“Боловсролын зээлийн сангаас дотоод, гадаад их, дээд сургуульд суралцагчдад зээл олгодог. Энэ арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг салбарын сайдад үүрэг өгсний дагуу асуудлуудыг орууллаа. 2004-2016 оны хооронд дотоодын их, дээд сургууль суралцаж төгссөн, Боловсролын зээлийн сангаас зээл авч суралцсан, зээлийнхээ гэрээний үүргээ биелүүлсэн иргэдийг төрөөс чөлөөлөх шийдвэртэй холбоотой асуудал яригдлаа. Засгийн газраас Дээд боловсролын тухай хуульд заасны дагуу УИХ-д энэ асуудлын журмыг өргөн барихаар тогтлоо. Дээд боловсролын салбарт боловсролын зээлийн салбарт хадгалагдаж байгаа 13 мянга гаруй диплом байдаг. Барьцаанаас чөлөөлөгдөж чаддаггүй хүмүүсийн асуудал шийдвэрлэгдэнэ. Гэрээний үүргээ биелүүлсэн, ажилладаг, НД төлж байгаа хүмүүсийн асуудал шийдэгдэнэ”. Энэ бол БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн хийсэн мэдэгдэл, хэлсэн үг.
Хөөрхий сайд намынхаа “даалгавраар” ийм шийдвэр гаргасныг мэдэж цөхөх юмгүй. Учир нь энэ жил сонгуулийн жил. МАН энэ жил эрх мэдлээ хадгалж үлдэхийн төлөө байдаг бүхий л аргаа хэрэглэж буйгийн нэг тодорхой жишээ. Өгөх, амлах, чөлөөлөх, тэглэх бүх арга технологийг хэрэглэх нь мөн бүх эрх мэдэл тэдний гарт байна. Үүнээс илүү поп шийдвэр гэж юу байх вэ.
Зээлээр сурсан 13 мянган ардын хүүхдийг өрнөөс чөлөөлж том “буян үйлдэх” мэт харагдавч цаана нь бидний мэдэх томчууд хүүхдээ засаг барьж байгаа дээрээ сургалтын төлбөрөөс чөлөөлж байгаа башир арга. Учир нь Боловсролын сайд хийтэй ийм мэдэгдэл хийсэн болохоос тодорхой нарийн мэдээлэл хэлсэнгүй.
“Морьтын хишиг явганд” гэгчээр томчуудын хүүхдүүдийн төрийн зээлийг чөлөөлөх хоморгонд дотоодын их дээд сургуульд зээлээр сурсан жирийн ардын хэсэг хүүхэд чөлөөлөгдөх байх. Гэлээ ч энэ бол хариутай бол бариутай шийдэл. “Танай хүүхдийг чөлөөлнө, хариуд нь манай намд саналаа өгөөрэй” гэсэн утгатай. Саналаа өгөөд дахиад эрх баривал бид дараагийн хүүхдийг чинь.... гэсэн сануулга.
Ингээд угаасаа шалан дээр хэвтээ боловсролын салбарыг хэзээ ч босгохгүй тэр чигээр нь сонгуулийн бооцоонд тавив. Ер нь ч тавьсаар ирсэн. Ганц боловсролыг ч биш сонгуулийн барьцаанд бүхэл бүтэн улс орноо тавьсаар ирсэн нам. Үүнийг ойлгоход их ухаан, сүрхий боловсрол хэрэггүй. Өөрөөр хэлбэл санал худалдаж авах нэг арга. Боловсролын сайд ийнхүү намынхаа “захиасаар” боловсролын салбарыг барьцаанд тавьж намын утсан хүүхэлдэй гэдгээ батлав.
Хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо ороход бэлэн
Монголчууд бид 30 жил туулж ирсэн замаа улам хурдан, улам дардан болгохыг хүсдэг. Хөгжил гээчид нь бушуухан хүрчхээд өөрөө биш юмаа гэхэд үр хүүхдээ жаргахаар болгочхоод үхэх сэн гэдэг. Монголыг уруудуулж доройтуулсан засаг төр амьдад минь нэг өөрчлөгдөөсэй гэж хүлээдэг. Яах гэж сонгууль явуулдаг юм. Өөрчилж сайжруулах гэж.
Засаг төр өөрчлөгдөөсэй гэж хүлээсэн хэрнээ нөгөө л хэдэн хүнээ ээлжлэн сонгосоор ирсэн. Ямар ч сонголтгүй сонголт тулгадаг учраас тэр. Гоёж гоодож сонгууль өгөхөөр ажил болгож оччихоод ямар зүгээр гараад явалтай биш. Үнэндээ “Би өгөхгүй бол миний нэрээр эд нар юу ч хийчхэж магадгүй” гэсэн хармын сэтгэл ч юм уу, айдас хүйдсийн улмаас өгдөг нь үнэн. Цагаан сонгууль өгье гэхээр засаг төрөөс “Монгол улс ядуу тул бөөн зардал мөнгө гарна шүү” гээд сонгуулиас тээр өмнө сэтгэл санаагаар нь сүрдүүлчихдэг. Гучин настай төр засгийн эрхэнд гарч байсан хүн одоо 60 нас хүрээд байж л байгаа. Гишүүн биш юмаа гэхэд ямар нэгэн сайд дарга, яам агентлагт удирдах албан тушаал хашсаар суугаа.
Гучин жил төрийн дээр тонгочсон хүмүүс одоо юу хүсч байгаа вэ?
Монголд эзний алба ээлжгүй харин нэгэн биеийн амьдрал нь хугацаатай олгогддог тул үр хүүхдэдээ эрх мэдлээ үлдээх болбол өвлүүлчихвэл болох нь тэр. Хэн ч гэсэн эхлүүлсэн ажил, хийсэн бүтээсэндээ манаач, сахиул үлдээхийг зорьдог нь хүний хүслэн хойно.
Үр хүүхдээ сайн, сайхан яваасай гэж хүсдэггүй хэн байх билээ. Хулгай луйвар, ар өврийн хаалгаар ч болсон нэг эрх мэдэл, өв хөрөнгөнд хүрсэн бол түүнийгээ залгамжлуулахыг л хүснэ. Мэдээж ингэж луйвар хийдэг юм гэж зааж өгөхгүй.
Эрх мэдэл гэдэг дараагийнхаа үр хүүхдийнхээ замыг засах бас нэг төрлийн “өв хөрөнгө” болжээ. Тэдний үр хүүхэд ч гэсэн эцэг эх шигээ утсаар залгаад л ажлаа бүтээдэг, хүсээд л гадаадын өндөр төлбөртэй сургуульд явчихдаг байхыг хүснэ.
Ингэхээр Монголын төрийн дараагийн 30 жилийн үүх түүх ямар байх нь тодорхой харагдаж байна. Үе залгамжилсан, олон хаант гэлтэй биш дээ. Нэг тиймэрхүү хэлбэртэй.
Хоёрдугаар ээлжнийхэн хоолондоо ороход бэлэн болжээ. Монголын хэмжүүрээр боловсролтой бол боловсролтой, хэлтэй бол хэлтэй, мөнгөтэй бол мөнгөтэй залуус улс төрд, бизнест хэдийнээ ороход бэлэн болоод хүлээж байна.
Харин ч сайн хэрэг биш гэж үү? Мундаг боловсролтой хэмээн бидний шүтэн биширч, сөгдөж мөргөх нь холгүй байдаг залуусаас хэд нь дарга нарын хүүхэд, хэд нь эгэл жирийн айлын хүүхэд байгаа вэ. Тэдний хэд нь төрд орж, ямар албан тушаалуудад горилж байна вэ? Бас хэд нь ажиллаж байна. Энэ асуудлыг ярихаар хүний эрх, эрх чөлөөг зөрчлөө гэдэг. Үүнийг л ашиг сонирхлын зөрчил гэхгүй юм бол өөр юуг хэлэх вэ. Нийгэмд зэрэг зиндаа байдаг нь жам. Томчуудын гэж нэрлэдэг тэдгээр хүүхдүүд төрд ороод гол нь хэний төлөө ажиллах вэ?
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж дүүдээ ШШГЕГ-ын байрыг 13 саяар авч өгснөө, хүүхдийнхээ Эрдэнэт үйлдвэртэй холбоотой шахааны асуудлыг “Тиймээ тэгсэн, хэн ч гэсэн үр хүүхдэдээ тусалдаг” гэх утгатай үгээр сэтгүүлчдийг суулгаж байгаад загнаж байсан. Ийм л юм болдог, болсоор ч ирсэн.
Түрүүнээс хойш хэлэх гээд байгаа санаа гэвэл “Тэр тусламж авсан хүүхэд дараа нь бас хүүхдэдээ туслахаар иймэрхүү ажил” хийх нь мэдээж. Тиймээ, Ц.Нямдорж гуайн зөв. Хэн ч гэсэн үр хүүхдийнхээ төлөө л явдаг хойно доо.
“Өнөөгийн төр засгийн албан тушаалуудад байгаа хүмүүсийн дараагийн гурван үеийг төрд бүү ойртуул” гэх олон нийтээс гарсан үг гашуун үнэнийг хэлдэг.
Гадаадын томоохон сургуулиудад төрийн зээлээр, эцэг эхийнхээ буянаар сураад ирсэн тэдний дүү нар, хүүхдүүд эцгээсээ том дарга болж, ээжээсээ өндөр албан тушаалд очиж эцэг эхийнхээ ачийг хариулахаар ээлжээ хүлээцгээж байна. “Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг” байдаг биз дээ.
Хөөрхий борчуудын 30 жилийн хүлээлтийг эдгээр хүмүүс биелүүлэх болов уу? Бидний “Засаг төр өөрчлөгдөөсэй, шударга ёс тогтоосой” хэмээх горьдлого энэ янзаараа биелэх бол уу, яах бол?
“Ардын хүүхэд түрүүлж болдоггүй яасан наадам бэ?” гэж хэлдэг кино шиг ардын хүүхэд гараад ирэх орон зайг нь “өндөр боловсролтой” гэх ганцхан босгоор тэд хаачихлаа. Ардын хүүхэд өөрийн чадвараар гадны гайгүй сургуульд сурахаараа түүнийхээ тухай хэлж ярьж, бусдадаа зөвлөгөө хүртэл өгч чадаж байгаа юманд аргагүйгээ харуулдаг, хүмүүс түүгээр нь бахархдаг юм билээ. Харин ар өврийн хаалгаар, зээлээр явснууд нь таг чимээгүй байж байгаад өрөө тэглүүлэх гэж байна. Энэ шударга ёс мөн үү?
Хэн мэдээлэлд ойр байна тэр завшдаг жишиг
Хэн мэдээлэлд ойрхон байна тэр завшдаг үзэгдэл манай нийгмийнх. Гадаадын их дээд сургуульд явах, зээл, тэтгэлэг авах талаарх бүх мэдээлэл Боловсролын яаманд байдаг нь тодорхой. Тэр мэдээлэл ардад биш төрийнхөнд ойрхон нь мэдээж. Ийм л амархан. Зээлээр сураад ирэхээр нь эцэг эх нь тэглүүлээд өгчихдөг. Ард иргэд нь “боловсролтой юм хөөрхий дарга бололгүй яах вэ”. Ингээд төрийн залгамж халаа, төрлийн хэлхээ холбоон дээр тогтоод эхэлсэн.
Төрийн зээлээр гадаад, дотоодод сурч байгаа бүх хүүхдийн мэдээллийг зурагтай нь Боловсролын яам олон нийтэд ил жагсааж байх ёстой. Мэдээллийг нууж хаадагт л хамаг учир байгааг бүгд мэднэ. Тэдгээр хүүхдүүдийн мэдээллээс суралцаж буй мэргэжил, чадварыг нь харж байгаад төрийн байгууллагууд, компаниуд санал тавьж, урьж залаад эх оронд нь ажиллуулдаг жишгийг тогтоох хэрэгтэй.
Төрийн зээлтэй бол зээлийг нь ажил олгогч тал нь төлдөг арга ч байгаа шүү дээ. Боловсролын нэртэй болхи яам яагаад иймэрхүү зэргийн энгийн зохицуулалтыг хийдэггүй вэ? Мэдээлэл нууц байх тусмаа үнэтэй, үнэтэй байх тусмаа өөрсдөд нь ашигтай. Үнэн нь энэ. Дарга нарын хүүхдэд зээл олгодог далд ажиллагаа ашиггүй байна гэж үгүй шүү дээ.
Төрд ажилладаг улстөрчдийн хүүхдүүд 7.7 сая ам.долларын зээлээр гадаадад сурчээ гэсэн баримт дэлгэгдсэн. Асуулт араасаа олон асуултыг дагуулна. Хариултыг хайвал салбарын яаман дээр нь очоод мухардана. 1925-1927 онд Герман, Франц улсад 35 залуусыг сурахаар илгээхдээ Ерөнхий сайд Б.Цэрэндорж хамаатныхаа хүүхдийг хасаад хожмын Ардын зураач Ц.Намхайцэрэнг явуулсан байдаг. Ийм жишиг зөвхөн түүхэнд л үлдэнэ. Харин дарга нарын хүүхдүүдийн төгссөн сургуулийн нэрс бол авлигал, арын хаалганы жагсаалт. Энэ жагсаалтаа 13 мянгад багтаан тэглүүлэх ажлыг эрх баригчид санаачлан зохион байгуулж байна. Дэлхийн шилдэг сургуулиудад ийм олон залуус төгсөөд байгаа юм бол Монгол Улс хөгжихөөрөө нэг боллоо. Тэд яагаад “Ажил өг, үзүүлээд өгье” гээд гараад ирэх зориггүй эцэг эхийнхээ ард нугдайж, эх орондоо ирэхгүй нуугдаж явдаг вэ?
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"