Б.Сүрэн
Эрх баригчдын сонгуулийн солиорол, ээлжит мөнгө хүүлэлт үргэлжилж байна. Эхлээд тэд ЖДҮХС, ТЭДС, ХЭДС, 800 тэрбумын концессыг төрөөс саасан бол үүндээ ханаж цадалгүй ахиад Дарханы замын хөрөнгө оруулалтыг хятадуудтай хуваан идэж, гацаанд оруулаад буй. Тэгвэл дараагийн их хэмжээний мөнгө хүүлэх, сонгуулийн санхүүжилт босгох аргаа эрх баригчид бодож олжээ. Энэ нь “Тэнгэрийн тойрог” хэмээх сүрхий нэртэй нийт 800 сая ам.доллар буюу хоёр их наяд 212 тэрбум 800 сая төгрөгийн төсөл. Өөрөөр хэлбэл, аялал жуулчлал хөгжсөн бүс нутагт хэрэгжүүлдэг гүүрэн замыг манай МАН-гарууд барих юм гэнэ. Үүгээр ч зогсохгүй хотын мээр С.Амарсайханы хувийн бизнесийг дэмжихээр дүүжин тээвэр төсөл бас хэрэгжүүлэх юм байх.
Эхлээд тэнгэрийн гүүрнийхээ тухай автомашины кабинд өссөн учраас өөрийгөө Зам тээвэр, хөгжлийн сайд болоход хамгийн тохиромжтой хүн хэмээн өргөмжилсөн Б.Энх-Амгалангийн мягмар гарагт хийсэн мэдэгдлийг хүргэе. Гэхдээ үүний өмнө Б.Энх-Амгалан гэдэг хүн Дарханы замын тендерийг будилаантуулж, Монголынхоо биш Хятадын 5-6 компанид найр тавин өгч, ард түмний хөрөнгийг салхинд хийсгэсэн гэмтэйг нь дурдахгүй өнгөрч болохгүй. Хэдийгээр Засгийн газрын шийдвэр ч гэлээ ийм увайгүй, юм үзээгүй, өлөн сайдтай салбарт тийм өндөр дүнтэй төсөл үнэн шударгаар хэрэгжинэ гэдэг юу л бол.
Ямартай ч 800 сая ам.долларын төсөлтэй эхлээд танилцъя.
Засгийн газрын хуралдаанаас “Тэнгэрийн тойрог” авто зам барих төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Энэ талаар салбарын сайд хэлэхдээ “Монгол Улсын хүн амын тал хувь нь оршин суудаг нийслэл хотод агаар, хөрс, замын түгжрэл гээд олон тулгамдсан асуудал бий. Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хоёр томоохон төсөл хэрэгжүүлэх болсон” гэв.
“Тэнгэрийн тойрог” авто замын төсөл:
1. Нийслэлийн А бүсэд “Тэнгэрийн тойрог” төслийг хэрэгжүүлж авто зам барина.
2. Зам нь 6-12 метрийн өндөрт, 13 километрийн урттай, хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй, төлбөртэй, 27 орох гарах цэгтэй байна.
3. “Тэнгэрийн тойрог зам”-ыг барьснаар Улаанбаатар хотын замын түгжрэл 46, агаарын бохирдол 20 хувь буурна гэсэн тооцоо гаргасан.
4. Гүүрэн замын дагуу нийтийн тээврийн шугамыг давхар ашиглах боломжтой төслийн нийт хөрөнгө оруулалт 800 сая ам.доллар.
5. Нэг нийтийн тээврээс нэг ам.доллар буюу километр тутамд 15 центийн хураамжаар зургаан жилийн дотор зээл болон зээлийн хүүгээ нөхнө.
6. Сансрын аюулгүйн тойргоос Зүүн дөрвөн зам, урагшаа Нарантуул, Дүнжингарав, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Хан-Уул дүүрэг, Нарны гүүр наашлаад Баруун дөрвөн зам, Гэсэр сүм, 100 айл гэсэн тойргоор баригдана.
7. Зураг төсөл боловсруулах, барих, ашиглах шилжүүлэх гэсэн нөхцөлтэй 25 жилийн хугацаатай.
8. Энэхүү төсөл нь Монгол Улсыг 2050 он хүртэл хөгжүүлэх “Алсын хараа-2050”, нийслэлийн Засаг даргын Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд хийгдэх бүтээн байгуулалт гэжээ.
Ингэхдээ Засгийн газар болон орон нутгийн төсвөөс ямар нэгэн төсөв гарахгүй. Концессоор хийнэ гэх мэдээллийг салбарын сайд өгч байна. Ингэхэд ер нь хэзээнээс монголчууд концессоор төсөл хэрэгжүүлж чаддаг болчихсон юм бол? Өмнөх концессуудаа олигтойхон хийж, үр ашгийг нь хүртээгүй байж ахиад юун 800 сая ам.долларын өртөгтэй концесс вэ?
Өнөөдөр V дугаар төрөхийн барилга концессоор баригдана гээд гацаанд ороод лав л таван жил болж байна, Яармагийн дэнж дээр хүрлийсэн хар барилга байсаар. Дарханы замыг мөн л концессоор барина гээд уламжлалын дагуу тууз хайчилж, шав тавьж эхлүүлсэн. Гэтэл өнөөдөр бодит байдал дээр ямар байгаа билээ, энхэл донхол замаар явсаар эхнээсээ эрдэнэт хүний амь эрсдэж, эд хөрөнгөөрөө хохирч байна. Үнэндээ энэ улсад төрийн цэгцтэй бодлого гэж юм алга, хэн дуртай нь хэдэн тийшээ үсчиж, ард түмний халаасыг хоосолж, иргэдээ эцэс төгсгөлгүй их гай зовлонд унагааж, улам бүр ядууруулж байна.
Дүүжин тээврийн төсөл:
Монгол Улс олон Олон Улсын хөжлийн ассоциац хоорондын санхүүжилтийн хэлэлцээрээр соёрхон баталсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжих төсөл. Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг бууруулна гэж үзэж байгаа аж.
1. Нийт 60.7 сая еврогийн өртөгтэй зээлийн хэлэлцээг 40 жилийн хугацаатай, жилийн хүү нойл мянганы 76 хувь, нэн хөнгөлөлттэй 12 жилийн зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй.
2. Эхний ээлжинд Баянхошууны уулзвар, Ханын материал, III,IV хорооллын эцэс хүртэл 4.9 км дүүжин тээвэр хийнэ.
3. Дүүжин тээврээр өдөрт 22 мянган зорчигч тээвэрлэнэ гэсэн анхны ТЭЗҮ гарсан. Хугацаа 16 минут, буудал хооронд 1.6-6 км байхаар төлөвлөсөн гэнэ.
Ингээд харвал, МАН-дуулагчид 800 сая ам.доллар, 60.7 сая евро буюу нийт хоёр их наяд 403 тэрбум 33 сая төгрөгийн үнийн дүнтэй хоёр төслийг орвонгоор нь самрахаар зэхэж байна. Энэ бол Монгол Улсын нийт төсвийн 10 орчим хувьтай тэнцэх төсөв. Энэ их мөнгөөр бүхэл бүтэн 25-40 жил үргэлжлэх, ойрын хугацаандаа ямар ч үр ашиггүй, нэн яаралтай бус 13 км гүүрэн зам, 4.9 км дүүжин тээвэр барих нь хэр оновчтой бодлого вэ?
Тэгээд ч улстөрчдийн увайгүй аргыг мэдэхгүй биш бараг л эхний жилдээ төсөвт өртөг хүрэхгүй байна гээд мөнгөн дүнгээ нэмж, энэ аргаараа 40 жилийн турш буюу насаараа идэх хоолоо бэлдэх гэж байгааг хэн ч харсан тодорхой байна. Ер нь иймэрхүү төслийг гаднын өндөр хөгжилтэй оронд иргэдээсээ санал авч хэрэгжүүлдэг. Гэтэл манай том толгойтой дарга нар нэг ч иргэнээс таны мөнгийг бид ийм зүйлд үрэх гэж байна, хүлээн зөвшөөрөх үү гэж асуугаагүй.
Хамгийн арчаагүй нь, Дарханы замаа барьж чадахгүй хэвтэж байж тэнгэрийн гэмээр төсөл хэрэгжүүлнэ гээд Засгийн газар, Ерөнхий сайд нь сууж байх юм. Дэлхий дахинд коронавирусийн халдвар эрчтэй тархаж буй энэ цаг үеийг тааруулж өөрсдийн шуналаа гүйцэлдүүлж байгаа нь үнэндээ зэвүү хүргэм санагдаж байна. Хэзээнээс л МАН-ынхан хулгайч нохой шиг аливаа асуудалтай, эрх ашиг ханхалсан заваан ажлуудаа шөнө дөлөөр хэлэлцэн баталдаг аргатай. Энэ удаагийнх ч гэсэн чоно борооноор гэдэг техникээр явж байна.
Үнэндээ муу хэлээд байдаг АН-ынхан арай 2.4 их наяд төгрөгөөр 13-хан км гүүрэн зам барина гээд эргүүтээд сууж байгаагүй. Тэд “Чингис бонд”-ын 1,5 тэрбум ам. доллароор 3387 км зам, 80.000 айлын орон сууц, 1000 гаруй ЖДҮ эрхлэгчдийг дэмжиж, улмаар Амгалан дулааны станцыг шинээр барьж ашиглалтад оруулж байсан. Түүгээр ч зогсохгүй хотын түгжрэлийг бууруулахаар хотын гол замуудын уулзваруудыг судалгааны үндэслэлтэй барьж, гэр хорооллын замуудыг цементэлж, Дэд төвүүдийг байгуулах санаачилгыг хэрэгжүүлсэн. Энэ мэт тоочоод байвал тоймгүй олон ажил бий.
Угтаа дээрх хэмжээний санхүүжилтээр нэг сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий 800 жижиг, дунд үйлдвэр байгуулж болно шүү дээ. Тэрчлэн 21 аймагт хуваагаад үзвэл нэг аймагт 38 үйлдвэр эсвэл ойролцоогоор 15, 000 айлын орон сууц барьж, байгуулж болохоор харагдана. Мөн хотын түгжрэлийг арилгахын тулд орон нутгийг бүсчлэн хөгжүүлж, Улаанбаатар хотын хүн амын нягтралыг бууруулах нь хамгийн оновчтой арга, орон нутагтаа ч хэрэгтэй ажил баймаар. Уг нь үүнийг хэрэгжүүлэх тийм ч хэцүү биш л дээ.
Эцэст нь хэлэхэд, эрх баригчид 76 суудлын 65-ыг нь авчхаад, бүхэл бүтэн 3.5 жил өнгөрөхөд 2016 онд амласан давхар зогсоолуудаасаа нэгийг ч барьчхаж чадаагүй, Дарханы замаа дуусгаагүй, нэг км зам ч тавиагүй байж “Тэнгэрийн зам”, “Дүүжин зам” барина гэдэг ч ёстой инээдэм биз дээ.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"