Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Р.Энхбат: Хүүхэд байх амаргүй шүү дээ

“Адмон” группийн ерөнхий захирал Р. Энхбаттай ярилцлаа.

-“Хүүхдийн ном сайн болох тусмаа борлуулалт муудаад байгаа” гэсэн үү. Яагаад тэр вэ?
-Хүүхэд байх амаргүй шүү дээ. Маурис Сендак дэлхийд нэрд гарсан хүн. Тэр “Хүүхэд байх хэцүү шүү” гэж хэлсэн. Тэр үг миний сэтгэлд хачин их нийцсэн. Бүгд л хүүхэд насыг туулсан. Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол бушуухан суугаад очих юм сан гэж ярьцгаадаг шүү дээ. Эргээд бодоход хүүхэд нас асар их дарамтад өнгөрдөг юм байна. Хүүхэд бол ээж, аав хоёрын дунд бөмбөрч байдаг юм биш. Хүүхдийн эргэн тойронд байдаг өч төчнөөн хүмүүсийн хандлагыг хүүхэд мэдэрч байдаг. Хүүхэд бүх хүнийг хүндэтгэх ёстой. Гэтэл хүүхдийг хүндэтгэх ёстой биш. Ингээд бид худлаа ярьцгаадаг юм байна.
Сендак “Мангасуудын оронд” гэдэг номондоо багт наадмын хувцас өмсч тоглож байгаад ээждээ загнуулж, өрөөндөө хөөгдөж орж байгаа хүү орон дээрээ хэвтэж байхдаа төсөөллийн ертөнцөд аялдаг тухай өгүүлдэг. Хүү явсаар байгаад Мангасуудын оронд очно. Ер нь хүүхэд мангасаас айдаггүй, мангастай номонд дуртай юм байна. Бид бодохдоо мангас муухай, хүүхэд зүүдэлнэ гээд өөр гоё, хөөрхөн зурагтай ном хүүхдэдээ авч өгдөг. Яг үнэндээ тийм биш. Мангасуудын оронд хачин хачин мангасууд байж. Мань эр очингуутаа тэдэн рүү муухай харж л дээ. Нөгөө мангасууд нь харин хүүгээс айжээ. Хүү ч зориг орж, сүүлдээ мангасуудаа захирч гарна. Мангасууд хөөрхий, хүүгийн үгэнд ороод л. Хүү тэдэнтэй ханатлаа тоглож. Тоглож байхдаа мангасуудаа яг ээж нь загнадаг шиг загнаж. Тэр хүүхдийн мөрөөдөл ханатлаа тоглох байж. Сүүлдээ ядраад “Би харилаа, ээждээ очлоо” гэнэ. Усан онгоцонд суухад нөгөөдүүл нь “Бидэнтэй тогло л доо, битгий яваач” гэж. “Үгүй ээ, би ээжийгээ санаж байна” гэж хариулжээ. Гэртээ ирэхэд ээж нь халуун хоол хийсэн байж. Гэртээ ирэхэд сайхан санагдаад зохиол төгсдөг. Үүнийг хүүхдүүд хачин их сонирхож байна. Хүүхэд булбарай хөөрхөн, янз бүрийн муухай зураг үзүүлж болохгүй ч гэдэг юм уу, дандаа хөөрхөн юм үзүүлсээр байгаад том болгоно гэсэн энэ бодол ерөөсөө биш гэдгийг монголчууд ойлгох хэрэгтэй. Сендакийн хэлсэн бас нэг үг байдаг. “Түүнийг ч хүүхдэд хэлж болохгүй, үүнийг ч ярьж болохгүй’’ гэсэн зааг ялгаа огт үгүй. Хэлэх гэж буй зүйл чинь үнэн л бол хүүхдэд тэр бүхнийг ярих хэрэгтэй” гэсэн. Хүүхэд багаасаа л том хүнтэй адил бүх юмыг ойлгож, мэдэж, тэр бүхнийг хүүхдэд тайлбарлаж явах ёстой болохоос биш хүүхэд гэхээрээ л зарим юмыг үзэж харж болохгүй гээд хүүхдээ вакумдчихдаг юм байна. Хүүхэд нас уг нь аз жаргалтай өнгөрөх ёстой. Гэтэл бид тэр аз жаргалыг нь өгдөггүй. Зүгээр л худлаа ярьдаг юм байна. Энэ хандлага буруу. Миний аз жаргал оюутан цагаас эхэлсэн гэж боддог. Түүнээс өмнөх нь хэцүү байсан. Бид ингэж үнэнээр нь ярьж бичихгүй, асуудалд хандахгүй л бол өөрсдийгөө ч, хүүхдээ ч хуураад л явна. Хүүхэддээ сайн сайхан юм хийж байна гэж итгээд түүнийхээ эсрэг явж байна.
Хүүхдүүдэд муу муухай юм үзүүл гэсэн санаа биш шүү. Бодит амьдралыг гоёчлох шаардлагагүй. Амьдралд байдаг юмнуудыг тайлбарлаад үзүүлж харуулахад хориглож цээрлэх юм байхгүй. Гол нь асуудлын мөн чанарыг ярих тусам хүүхэд амьдралыг үнэн мөнөөр нь ойлгоно. Монголчууд бид хүүхдийн хүмүүжлийн талаар үнэндээ ярихгүй байна л даа. Энэ бидний хамгийн их ярьж байх ёстой сэдэв боловч тэгэхгүй байна.
-Та хүүхдийн ном хийдэг хүний хувьд монгол хүүхэд гэж өөр байх уу, эсвэл орчин үеийн хүүхэд гэдэг утгаараа америк, орос, хятад хүүхдүүд бүгд адилхан уу? Яаж хүүхдүүдийг мэдэрч, зориулж бүтээл гаргадаг вэ?
-Хоёр ойлголт ярих ёстой байх. Нэг хэсэг нь юу хэлээд байна гэхээр өнөөдрийн хүүхдүүд огт өөр болсон, индиго хүүхэд гээд янз бүрийн нэр өгдөг. Үүн шиг худлаа юм байхгүй. Намайг бага байх үеийн хүүхэд өнөөдрийн хүүхэд адилхан. Зөвхөн орчин нөхцөл нь өөр. Орчин үеэс хоцорсон, компьютер хэрэглэж чадахгүй хүмүүс хоёр, гурван настай хүүхэд утсаар тоглоод, учрыг нь олоод эхлэхээр гайхаж шүтээд, “Орчин үеийн хүүхэд өөр болж” гээд ярьдаг. Энэ нь бидэнд хүүхдийн тухай ямар ч ойлголт алга л гэсэн үг. Зүгээр л харагдах байдлаас дүгнэж байна шүү дээ. Түүнээс биш хүүхдийн мөн чанар өөрчлөгдсөн, онцгой ялгаа гарсан юм байхгүй. Энэ дэлхийн аль ч улс оронд иймэрхүү яриа гардаг. Гэхдээ өндөр хөгжилтэй орнуудад бол ялангуяа сургалтын байгууллага, сургууль, цэцэрлэг нь ингэж хардаггүй. Манайд бол хүн болгоны амнаас тийм үг гардаг. Зарим талаар хүүхдээ шүтсэн хүмүүс болчхоод байгаа юм.
Хоёрдугаарт, бид хүүхдүүддээ зориулж нас сэтгэхүйн онцлогт нь тохирсон бүтээл хийхгүй байна л даа. Жишээлбэл, өнөөдөр хүүхдийн дуу, шүлэг жүжиг, кино хэн хийж байгаа юм бэ. Үндэсний олон нийтийн телевизийн хүүхдийн нэвтрүүлэг ичмээр юм гарч байна. Монголчууд бид өнөөдөр хүүхдийнхээ хоол хүнс, хувцас хунарыг нь анхаардаг. Гэсэн ч тархи толгой, хүний оюун санааг бүрдүүлдэг хэсэгт анхаарахгүй байна. Тэгээд гаднын улс орнуудын өөрсдийн хүүхдүүдэд зориулсан юмыг л харж, баясч байна шүү дээ. Хүүхэд гэдэг нийгэмшээгүй, цэцэрлэгийн болон бага ангийн хүүхдүүд цагаахан цаас, муу санаа суугаагүй, худлаа хэлэх шаардлага байхгүй. Тэд юмыг байгаагаар нь хүлээж авдаг. Хүүхэдтэй ажиллахад гоё тал нь энэ. Бид шинэ ном хийгээд хамгийн түрүүнд хүүхдийн цэцэрлэгт очдог. Хүүхдүүдэд уншиж өгдөг. Тэгээд хүүхэд яаж хүлээж авахыг хардаг л даа. Аль ч орны хүүхэд нас, сэтгэл зүйн онцлогоороо хүлээж авч байгаа нь адилхан. Түүнээс биш монгол, орос хүүхэд өөр биш. Нас нь ахих тусам нийгэмшил нөгөө хүүхдэд нэвчээд, гадны нөлөөлөл нэмэгдэж, насанд хүрэгчдийг дуурайж, тэдний нэг хэсэг болж хувирдаг. Хүүхэд насандаа бүх юмыг үнэнээрээ хүлээж авч, илэрхийлдэг. Тийм учраас бидний хэрэглэгч хүүхдүүддээ зориулсан номнуудыг хүүхдүүдээс асууж, тэдний юу сонирхож байгааг харж судалж, хийх гэж оролддог л доо.
-Ирээдүйн тухай ярихаар илүү цахим болж, техник технологийг шүтэж, яваандаа хүн роботтой өрсөлдөхөд хүрэх ч юм шиг. Эсвэл илүү хүний дотоод сэтгэл, хайр, зүрх сэтгэлийг чухалд үзэх ч юм шиг сэтгэгдэл төрдөг. Та үүнийг яаж мэдэрдэг вэ?
-Би социализмын үед сурч байлаа. Социализм гэдэг материал техникийн бааз байгуулахад инженерүүд их хэрэгтэй байлаа. Гэтэл өнөөдөр байдал өөрчлөгдсөн. Харамсалтай нь манай боловсролын системд нийгмийн энэ өөрчлөлт тусаагүй л дээ. Ерэн оноос хойш ерөнхийдөө бидэнд юу чухал болсон бэ гэхээр нийгмийн тухай ойлголт, хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахуун. Ёс суртахуунгүй хүн хэчнээн мундаг инженер байгаад тэр нь тийм ач холбогдолтой биш. Нэг үгээр хэлбэл ёс суртахуунтай хүн юм мэдэхгүй байж болно. Гэхдээ өөрт хэрэгцээтэй мэдлэг олж авч эзэмших дадалтай байдаг. Ёс суртахуунтай байна гэдэг нийгэмд өөрөө өөрийгөө авч явах чадварын тухай ярьж байна шүү дээ. Би цаашдаа яаж амьдрах, яаж гэр бүл зохиох, бүх юмаа гадарладаг. Тийм учраас нийгмийн харилцаа ёс суртахуун хүмүүс хоорондын оршин тогтнолын асуудал дээр байгалийн ухаанаас илүү хүмүүнлэгийн ухаан илүү чухал болсон. Үүний гол шалтгаан бид хувь хүн болж, төлөвшиж, ардчилал бий болно шүү дээ. Гэтэл социализмд хувь хүн болж төлөвших асуудал нэгдүгээр эгнээнд байсангүй. Хувь хүн болж төлөвшинө гэдэг маань хүн болгон өөрийн гэсэн бодолтой, түүгээрээ амьдрал ахуйгаа авч явдаг байх юм. Түүнээс биш хэн нэг хүний үгэнд ороод, бусдын түлхээсээр, эсвэл олны дунд танигдахгүйхэн шиг явах асуудал биш. Хүн болгон өөрийн гэсэн бодолтой, шийдвэртэй бол ардчилал, улс орны хөгжил үүн дээр тогтдог юм байна. Тийм учраас ёс суртахууны асуудал дижитал ертөнц, ирээдүйтэй огт хамаагүй. Хүмүүс хамтарч ажиллаж, амьдарч байгаа тохиолдолд ёс суртахууны асуудал байж л таарна. Эсвэл хоорондоо хамтраад амьдарна, эсвэл нэг нэгэндээ дайсан болно гэсэн үг. Өнөөдөр хүмүүс нэгийгээ мөнгө гэж харж байна. Хүн болгон ашиг яаж хийх вэ гэж харж байна. Түүнээс биш агуулгыг, хүн чанар чухал биш. Мөнгө л байвал аз жаргалтай болно, бүхнийг хийнэ гэсэн ойлголт давамгайлсан шүү дээ.
Энэ байдал үргэлжлэх шинжтэй. Телевизээр нийгмийн ёс суртахуунд анхаарал тавья гэсэн үг хэллэгүүд явдаг л даа. Аман дээрээ ингэж ярьдаг ч хэрэгжүүлж байгаа нь ховор.
-“Мон судар”-аас “Соён гэгээрлийн өдрүүд”-ийг жил болгон зохион байгуулдаг. Монголчуудыг соён гэгээрүүлэх, гэрэл түгээх гэж олон жил зүтгэж яваа. Энэ бүхний дараа та ямар мэдрэмжтэй үлдэж байна вэ?
-Ном гэдэг сэдэв байдаг. Жишээлбэл хүүхдийн ном хийлээ гэхэд бид хүүхдэд юу хэрэгтэй, эцэг эхчүүд нь хүүхдээ яаж анхаарах гээд бидний өдөр тутам ярьдаг сэдвүүд. Энэ болгоноос аваад үзэхэд бидэнд юу үгүйлэгдэж байна вэ. Бид юуг мэдэхгүй байна вэ. Бид юу хийх ёстой юм бэ гэдэг асуудал дандаа л ургаж гарч ирдэг юм л даа. Тэгээд бид “Соён гэгээрлийн өдрүүд”-ээр үүнийгээ л ярихыг хичээдэг. Түүнээс биш хүмүүсийг гэрэлтүүлээд, тэднийг сайхан гоё болгож байгаа юм биш л дээ. Ер нь ийм байна, та нар юу гэж бодож байна? Энэ маягаар хүмүүсийн асуудлыг нийгмийн сэдэв болгож, нийтээрээ ярьж, зөв бурууг ялгаж салгах, чиг баримжаагаа олоход нь тус нэмэр болох маягаар хийдэг. Хүүхдийн ном зохиолтой холбоотой асуудал ийм байхад, монгол хэлний хичээл сонирхолгүй байдаг нь юунд байдаг юм бэ гэж бид нэлээд судалсан л даа. Судалж судалж, хүмүүстэй ярилцаж, “Соён гэгээрлийн өдрүүд”-ээр ярилцсаны эцэст юу ойлгогдож байна гэхээр хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон унших материал байдаггүй юм байна. Унших материалын хомсдолд орсон юм байна. Хүүхдүүд хичээл дээрээ хэдэн зуун жилийн өмнөх судар шастираас уламжлал ёс заншил гэдэг нэрийн дор янз бүрийн сургаал зүйр цэцэн үг хоосон цээжлэх маягаар явж болохгүй л дээ. Тэр бүхнээс хүүхэд юм авч үлдэхгүй байна. Уншина гэдэг хоол тэжээлтэй адил хүнд шингэдэг зүйл. Уншиж байгаа материал нь хүнд шингэх бус хүүхдийг сургах маягаар явж ирлээ л дээ.
Өнөөдөр ардчилсан нийгэм байгуулж байгаа боловч захиргаадах аргаар хүүхдээ хүмүүжүүлж ирсэн уламжлалтай. Хүүхдийг хүмүүжүүлэх уламжлалт арга ямар байв, ардчилсан нийгэмд үүнийг өөрчлөх хэрэг байна уу, үгүй юү? Ийм сэдвээр ярилцдаггүй. Ийм сэдвээр яриа хөөрөө өрнөсний эцэст сургалтын хөтөлбөр гарч, аав ээж ухаарч явах ёстой. Ийм юм ярьж байгаагаа л соён гэгээрэл гэж байгаа юм шүү дээ. Түүнээс биш бид ямар нэг зам зааж, чиг баримжаа гаргаад, үүгээр яв гээд байгаа юм биш. Арван жилийн турш жил бүр компанийнхаа хүрээнд “Соён гэгээрлийн өдрүүд” хийлээ. Энэ хугацаанд энэ арга хэмжээг хамт хийе, дэмжье гэх байдлаар ямар ч санал санаачилга ирж байгаагүй. Эргээд харахад өөрсдөө л кайф аваад хийгээд байсан юм шиг бодогдож байна л даа. Нөгөө талаар бас бидэнд харагдахгүй, мэдэгдэхүйгээр юм өөрчлөгдсөн байгаа юм. Арван жилийн өмнө соён гэгээрэл гэдэг үг хэрэглэгддэггүй шахам байсан. Өнөөдөр энэ үгийг хамаа намаагүй хэрэглэдэг болсон. Юм ингэж л урагшилдаг юм байлгүй. Эхлээд нэрийг нь хэрэглэж сурдаг юм байлгүй дээ. Агуулгыг нь ойлготол хэдэн жил болохыг мэдэхгүй. Соён гэгээрлийн талаар бид нэгдсэн ойлголттой болох учиртай.
-Гадныхан таны соён гэгээрүүлэх ажлыг үнэлсэн. Германчууд Гёте медалиа хүртэл танд олгосон юм биш үү?
-Яах вэ, нийгмийн соён гэгээрэл, хэвлэн нийтлэл, нийгэмд хандсан ажил хийдэг ганцаардсан хүмүүсийг дэмжих зорилго бас байдаг юм болов уу даа. Зөвхөн би биш өөр орны тэмцэл явуулсан хоёр хүнийг шагнасан. Энэ шагнал бидэнд няцаж болохгүй гэсэн урам зориг өгсөн юм. Заримдаа за больё доо, хэдий болтол ингэж явах юм гэсэн бодол орж ирдэг. Тэд шагнаад орхичихдоггүй юм билээ. “Та манай шагналын эзэн болсон. Та ямар нэг төсөл санаачлаач, таны ажлыг дэмжье” гэсэн бодитой санал тавьсан. Би гайхсан л даа. Ямар гоё юм бэ гэж бодогдсон. Швейцариас Европ руу явах ажилтай байсан. “Та манайд ирээч хоёр өдрийн уулзалтад оролцооч” гэсэн. Тэд Монголд ирж, Соён гэгээрлийн ажилд оролцож байсан хүмүүс л дээ. Нутгийнхандаа биднийг танилцуулаад, хандив босгож таны ажлыг дэмжье гэсэн юм. Нэг клуб байдаг юм билээ. Тэнд хүмүүс гадаад дотоодод хийсэн ажлаа ярьдаг юм байна. Өндөр хөгжсөн орнуудад өнөө маргаашийн хоол хүнс асуудал биш. Энд тэндэхийн хүмүүсийн асуудлыг ярилцах оюунлаг амьдралын хэв маяг бий болсон юм билээ. Хүнийг яаж хүндэлж болдгийг мэдрээд би бас бусад хүмүүс тийм хүндлэлийг мэдэрвэл гоё юм даа гэж хүртэл бодсон шүү.
-Монголд хэвлэгдэж байгаа хүүхдийн номуудыг харахаар эсвэл дэлхийн шилдэг гэгддэг хүүхдийн номуудыг орчуулж гаргаж байна, бас танайх шиг “Монголын нууц товчоо”, “Жангар” тууль гэх мэтээр уламжлал, соёлыг орчин үеийншүүлж, хүүхдүүдэд “орчуулж” хүргэж байна. Таны хүсээд байгаа агуулгыг бичих хүүхдийн зохиолч хэр олддог вэ?
-Хүүхдэд зориулсан юу байна вэ гээд харахаар үнэндээ ховор. Яагаад гэхээр хүүхдийн ном зохиол бичээд амьжиргаагаа залгуулах боломж хомс. Хүүхдээ хайхардаггүй, хүүхдийнхээ эрэлт хэрэгцээнд нэг их ач холбогдол өгдөггүй хүмүүс оюуны бүтээлд мөнгө зарахгүй. Хүүхэддээ ном авч өгөхийн оронд чихэр авч өгч байна шүү дээ. Бид хүүхэддээ эрүүл хүнс өгье гэж боддог. Хүүхдээ дааруулахгүй явуулах гэж хичээдэг. Гэхдээ хүүхдээ ирээдүйд хүн болж төлөвшихөд нөлөөлөх үнэт зүйлтэй, сэтгэл зүрхэнд нь шингэж чадах ном бүтээлийг үнэлэхгүй байна л даа. Хүүхдийн ном бичиж байгаа хүмүүс хүүхдээ ойлгох учиртай. Хүүхдээ ойлгохгүй бол яаж хүүхдэд хүрсэн ном бичих юм. Үүнийг ярилцъя гэж Соён гэгээрлийн өдрүүдийг зохиож, хүүхдийн ном зохиолын тухай ярьдаг. Хүмүүс хүүхэддээ ном авч өгч байна аа. Гэхдээ олонх нь хүүхэддээ ном бус саатуулах хэрэгсэл авч өгдөг. Яаж энэ хүүхдийг чимээгүйхэн шиг байлгадаг юм билээ. Өөрөө өөрийгөө саатуулаад байж байвал зүгээр сэн гэж бодож авбал түүндээ л таарсан ном сонгодог юм билээ. Хүүхдийн номыг бас эцэг, эхчүүдэд зориулсан байдаг. Эцэг, эх нь эхлээд энэ номыг уншиж ойлгоод, дараа нь хүүхэдтэйгээ энэ сэдвээр ярилцах учиртай. Тэгэхгүйгээр хавтасных нь зургийг хараад “хөөрхөн” ном аваад л хүүхэддээ өгөөд “Ээж, аав нь ажилтай, хоолоо хийлээ” гээд орхивол ач холбогдол багатай. Хүүхдийн номыг хүүхэдтэйгээ хамт хэрэглэх ёстой. Энэ сайн ном гэнэ лээ гээд авах бус өөрөө уншаад юу нь сайн юм бэ гэдгийг мэдэрвэл зөв. Энэ бол их хөдөлмөр шүү. Хөдөлмөрлөж байж үр дүн гарна.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com