Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
“Сибирийн шар шувуу” хэмээх Иван Кульбертинов 252 фашистыг устгасан

Ц.Хас

 Гитлерийн Германтай Зөвлөлтийн улаан арми, ард түмний хийсэн Аугаа их Эх орны дайны жилүүдэд буриад, якутын анч удмын дайчид мэргэн буудагчдын батальонд орж дайсны цэргүүд, ялангуяа даргалах бүрэлдэхүүн, офицерууд, мэргэн буудагчдыг олноор нь устгаж байсан. Зөвхөн Якутаас дайчлагдан ирсэн цэрэг-мэргэн буудагчид дайны дөрвөн жилд дайсны 1.1 мянган цэрэг, офицерыг устгасан нь хүүхэд байхаасаа өвөг болон эцгээ дагаж ан хийж байхдаа эзэмшсэн ур чадвар байсан юм.
Якутууд тулааны талбарт халуун хүйтнийг тэсвэрлэж, нуугдах, дайснаа отож хонуутаар өлсч цангах, тэвчээр хатуужлаараа гайхагдаж, энэ ч хэрээрээ товлосон дайснаа нэг л буудаад сөнөөдөг байснаараа цэрэг дайчид төдийгүй арми, фронтын командлалын түвшинд гайхагддаг байжээ.
Тэдний нэг Зөвлөлтийн улаан армийн шилдэг мэргэн буучдын нэг Якутын Иван Кульбертиновыг немцүүд бүр андахгүй “Сибирийн шар шувуу” хэмээн нэрийддэг байжээ.
Түүний өөрийнх нь тайлан, бууныхаа мөрлөгч дээр тэмдэглэсэнчлэн тэр дайны талбарт дайсны 252 цэрэг, офицерыг устгасан байна.

Дайснуудын үзэн ядаад байгаа энэ хүн чинь хэн бэ

 Иван Кульбертинов 1917 онд Орос оронд Октябрийн хувьсгал ялж байхад Хятны голын эрэг хавийн ядуу анчин эвенкийн гэр бүлд төрсөн байна. Тэр цагт төрсөн он сар, өдрөө хэн хүн, ялангуяа хязгаар нутгийнхан тухайлдаггүй байсан ч “Аврор”-ын буудлага, нийгмийг өөрчилсөн хувьсгалын жил төрсөн гэж тэрээр өөрийгөө хэлдэг байж. Үүнтэй ч холбоотой юм уу, хүүг Иван гэж нэрлэсэн байна.
Түүнийг төрсний дараахан эцэг Николай Романович Кульбертинов нь нас барж, хүү өвчтэй эх Анна Васильевнатайгаа үлджээ. Сургуульд нэг их сурсангүй 10 насандаа ахаасаа ан хийх мэргэжлийг суралцаж, нүүдэлчдийн аж амьдралаар амьдран цаа бугаа маллан, ан хийж амьдарч байтал “Дайн” гэдэг аймшигт үг Орос орныг бүхэлд нь айлган сэрдхийлгэсэн мэдээтэй учирч. Иван Кульбертинов цэрэг татлагын комисст очиж ердөө л “Амьтныг бол нүдэнд нь онодог, одоо фашистуудыг устгамаар байна” гэж хэлсэн гэдэг.
Түүнийг өөрийнх нь хүсэлтээр 1942 оны зургадугаар сарын 12-нд Улаан армийн эгнээнд татаж Уралд цэргийн бэлтгэл хийлгэсэн байна. Ингээд хамгийн эхлээд Демьянскийн дэргэд байрлаж байсан Баруун хойд фронтод хуваарилагдан очжээ. Эхэндээ түүнийг тагнуулын салаанд хуваарилсан ч 1943 оны хоёрдугаар сард мэргэн буудагчдын салбарт оноожээ. Мэргэн буудагчийн тайлангаа Иван Кульбертинов 1943 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр нээсэн байдаг.


Түүний гол зорилго бол мэдээж, дайсныг, гэхдээ даргалах бүрэлдэхүүн, мэргэн буудагчдыг устгах явдал байв. Иван Кульбертинов харин энэ үүргээ онц сайн биелүүлж, анчин эр нэг л буудалтаар зорилгодоо хүрч байлаа. Мэдээж мэргэн буудагч хүнд нэг цаг минутын хором бүрийг үнэлж цэгнэх хүлээцтэй байх, шаардлагатай үед нэг байрлалдаа хоол ундгүйгээр нэг хоёр өдөр ч хүлээх зэрэг нь түүний хувьд Сибирийн тайгад бага наснаасаа суралцсан эрдэм нь байв.
И.Кульбертинов өөрөө энэ талаараа “Хориглолтод хоёр дахь хоногтоо хэвтэж германчууд хаана байгааг тагнан хэвтэх хэцүү. Ийм хэцүү цагт Сибирийн тайгад ан амьтан отож хэвтэхээ бодох нь миний сэтгэлийг амраадаг байсан. Бүхий л дайснаа умрын туяа руу илгээх юм сан гэж боддог сон. Германчууд байлдааны хэрэгслээ ачиж байгааг харахад нэг л шатаагч сумаар энэ бүхнийг нь дэлбэлчих сэтгэл төрдөг. Тэгээд л бүх зүйл нь сансарт хөөрөн асар их утаа тортог, тоос тэнгэрт хөөрч хэдэн арван фашист амь алдахыг мэдрэх сайхан” гэж дурссан байдаг.
Эх орон ч түүний гавьяа зүтгэлийг үнэлж “Эр зоригийн төлөө”, “Алдар”-ын одонгийн гурван зэргээр шагнасан байна. Зөвлөлт холбоот улсын баатар цолд хоёр удаа тодорхойлсон ч өгөөгүй гэнэ. Нэг хорооных нь ахмад дайчид түүнийг Моравско-Остравскийн чиглэлд дайтаж явахад фашистын шилдэг мэргэн буудагчтай халз тулан дуэль хийж Егерийн “Ваффен СС”-ийн тусгай салбарын мэргэн буудагч нэг штурмбанфюрер, хоёр оберштурмбанфюрерийг устгасан юм шүү гэж дурсч байжээ.
Чернигов хотын орчим Оросын мэргэн буудагчид багагүй хохирол амсч байснаа Иван Кульбертинов өрсөлдөгчөө амжилттай устгасан байна. Энэ бол фашистын өнөөх л ассуудын “Ваффен СС”-ын тэмдэгтэй мэргэн буудагч байж. Харин якут мэргэн буудагч ус ч үгүй, унд ч үгүй суун түүний алхам, хөдөлгөөн бүрийг мөрдөж толгой өндийх зав өгөхгүй байсаар устгасан гэсэн штабын тайланд бичсэн нь мэргэн буудагч Иван Кульбертинов байжээ.

 Намар нь Мукачево хот дотор, нэг байшингийн хананд “Болгоомжил Кульберт” “Achtung Kulbert! гэсэн самбар хадсан байсан бол Карпатын өөр нэг тосгонд германчууд бас л “Болгоомжил. Сибирийн шар шувуу” “Achtung-Der sibirischen mitternacht” гэсэн анхааруулга бүхий самбар өлгөсөн байжээ.
Ийм байдлаар И.Кульбертинов нэг хороо, дивиз, армийн хэмжээнд төдийгүй, дайснуудынхаа дунд ч нэр алдар нь түгж, түүнээс айж, эмээн, нэг нэгэндээ анхааруулж байж. Түүний энэ баатарлаг гавьяаны үндэс нь ердөө л “байлдааны” бие бялдар, сэтгэхүйн бэлтгэл. Иван Кульбертиновын хувьд цэргийн алба хааж, энэ бүх бэлтгэлийг хийгээгүй ч Тайгад ан хийж явган гүйж, ангаа хүлээж, амьсгаа даран сууж, онилж байсан нь нэг ёсны байлдааны бэлтгэл сургуулилт байсан хэрэг.

 “Хүн алах аймшигтай юу” гэсэн асуултад тэрээр “Дайны үед би өөрийгөө яг л ан хийж яваа юм шиг бодож сэтгэж, фашист бол аймшигт араатан, маш хурдан л устгахгүй бол болохгүй гэж бодож байсан” хэмээн хариулсан байдаг. Иван Кульбертинов уг нь Азийн хүний жишгээр ердөө нэг метр 54 см өндөртэй, 53-хан кг жинтэй атлаа фашистын нэг хороотой тэнцэх хүнийг устгаж чадсан байдаг.
Өөрөө ингэж дайтаж, мэргэн буудагчийн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ 35 залуу дайчныг мэргэн буудагчийн эрдэмд сурган дадлагажуулсан байдаг. Тэрээр залуу мэргэн буудагчдад “Бусдыг дуурайх гэсний хэрэггүй, өөрийнхөө арга барилыг ол. Шинэ байрлал олох, нуугдаж хамгаалах аргаа өөрөө хай. Дайсны ар талд орж явахаас битгий ай, зүү ашиглаж болох үед сүхээр бүү цавч” гэж сургадаг байсан гэдэг.
Иван Николаевич Прагын бослогын дараа 1947 оны есдүгээр сард эх орондоо эргэн ирж, дасч сурснаараа ан ав хийн амьдарчээ. Гэхдээ түүний амьдрал нэг их сайхан байсангүй. ЗХУ-ын баатраас бусад шагнал, алдар хүндийг авчирсан түүнд атаа жөтөө, элдэв янзын хэл ам үргэлж эргэлдэж байлаа. Гэхдээ тэрээр энэ бүхнийг үл тоон, Тайгын анчны бардам зангаар аж төрж байж. Зөвлөлтийн улаан арми, командлал түүний гавьяа зүтгэлийг үнэлж “ТТ” гар буу, “Чайка” автомашинаар шагнасан ч гэсэн түүний гавьяаг жинхэнэ ёсоор үнэлээгүй өнгөрч.
Тэрээр фронтоос эргэж ирсэн 1947-48 оны өвөл гэхэд л 900 хэрэм агнаж улсын төлөвлөгөөг биелүүлж байсан бол дараа жилээс нь агнуурын фермд анчин хийж 32 хандгай, найман баавгай, 2500 хэрэм, 86 булга агнаж байж. Энх цагийн энэ хөдөлмөрөөрөө тэрээр 1968 онд дуран хараатай карбин буугаар шагнуулж байжээ.
Түүний амьдарч байсан Токкины хамтралд чоно элбэгшиж мал сүрэг бугад хохирол учруулаад байж. Туршлагатай анчин үүнийг аюулгүй болгоё хэмээн шийдэж бүр амласан байна. Хашир туршлагатай анчин эндээ “отох” арга хэрэглэхээр шийдэж. Тэрээр чонын замыг отон, нуугдаж тэвчээртэй хүлээжээ. Чонын сүрэг гараад ирэхэд юун түрүү яаран будахгүй хүлээж байгаад бүгдийг нь урхинд оруулан намнаж чадсан байна. Ийм байдлаар 1979 онд 11 чоно агнаж бугын сүргээ зэрлэг араатнаас хамгаалж чаджээ.
Эх орны дайны ахмад дайчин түүнийг зарим нэгэн нь атаа жөтөө элдэв янзаар хүлээн зөвшөөрдөггүй байсан ч, улс эх орон, районд, дүүрэг, олон түмэн ямагт хүндлэн дээдэлж байсан гэдэг. Алдарт мэргэн буудагч Иван Николаевич Кульбертинов 1993 онд 76 насандаа өөд болсныг Якутын Тянь Олекминий тосгоны оршуулгын газарт оршуулж хожим нь Усть-Неред түүний дурсгалд зориулан хөшөө босгосон байна.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com