгийн зааланд 10.00-17.00 цагт дуудлагын дагуу хуваарьт бэлтгэлээ хийдэг. Бүх ажил дууссаны дараа л бид чөлөөт цагаараа хувийн бэлтгэл хийдэг. Энэ бол цэвэр гүтгэлэг. Бид “Номадик продакшн”-ыг байгуулаад ашиг олсон нь үгүй ээ. Тоглолтыг жилийн өмнөөс төлөвлөж, хийдэг ч нэг өдрийн цалин аваад л орлого, зарлага тэнцэх нь олонтоо. Тэглээ гээд бид харамсдаггүй. Бас хүүхдийн балетын уралдаан зохион байгуулахдаа ямар ч ашиг хардаггүй. Бид өөрсдийнхөө хөдөлмөрийг мөнгөөр хэмжээгүй, урлагтаа, уран бүтээлдээ сэтгэлээ, залуу насаа, хөдөлмөрөө зориулж яваа” хэмээн ярилаа.
Адилхан л хүсэл тэмүүлэл
Б.Түвшинбат “Байдера” бүжгэн жүжгийг Монголд тавина гэсэн хүсэл тэмүүлэлтэйгээр санхүүжилт хайж байгаагаа ярьдаг байсан юм билээ. Санхүүжилт нь олдоод Захиргаа, уран сайхны зөвлөлөөс баталсан байхад бүжигчид хуваарийн дагуу бэлтгэлээ хийгээд явахаас яагаад ч цааргалахгүй гэсэн. Харин тэрбээр шат дараатай гишгүүрийг алгасч алхаад, мөнгөө олоогүй хэрнээ уран бүтээлчдэдээ хүчээр шахалт үзүүлж, бэлтгэл хийхийг шаардсан нь харин ч бурангуй санагдлаа. Долоо хоног бүрийн бямба, ням гарагт хуваарьт тоглолтоо хийдэг, өдөр бүр бэлтгэл хийдэг, мөн олон улсын болон улсын хэмжээний ажилд тоглодог мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчдийг юуны төлөө ийн золиослож, нэрийг нь сэвтээж буйг олон бүжигчин гайхан, харамсч байсан.
Урлагийн төлөө цохилох зүрх нь хэвээрээ, үүнээс өөрийг хийж амьдрахыг хүсдэггүй хүмүүс л энэ ягаан байшинд бүх зүтгэлээ зориулан оршдог.
ДБЭТ-ын дэргэд “Нюанс” хамтлаг байгуулагдсан
Монголын үндэсний урлагийн их театрын дэргэд “Эрхэмсэг” хэмээх бүжгийн хамтлаг бий. Мөн л байгууллагынхаа дэргэд залуу уран бүтээлчид арай өөр төрлөөр өөрийгөө хөгжүүлэхийн тулд үйл ажиллагаандаа харшлахгүйгээр ажилладаг. Өмнө нь ДБЭТ-ын дэргэд “Нюанс” хамтлаг байгуулагдаж, өдгөө ч уран бүтээлээ туурвисаар явна. Тэд попераг Монголд таниулсан гавьяатай. Ийм нэр зүүхэд нь мэргэжлийн урлагийн байгууллага буюу “төрсөн гэр” нь нөлөө үзүүлсэн. Энэ мэтээр мэргэжилдээ хайртай хүмүүс өөрсдийгөө хөгжүүлж, шинэчлэгдэж, урагшилдаг. Уран бүтээлчдийнхээ хөгжих гэсэн хүслийг хорих нь харамсалтай бөгөөд нэг хүний нийгэмд тараасан үндэслэлгүй мэдээллээр тэднийг харлуулахын оронд тэнцвэртэй мэдээллийг хүлээн авч, шүүн тунгаахыг уншигчдаасаа хүсье. Улсын онцгой комиссын шийдвэрээр ДБЭТ-т тоглолт болохгүй байгаа ч аюулт өвчний ард гарч, хэвийн болоход уран бүтээлчид бямба, ням гараг бүрт та бүхний сонор, мэлмийг баясгахаар хичээнгүйлэн бэлтгэсээр байгаа.
Халдварт тахал нэг л хүний хайхрамжгүй үйлдэл, сэтгэлгүй гөжүүдлээс хаа сайгүй тархдаг шиг нэг уран бүтээлчийн тунгаалт дутуу, дулимаг гөжүүдлэл бусдынхаа урмыг хугалах “зэвсэг” болж буй нь харамсалтай.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"