Хөвсгөл аймаг. Мөрөн сум.
Өндөр настан
Эрхэл овогт Чойсүрэнгийн Бямбадорж
Энэ үг, энэ асуултад эргэцүүлж тунгаан харьцуулбаас надад бөгөөд манай амьдралд, нийт нийгэмд маш ихийг өгсөн байна, эргэлзэж тээнэгэлзэгчдэд ч юм уу, мэдэн будилагчдад бол байдаг зүйл байдгаараа л байгаа юм шиг санагдаж магадгүй. Тиймээс би гол хэдэн өөрчлөлт дээр баримттайгаар харьцуулан өгүүлье.
Хамгийн түрүүнд илт мэдрэгдэх зүйл гэвэл хүн сэтгэлийн амьтан учраас оюун санааны хувьд эрх чөлөөтэй хэлэх үгээ хэлчихдэг, хийх гэснээ хийчихдэг болсон маань хамгийн том өөрчлөлт. Хэвлэл сонинд материал өгөх, хэлхсэн хэдэн шүлгээ хэвлүүлэх зэрэгт главлет цензурээр орж, өөрөө ч эргээд танихгүй болтол таначихсан байдаг сан. Эзэн Чингисээ магтан дуулах байтугай нэрийг нь дурдахад ч халтай байлаа. Р.Чойном, Д.Пүрэвдорж гуай нарын зарим нэг задгайдуу бичигдсэн зарим нь бүр нөгөө л үзэл сурталд нийцэхгүй үндэслэлээр хаагдсан шүлгүүдийг олон нийтийн газар унших байтугай бичсэн тэмдэглэлийн дэвтрийг ч хурааж авдаг байлаа. Тэр бүү хэл 1970-аад оны эхээр Betleas, BoneyM, АВВА зэрэг барууны хамтлаг дуучдын пянзуудыг нууцаар солилцож, сонсохоос гадна үдэшлэг, нийтийн бүжгэн дээр тэдгээр аяудыг тавьж чөлөөт бүжиг хийдэг цөөвтөр хэдэн охид, залуучууд чөлөөт бүжиг хийхдээ хэн нэг нь түрүүлж эхэлбэл хараанд орох, тэр ч бүү хэл зарим газар цагдаад баригдах эрсдэлтэй тул дөрвөн талаас нүд ирмэлцэн, хуруугаа инчдэн дохио авалцаж зэрэг гарч бүжиглэдэг байснаас тэрхүү чөлөөт бүжгийг зарим тохиолдолд “квадрат” гэж ч нэрлэдэг байлаа.
Нэг дурсамж өгүүлэхэд 1986 онд аймгийн “Эрх чөлөө” сонины газар ажиллаж байхад миний найз Гүрж Нямдорж “Тусгай дэлгүүр”, “Мөрөнгийн цагаан хаалга” гэдэг хоёр шүлгээ хэвлүүлэхээр сонинд өгч тараахаар сум байгууллагуудад нь хуваарилаад байтал гэнэт хэрэг мандаж, аймгийн МАХН-ын хорооноос сонины тухайн дугаар хариуцан хянах ёстой нөхөр нөгөө хоёр шүлгийг олж хараад “Үзэл сурталд нийцэхгүй, дарга удирдлагуудын эрхэнд халдсан, нийгмийн эсрэг чиглэсэн хандлагатай гэсэн зэрэг өө сэв гарган асуудал үүсч, тэр үед 13 мянга гаруй хувиар хэвлэгддэг байсан сонины нэгэн дугаар буюу 13 мянган сониныг уурын зуух руу хийж, шатаан устгаж байж билээ
Бас болоогүй “ах дүү” социалист 15 орноо “Ардын ардчилсан орнууд” гэж сурталдана. Ардчилсан орон учраас ардчиллын үнэт зүйлс болсон сонгууль зохион байгуулна, тэгэхдээ бүр үзэл суртал зохион байгуулалтын өндөр хэмжээнд явуулна. Сонгуулийн санал авах хэсэг бүр багахаан шиг баяр наадам л болно. Хөдөөд бол бүр хурдан морь уралдаж, бөх барилдаж, хуушуур гуанз гаргаж, иргэд тарган морио унаж, торгон дээлээ өмсч ирнэ. Сонгуулийн ирц ихэнх хэсэгт 100 хувь, ганц нэгхэн хэсэгт 99.99 хувьтай, хариуцлагагүй ганц нэг нөхөр санал өгөөгүй үлдсэн бол хатуухан банга хүртэнэ дээ. Шат, шатны депутат сонгох төрийн үйл хэргээс санаатай хойш суусан, эв хамт нийгэм байгуулах эрхэм зорилгыг санаатай эсэргүүцсэн бараг л эсэргүү болох шахна. Харин тэгж, тэгж сүржигнэчхээд яг сонгох процесс нь сонин, дээрээс нэр заагаад нэг тойрогт нэг л хүний нэр ороод ирнэ, сонгох сонголт ч байхгүй учраас тэнд нэр усыг дугуйлах, үзэг балны ч хэрэг байхгүй, ердөө л ганц хүний нэртэй саналын хуудсыг нугалаад л хайрцагт хийчихнэ. Ёстой бэргүй хурим гэдэг шиг “сонголтгүй” сонгууль ийнхүү сүр дуулиантай болж бөөн зардал, ажил чирэгдэл болно. Энэ нь гадаад ертөнцөд “Монголд АИХ-аа сонгох сонгууль амжилттай болж өнгөрлөө” гэсэн дуулиан, мессеж хүргэх, дотооддоо ард түмэн “бид сонгосон” хэмээн төрдөө итгэж, хүндэтгэлтэй хандах зорилго л агуулж байлаа.
Бас нэгэн жишээ: Тэр үед дөнгөж сургуулиа төгсч ирсэн,цэргээс халагдаж ирсэн, юун гэр бүлтэй болох байтугай ажил амьдралдаа хөлөө ч олж чадаагүй хориодхон насны залуучууд биднээс эхнэргүйн, хүүхэдгүйн, эвлэлийн, үйлдвэрчний, улаан загалмайн, батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн гэх зэрэг бөөн татвар авна, тэр бүхэндээ алга дарам улаан үнэмлэх өгөөд хүчээр гишүүнчилчихсэн байдаг байлаа.
Орчих зорчих эрхийн тухайд нутаг заагдчихсан юм шиг л амьдарна шүү дээ тэр үед. Тухайлбал сумаас аймагт ирж очих гэж шуудангийн машин ГАЗ-63, ГАЗ- 53 зэрэг ачааны сараалжин тэвштэй машин дээр берзээнтэн ууттай хэдэн сонин, захидалтай хамт ачигдан тоосонд даруулан халуунд нь халж, хүйтэнд нь хөрч (бараг л хөлдчихгүй) зорчино. Хот руу ч мөн адил оочер дугаар нь гайгүй бөгөөд мөнгөтэй бол өдөр нь таарвал ногоон ч юм уу цагаан онгоц явна. Гэхдээ алинд нь ч байсан сумын АДХ (Ардын Депутатуудын Хурал) – ын нарийн бичгийн даргаас “зам явах” хэмээх тамга гарын үсэгтэй эрхийн бичиг гуйж гувшиж, аргалж чаргалж байж хэдхэн хоногоор зорчих эрх авна. Нэг ёсондоо дотоодын “виз” л юм даа. Тэгэхдээ авах гэсэн болгонд өгөөд байхгүй, албан газрын чөлөө, тодорхойлолт, цагдаагийн хэлтсийн тодорхойлолт, эмнэлэг домнолгын акт бичиг гээд олон юм шаардана. Тэр болгоноос залхсан нэгэнт оногдсон тавилангаа даган ертөнцийн нэг л хязгаарт хувиа борлуулж, довоо шарлуулсаар хуучин хүүгийн хувь заяагаар нэгэн насыг элээнэ.
Одоо бол өдөр бүр онгоц үгүй гэхэд л ялигүй удаан болохоос онгоцноос дутахгүй тохь тухтай хүн тээврийн (шуудангийн биш шүү) автобус өдөрт 3- 4 рейс Улаанбаатар луу явна. Аймаг, сумын хооронд бол мөн хүн тээврийн зориулалтын микро, фургонууд өрсөлдөн сүлжилдэнэ Гадаадад зорчихын тухайд бол энгийн иргэд санахын ч гарз, гадаад паспорт энээ тэрээ чинь 10 мянган хүний нэгд нь л байсан бол их юм. Албан паспортаар цөөн хэдэн дарга сайд нар л явна, ах дүү социалист орнуудад нам, эвлэлийн шагналаар аялах эрх гэдэг өдрийн од шиг (социалист нийгэм байгуулах чиг баримжааг тууштай дэмждэг, үзэл суртлын хувьд үнэнч дуулгавартай, ажил хөдөлмөртөө манлайлагч, нам ба эвлэлийн гишүүн байх шалгууртай) тохионо, мөн ЗХУ болон ах дүү социалист орнуудад суралцдаг цөөн хэдэн оюутнуудаас бусад энгийн иргэдэд бол хилийн дээс алхана гэдэг диваажингийн хаалга татахтай адил мөрөөдлийн зүйл байлаа.
Одоо бол Монголын хүн ам гурван саяулаа аялаад явчихсан ч эрх нь нээлттэй, паспорт бичиг баримт нь бэлэн, ямартаа ч насанд хүрсэн хүн амын гуравны нэг нь гадагш хөл тавиад үзчихсэн дэгээ. Би гэхэд л Орос, Хятад хөршөөсөө гадна Солонгос, Герман, Хон Конг, Макао, Казакстан зэрэг орнуудаар яваад үзчихсэн сууж байна.
Уламжлал, ёс заншлын тухайд гэвэл Монгол түмний уламжлалт баяр “Цагаан сар”- ыг тэмдэглүүлэхгүй талаас нь шахаж хавчиж, нэрийг нь хүртэл цээрлэж, “Нэгдэлчдийн баяр” нэртэйгээр хөдөөгийн малчид л дуулиан багатай хөнгөхөн шиг тэмдэглэхийг зөвшөөрдөг байлаа. Аймгийн төв, хот суурин газрын албан байгууллагуудад цагаан сарын шинийн нэгнээс эхлээд аймгийн намын хороо, захиргаанаас жижүүр гарч, ажлын цаг бүртгэлийг чангатган хянаж, зарим жил “Цасны баяр” зэрэг нэрээр төвөөс зайдуухан “салхинд гарган” саатуулж, шинэлэх золгох ёслолоос сэргийлэн хөндийрүүлдэг байлаа. Ямартаа л бид өглөөн нарнаар биш үдшийн бүрий, шөнийн харанхуйгаар аав ээж, ахмад настнуудтайгаа гар зөрүүлэн золгож, хүндэтгэл үзүүлдэг байлаа. Өнөөдөр шиг хувийн машин тэрэг гэж байсан биш бүгд л хэд хоног шөнө дөл өнгөртөл цас чихруулан хүүхэд багачуулаа нойрмоглуулан дагуулж, бужигнаж хоноод, өглөө нүдээ нухлан ажилдаа очдог байж билээ.
Одоо бол манайх айраг сархадаа сөгнөн, арц сангаа тавьж, уламжлал заншлаа сэргээж, ууц шүүсээ тавьж, долоон үе идээгээ засч, дорноос наран унийн толгойд тусахтай зэрэгцэн ахас ихэстээ хүндэтгэл үзүүлэн, ач үрсээ бужигнуулан золгодог болсон. Уул усаа шүтэж, овоо хангайгаа тахиж, бурхан тахилаа хоймортоо залж зул хүжээ өргөж, хийморь лундаагаа сэргээх үйлийг хэдийд ч, хэний ч хажууд чөлөөтэй үйлдэх болсон. Тэр үед овоо хангайгаа тахих бүү хэл хоймрынхоо авдар дээр В.И.Ленин, Д.Сүхбаатарын зурагтай зэрэгцүүлээд бурхан тахил, судар номоо тавьж, зул хүж өргөх ч хориотой байлаа. Үүнтэй холбоотой нэг сонин дурсамж өгүүлэхэд миний аав тухайн үедээ нэлээд номтой, домтой хүн явсан, тиймээс ч хонь малдаа явахдаа судар ном өвөртөлж явна, хааяа нэг нутаг усны мэддэг хүмүүс ирэхэд орой үдшийн цагаар засал ном хийж өгдөг сөн.
Намайг бага байхад буюу 1960-аад оны дундуур нэг удаа хонинд яваад орой ирэх үед нь манайд сум нэгдлийн дарга нар ирчихсэн, хоол унд хийлгээд орой хонь хотолтол явалгүй 69 машин нь манай гадаа байгаад байхаар нь аав маань судар номоо хадны агуйд орхиод маргааш нь авахаар очиход захаас нь хулгана сэмлээд идчихсэн байсан гээд хожим болтол тэр судар манайд байдаг байж билээ.1990 оны хавраас “Ардчиллын” хэмээх хаягтай, ад үзэгдэхдээ ад үзэгдэж, аз таарвал ард түмнээсээ дэмжлэгийн үг сонсчихдог бидний хэдэн нөхөд ойр хавийнхаа овоодыг сэргээн босгож, тахилга үйлийг нь хийлгэж, тэнгэр язгуурт уул усны үр сад гэсэн сэрэл мэдрэмжийг нь сэргээж ирсэн нь олны таашаалд их нийцэж, дэмжлэг хүлээж байлаа. 1990 оноос өмнө худалдаа үйлчилгээ, дэлгүүр хоршооны оочер дугаар гэж залхаадаг нэг зүйл байж билээ. Дэлгүүрт тийм их нарийн нандин ховор зэвэр бараа таваар ирдэгтээ ч биш л дээ, супермаркет, хайпермаркет байтугай мини маркет ч орон нутагт байхгүй, барааны болон хүнсний зах ч үгүй, “Тусгай дэлгүүр” гэж аймгийн төвд нэг байх, оросууд ажилладаг газарт бол “Орос дэлгүүр” гэж байх ч ордог эрх нь “пропуск”- тай хэдэн дарга нар юм уу, эсвэл гадаадын мэргэжилтнүүдэд л байна. Энгийн иргэд бидний энгийн хэдэн дэлгүүртээ оочерлож, дугаарладаг зүйл нь бараг л мах, сүү хоёр доо. Дэлгүүрт дээхнүүр дугаарлах, эсвэл тэнд танил талгүй бол гуя, ууцнаас авхуулаад тарган мах олж иднэ гэж байхгүй, ямааны гурав, яс голдуу мах, зоорины муудах шахсан мах, эсвэл нэгдлийн малаас онд орохгүйгий нь заазалсан оёг өвчтэй буюу туранхай эсвэл бух, хуц, ухнын мах л ногдоно.
Одоо бол хүнсний зах, махны дэлгүүрээр болгоомжтой явахгүй бол хонины тарган гуя, сүүлхэн, сүүжхэн мэтийг торны ам руу хийчих шахаад л худалдагчид өрсөлдөнө шүү дээ. Сүүний тухайд бол бетон сав хангинуулан сүүний мухлагийн тойронд сүүний машин харуулдсан хүүхэд, хөгшчүүдийн голдуу цуваа өрсөлдөөнд бэлэн оройг өнгөрөөдөг сөн. Нэлээд нь хоосон хоцордог болохоор өрсөлдөхөөс ч яах вэ. Одоо бол өглөө эрт ч, орой үдэш ч “сүү аваарай, сүүгээ аваарай” хэмээх дуу байрны гадаа, гудамж өгсч уруудах зэргээр сэрүүлэг шиг цангинан, нойрондоо харам зарим нэгийг нь унтууцуулна.
Тэр үед ховор нандин бараа гэвэл: хятад халуун сав, 45- ын гутал, орой хоргой, орос мотоцикль, бэлтгэлийн хувцас, берзээнтэн цавагнаас эхлээд чернээл соруулдаг үзэг, чихэр жимсхэн заримдаа бүр барааны саван, шилтэй архи хүртэл олдоц муу, оочер дугаартай, бичиг цохолтоор олддог байлаа. Одоо бол хүний хар нүднээс бусад нь гэдэг шиг дутуу зүйл байхгүйг нурших юун.
Мал аж ахуйн хувьд тэр үед :
Хөдөө тал минь малаар дүүрэн
Хөвчийн ой минь ангаар арвин гэж дуулдаг ч 200 сая хүргэнэ гэж эхэндээ ЗХУ-ын даалгавраар муйхарлаад, 25 сая хүргэнэ гэж хожим нь чадал боломжоо мэдмэгц лоозогноод ч социализмын 70 жилд алинд нь ч хүргэж чадаагүй юм даг. Нөхцөлийг нь бүрдүүлээгүй юм чинь арга ч үгүй биз дээ, хангайн бүсэд нэгдлийн малчин айл өрх 50 толгой, говийн бүсэд 75 толгой, Сангийн аж ахуй, нэгдэл дундын үйлдвэрт ажиллагсад 16 толгой, улсын байгууллагад ажиллагсад найман толгойгоос илүү малтай байж болохгүй гээд хуульчлаад өгчихсөн, тэр нь хувийн өмч, хувийн мал гэхээсээ илүү “амины мал” гэх амь зогоох төдий малтай байхыг зөвшөөрсөн л хэрэг байв. Ямартай л хот дүүрэн хоньтой малчин эхнэрээ төрөхөд нэгдлийн даргаас “шөлний хонь” цохуулж авч байх вэ дээ. Одоо гэхэд Монгол Улс 20 гаруйхан жилийн дотор 70- аад сая малтай болчихсон зөвхөн миний л гэхэд төрлийн минь хоёр дүү мянгат малчин болчихсон хэнээс ч царай алдахгүй ханхайж сууна
Байр орон сууцны тухайд манай Мөрөн хотод тэр үед найман мянгаад айл өрх байдгийн 5-6 хувь нь л хуучны 12, 36, 48 айлын халаалттай орон сууц болон зарим нь байгууллагын 2- 4 айлын галладаг байранд амьдардаг, бусад 94-95 хувь нь буюу 7500-аад айл өрх дан ба давхар бүрээстэй монгол гэртээ л өвөл хаврыг өнгөрөөдөг байлаа. Харин зундаа бол айл өрхийн бараг тал нь зуны байшин нэртэй хар цаасан дээвэртэй, банзан байшингуудад ордог байв. Тэр нь цорын ганц дулаан орон сууц болох эсгий гэрээ нар бороонд гандааж илжрээхгүй гэсэндээ л тийм банзан амбаарт ордог байсан юм. Өвлийн байшинтай айл өдрийн од шиг байлаа. Учир нь өвлийн байшин барьж орох мөнгө төгрөгнөөс авхуулаад барилгын материалын нэг ч дэлгүүр байдаггүй тул ямар материал яаж олоод, яаж барих арга ухаан уламжлал ч гэж бараг байдаггүй байв.
Манайх 1987 онд хөдөөгийн татан буугдсан мал сүрэглэх баазын гуанзны байшин авч буулган Мөрөнд авчирч барьсан нь Мөрөнд байдаг гурван том өвлийн байшинтай айлын нэг болж анхаарал татан бүр эдийн засгийн цагдаагийн албанд байцаагдан, ямар, ямар материал ямар хэмжээгээр орсон, хэрхэн яаж олж авсан зэргээ нэг бүрчлэн тооцон гаргаж, тоочин мэдүүлснээр нэг өнгөрч билээ, хана туурга, шал, тааз, дээврийн төмөр гээд ихэнх нь бэлэн буулгаж ирсэн байсан тул нэг сүртэй ч их материал гаднаас шинээр ороогүй л дээ. Тэр хуучин байшин маань одоо бол захын л айлуудад байдаг 11х8-ын байшин байсан юм л даа. Өнөөдөр манайх түүнээ бодоход хаус гэх нь гэх, харш гэх нь ч гэхээр шинэ цагийн шил толь болсон байшинд бусдын жишгээр амьдарч байна
Унах унааны тухайд морьтон ардын удам учраас морио унаж, мохоо гацаадуу сурсан ч гэсэн мартагдах шахсан уртын дуугаа аялахчаан болж явлаа. Машин техник гэдэг хувь хүнд бодохын ч аргагүй зүүд мөрөөдлийн л асуудал байлаа 1980 ерээд онд манай Мөрөн хотод долоохон хувийн машинтай хүн байж билээ. Актанд гарсан нэг хорин нэг, нэг варшав, нэг жаран долоо, бусад нь москвич байсан санагдана Одоо бол 10 мянга гаруй машин, тээврийн хэрэгсэл бүртгэлтэй гээд л бодоход тэнгэр газраас ч хол зөрүүтэй юм шиг. Тэр үед нууж хааж уншдаг Р.Чойном агсны нэгэн шүлэгт: Төрөвч төмөр тэрэг унах хувьгүй
Үхэвч Алтан өлгийд залрах заяагүй гэсэн мөрүүд байдаг нь тэр үеийн нийгмийн хэрэглээ, ялгаварлыг тод томруун дүрсэлсэн байлаа. Манай дархад нутагт 60- аад оны үед болсон нэгэн бодит түүх гэдэг юм уу одоогийнхоор бол онигоо шахуу дурсамж өгүүлэхэд аймгийн намын хорооны дарга бартаа шавар ихтэй тухайн үедээ 69 –өөс тансаг машин очиж үзээгүй дархадын хотгорт хар “хорин нэг” ч юм уу, “хорин дөрөв” ч юм уу машинтай айлчилж л дээ. Гэтэл хөдөөгийн дархад зон тойрон бүчиж, машин дээр тогтсон шороо тоосноос нь хуруугаараа илбэн арчиж, “тэнгэрийн хүлгийн тоос” хэмээн ихэд сүжиглэн магнайдаа түрхэж байсан гэдэг. Тэгвэл одоо тэр тэнгэрийн хүлгийг нь бараг айл болгон унаж ахуй амьдралдаа унааны морь мэт хэрэглэж байна. Хөдөөний айлууд нүүдэл суудал, түлш түлээндээ унах портер машин, төв суурин руу ухасхийх приус мэтийн жижиг тэрэг, хонь малаа эргүүлж тойруулах мотоциклотой болжээ.
Миний тухайд л гэхэд 80-90-ээд онд эхэндээ хүнээс хуучин Паланет-2 мотоцикл авч, дөрвөн ам бүлээ хөл жийрэглэж явснаа сумын захиргаа, худалдаа бэлтгэлийн ангид захиалга өгч, оочер дугаар авч хоёр жил гаруй хүлээсний дараа шинэ Паланет-3 мотоцикль авч унан тэнгэрийн хүлэгтэй болж байж билээ. Одоо бол нөгөө л мөрөөдлийн хүлэг Ландкрузер машиныг хэний ч зөвшөөрөл, хэний ч захиалгагүйгээр нийгэм, зах зээлийнхээ хуулиар унаж байна.
Холбоо харилцааны тухайд бол бүр зүүдлэх ч юм биш. Хотод байгаа оюутан, цэрэгт яваа хүүтэйгээ, эсвэл аймаг суманд байгаа ахан дүүстэйгээ ярих гэж одоогийн хэллэгээр “наян юм” болно, урд өдөр нь ирж ойролцоо байгаа холбооны салбар, эсвэл албан байгууллагын суурин утас зэргээр дамжуулан захиалга өгч цаг нар товлоно. Маргааш нь нөгөө цагтаа очиж оочер дугаар, шугамын чөлөө зав харж, цаана наана хоёр талдаа цаг нараа үрэн үрэн байж аз таарвал өдөртөө, маргааш нөгөөдөр нь ярих, шугам сүлжээ, алив хүндрэл үүсвэл ярьж чадахгүй ч тохиолдол гарна. Арайхийж нэг холбогдсон ч нарийн нандин юм ярина гэдэг хэцүү, амраг хосууд, залууст бол бүр ч хэцүү. Фанераар тусгаарласан зэргэлдээ кабинд ч юм уу, зарим нөхцөлд задгай зааланд нийтийн өмнө л ёстой “ил тод”-оор хайртай дуртайгаа ч юм уу, санаж зүүдэлж байгаагаа ч юм уу ярина шүү дээ, ярихгүй гээд яах вэ дээ өөр сонголт байх биш, буруу харж бувтнасхийгээд, хацраа улалзуулж, харцаа буруулсхийгээд л ярихчаан болно. Ядахад намуухан шиг ярих гэхээр сонсогдохгүй, шугам шуугина, жингэнэнэ, заримдаа бүр дүнгэнэнэ, түүнийг давж хашхирч шахуу ярихгүй бол дуулдахгүй шүү дээ. Хавар намрын салхи шуургатайд бол бараг ярих аргагүй.
Одоо бол ойлгомжтой, гар утсаараа гар дээрээсээ ч, орон дотроосоо ч, орц хонгилоос ч, малын бэлчээр, машины кабин хаанаас л бол хаанаас, хэзээ л бол хэзээ, хэнтэй л бол хэнтэй, хот хүрээ, хол ойр, гадаад, дотоодгүй хэнээс ч, юунаас ч хамааралгүй ярина. Интернэт, мессенжер, фейсбүүк зэргээр бол хажуудаа байгаа юм шиг л бие биенээ харж байгаад өнжин хонон харьцсан ч бидний л хүсэл мэднэ.
Товчхондоо өгүүлэхэд “сүүлийн хорь гаруй жил”-ийн дотор нийгэмд ийм л их өөрчлөлт гарч, ийм л их зүйлийг бидэнд өгсөн байна(Уучлаарай тааруухан шиг болгоныг дурдахдаа сүүлийн хорь гаруй жилийн дотор гээд л их цэцэрхэж удиртгал угтвартайгаар ярьдаг улс төрчид, бичдэг сэтгүүлчид олширсон тул тэр “сүүлийн хорь гаруй жилд” чинь бас сүүдэртэйгээсээ гэгээлэг зүйл нь илүү бий болсон юм шүү гэх үүднээс цаг хугацааг тэр цэцэрхэгчдийн хэллэгээр бичлээ)
Энэхүү их боломж, энэхүү олгогдсон эрх чөлөөг агаар тэнгэрээс хур бууж байгаа юм шиг цутгачихсан юм биш ээ. Бидний амьдарч асан өмнөх нийгэмд лоозунгийн төдийд л байсан “Чадлын хирээр хийж, хийсний хэрээр хүртэнэ” гэсэн үг одоогийн нийгэмд харьцангуй биеллээ олж, жолоочоосоо жолоодогчийг хүртэл эрхийг нь тэгш олгосны үр дүнд л ийм өөрчлөлтөд хүрсэн хэрэг.
Санаачилгатай хүн боломж хайн сайхан амьдрах
Санаачилгагүй хүн шалтаг хайн гутранги амьдрах нь оюун ухаант хүн танаас өөрөөс тань хамаарах эрх чөлөөт нийгэм бий болжээ. Гэхдээ бас төрөө хянах, үгээ хэлэх, үзэл бодлоо хамгаалах нийгмийн харилцаанд идэвхтэй оролцохоо мартав. Бүү март мартвал сөнөнө гэсэн үг 90 онд ирт мэс, илд бамбайнаас хүчтэй сонсогдож байсан үе бий. Гал, төр хоёрыг хяналтнаасаа алдвал гамшиг зовлон нь юутай ч зүйрлэшгүй, хүн бүрийн тэгш сайхан амьдрах боломжийг хэдхэн эрх мэдэлтний хэмжээлшгүй шунал, дарангуйлал хумих эрсдэлтэйг бас саналтай. Өргөн хүрээг хамруулсангүй, өөрийгөө тойрсон хүрээнд бичлээ. Би, чи нийлээд бичил орчин үүсч, бүр олуул нийлээд нийгэм бүрддэг тул Монголын нийгэмд ардчиллын өгсөн “зүйл” ерөнхийдөө нэг иймэрхүү л дүр зурагтай байгаа гэдэгтэй маргах зүйлгүй биз ээ.