Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
О.Амартүвшин: Ипотекийн зээлийг тодорхой хугацаанд хойшлуулбал том дэмжлэг болно

 Коронавирусийн халдвар Монголын бизнесийн орчинд хэрхэн нөлөөлж буй талаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшинтэй ярилцлаа.

-Ухань хотоос гаралтай коронавирусийн халдвар дэлхийн хэмжээнд тархаж, ДЭМБ-аас пандамек зарлаад байна. Манай улсад ч энэ вирусийн анхны тохиолдол Францын иргэнээс бүртгэгдлээ. Та бүхний тухайд онцгой дэглэмийн үед ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-МҮХАҮТ-аас хөрш Хятад улсад шинэ коронавирусийн халдвар гарсантай холбогдуулан хорио цээр, хязгаарлалтын арга хэмжээ авсан цагаас энэ чиглэлд анхаарлаа хандуулан ажиллаж ирлээ. Юуны түрүүнд хилийн боомтуудыг хаах арга хэмжээг авсантай холбогдуулан хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд гарч болох хомсдол, үнийн өсөлт зэргийг тодорхойлох зорилгоор уулзалтуудыг зохион байгуулж, гадаад худалдааны мэдээнд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр будаа, элсэн чихэр, гурил, хүнсний ногоо зэрэг бараануудын хомсдол, үнийн өсөлтөөс сэргийлэхэд шаардлагатай арга хэмжээний саналуудыг УИХ, Засгийн газарт хүргүүлсэн. Бизнест хүнд нөхцөл байдал бий болсонтой холбогдуулан МҮХАҮТ-аас олгодог давагдашгүй хүчин зүйл, хүнд нөхцөл байдлын гэрчилгээний хураамжийг тодорхой хугацаанд 100 хувь чөлөөлсөн.

-Монголд вирусийн эсрэг арга хэмжээг авч эхлээд хоёр орчим сарын хугацаа өнгөрч байна. Танхим энэ хугацаанд бизнес эрхлэгчдэд тулгарсан хохирлын хэмжээг тооцож үзсэн үү?
-Одоогоор хохирлын хэмжээ гэж гаргаж хэлэхэд эрт байна. Харин танхимаас Covid-19 вирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний бизнест үзүүлж байгаа нөлөөг судалж гаргасан.Энэхүү судалгааг 2020 оны гуравдугаар сарын 3-4-нд явуулж, 1100 аж ахуйн нэгж хамрагдсан. Судалгаанд оролцогчдын 89.5 хувь нь вирусийн халдвараас сэргийлэх арга хэмжээ дунд ба маш их хэмжээгээр нөлөөлсөн гэж байгаа бол дөнгөж 2.2 хувь нь нөлөөлөөгүй гэж үзсэн. Бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгаа талаар тодруулан асуухад 57.7 хувь нь бараа үйлчилгээний эрэлт буурсан, 40.1 хувь нь тээвэр ложистик доголдсоноос бараа үйлчилгээг хугацаанд нь нийлүүлж чадахгүй болсон нь хамгийн их нөлөөлөл байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан бизнест үүсээд буй хүндрэлд зээлийн эргэн төлөлт, түрээсийн төлбөр гэсэн асуудлуудыг нэрлэсэн. 2020 оны эхний хагас жилийн тухай компанийн орлогод хэрхэн нөлөөлөх талаар 46.4 хувь “орлого 30 ба түүнээс дээш хэмжээгээр буурна гэсэн бөгөөд орлогын нөлөөг салбараар тодруулан авч үзвэл аялал жуулчлал, боловсрол, тээвэр, үйлчилгээ, хөнгөн үйлдвэрлэл, худалдаа, хүнсний үйлдвэрлэлийн салбарын бизнес эрхлэгчдийн 55 хувь нь орлогын хэмжээ 30 хувь ба түүнээс дээш хэмжээгээр буурна гэж үзсэн.
-Монголбанк бодлогын хүүгээ нэг нэгжээр буурууллаа. Ингэснээр ямар үр дүнд хүрэх вэ, бизнесийнхэнд хэрхэн нөлөөлөх бол?
-Танхимаас “Эдийн засгийн эрсдэлийг удирдах багц санал”-ыг УИХ-ын дарга байнгын хороодын дарга нар оролцсон өргөтгөсөн хуралдаанд өнгөрсөн долоо хоногт танилцуулсан. Үүний нэгдүгээрт Монголбанкны бодлогын хүүг нэг хувиар буулгах асуудал байсан. Бодлогын хүүг нэг хувиар бууруулж, зайлшгүй байх нөөцийн хэмжээг хоёр хувиаар бууруулсан нь цаашдаа зээлийн эх үүсвэр тодорхой хэмжээгээр нэмэгдэх боломж үүсгэх бөгөөд үр дүн нь дунд хугацаанд гарна гэж харж байна. Харин өнөөдөр зээл, хүүгийн төлбөр нь асуудал болоод тулчихсан аж ахуй нэгжүүдийн асуудлыг шийдэхэд энэ ямар нэг нөлөө байхгүй.
-Сангийн сайд төсөвт тодотгол хийхгүй, манай улс нэг жилийн эрсдлийг даах чадвартай гэж мэдэгдсэн. Энэ талаарх таны байр суурь ямар байна вэ?
-Олон улсын байгууллагуудаас дэлхийн болон томоохон эдийн засагтай орнуудын ДНБ-ний өсөлтийг буурна гэээд тооцоолоод гаргачихлаа. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-аас 2020 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан тооцоог 2019 оны арваннэгдүгээр сард гаргаж байсан бөгөөд энэ гуравдугаар сарын урьдчилсан тооцоогоор коронавирусийн улмаас Дэлхийн эдийн засгийн өсөлт нь 0.5 нэгж хувиар буурна гэж үзсэн. Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг 2020 оны эцэст 5.8-6.0 хувьд хүрнэ гэж өмнө нь таамаглаж байсан. Харин саяхан гаргасан дэлхийн эдийн засгийн тоймд коронавирусийн халдварын тархалтын улмаас Хятад улсын эдийн засгийн өсөлт 1.1 хувиар буурч 4.9 хувьд болно гэж таамагласан байна.
Манай улсаас гаргадаг эрдэс түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнэ буурч байна, нүүрсний экспорт саяхан нэлээд хугацаанд зогслоо. Манай экспортын зах зээлийн 90 хувийг эзэлдэг Хятад улсын эдийн засаг тодорхой хэмжээгээр саарч, аж үйлдвэрийн борлуулалтын индекс буурлаа. Ингэхээр 2020 оны өөдрөг төсвийн орлого нэлээд хэмжээгээр тасрах нь тодорхой. Ийм нөхцөлд төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг эргэн харж, 2020 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтыг ач холбогдлоор нь эрэмбэлэн хөрөнгө оруулалтын чухал бус зардлуудыг танах, тухайлбал энэ онд шинээр эхлэх хөдөөгийн соёлын төвүүдийн шинэ барилга, сумын захиргааны конторын барилгын ажилд төсөвлөсөн хөрөнгө оруулалтыг танах, эсвэл жижиг дунд бизнесийг дэмжих санхүүгийн эх үүсвэр болгон ашиглах боломжтой гэж үзэж байна.
-ААН-үүд зогсонги байдалд ороод байна. Үүнтэй холбоотойгоор улсад төлдөг НӨАТ, гааль, НДШ гэх мэт татвар дээр асуудал үүснэ. Үүнийг зохицуулах санал гаргасан уу, тийм бол ямар?
-Нөлөөллийн судалгаагаар үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газраас ямар төрлийн дэмжлэг шаардлагатай байгааг тодруулан асуухад судалгаанд оролцогсодын 42.6 хувь нь түрээсийн төлбөр бууруулах зэрэг үйл ажиллагааны зардал бууруулах арга хэмжээ, 36.3 хувь нь ААН-ын татвар, НДШ-ыг хойшлуулах, 20.3 хувь нь хориг цуцлагдсаны дараа бизнесийг сэргээж хэвийн үйл ажиллагаа явуулахад нэгдсэн зохицуулалтаар ханган төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, түргэн шуурхай явуулах нь зүйтэй гэж үзсэн. Эдийн засгийн эрсдэлийг удирдах багц саналын нэг багц нь “Covid-19 вирусийн бизнест үзүүлж буй нөлөөллийг саармагжуулах”-тай холбоотой бөгөөд арга хэмжээнээс хамаарч үйл ажиллагааг нь зогсоосон, хязгаарласан аж ахуйн нэгжүүдийн нэмэгдсэн өртгийн албан татвар, орлогын албан татвар, гаалийн татварын төлөх хугацааг гурван сараас доошгүй хугацаагаар хойшлуулах, алданги, торгууль ногдуулахгүй байх санал гаргасан. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийн төлөх хугацааг зургадугаар сар хүртэл хугацаагаар хойшлуулах, үл хөдлөх хөрөнгийн татвар, газрын хураамж зэрэг төрийн байгууллагуудад төлөх төлбөр, шимтгэл, хураамжуудыг түр хугацаагаар хөнгөлөх, чөлөөлөх, хойшлуулах, бизнест үүссэн санхүүгийн эрсдэлийг хуваалцах үүднээс томоохон түрээслүүлэгч аж ахуйн нэгжүүд түрээсийн төлбөртөө тодорхой хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэхийг бодлогоор дэмжих гэсэн саналуудыг оруулсан.
-Маш олон иргэн ЖДҮ хийгээд бизнесийн зээл арилжааны банкуудаас авсан. Гэвч одоо зээлээ төлж чадахгүй байдалд хүрээд байна?
-Бизнес эрхлэхэд хүнд нөхцөл байдал үүссэн энэ үед бизнесийнхэн харилцан ойлголцож, зээлдэгч, түрээслэгчдэд дэмжлэг үзүүлэх талаар банк, банк бус санхүүгийн байгууллагууд, түрээслүүлэгч аж ахуйн нэгжүүдэд хандсан уриалга гаргасан. Бизнесийнхэнд тулгараад байгаа гол хүндрэл болох зээл, зээлийн хүүгийн төлбөрийн хувьд арилжааны банкуудын зүгээс аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн бүтцийн өөрчлөлт хийх, алданги торгууль тооцохгүй байх саналуудыг гаргасан, энэ асуудлаар Монголын банкны холбоо, арилжааны банкны удирдлагуудтай уулзалт зохион байгуулж ярилцсан. Энэ тал дээр Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс журмуудаа өөрчлөх, зохицуулалт хий зэргээр арга хэмжээг авах шаардлага байгаа гэж харагдсан. Үүнд танхимаас нэг тодорхой саналыг хэлж байгаа. Энэ нь худалдаа, үйлчилгээ, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, барилга зэрэг тодорхой салбарт бизнесийн зориулалтаар олгосон зээлийн хүүгийн гурав хүртэл сарын төлбөрийн 50 хувийг төрөөс төлөхөөр зохицуулах явдал юм. Үүнд тооцоогоор 100 орчим тэрбум төгрөг шаардагдах ба Төсвийн тогтворжуулалтын сангаас шийдэх боломжтой гэж үзэж байна.
-Хэдийгээр ААН-үүд цалинтай чөлөө олгох, гэрээс нь ажиллуулах гэх мэт олон арга хэмжээ авч байгаа ч энэ хэвээр байдал үргэлжилбэл компанидаа ч алдагдалтай, улмаар ипотекийн зээлээ хүртэл төлж чадахгүй байдалд хүрнэ. Үүнд ямар шийдэл байж болох вэ?
-Бизнесийнхнийг дэмжих шаардлагын зэрэгцээ иргэдийн худалдан авах чадвар, хэрэглээг дэмжих ёстой гэж үзэж байна. Юуны өмнө “Эрдэнэс Тавантолгой” компаниас хувьцаа эзэмшигчдэд тараахаар шийдвэрлэсэн байгаа 200 орчим тэрбум төгрөгийн ногдол ашгийг дөрөвдүгээр сард багтаан олгох, ногдол ашгийн тодорхой хувийг үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг худалдан авах ваучер байдлаар тараах боломжийг судлан шийдвэрлэх нь зүйтэй байх. Мөн иргэдийн ипотекийн зээлийн төлбөрийг тодорхой хугацаанд хойшлуулбал том дэмжлэг болно.
-Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний түүхий эд болон шууд импортолдог барааны нөөц 2-3 сарынх байна гэж мэдээлсэн. ААН-үүдийн нөөцийн талаар мэдээлэл өгнө үү?
-Хүнсний гол нэр төрлийн үйлдвэрлэгч, импортлогчидтой хоёрдугаар сарын эхээр уулзахад 2-3 сарын нөөцтэй гэж мэдэгдэж байсан. Түүний дараа хүнсний гол нэр төрлийн зарим барааны нийлүүлэлт, үнийг тогтвортой байлгах зорилгоор гаалийн ба нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх хугацааг хоёр хүртэл сараар сунгах Засгийн газрын 68 дугаар тогтоол гаргаад хэрэгжиж байна. Гэхдээ энэ тогтоолоор зөвхөн ОХУ-аар дамжин орж ирсэн цагаан будаа ба элсэн чихрийн дэлхийн зах зээлийн үнэ өсч байгаа нөхцөлд цаашид нийлүүлэлт үнийг тогтвортой байлгахад хангалтгүй гэж үзэж, БНХАУ-аар дамжин орж ирж байгаа импортын хүнсний барааг оруулахыг холбогдох яамдаас хүссэн.
-Ярилцсанд баярлалаа.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com