Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Д.Мөнхжаргал: Архангай аймаг бол их гүрнүүдийн түүхийг хэвлийдээ тээсэн газар

Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн, доктор Д.Мөнхжаргалтай ярилцлаа.

-Та хаана төрж өссөн бэ. Гэр бүл, ажил мэргэжлийнхээ талаар танилцуулаач?
-Би Арын сайхан хангай нутагт төрж өссөн. Цэцэрлэг сумын төвд төрсөн ч Эрдэнэмандал сумын төрсний гэрчилгээтэй. Аавын ах дүү нар Зуслангийн голын хойгуур, ээжийнх урдуур нь амьдардаг болохоор хоёр нутагтай хүн гэж хэлж болно. Эрдэнэмандал сумандаа арван жилээ дүүргэж, Багшийн дээд сургуульд физик-математикийн багшаар суралцаж төгсөөд, анхны хөдөлмөрийн гараагаа төрөлх сумаасаа эхэлсэн. Дараа нь Багшийн дээдэд багшилж байгаад Японд магистр, АНУ-д доктор хамгаалж, эргээд сургуульдаа ирж МУБИС-ийн сургалт хариуцсан проектор, улмаар ректороор ажиллаж байсан. Орон сууцны санхүүжилтийн корпорацад хэсэг хугацаанд ажилласан. Эхнэр маань Архангайн Хашаат сумын харъяат, охин маань сургуулиа төгсөөд үндэсний үйлдвэрлэлээ дэмжин ажиллаж байна даа.
-Таныг ардчилсан хувьсгалын анхны хурал цуглаанд идэвхтэй явж ирсэн хүн гэж ярьдаг. Энэ талаар?
-1989 оны ардчилсан хөдөлгөөн үүсч байхад залуу багш байлаа. Улаанбаатар хотод болсон анхны гэх бүхий л хөдөлгөөн, жагсаал цуглаанд идэвхтэй оролцож байсан. Залуучуудын соёлын ордонд болсон анхны цуглаанаас эхлээд, ялалтын талбайн жагсаал, улс төрийн өлсгөлөн, дөрөвдүгээр сарын 27-ны төрийн ордныг цэргээр бүсэлж, С.Зориг агсан хүмүүсийг тайвшруулж суулгадаг цуглаан хүртэл бүгдэд нь оролцож явлаа. Ардчилсан социалист хөдөлгөөн, Монголын социал демократ намын анхны гишүүдийн нэг. Энэ жил уг хөдөлгөөний 30 жилийн ой тохиож журмын нөхдүүд цуглахад, бидний үеийнхэн хамгийн залуу нь байх жишээтэй.

-Залуу багшийн хувьд хувьсгал, өөрчлөлт шинэчлэл, ардчиллыг яагаад, ямар итгэл үнэмшлээр дэмжих болсон юм бэ?
-Манай багш Н.Намсрай гээд Чехэд доктор хамгаалсан, диссертациа англи хэлээр бичсэн үндэсний үзэлтэй хүн байсан. Үүнээс нь болж До яамнаас байнга дуудаж байцаадаг байсан юм билээ. Н.Намсрай багшийн англиар бичсэн лекцийн дэвтрийг үзээд англи хэл сурахаар шамдаж эхэлсэн. 1987 оны намар Хархоринд На багштайгаа багшлах дадлага хийсэн. Тэнд монголч эрдэмтдийн хурал болоход багш надад “Америкийн Хянганы Гомбожав, Чехийн Иржи Шима гээд эрдэмтэд ирнэ, тэдэнтэй чамайг танилцуулна” гэлээ. Хурлын завсарлагааны үеэр бид очлоо. Америкаас ирсэн нөгөө хүнийг ирж явааг харсан чинь хөдөөний бор хүмүүсийн нэг л харагдлаа. Эхлээд Шима гуайтай танилцаад, дараа нь Гомбожав гуайтай гар бариад эргэтэл хоёр цагдаа намайг сугадаж аваад “Яагаад хөрөнгөтөн орны хүнтэй зөвшөөрөлгүй уулзаж байгаа юм бэ” гээд оюутны үнэмлэхийг маань хураагаад авчихсан. Хархорины сургуульд багшилж байсан Р.Чойномын найз Очирхуяг багшийнд шил архитай очиж монгол бичгээр хэвлүүлсэн Чингис хааны тухай номыг нь нууцаар үзэж байлаа. Монгол хүн монгол хүнтэйгээ уулзаж болдоггүй, өөрийн түүх өв соёлоо нууцаар үздэг ийм л хэцүү цаг үе байсан юм даа. Тэр үеэс энэ шударга бус байдлыг өөрчлөх ёстой юм байна гэсэн бодол төрж, эрх чөлөөтэй, үндэсний үзэл, өв соёлоо дээдэлдэг байх нь хамгаас чухал юм гэдгийг мэдэрсэн учраас ардчиллыг дэмжих замд эргэлт буцалтгүй орсон.
-Аймаг орон нутагтаа ямар ажил хэрэгжүүлж байна вэ?
-2006 онд Америкт доктор хамгаалаад ирэхэд манай нутгийнхан Эрдэнэмандал сумын нутгийн зөвлөлийн даргын ажлыг надад шилжүүлсэн. Үүнээс хойш 14 дэх жилдээ энэ албыг хашиж байна. Архангай аймгийн нутгийн зөвлөлийн гишүүн. Нутгийн зөвлөл бол олны хүч нөөцийг дайчилж, орон нутгийн хөгжил дэвшлийн төлөө явдаг төрийн бус байгууллага гэж ойлгодог. Түүнээс биш жалга довоороо нийлээд хулгай, луйвар хий гэсэн үг биш. 2006 оноос Архангай аймгийн хойд бүсийн сумдын өсвөр хойч үеийнхний авьяас, чадварыг хөгжүүлэх зорилго бүхий “Авьяас” хөтөлбөр хэрэгжээд 14 дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ хөтөлбөр нь нам, улс төр, сонгуультай холбоогүй тасралтгүй явж ирсэн. Тиймдээ ч үүнийг аль ч намын хүмүүс дэмждэг. Хархорин, Хашаат, Өгийнуур, Өлзийт, Хайрхан, Эрдэнэмандал, Цэцэрлэг, Рашаант гэсэн босоо тэнхлэгийн замын төсөл байна. Н.Батбаяр гишүүний үед энэ замын ажлын техник, эдийн засгийн тооцоо үндэслэл боловсруулах, замын трасыг тогтоох, хөрөнгө босгох асуудлуудыг шийдэхэд гар бие оролцож явсан. Архангай аймаг малынхаа тоо толгойгоор улсдаа тэргүүлдэг. Малын гаралтай түүхий эд боловсруулах, экспортын баримжаатай үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, залуучуудыг ажил орлоготой болгоход чиглэсэн ХАА үйлдвэрлэлийн парк байгуулах ажлыг санаачлан эхлүүлсэн. Энэ ажлыг гүйцээж үр дүнд хүргэснээр ажилгүйдэл ядуурал буурч, нутгийн олны маань ашиг орлого нэмэгдэж амьжиргааны түвшин дээшлэх учиртай.
-Зая гэгээний Дэмчиг дацанг сэргээн босгоход гар бие оролцсон гэж дуулсан?
-Манайхны удамд Лувсаншарав гэж гавьж цолтой лам байсан. Нэг айлаас таван лам гарсан учраас мөр ламынхан гэдэг байжээ. Архангайн авто баазад олон жил тэрэг барьсан саятан жолооч ах дүү хоёр Ш.Лувсандамбаа, Ш.Лувсанцэрэн нарын аав цагаан Шарав гэдэг лам манай өвөөгийн ах нь юм. Зая гэгээнд шадарлаж явсан гэдэг. Энэхүү уламжлалыг дагаад миний бие Зая гэгээн Лувсанпүлжинжигмэд гэгээнтэнтэй ойр дотно байж Эрдэнэмандал суманд Дэмчиг дацангийн буурин дээр 108 суварга бүхий хашаа хүрээтэй, шашин номын үйлчилгээний хийд оронг нутгийн зөвлөл, зон олныхоо дэмжлэгтэйгээр бүтээн босгосон.
-Архангай аймаг байгалийн өвөрмөц тогтоцтой, олон түүх дурсгалын газартай шүү дээ. Төрөлх нутгийнхаа хөгжлийг та хэрхэн харж байна вэ?
-Архангай аймаг байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий газрууд ихтэйн дээр эртний их гүрнүүдийн соёл, өв, түүхийг хэвлийдээ тээсэн газар. Гурвантамир, Хануй, Хүнүйн хөндийд хадны бичээс, томоохон булш бунхан элбэгтэй. Жишээлбэл, Эрдэнэмандал, Өндөр-Улаан, Хайрхан сумыг дамнасан “Гол мод-1”, “Гол мод-2” гэсэн Хүн гүрний хоёр том булш байдаг. Эхнийх нь 600 орчим, хоёр дахь нь 400 гаруй язгууртны булштай. Язгууртны булш 15-21 метрийн гүнд байдаг, тусгайлсан үүд хаалгатай томоохон байгууламж юм. Язгууртныг өөд болоход хэдхэн өдрийн дараа оршуулдаг бус хавар нь нас барсан хүний бунханг бэлтгэх цаг хэрэгтэй тул намар нь оршуулдаг байж. Өнгөрсөн өвөл Унгарын Элчин сайд, археологич Д.Эрдэнэбаатар нартай хамт Архангай аймгаар Хүн гүрний түүх соёлын дурсгалт газруудаар явж түүх соёлын аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэхээр ярилцсан. Унгарчууд өөрсдийгөө Хүн гүрнээс удам угшилтай гэж үздэг. Миний бие Унгарын үндэсний их сургуульд монголчуудын түүх, соёлын тухай лекц уншсан цагаас хойш тэд манай Хануй, Хүнүйн голын түүх дурсгалыг их сонирхох болсон.
-Түүх соёлын аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх боломж байна вэ?
-Өнгөрсөн зун Г.Аким багштай Идэр Чулуутын бэлчир хүрч Чингис хааны цэрэг Наймантай байлдаад буцаж ирсэн замаар явж үзлээ. Цэцэрлэг сумын Хонгоржийн талд Тарахын овоо гэж жижиг, индэр шиг овоо байдаг. Түүн дээр Чингис хаан гарч зогсоод “Одоо дайн байлдаан дууслаа тарцгаая" гэж зарлигдаад цэргүүдээ тараасан түүхтэй. Иймээс Тарахын овоо гэж нэрлэсэн домогтой. Тэнд Чингисийн морины уяа болсон чулуу Өвгөн Хонорж уулын хадны бичээсүүд гээд хүн үзэж сонирхох зүйлс их байдаг. Г.Аким багш бид Архангай аймгаар хэд хэдэн удаагийн судалгааны аялал хийгээд Чингис хаан, Хүн гүрэнтэй холбоотой хөшөө дурсгал барьж босгох, түүх соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн болчихоор зүйлс байгааг тогтоогоод байна. Сумдын түүх соёлын дурсгалт газрын бүртгэл хийж, жагсаалтууд гаргаж эхэлсэн. Ийм маягаар аяллын 3-7 хоногийн бүтээгдэхүүн гаргаад, дэд бүтцийг нь хөгжүүлээд уул уурхай гэхээс илүүтэй төрөлх нутгаа ариун дагшин түүх соёлын аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэх өргөн боломж архангайчууд бидэнд байна.
-Боловсролын салбарт олон жил ажилласан хүний хувьд өнөөгийн байдалд реформ хийх хэрэгтэй гэсэн санаачилга гарч байгааг юу гэж бодож байна вэ?
-Боловсрол бол нарийн мэргэжлийн салбар. Хүн бүр цэцэрлэг, ерөнхий боловсрол, их, дээд сургуульд суралцсан гэдэг утгаараа энэ салбарыг бүгд мэднэ гэх. Гэтэл мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй салбар. Энэ салбарт заавал байх ёстой бүрдүүлбэр элементүүд, үүний харилцан уялдаа байх ёстой. Бид бүрдүүлбэр элементүүдийг нь бий болгодог боловч харилцан уялдааг нь бий болгож чадахгүй байна. Жишээлбэл, шинжлэх ухааны үндэстэй боловсруулсан сургалтын хөтөлбөр байна уу гэхээр байна. Гэхдээ түүнийгээ яаж хэрэгжүүлэх вэ. Яаж сайжруулах вэ? гэдэг үйлчлэлийн механизмыг буруу хийгээд байна. Өнгөрсөн зуны хоёрхон сард сургалтын цөм хөтөлбөрийг сайжруулсан. Гэтэл бодит байдал дээр хөтөлбөр нь бүрэн боловсроогүй, сурах бичиггүй хичээлийн жил эхэлсэн. Тэгэхлээр сайжруулсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх механизм ажиллахгүй гэсэн үг. Энэ бол хөгжсөн улс орнуудад байж болохгүй үзэгдэл. Нэг сайд ирээд миний үед заавал шинэ зүйл хийсэн байх ёстой, эсвэл хөтөлбөр ч юм уу нэг юм сайжирсан байх ёстой тэр нь миний нэр дээр данслагдах ёстой гээд зүтгэчихдэг. Тийм учраас, МУБИС-ийн захирлаар ажиллаж байхдаа сургалтын хөтөлбөрийн менежментийн цикл бий болгох санал дэвшүүлж, ЖАЙКА олон улсын байгууллага үүнтэй холбогдох төсөл хэрэгжүүлээд 10 жилийн циклтэй болох загварыг яаманд хүлээлгэж өгсөн. Тэрхүү циклийг яам баталсан мөртлөө өөрийнхөө баталсан зүйлийг зөрчөөд зуны хоёр сар багш судлаачдыг амраахгүй зүтгүүлж байх жишээтэй.
-Тодруулбал?
-Хэдийд хөтөлбөрөө судалж эхлэх, хэдийд боловсруулж, хэзээ өөрчилж, сурах бичиг нь хэдийд гарах, ямар хугацаанд багш нараа бэлдэх, эцэг эхчүүдэд зөв ойлголт өгөх гэх мэтийг тодорхой нарийн заасан циклийг хэлж байгаа юм. Гурав хоног багш нарыг бэлтгээд шинэ хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж байхгүй, хуучнаараа л явна шүү дээ. Учир нь багш нар яаж хэрэгжүүлэх, юу хийхээ, хэрхэн хийхээ мэдэхгүй болохоор тэр. Зарим сайд нар ийм зүйл хийгээд шинэ юм хийсэн гэж өөрсдийгөө дөвийлгөх оноо татах гэж оролддог ч энэ нь тэдэнд бүр сөрөг үзүүлэлт болдог тохиолдол ч бий. Энэ бол шинэчлэл, өөрчлөлт биш. Хуурмаг, нэр төдий зүйл. Сургалтын хөтөлбөрийн менежментийн цикл СӨБ, ЕБС, их, дээд сургууль гээд боловсролын бүх салбарт хэрэгждэг байх нь зүйтэй. Энэ санаачилгыг ЖАИКА-аас дэмжиж 10 жилийн хугацаанд хөтөлбөр өөрчилдөг мөчлөгтэй болъё гээд аргачлалаа тухайн үеийн боловсролын дэд сайдад дуулиан шуугиантай гардуулсан. Гэтэл өнгөрсөн зун 10 жилийн циклийг зөрчиж, ердөө хоёрхон сарын дотор сайжруулсан нэр зүүн холион бантанг нь хутгасан. Ингээд хоёр хөтөлбөртэй болчхож байна. Юу гэхээр, хэнбугай ч сайдаар ирсэн өөрийн дураар биш тогтоосон дүрэм журмын хүрээнд сургалтын хөтөлбөрийн циклийг хэрэгжүүлж явмаар байна. Тухайн сайд хөтөлбөрийн тав дахь жилд ирсэн бол тэр жилийн шинэчлэлийг л хийж ажиллах ёстой юм.
-МУБИС-ийн захирлаар ажиллаж байх хугацаандаа ямар ажил хийсэн бэ?
-Хамгийн түрүүнд, байх ёстой юмыг байранд нь тавих ажлыг эхлүүлсэн. Учир нь байх ёстой газраа аливаа юм байхгүй бол ямар шинэчлэл, чанаржуулалт хийх билээ. Бид XXI дүгээр зууны монгол багш ямар төрхтэй байх талаар загвар боловсруулсан.Зүрх сэтгэл, арга ухаан, эрдэм билэг гэсэн гурван том бүрдүүлбэртэй загвар. Багш хүн сэтгэл сайтай байх, дараа нь эрдэм билэгтэй байх, улмаар арга ухаантай байх ёстой гэж үзэж байгаа юм. Энэ загвартаа үндэслээд багш бэлтгэх хөтөлбөрөө сайжруулан боловсруулсан, одоо хэрэгжүүлээд явж байна. МУБИС-ийн элсэгчдийн дундаж оноо 419 байсныг 614-т хүргэсэн. 750-иас дээш оноотой хүүхдүүд Засгийн газрын тэтгэлэг 100 хувь авах бол 650-иас дээш нь 70 хувийн хөнгөлөлт эдэлнэ. Тэрчлэн гаднын байгууллагатай хамтран 550-650 оноотой, цөөн хүүхэд элсдэг мэргэжлээр сургуулийн тэтгэлэг зарласан.Сайн оюутан элсүүлэх нь байгаа юмыг байранд нь тавьж байгаа хэрэг юм. Харин сайн оюутан элсүүлээд сайн багш болгох алхам нь чанарын шинэчлэл шаардана. Чанарын шинэчлэлийн ажлыг удаан хугацаанд тодорхой циклийн дагуу явуулж байж үр дүнд хүрэх нь ойлгомжтой.

-Ярилцсанд баярлалаа.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин"

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com