Ц.ХАС
Агаар мандалд ялгаруулах хүлэмжийн хийг багасгах зорилгоор агаарын бохирдлыг бууруулж, дэлхийн цаг уурын өөрчлөлтийг хязгаарлах хүрээнд ярьж байгаа нэг чухал зүйл бол сэргээгдэх эрчим хүч ашиглах хэмжээг нэмэгдүүлэх замаар Дулааны, атомын цахилгаан станцуудыг ээлж дараалан жагсаалаас гаргах явдал. Энд дурдаж байгаа сэргээгдэх эрчим хүч гэдэгт нар салхины, усан цахилгаан станцууд орж байна.
Харин одоо зөвхөн нарны цахилгаан станцуудын тухай бичих гэж байна. Дэлхий дахин нарны эрчим хүчийг ашиглах явдал жилээс жилд нэмэгдсээр байгаа. 2005 онд нарны эрчим хүчнээс ердөө таван гигаватт цахилгаан эрчим хүч гарган авч байсан бол 2019 онд 692.6 гигаватт цахилгаан гарган аваад 2022 гэхэд энэ хэмжээ 1000 гигаваттад хүрнэ гэж тооцоолж байна.
Манай гараг дээрх хамгийн том, хамгийн шилдэг нарны эрчим хүчний станц энэ.
Топазын нарны ферм.
АНУ. Калифорни (1,096 ГВт)
Сан-Луис-Обиспо тойрогт 2.5 тэрбум ам.доллароор байгуулсан, нарны эрчим хүч хуримтлуулах есөн сая орчим хавтан бүхий энэ станц эхний шатандаа 550 МВт эрчим хүч үйлдэрлэж байсан бол цаашдаа 1096 ГВт эрчим хүч гарган 160 мянган айл өрх, үйлдвэр аж ахуйн газрыг цахилгаан эрчим хүчээр хангадаг байна. Үүний зэрэгцээ энэ станц нүүрс хүчлийн 380 мянган тонн хий агаар мандалд ялгарахаас сэргийлж чадаж байгаа юм.
Энэ төслийг First Solar компани боловсруулж бүхий л тоног төхөөрөмжийг нь үйлдвэрлэн нийлүүлж хоёр жилийн дотор ашиглалтад оруулжээ.
Agua Caliente-ийн станц.
АНУ. Аризона (626 ГВт)
Аризона мужийн Феникс хотоос зүүн өмнө зүгт 160 км-ийн зай дахь цөлд байрладаг энэ станцын 2014 оны дөрөвдүгээр сард ашиглалтад оруулжээ. Энэ станцын нэг онцлог нь өмнө ашигладаг шилэн ялтсын оронд First Solar компанийн үйлдвэрлэсэн нимгэн зургийн хальс ашигласнаар өртөг нь хоёр дахин хямд гарсан гэнэ. Энэ станц Топазын станц ашиглалтад орох хүртэл дэлхийд нэгдүгээрт бичигдсээр байсан юм.
Mesquite-ийн нарны станц.
АНУ, Арикона (413 ГВт)
Аризонагийн өмнөд нутгийн Мохавагийн цөл бол бол угаасаа нарны хурц тусгалаараа АНУ-д яах аргагүй өрсөлддөг газар. Энд жилийн 300 хоног нь нартай байдаг болохоор 1.5 сая хүнтэй мужийн төв Фениксээс өмнө зүгт 100 км-ийн зайд Mesquite станц байгуулсан нь 260 мянган айл өрхийг цахилгаанаар хангадаг. Энд хятадын Suntech Power компанийн бүтээгдэхүүн эрчим хүч цуглуулах 800 мянган хавтан байдаг.
Калифорнийн нарны ферм.
АНУ. Калифорни. (399 ГВт)
California Solar Ranch хэмээх энэ станц Лос-Анжелос хотоос баруун өмнө зүгт 270 км-ийн зайд 800 га талбай эзлэн байрладаг нийт 88 мянган хавтангаар эрчим хүч цуглуулан 100 мянган айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангаж байгаа нь Лос-Анжелосын ойр орчмын нийт хоёр сая айл өрхийн таван хувь гэсэн үг. Гэхдээ энэ бол том эхлэл.
Хятадын ус, нарны парк.
Хятад. Цинхай. (317 ГВт)
Энэ цахилгаан станцын нэрэнд усан гэсэн үг орсон ч уг нь бол 100 хувь нарны эрчим хүчний үүсгүүр. Хятадын хамгийн халуун газар болох Цинхай мужид байгуулсан. Сонирхуулахад хятадын нэг хүн барууны орнуудын иргэдийг бодвол дөрөв дахин их цахилгаан эрчим хүч хэрэглэдэг болохоор энэ улсад сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр тун чухал.
Каталины нарын станц.
АНУ. Калифорни. (204 ГВт)
Том хотууд нь цахилгаан эрчим хүчээр байнга дутагдаж байдаг Өмнөд Калифорни муж энэ бэрхшээлээсээ гарахын тулд Мохавегийн цөлд байгуулсан станц. Энэ станц 35 мянган барилгыг цахилгаан эрчим хүчээр хангаж, агаар мандалд ялгарах хүлэмжийн 74 мянган шоо метр хийг хорогдуулдаг. Энэ бол хот хийн ялгаруулалтаар дээгүүрт ордог Калифорни мужийн хувьд маш сайн үзүүлэлт.
Xitieshan-ий нарны ферм
Хятад. Цинхай (150 ГВт)
Өмнө дурдсан нарны тусгал хамгийн их байдаг баруун хойд нутгийн Цинхай мужид хятадын Гуандун мужийн эрчим хүчний корпорацын охин компани нарын хөгжлийн CGN 2011 онд байгуулж ашиглалтад өгсөн. Энэ үедээ дэлхийд хамгийн томд орж байсан ч одоо зургаан байр ухарч долоод ороод байгаа нь энэ.
Нарны Нинся Qingyang парк.
Хятад. Нинся (150 ГВт)
Хятадын нар хамгийн их тусдаг газрын нэг Нинся-Хуэй автономит тойрогт 2.3 хавтгай дөрвөлжин км талбай эзэлдэг энэ станц эрчим хүч үйлдвэрлэхийн зэрэгцээ усны ууршилтыг багасгаж энэ нутгийг цөлжихөөс хамгаалдаг байна.
Перовогийн нарны станц.
Украин. Крым (133 ГВт)
Австрийн эрчим хүчний Activ Solar компанид харьяалагддаг нарын эрчим хүчний энэ станц 16 мянган айлыг цахилгаан эрчим хүчээр хангадаг. Тухайн үедээ Украинд нарны үүсгүүрийн эрчим хүч харьцангуй өндөр байсан ч одоо Крым нь Оросын мэдэлд шилжсэн болохоор ямар болсныг бүү мэд.
Невадагийн умардын Мөнгөн төсөл. АНУ. (122 ГВт)
Хэт нимгэн ялтсын нарны эрчим хүчний энэ төслийг өмнө дурдсан First Solar боловсруулж хэрэгжүүлсэн. Энэ станц Невада, Калифорни мужийн 15000 мянган айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангаж байна.