Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Б.Батжаргал: Улсын хэмжээнд хоногт дунджаар 100-150 хүчирхийллийн дуудлага бүртгэгддэг

Гэр бүлийн хүчирхийлэл, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар 2019 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтэс байгуулагдсан байдаг. Ингээд тус хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Батжаргалтай ярилцсанаа хүргэе.

-Манай улсад гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчил байдал ямар байгаагаас ярилцлагаа эхлүүлэх үү?
-Улсын хэмжээнд 2020 оны эхний хоёр сарын байдлаар хүчирхийллийн 170 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 45.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Гэхдээ үүнийг буурсан гэж бодож болохгүй. Учир нь энэ төрлийн гэмт хэргийн гаралт буурч байна гэдэг нь далд байдал руугаа шилжиж буйн нэг хэлбэр юм. Бид цоожтой хаалганы цаана үйлдэгддэг энэ төрлийн гэмт хэргийг ил болгохын төлөө ажиллаж байна. Хэдийгээр он гарснаас хойших хоёр сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан тоон үзүүлэлт тодорхой хувиар буурсан үзүүлэлттэй байгаа боловч он гарснаар 1910 хүнд зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авсан бол 1263 хүнд баривчлах шийтгэл ногдуулсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 87.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Тус тоо өссөн нь бидний ажлын үр дүн гэж хэлж болно. Хэрэг зөрчлийн тоо өсөх тусам далд явагдах гэмт хэрэг төдий чинээгээр буурч байгаа гэсэн үг. Улсын хэмжээнд хоногт дунджаар 100-150 хүчирхийллийн дуудлага бүртгэгддэг. Тэгэхээр он гарснаар хоёрхон сарын дотор 1263 хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас баривчилсан байгаа нь бид энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, олны анхааралд аваачих шаардлагатай болсон нь харагдаж байна. Тиймээс цагдаагийн байгууллагаас “Хайр өвтгөдөггүй” хэмээх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна
-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх нөхцөл шалтгаан нь юу байна?
-Гэр бүлийн хүчирхийлэл нь өөрөө нийгэмд тулгамдаад буй том асуудлуудын нэг болоод байна. Тиймээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч болон хүчирхийлэлд өртөгчийн зан төлвийг өөрчлөх, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд хүн бүрийн оролцоо чухал болоод байгааг юуны өмнө онцолмоор байна. Гэр бүлийн хүчирхийлэл олон шалтгаанаас үйлдэгдэж байна л даа. Дандаа архидан согтуурсан үед гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгддэг гэвэл бас өрөөсгөл ойлголт болно. Хэдийгээр согтууруулах төрлийн бүтээгдэхүүн хэрэглээгүй байсан ч гэсэн бие биенээ тухайн мөчид ойлгож, хүндэтгэн үзэлгүй уур бухимдал, сэтгэлийн хөөрлөөрөө асуудалд хандсанаас биеэ хянах чадваргүй болж гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой зөрчил гаргасан иргэд олон байдаг. Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа гэмт хэргийн судалгаанаас үзэхэд эдгээр гэмт хэрэг ахуйн хүрээний архидалтаас үүдэж хүүхэд гэмт хэрэгт өртөж байгаа нь харагдаж байгаа юм. Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор Улсын онцгой комисс, Засгийн газраас хөл хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбоотой хүүхдүүд цэцэрлэг, сургуульдаа явахгүй гэртээ байгаа. Энэ хугацаанд эцэг, эхчүүд хүүхдийнхээ хажууд архидан согтуурснаас хүүхдийг гэмт хэргийн хохирогч болоход нөлөөлж байна.
-Гэр бүлийн хүчирхийллийг зөвхөн бие махбодод учруулах байдлаар ойлгох нь өрөөсгөл байх?
-Тийм л дээ. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг бол зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын үл ойлголцох асуудал бол биш. Энэ бол тэр гэр бүлд багтаж байгаа бүх хүнтэй холбоотой асуудал. Үр хүүхэд, хөгшин настай аав, ээж, ах дүүс гэх мэт. Тухайлбал, зарим эцэг эхчүүд хүүхдээ үл тоох хүчирхийлэлд өртүүлснээс хүүхдийнхээ хүсэл санааг ойлгохгүй, цаашлаад гар хүрэх гэх зэрэг асуудал үүсч байгаа бол зарим нь настай аав ээжийнхээ тэтгэврийн мөнгөө өгөхийг тулган шаардах, айлгах гэх мэт асуудлууд үүсгэж байна. Гэр бүлийн хүчирхийлэл нь үйлдэл болон эс үйлдлээр илэрдэг. Үйлдэл гэхээр хоорондын харилцааны зөрчлөөр илэрдэг. Харин эс үйлдэх гэхээр санхүүгийн байдлаар боох эсвэл мөрдөх, мөшгөх, хардах энэ байдлаар илэрдэг.
-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхэд боловсролын байдал нөлөөлдөг үү. Сүүлийн үед их дээд сургууль төгссөн, өндөр албан тушаал эрхэлдэг иргэд ч гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх таагүй мэдээлэл сонсогдох боллоо?
-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн иргэдийг насны ангиллаар нь аваад үзвэл 25-40 насныхан байна. Харин боловсролын хувьд харилцан адилгүй ойлголт. Хэдийгээр өндөр боловсролтой боловч хүчирхийлэл үйлдсэн хүмүүс ч бий, боловсрол муутай хүн ч хүчирхийлэл үйлдсэн нь бий. Гэр бүлийн хүчирхийллийг ямар хүмүүс үйлддэг вэ гэхээр багаасаа гэр бүлийнхэнтэйгээ харилцаа холбоо хөндий өссөн, эцэг эх нь салсан, эсвэл хэн нэг нь архины хамааралтай байсан, бага насанд нь эцэг, эх нь анхаарал халамж муу тавьж байсан иргэд үйлдэж байна. Түүнээс биш боловсрол, ажил мэргэжлийн байдал тийм ч чухал биш. Өнөө үед их дээд сургууль төгссөн, сэхээтэн гэх залуус хамгийн их хүчирхийллийг үйлдэж байна.
-Төрийн бус байгууллагуудаас хийсэн судалгаагаар өдөрт таван эмэгтэй гэр бүлийн хүчирхийллийн золиос болдог бөгөөд тэдний зөвхөн нэг нь л хууль хяналтын байгууллагын тусламжийг авдаг гэсэн байна. Эндээс гэр бүлийн хохирогч болсон иргэд цагдаагийн байгууллагад хандах нь бага байх шиг?
-Гэр бүлийн хүчирхийлэл ихэвчлэн цикл хэлбэрээр явагддаг. Эхний ээлжинд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх үед хэн нэг нь уучилдаг. Энэ байдал хэсэг хугацаанд мартагддаг. Ингээд тодорхой хугацааны дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч алдаагаа дахин давтдаг. Ингэхдээ өмнөхөөсөө нөхцөл байдал улам хүндэрсэн байдаг. Тийм учраас ямар нэгэн байдлаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн бол цагдаагийн байгууллгад хандаж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх ёстой. Гэр бүлийн хүчирхийлэл хамгийн ойр дотнын хүмүүсийн хүрээнд өрнөж байдаг. Тиймээс зарим иргэд өөрийн болоод гэр бүлийнхээ нэр төрийг хамгаалахын тулд хуулийн байгууллагад хандахгүй байх тохиолдол бий. Энэ бол том алдаа. Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч болон хохирогч энэ төрлийн гэмт хэргийн талаарх хууль эрх зүйн зохицуулалтыг мэддэггүйтэй холбоотой энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдсээр байна. Хэрэв гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг үйлдсэн бол Зөрчлийн тухай хуулийн дагуу 7-30 хүртэл хоногоор баривчлах, Эрүүгийн хуулиар хүндрүүлэх нөхцөлтэй бол зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэдэг.
-Хуулийн дагуу хариуцлага хүлээж тодорхой хугацаанд саатуулагдаад гарч ирсэн иргэд дахин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох байдал хэр буурсан бэ?
-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн иргэдэд дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдэхгүй байх талаас нь саатуулагдах хугацаанд сургалт, зөвлөгөө мэдээлэл өгч ажилладаг. Тэдгээр иргэдэд Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн зүйл заалт болон хэргээ дахин давтсанаар гарах хор уршиг, хуулийн хариуцлагыг хэлж ойлгуулснаар тухайн этгээд дахин хүчирхийлэл үйлдэх нь буурдаг. Хүчирхийлэгчийг тодорхой хугацаанд ажиглалтдаа авч, холбоотой ажилладаг. Хэдийгээр төрөхөөс суусан хүмүүжлийг засахад мэдээж хэцүү. Гэвч 2019 онд хүчирхийлэл үйлдсэн 5000 гаруй иргэнд албадан сургалт, сурталчилгааг явуулахад, тэднээс 58 иргэн энэ төрлийн гэмт хэргийг давтан үйлдсэн байна. Үлдсэн 4542 иргэн дахин энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдоогүй гэсэн үг. Тэгэхээр сургалт сурталчилгааг явуулж, иргэдийн хууль зүйн мэдлэгийг сайжруулах нь хүчирхийллийг бууруулахад өндөр үр дүнтэй байгааг харуулж байна.
-Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг хамгаалах талаар ямар ажил зохион байгуулж байна?
-Гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт цагдаагийн байгууллагаас тухайн хэрэг шийдвэрлэгдэх хүртэл хохирогчийг хамгаалж, харгалзах заалтыг тусгасан байдаг. Түр хамгаалах байрууд ажиллаж байгаа. Тэдгээрт хохирогчийг 90 хүртэл хоногоор байрлуулж сэтгэл зүйн зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна. Бага насны хүүхдүүдийн тухайд эцэг эх нь согтууруулах ундааны хамааралтай, эсвэл аль нэг нь хүчирхийлэгч бол хүүхдийг түр тусгаарлах байр болон хүүхэд хамгааллын төвд тодорхой хугацаанд байлгадаг. Долоон нас хүртэлх хүүхдийг гэр бүлийн онцлогоос шалтгаалан гэр бүлийн өөр гишүүнд хариуцуулж үлдээх гэх мэтээр арга хэмжээг авдаг.
Харин долоон нас хүрсэн хүүхдээс өөрөөс нь асууж шийдвэрлэдэг.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com