Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Б.Бадрал: Эрчим хүчний салбарын жам ёсны өсөлтийг хангах ёстой

 Монгол Улсын эрчим хүчний салбарын бодлогын талаар эрчим хүчний инженер Б.Бадралтай ярилцлаа.

-Эрчим хүч нь эдийн засгийн хөгжлийн суурь дэд бүтэц. Энэ салбарын хөгжил Монгол Улсад аль шатанд явж байна вэ?
-Эрчим хүчний хөгжил хамгийн түрүүнд явж байж араасаа хүнд, хөнгөн аж үйлдвэрийг дагуулж, эдийн засгийг тэлэх боломж нээдэг. Саяхан Дэлхийн эрчим хүчний зөвлөлөөс 125 улсын эрчим хүчний аюулгүй байдлын индексийг гаргасан. Үүгээр Монгол Улсын индекс 114 дүгээр байранд орсон ба энэ нь “D” үнэлгээг илэрхийлж буй. Энэ үнэлгээ нь хямралын өмнөх түвшинг илэрхийлдэг.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эрчим хүчний салбар “D” үнэлгээ бүхий хямралын өмнөх түвшинд байна гэсэн үг. 1990 оноос хойш манай улсын эрчим хүчний салбарт ямар нэг томоохон хүчин чадлын шинэ эх үүсвэр бий болсонгүй. Одоо ажиллаж буй 35-60 жилийн насжилттай дулаан, цахилгааны эрчим хүчийг хослон үйлдвэрлэдэг таван станц байгаа бөгөөд эдгээр нь нэлээд хуучирчээ.
Гэхдээ бага сага шинэчлэл, засвар, үйлчилгээ хийсэн тулдаа өнөөдрийг хүртэл улсын эрчим хүчний хэрэгцээг хангаад явж байна. Салбар маань хоцрогдсон, сул дорой шатанд явж байна.

-Монгол Улс ОХУ-аас цахилгаан эрчим хүч импортолдог. Өнөөдрийн байдлаар хэдэн сая кВт-ыг авч байгаа вэ?
-Монгол Улс 1977 оноос ЗХУ буюу ОХУ-аас импортын цахилгаан эрчим хүч авч эхэлсэн. 1990 онд 200 гаруй сая кВт цагийн эрчим хүч авдаг байсан бол өнөөдрийн байдлаар 390 орчим сая кВт цаг эрчим хүч авч байна. Монгол Улс долоон тэрбум кВт.цаг орчим эрчим хүч үйлдвэрлэн хэрэглэж байгаагийн 20 орчим хувийг нь ОХУ-ын импортын эрчим хүч эзэлж буй. Тэгвэл өнгөрсөн 30 жилийн хөгжлийн явцад дээрх улсаас авдаг импортын эрчим хүч бодлогын хэмжээнд буурах ёстой байтал эсрэгээрээ нэмэгдсэн дүр зурагтай байна шүү дээ. 2010 онд батлагдсан Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын үзэл баримтлалд бүх салбарын хөгжлийн үзэл баримтлал, бодлогыг тодорхой өгүүлж хуульчилсан байдаг. Энэ чухал баримт бичигт эрчим хүч, эрдэс баялгийн салбарын бодлогын тухай 3.2.4 дэх хэсэгт “Эрчим хүчний дотоодын гол эх үүсвэр болох нүүрсийг импортыг орлож, экспортыг нэмэгдүүлэх, орон нутагт үйлдвэрлэлийг дэмжиж, ажлын байраар хангах зорилгоор өргөн хүрээнд ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ” гэж заасан байдаг. Тодруулбал, Монгол Улсад эрчим хүч үйлдвэрлэх хамгийн гол түлшийг нүүрс гэж үзээд, уг түүхий эдийг үр ашигтай ашиглах нөхцөлийг бүрдүүлэх нь зүйтэй гэжээ. Мөн байгаль орчинд сөрөг нөлөө багатай, хямд эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлж, улмаар 2020 он гэхэд нүүрс болон дотоодын бусад эх үүсвэрээр түлш, эрчим хүчний хэрэгцээг бүрэн дүүрэн хангана гэж заасан байна. Гэтэл түрүүнд хэлсэнчлэн бид одоо хүртэл импортын эрчим хүч худалдан авсаар байна. Эндээс дүгнэвэл, 30 жилийн хугацаанд төрийн эрх барьж ирсэн бодлого тодорхойлогчид энэ салбарт дорвитой арга хэмжээ аваагүй, шинэ эх үүсвэр барьсангүй, жам ёсны өсөлтийг хангах талаар юу хийхээ мэдэхгүй байна.
-ОХУ-ын импортын эрчим хүчний дээд хэмжээ хэд байдаг вэ?
-ОХУ-аас авдаг импортын эрчим хүч 245 мВт-аар хязгаарлагддаг. Хэрэв манай улсад байгалийн давагдашгүй хүчин зүйл, аваар осол, гамшиг болсон тохиолдолд үүнээс дээш эрчим хүч нийлүүлэх боломжгүй. Энэ байдал нь гагц эрчим хүчний салбараар тогтохгүй Монгол Улсын эдийн засаг, цаашлаад үндэсний аюулгүй байдалтай шууд хамааралтай асуудал юм. Тиймээс инженерийн тооцоо, судалгаатай, зөв голдирлоор энэ салбарыг авч явах цаг нь ирсэн. Нүүрсний уурхайн эзэд болон хэсэг бүлэг нөхдийн эрх ашигт автаж огт болохгүй.
-Таны хэлсэн баримт бичигт цөмийн хүчний салбарын хөгжлийг юу гэж тусгасан байдаг вэ?
-Монгол Улсын ҮАБ-ын үзэл баримтлалын 3.2.4.4-т цөмийн эрчим хүчний салбарыг үндэсний ашиг сонирхолд нийцүүлэн, энхийн зорилгоор ашиглах зарчимд нийцүүлэн хөгжүүлнэ гэж заасан байдаг. Гэтэл сүүлийн үед цөмийн эрчим хүчийг эрс эсэргүүцэж, уран олборлох, шар нунтаг гэдэг ураны баяжуулалтыг хийхээс татгалзах талаар гадна, дотнын ашиг сонирхлын зөрчилтэй хамтарсан бүлэг этгээдүүд уг салбарын хөгжилд чөдөр тушаа болсоор байна. Тиймээс цөмийн эрчим хүчийг ашиглах нь зөвхөн цаг хугацааны л асуудал тул бид ойрын хугацаанд онцгой анхаарч, хөгжүүлж эхлэх нь зүйтэй. Учир нь цөмийн эрчим хүчний түлш болдог ураны нөөц манайд асар их хэмжээнд бий. Нөөцөөрөө дэлхийд хоёр, гуравдугаар байранд орж байна шүү дээ. Тэрчлэн улс орнууд өөрийн орны эрчим хүчний аюулгүй байдал, тусгаар тогтнол, цаашлаад эдийн засагтаа онцгой анхаарч буй учраас эрчим хүчний салбараа бие даасан хангамжтай байлгахыг илүүд үзэх төрийн бодлоготой болсон. Эрчим хүчээр хэн хүчирхэг байна тэр улс тусгаар тогтнолоо илүү үр дүнтэй хамгаалж эдийн засгийн өсөлтийг хангаж чадаж байна. Тэгэхээр ямар төрлийн түлш, энергийн нөөц байна бүгдийг ашиглах нь зүйтэй. Ингэхдээ бүх зүйлд шинжлэх ухаанч байдлаар хандах ёстой.
-Ярилцлагын эхэнд өнгөрсөн 30 жилд эрчим хүчний салбарт шинэ эх үүсвэр бий болгосонгүй гэж Та хэлсэн. Цахилгаан станц шинээр барихад хэдий хэмжээний хөрөнгө мөнгө шаардагдах вэ?
-Өөрийн гэсэн эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээг зохицуулдаг цахилгаан станц байх ёстой. Одоогийн ажиллаж буй цахилгаан станцууд дулаан, цахилгааныг нэг агшинд зэрэг үйлдвэрлэдэг. Гэтэл хөгжингүй орнуудын цахилгаан станц нь төрлөөсөө хамаарч, хэрэглээний огцом өөрчлөлтийг уян хатан, цаг хугацаа алдахгүй, аваар осолгүй тохируулдаг чадамжтай байдаг. Судалгаа, горимын тооцоо, хэрэглээний өсөлтийн магадлал зэргээс харахад, Монгол Улсын эрчим хүчний салбарт том чадлын гурван цахилгаан станц барих шаардлагатай. 2010 оны түвшинд дэлхий даяар нэг мВт хүчин чадалд зарцуулагдах хөрөнгө өртөг нэг сая ам.доллартой тэнцэж байсан. Өөрөөр хэлбэл, 300 мВт-ын станц барина гэвэл 300 сая ам.доллар хэрэгтэй байсан гэсэн үг. Харин өнөөдөр энэ үнэ ханш өсч, нэг мВт нь ойролцоогоор хоёр сая ам.доллар ба 300 мВт-ын станцын үнэ өртөг 600 сая ам.доллароор хэмжигдэж буй. Мөн дотор нь ашиглах тоног төхөөрөмж, тээвэрлэлтийн зардал зэргээс шалтгаалан энэ тоо мэдээж нэмэгдэнэ.
-Сүүлийн үед сэргээгдэх эрчим хүчийг их ярих болсон. Нар салхи, уснаас эрчим хүч үйлдвэрлэх боломж манай улсад байгаа юу?
-Монгол Улс усаа ашиглаад эрчим хүч үйлдвэрлэх боломжит байгалийн тогтоц, байршил, гол горхи олон бий. Ялангуяа, усан цахилгаан станцуудыг барьж, ашиглалтад оруулах асуудал хамгаас чухал. Жишээ нь, Эгийн голын усан цахилгаан станцыг сүүлийн 30 жил ярилаа. Эг, Сэлэнгэ гол мөрөн маань эдийн засгийн ямар ч үр ашиггүйгээр өөр улс руу урсаад гарчхаж байна шүү дээ. Харамсалтай нь, хөрш орнуудын зүгээс манай улсыг өөрсдийн эрчим хүчнээс хараат байлгах ашиг сонирхолтой тул уг станцыг барихыг зөвшөөрөхгүй байна. Манай улсын хувьд, сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц бололцоо байгааг дорвитой, зөв бодлого дутмаг байдгаас болж үр дүнтэй ашиглахгүй байгаад харамсч явдаг.


Угтаа эрчим хүчний салбар нь бусад эдийн засгийн хөгжилтэй уялдан, 5-10 жилээр түрүүлж явах учиртай. Манайд бол эсрэгээрээ буюу бусад салбар нь хөгжөөд, эрчим хүчний салбар араас нь хөөж, нөхөж, цаг хугацааны алдагдалтай явж ирсэн. Тиймээс уг салбарын хөгжлийг 4-5 жилийн өмнөөс урьдчилан төлөвлөж, нарийн тооцоо судалгаатай авч явах ёстой. Төр засаг солигдохоос үл шалтгаалан түлш, эрчим хүчний тогтвортой бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
-Улаанбаатар хотод хүн амын тал хувь нь суурьшин амьдарч байна. Хотын эрчим хүчний найдвартай хангамжийн талаар мэдээлэл өгнө үү?
-Улаанбаатар хотын эрчим хүчний найдвартай хангамжийг дээшлүүлэхийн тулд хэд хэдэн тоймтой арга хэмжээ авмаар байна. Том эрчим хүчинд найдаж болох ч хэрэв эрсдэлд орвол яаж амь зуух вэ гэдгийг зохицуулах нь зөв. Тиймээс сэргээгдэх эрчим хүчийг түлхүү ашиглаж сурмаар байна. Зөвхөн нар, салхитай үед эрчим хүч өгдөг бус хуримтлуурын системийг бий болгох хэрэгтэй. Харамсалтай нь, хэтэрхий үнэтэй учраас улс худалдаж авдаггүй. Мэдээж хэрэг анхны хөрөнгө оруулалт өндөр үнэтэй байх хэдий ч алсдаа олон жилийн турш үр ашиг өгч, найдвартай эх үүсвэртэй болно. Саяхныг хүртэл дэлхий даяар бүх зүйлийг төвлөрүүлэх бодлого барьж байсан бол одоо сааруулах тийш хандах болсон. Тодруулбал, нэг системтэй байгаад хэрэв аюул, заналхийлэл учирвал улс даяараа өртөнө гэдгийг мэдэж байгаа учир олон эх үүсвэртэй, хот, суурин газрууд бие даасан дэд бүтэцтэй байхыг чухалчлах болсон.
1.5 сая хүн амтай Улаанбаатар хотын 280 орчим мянган айл өрх нь гэр хороололд амьдарч байна. Гэр хорооллын цахилгаан хангамж дутагдалтайн дээр дулааны төвлөрсөн хангамжгүй, гал түлж амьдарч байна. Иймд XXI зуунд хуримтлуур бүхий сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлмээр байна. Шинээр ажиллах төр засаг айл, өрх бүрийг цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэгч болгох бодлого баримтлах нь зүйтэй. Энгийнээр хэлбэл, нар, салхины эх үүсгэвэртэй болж, хэрэгцээний эрчим хүчээ өөрөө үйлдвэрлэж хэрэглээд, илүү гарсныг нь сүлжээндээ худалдах боломжтой. Ингэснээр эрчим хүчний хэрэглээний өсөлтийг найдвартай хангах, эрсдэлийн түвшинг бууруулах үлэмж нэмэртэй болно. Үүний тулд эрх зүйн баримт бичгүүдийг боловсронгуй болгох, шинээр боловсруулах шаардлагатай.
-Цахилгааны үнэ хэд хэдэн удаа нэмэгдсэн. Дээрээс нь иргэдээс сэргээгдэх эрчим хүчний үнэ тариф суутган авч байна. Энэ хэр зөв юм бэ?
-Улаанбаатарчууд сэргээгдэх эрчим хүчний эх үүсгэврээр бий болсон эрчим хүчийг хэрэглэдэггүй мөртлөө энэ эрчим хүчийг дэмжих ёстой гэдэг шаардлагын дор цахилгааны төлбөр дээрээ нэмж тооцуулан төлж байгаа. Энэ бол шударга бус тогтолцоо. Хэрэглээгүй зүйлийнхээ үнэ өртгийг өөр хэн нэгэн хэрэглэж байгаа хүний өмнөөс төлнө гэдэг утгагүй зүйл. Түүнчлэн энэ салбарын үнэ тарифыг тогтоох тогтолцоо үнэхээр боловсронгуй биш байна. 2001 онд Эрчим хүчний тухай хууль батлагдаж, үндсэндээ түлш, эрчим хүчний салбар арилжааны хэлбэрт шилжсэн. Үүнтэй холбогдуулан Эрчим хүчний зохицуулах газар, одоо хороо болсон энэ газар үнэ тарифыг үндэслэл муутайгаар тогтоож байна. Үүнээс улбаалан эрчим хүчний үйлдвэрүүд их хэмжээний алдагдалд орж, хэрэглэгчийн нуруун дээр нотлогдож, батлагдаагүй, зүй бус ачаа үүрүүлж буй тул санхүү эдийн засгийн цоо шинэ тогтолцоот загварт шилжих хэрэгтэй.
-“Оюу толгойн” цахилгаан хангамжийг өөрийн эрчим хүчний системээс хангана гэж яриад олон жил болж байна. Гацаа нь юундаа байна вэ?
-“Оюу толгой”, “Тавантолгой” дээр цахилгаан станц барих тухай яриа гарах төдийд ямар нэг гадна, дотнын нөлөөгөөр удаашруулж, зогсонги байдалд оруулдаг. Гацаагаа эхлээд өөрсдөөсөө хаймаар байгаа юм. Уг нь хэн хэндээ хэрэгтэй, чухал бүтээн байгуулалтууд байгаа нь ойлгомжтой. Энэ станцуудын ажил хөдлөхгүй байгаа нь бусад шаардлагатай станцуудын ажлыг дандаа зогсоож чөдөрлөдөг.
Ер нь, 1990 онд бид өөрсдийн толгойгоор амьдарна гээд ардчилсан хувьсгалыг хийсэн. Үүнээс хойш 30 жил өнгөрлөө, энэ салбар огтхон ч хөгжсөнгүй. Эрх зүйн орчныг нь аваад үзвэл, үндсэндээ гуравхан л хуультай. Ингэхдээ эдгээр хуулийн заалтууд нь хэн нэгэн, хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашигт нийцсэн байдлаар чимээгүй өөрчлөгдөж байна. Дээрх хуулиудын анхны концепц нь эрс өөрчлөгдөж, шинээр орсон заалтууд нь анхныхтайгаа зөрчилдөж буй. Тэгэхээр хууль эрх зүйн орчноо хамгийн түрүүнд цэгцлэхгүй бол хөрөнгө оруулалт хэзээ ч орж ирэхгүй гэсэн үг.
-Салбарын хүний нөөц ямар байдаг вэ?
-Сүүлийн жилүүдэд энэ салбарыг удирдаж буй сайд дарга нар болон намын хүмүүс ажилд орж байна. Жишээлбэл, эрчим хүчний томоохон байгууллагын IT-ийн хэлтсийн даргаар дуучин, бүжигчин эмэгтэйг тавьжээ. Ийм тохиолдолд түүнд удирдуулж буй мэргэжлийнхэн ямар хандлагаар ажиллаж, хүлээн авах вэ, албан тушаалд томилогдсон мэргэжлийн бус хүн ч яг ямар ёс зүй, хүмүүжлээр уг албан тушаалд очиж байна вэ? Энэ бол хүний нөөцийн бодлого ямар хэмжээнд ялзарсан байгаагийн илрэл. Маш аюултай, хор уршигтай үзэгдэл юм шүү.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com