Зэвсэгт хүчний 99 жилийн ойд
МЗЭ-ийн шагналт, зохиолч, сэтгүүлч,
бэлтгэл дэд хурандаа Гомбын БААТАРНУМ
Өдгөөгөөс 16 жилийн өмнө буюу 2004 оны хоёрдугаар сарын 18-ны өглөө Иракийн Аль-Хиллах хотноо байрлаж байсан Олон Үндэстний дивизийн Ар тал хангалтын “Чарли” баазад амиа золиослогчийн үйлдсэн аймшигт дэлбэрэлт болсон билээ. Олон зуун аавын хүүгийн алтан амийг агшин зуурт авч одох байсан энэ аюулыг Монголын цэргийн алба хаагч таслан зогсоосныг дэлхийн улс орнууд мартаагүй, мартах ч учиргүй билээ. Тэр аймшигт өдрүүдэд Монгол Улсын Зэвсэгт Хүчний хоёрдугаар ээлжийн Цэргийн багийг удирдаж байсан Багийн захирагч, орлогч болон зарим офицеруудтай уулзаж тэмдэглэж авсан энэхүү материал маань олон арван жилийн дараа ч үнэ хүнд нь улам өссөөр байх нь лавтай билээ. Тэгээд ч миний бие энэ ээлжтэй зөрөн “Чарли” баазад долоон сар Хэвлэлийн төлөөлөгчөөр үүрэг гүйцэтгэж, тэр аймшигт дэлбэрэлтийн ул мөрийг нүдээрээ үзэж, биеэрээ мэдэрснээр “Иракт өнгөрүүлсэн 190 хоног” баримтат найраглал бичиж, улмаар Баримтат кино бүтээсэн. Нэлээд хэдэн жилийн өмнө ярилцсан эдгээр хүмүүсийн зарим нь гавьяаныхаа амралтад гарсан бөгөөд, харин бригадын генерал Д.Баярсайхан өнөөдөр Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байгаа бол Ө.Эрдэнэ-Очир хурандаа БХЯ-ны ТЗУГ-ын даргаар ажиллаж байгааг тэмдэглэхэд таатай байна.
ТЭР ДЭЛБЭРЭЛТИЙН ЧИМЭЭ ОДОО Ч СОНСОГДСООР БАЙДАГ
Монгол Улсын Зэвсэгт хүчний хоёрдугаар ээлжийн Цэргийн багийн захирагч, бригадын генерал Д.БАЯРСАЙХАН:
-Олон жилийн дараа тэр өдрүүдийг эргэн санахад үнэхээр тийм нэг аймшиг болох гээд байгаа юм шиг зөн совин байсан шүү. Тэр ч байтугай, тэр аймшигт зүйлийг таслан зогсоохын төлөө бүх бэлтгэлийг хангаж байсан юм шиг санагддаг. Хамгийн гол нь тэр террорист халдлагын ач холбогдол нь монгол цэргийн нэр хүндийг маш өндөрт аваачсан гэж дүгнэж болно. Чухамдаа 1945 оны Чөлөөлөх дайнаас хойших 50 гаруй жилд монгол цэрэг дайсны аюултай тулгарсан анхны тохиолдол байсан. Цэргийн дарга хүний хамгийн хэцүү зүйл нь бие дааж шийдвэр гаргадаг, бие дааж арга хэмжээ авах явдал. Тийм хүнд мөчид хэн надад туслах билээ, тусалсангүй гээд хэн нэгнийг буруутгах аргагүй. Үнэндээ ганцаарддаг юм билээ. Харин надад хамгийн түшиг тулгуур болж байсан, миний орлогчоор үүрэг гүйцэтгэсэн, эдүгээ хурандаа Ө.Эрдэнэ-Очир, Ажиллагааны офицер мөн хурандаа С.Түвшинбаяр нартаа одоо ч баярлаж явдаг. Тэд миний гаргасан шийдвэрт саналаа хэлдэг, тэр нь сэтгэл санааны маш том дэмжлэг болдог байсан. Мэдээж, тийм аймшигт зүйл хараагүй хүмүүст сэтгэл санаа тогтворгүйтэх зэрэг бага сага сөрөг зүйл байлгүй л яах вэ. Польш, Унгар зэрэг орны цэргийн сэтгэл зүйн номонд өгүүлсэн заавар, зөвлөгөөний дагуу цэргүүдтэйгээ ажиллаж, богино хугацаанд цэргүүд маань дараагийн үүрэг гүйцэтгэхэд бэлэн болсон. Монгол офицер, Монгол цэрэг гэж сэтгэлийн ямар их тэвчээртэй, ямар их чадвартай, ямар их сахилгатай болохыг тэнд л мэдэрч бахархаж байснаа хэлэхэд таатай байна. Ёстой л зовхи нь өөдөө байсан даа. Мөн бидний судалсан байлдааны дүрмийг заавал дагаж мөрдөх алба байхгүй гэдгийг ойлгосон. Тэр халдлага бидэнд том сургамж, дадлага болсон. Байлдааны дүрэм бол байлдааны ажиллагааны үндсийг л хэлж өгсөн юм билээ. Өөр нэг зүйл гэвэл, үнэхээр илэрхий алдаа гаргаагүй л юм бол ямар ч хохирол гарсан бай, цэрэг, дарга нараа буруутгах ёсгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Миний хувьд цэргүүдээ бүрэн, бүтэн авч очих бодол л цаг ямагт сэтгэлд уяатай байсан. Хэрвээ тэгж эс чадваас эцэг, эхийнх нь царайг яаж харах билээ гэдэг бодол бол хамгийн аймшиг.
Өнөөдөр Өмнөд Суданд цагийн байдал тийм ч таатай биш байна. Тэнд цэргийн баг удирдаж яваа Б.Эрдэнэбат хурандаад би саяхан хувийн захиа бичсэн. Энэ нь сэтгэл санааны дэмжлэг юм. Тэнд болж байгаа цагийн байдлыг зөвхөн тэр дарга, захирагч л мэднэ. Харин эндээс хэн нэг дарга заавар өгөх нь үнэндээ ямар ч утгагүй хэрэг. Бас нэг зүйл гэвэл жагсаалын дүрэм байлдааны ажиллагааны үед хэрэг болох уу? гэдгийг ч бодолцох ёстой. Тийм ч учраас бөөнөөрөө жагсч, нэгдэхийг хатуу хориглодог байлаа. Ер нь аливаа хүнд магтаал, сайшаал, ялангуяа, тийм хүнд цаг үед цэрэг дайчдаа үнэлэх, сэтгэл санаагаар дэмжих, магтаж, сайшаах нь юу, юунаас чухал болохыг гүн бат ойлгосон доо. Арван жилийн тэртээ болсон тэр дэлбэрэлтийн чимээ, огт ондоо, одоо ч миний чихэнд сонсогдсоор байдаг. Бидэнд маш том хичээл заасан тэр гашуун сургамжийг л судлах ёстой юм даа.
ЦЭРГИЙН БАГИЙНХНЫ ХУВЬД ЦОГЦ АЖИЛЛАГАА БАЙСАН
Цэргийн багийн хоёрдугаар ээлжийн Ажиллагааны офицер, хурандаа С.ТҮВШИНБАЯР:
-Тэр өглөөний ажиллагаа нь манай цэргийн багийнхны хувьд цогц ажиллагаа байсан. Бие бүрэлдэхүүн ч бэлтгэлтэй байсан. Ний нуугүй хэлэхэд Монголд байхдаа л хэзээ нэгэн цагт тийм халдлага болох байх гэсэн нэг зөн совин байсан. Бид маш богино хугацааны, үндсэндээ наймхан хоногийн бэлтгэл л хийсэн. Өмнөх ээлжээс ирсэн тагнуулын мэдээнд “Чарли” баазад алан хядах ажиллагаа болох магадлал өндөр гэсэн таамгийн үндсэн дээр болзошгүй халдлагын үед постонд яаж ажиллах тухай буудлагын дасгалыг боловсруулсан. Багийн захирагчдаа дасгалыг өөрчилье гэсэн санал тавихад зөвшөөрсөн нь үр дүнтэй ажил болсныг хэлэх байна. Өөрөөр хэлбэл, ямар ч командгүйгээр, зөвхөн нэгийн галаар гурван сум буудах дасгалыг боловсруулж, цэргийн багийн 100 гаруй хүн бүгд энэ дасгалаар дадлага хийсэн гэсэн үг. Мөн гранатомётчин, пулемётчид ч мөн дээрх дасгалаар дадлага хийсэн. Энэ дасгал, дадлага нь хоёрдугаар сарын 18-ны өглөөний халдлагад бодит биеллээ олсон. Ажиллагааны офицерын хувьд нэг хүний нэрийг заавал дурдах ёстой гэж боддог. Манай өмнөх ээлжинд инженерийн бүлгийн даргаар явсан, дэд хурандаа Д.Дамба юм. Энэ офицер халдлага болж болзошгүй хоёр газрыг зааж өгсөн нь гарцаагүй үнэн байсан. Багийн захирагч Д.Баярсайхан хурандаа (бригадын генерал) бид хоёр явж үзээд дүн шинжилгээ хийсэн. Хамгийн аймшигтай нь тэнд ямар ч постгүй байсан. 300-аад метрийн зайтай байсан нэг постыг Ар талын хангалтын тасгийн дарга, дэслэгч Д.Жавхланбаяр (Хурандаа)-т үүрэг өгч яг тэр газар оронд байршуулсан. Тэр нь мөнөөх халдлагыг таслан зогсоосон Г.Аззаяагийн пост юм. Тэр халдлагын өмнөх өдөр буюу хоёрдугаар сарын 17-нд Багийн захирагчид ямар нэгэн совин татсан байж магадгүй гэж боддог. Яагаад гэвэл, тэр өдөр багийн захирагч намайг дагуулан явж “KBR” (Хангалт үйлчилгээний компани)-тэй хэрүүл хийж байж 2,5 м-ийн өндөртэй, 5 тн-ын хүнд хавтанг тавиулсан нь дэлбэрэлтээс хамгаалахад маш их үүрэг гүйцэтгэсэн юм. Мэдээж, Г.Аззаяа үүргээ маш сайн гүйцэтгэсэн. Үнэндээ би Г.Аззаяаг өнгөрсөн гэж бодож байсан. Утсаар холбогдоход ямар ч хариу байгаагүй. Тэр хүчтэй дэлбэрэлтэд хэсэг хугацаанд сааталд орсон нь ойлгомжтой шүү дээ. Харин амьд байсанд нь ямар ихээр баярласан гэх вэ. Та бодоод үз. Постоос 30-аадхан метрийн зайд 750 кг тэсрэх бодис дэлбэрсэн юм шүү дээ. Дэлбэрэлтийн дараа сумыг тоолоход Г.Аззаяа гурван сум, Ш.Самбуу-Ёндон есөн сум буудсан байсан. Ажиллагааны офицерын хувьд 3,5 км-ийн тойргийн урттай “Чарли” баазыг хоёр бүс болгон хувааж, амрах ээлжийн хоёр салаа энэ хоёр бүсийг хамгаалахаар тооцсон. Төлөвлөсөн ажил дэлбэрэлтийн үеэр яг номын дагуу явагдсан нь бидний богино хэмжээний сургалт, дадлага ямар үр дүнтэй болсныг харуулж өгсөн. Хожмоо сонсоход 124,000 доллараар санхүүжүүлж, 2-3 сарын хугацаанд бэлтгэсэн террорист халдлага байсан гэдэг. Иракийн талаас 11 хүн алагдаж, 20 гаруй хүн шархдсан бол манай 10 гаруй хүнтэй нийлээд бусад цэргийн багийн 100 гаруй хүн хүнд, хөнгөн хэмжээний бэртэл, гэмтэл авсан байдаг. Энэ дэлбэрэлтийн дараа цэргийн багийнхан 19 хоног хувцастайгаа постондоо байнгын бэлэн байдалд байсан. Байрны бүх цонхыг скочдсон нь маш үр дүнтэй ажил болсон. Хэрвээ тэгээгүй бол тэр том шилний хагархайд ямар олон хүн өртөх байсан нь тодорхой. Чухамдаа бүх ажиллагаа багийн захирагчийн өгсөн үүрэг, төлөвлөгөөний дагуу явагдсан гэдгийг тодотгох байна.
Монголчууд ямар хийморьтой хүмүүс болохыг тэр аймшигт дэлбэрэлт баталж өгсөн гэж боддог.
ИРАКИЙН ТЭМДЭГЛЭЛ
“Иракийн эрх чөлөө” Олон улсын цэргийн ажиллагааны хоёрдугаар ээлжийн Цэргийн багт тагнуулын офицероор үүрэг гүйцэтгэсэн, дэд хурандаа Ш.Насанбат “Гар пуужинчдыг гардуулсан” нь буюу “Иракт болсон явдал”, “Иракийн тэмдэглэл” зэрэг сонирхолтой материал бэлтгэж, зарим нь номын хуудаснаа мөнхөрчээ. Түүний “Иракийн тэмдэглэл” сонирхолтой өгүүллээс товчлон хүргэж байна.
Үүр манхайн цайсан нь цонх хааж татсан хар даавуу нэвт гэрэлтэн буйгаас тодорхой. Нойр сэргэсэн ч “Харуул солилцох үед дараагийн ээлжийн цэргүүдэд цагийн байдлыг танилцуулж мэдээлэл хийх хэрэгтэй. Гэхдээ штабынхан босоогүй байхад яараад яахав” гэж бодож хэвтлээ. Гэнэт хүчтэй дэлбэрэлтийн чимээ тодхон сонсогдов. Баазад ирснээс хойш янз бүрийн том жижиг буун дуу, дэлбэрэлт тэсрэлтийн чимээ багагүй сонсон, харьцангуй чих дассан байсан ч энэ удаагийнх үлэмж хүчтэй, ойрхон сонсогдлоо. Унтаж байсан штабын офицерүүд цөм давхийн өндийж, бие биенийгээ гайхшран ширтлээ. Энэ үед Цэргийн багийн техникийн офицер, дэд хурандаа Н.Дорж түрүүлэн сэхээ авч “Түгшүүр” хэмээн цахирсан нарийн хоолойгоор хашхирмагц бүгд дэрхийн босч хувцсаа санд мэнд өмсөн, зарим нь нүцгэн, дотуур хувцастай чигээрээ хантааз, дуулга, буугаа хаман хаалгаар чихэлдэн гарч одлоо. Би ч бусдын адил эхлээд шаламгайлан гутлаа холхиндог жийж байснаа “Дахиж дэлбэрэхгүй биз дээ. Хувцсаа нэг мөр өмсөөд гаръя” гэсэн бодол төрж, тухлан өмссөөр үлдлээ.
Гэвч арваад хором өнгөрөөгүй байхад асар хүчтэй дэлбэрэлт болж хоёр давхар бетонон байр маань тэр чигээрээ нүргэлэн доргиж, казарм харанхуйлан чих дөжрөм болж, нүдний буланд цонхны шилнүүд будаа мэт үйрэн дотогшоо ханаран орж ирэх нь бүүр түүрхэн харагдав. Хана дагуулж өрсөн тавиур, шүүгээ, өлгүүрүүд бүгд дэлбэрэлтийн цохих долгионд нуран уналаа. Энэ хоромд “Амархан үхэх нь дээ…” гэж харамсах сэтгэл хүчтэй төрж билээ. Гэвч ор маань хоёр цонхны голд байрласан нь эсэн мэнд гарах үндэс болжээ. “Ханаа налъя, манай байрыг 120 мм-ийн Миномётоор харваж байх шиг байна” гэх дуу гарсан зүг рүү хартал Жагсаалын дарга, ахмад н.Буянтогтох үлдсэн байлаа. Тэрбээр харуулын график төлөвлөгөө гарган суусаар шөнө хугаслаж унтаад түгшүүр зарлахад бүрэн гүйцэд сэрж амжаагүй байжээ. Би хариуд нь “Дахиж буудахаас нь урьтаж хурдан гаръя. Амжих байх аа” гээд хариу ч хүлээлгүй үүд рүү ухасхийгээд, замд таарсан сум нэвтэрдэггүй хантаазыг явуут өмсөн, дуулга үлдээгүй тул толгой нүцгэн, буугаа шүүрч аваад доошоо ухасхийв. Нөхөр минь хойноос дуулга, хантаазгүй ч буугаа шүүрээд дотуур өмдтэйгээ харайлгаж байгаа харагдлаа.
Хоргодох байранд (Бункер) орж ирсэн хойноо бодсоноос ч илүү ноцтой зүйл болсныг ойлголоо. Шилний хэлтэрхийд зүсэгдэж, цус нөжөө гоожуулсан, хувцсаа хагас дутуу өмссөн, өмсч ч амжилгүй буу зэвсгээ хаман, балмагдан сандарсан цэргүүд дүүрэн байлаа. Уг нь бункерүүдийг салбаруудад хуваарилсан байсан ч цагаа тулахад аль ойр тааралдсан руугаа чихэлдэн орж байлаа. Түүнчлэн гадуур хоолонд ороод буцаж явсан, өглөөний угаалга хийж бөөнөөрөө усанд орж байсан польш, унгар цэргүүд хүртэл том банны алчуураар биеэ халхлан ороогоод аль ойр хоргодох байр луу манайхантай цуг дайран орж зэрэгцэн суусан харагдлаа.
Манай болон нэгдүгээр ээлжийнхний хичээл зүтгэл гарган тохижуулсан цэргийн байр маань балгас мэт болж, тогтож суух аргагүй санагдаж байв. Мотобуудлагын гурван салаа, хангах тасаг, штабын офицеруудын байрласан дөрвөн казарм, агуулах, эмнэлгийн өрөөний бүх цонх хагарч, эд юмс нуран газраар нэг хөглөрч бутран, хаалганууд нугасаараа зад үсрэн цуурч, хамгийн найдвартайгаар бэхэлж, элстэй шуудайгаар цонхыг нь чигжсэн ажиллагааны хяналтын өрөө маань тоос шороонд дарагджээ. Энэ бол 2004 оны хоёрдугаар сарын 18-ны өглөөний 07.15 цагт Ирак дахь Польшийн тэргүүлсэн Төв ба Өмнөд олон Үндэстний дивизийн хангалтын төв, найман улсын 2000 цэргийн хүч байрласан “Чарли” бааз руу амиа золиослогчийн хийсэн халдлагын дараах дүр зураг байлаа.
Эдүгээ энэ үйл явдлаас хойш багагүй хугацаа өнгөрч, мартагдаж эхэлж байгаа ч чухам тэр өдөр төрсөн сэтгэгдэл, дүр зураг энэ хэвээрээ олон хүний тархинд хоногшин үлдэх биз ээ. Тэр өглөө террористууд эртнээс төлөвлөсөн халдлагаа хэрэгжүүлж, баазыг тойруулан тусгай хамгаалалтын зориулалттай бетонон (T-wall) -оор сольж байсан хоёр метр өндөр тоосгон ханыг тэсрэх бөмбөг суурилуулсан хөнгөн тэрэг ашиглан долоон метр газарт яран дэлбэлж, онгойсон сэтэрхийгээр амиа золиослогч этгээд 750 кг тэсрэх бодис ачсан ачааны машин жолоодон дайран орж, арваад метр газар яваад зорьсон цэгтээ хүрэлгүй дэлбэрсэн юм. Дэлбэрэлтийн төвд таван метр хүртэл гүн, 14-15 метр өргөн тогоо үүсч, эргэн тойрон 100 метр газарт босоо хана үлдсэнгүй газартаа тэгширч, баазтай залгаа байрлаж байсан ирак иргэдийн хоёр давхар хоёр орон сууц бүрэн, гурван байр хагас нуранги болж, баазын угаалга цэвэрлэгээний газар, олон улсын ярианы төв, америкийн “КБР” компанийн захиргааны байр зэрэг газрууд ашиглалтаас гарч, иракийн найман иргэн амь үрэгдэж, 35 иргэн шархадсан бол, америк, польш, румын, унгарын 15 цэргийн алба хаагч хүнд, түүнчлэн бусад орны бүгд 45, түүний дотор манай зургаан цэргийн албан хаагч шилний хэлтэрхийд оногдож хөнгөвтөр шархдсанаас гадна зөвхөн “Чарли” баазад учирсан материаллаг хохирлын хэмжээ олон зуун мянган доллароор хэмжигдэх болжээ.
Манай цэргийн багийн байр дэлбэрэлтийн төвөөс 300 метр зайтайн дээр польш, унгар, румын, филиппиний цэргийн хоёр давхар дөрвөн бетонон байр наана нь хөндөлдөн байсан ч цохих долгионы нягтарсан хүч эрчээ огтхон ч сааралгүй хүрч, казармд түгшүүрийн дохиогоор гүйж явсан цэргүүдийг нэг тийш нь ханаруулан унагаж, цонхны шилний хэлтэрхий, ундааны төмөр лаазыг тас хэрчин, ачааны машины 200 шахам кг жинтэй тэнхлэгний хэлтэрхий 320 метр газарт “Зомгол мэт” шидэгдэн, манай байрны хаалганы зэргэлдээ унаж, баазын хоолны газрын бүх талын хана зад үсрэн цуурч, амь үрэгдэгсэдийн бие эрхтний тасархай хамар ам, ууц нуруу, гэдэс дотор хярвас ханхлуулан таран хөглөрч, найман км зайтай Олон үндэстний дивизийн штаб байрладаг “Альфа” баазад контейнерын цонх чичирхийллээс хагарч байсан зэргээс дэлбэрэлтийн хүч, аюул ямар байсан нь төсөөлөгдөх биз ээ.
Хоёрдугаар сарын 18-ны халдлагыг бүрхэг ойлголттой хүмүүс Иракт өдөр тутам болдог алан хядах, хорлон сүйтгэх ажиллагааны нэг гэж бодож болох юм. Гэтэл энэ нь онцгойлон бэлтгэгдсэн ажиллагаа байснаар тогтохгүй террористууд ямар нэг байдлаар зорилгодоо хүрсэн бол иракийн дайн эхэлснээс хойших хамгийн эмгэнэл дуулиантай үйл явдал өрнөж, олон орны 500-аас доошгүй цэргийн алба хаагч амь үрэгдэх буюу эрэмдэг зэрэмдэг болох байлаа. Тэр дотор баазын харуул хамгаалалтын үүргийг хуваарийн дагуу гүйцэтгэж байсан 30-аад ахлагч, дөрвөн офицерыг эс тооцвол байрандаа амарч байсан манай цэргийн багийн бусад бүрэлдэхүүн болох 100 гаруй офицер, ахлагч нар нурангид дарагдах байв. Мөн хүн хүчний ноцтой хохирол амссан польш, унгар, филиппин, румын, монголын цэргийн багийг аргагүй нөхцөл шаардлагаар эх нутагтаа буцахад АНУ-ын тэргүүлсэн “Иракийн эрх чөлөө” ажиллагаа тодорхой хугацаагаар мухардмал байдалд орох байсныг ч үгүйсгэхгүй. Чухам террористуудын ийм стратегийн томоохон санаархлыг амжилттай таслан зогсоосонд Цэргийн багийн түүхэн гавьяа орших болов уу. Үйл явдал ид өрнөж, бид дараагийн халдлага, дэлбэрэлтийг зайлшгүй хэмээн итгэн хүлээж байсан үед хэзээ ч дэлбэрэлтэд өртөж болзошгүй байр луу шаардлагатай холбооны хэрэгсэл авчрах, бункерт орж ирээгүй нөхдөө хайж аврахаар сайн дураараа буцаж орсон хангах тасгийн дарга, дэслэгч Д.Жавхланбаяр, холбоочин н.Идэртайван, халдлага болсон газрыг хааж хамгаалахаар хамгийн түрүүнд очсон ахмад н.Банди, бункер дамжин шархдаж гэмтсэн цэргүүдэд боолт хийж явсан дэслэгч Ч.Хүдэрчулуу нар хүлээсэн үүрэгтээ үнэнч хандахын яруу жишээ болсныг тухайн үед хэн ч онцлон анзаараагүй юм.
Ийнхүү 2004 оны хоёрдугаар сарын 18-ны тэрхүү аймшигт халдлагыг манай цэргийн баг мэргэжлийн өндөр түвшинд амжилттай няцааснаар (Учирч болох хохирлын цар хүрээг тооцоход)Монгол цэргийн суу алдрыг Месопотамын хөндийд дахин нэг дуурсгасан юм. Энэ нь гадаадын сонин хэвлэлд нийтлэгдсэн материалууд болон манай цэргийн баг, түүнчлэн Г.Аззаяагийн нэр дээр польш, унгар, америкчуудын ирүүлж байсан албаны болон хувийн баяр талархал илэрхийлсэн захидал харилцаанаас тодорхой харагддаг байв.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"